Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1583

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ББР” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01281 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ББР” ХХК-ийн хариуцагч Л.Ц-ид холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 744 125 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Л.Ц-тай 19/85 тоот бетон худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 487 м.куб буюу 46 679 500 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг худалдсан. Гэрээний 4 дүгээр зүйлд бетон зуурмагийн үнийг захиалга өгөх үед урьдчилгаа болгон 50 хувийг төлөөд үлдэгдэл төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсны дагуу 24 078 750 төгрөг төлж, үлдэх 22 600 750 төгрөгийг төлөөгүй байна. Манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ирээд, “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Барагдуулаагүй тохиолдолд хууль шүүхийн байгууллагад хандахад гомдолгүй гэх хүсэлт өгсөн. Иймд гэрээний 4.5-д “...төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас хоцроосон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, худалдагч талд төлнө...” гэж заасны дагуу төлбөр төлөх эцсийн хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс алданги тооцож, үндсэн төлбөр 22 600 750 төгрөг, алданги 11 300 375 төгрөг, нийт 33 901 125 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэрээнд заасан барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийг хариуцагч талтай хамт үнэлүүлэх гэтэл ямар нэгэн акт үйлдэлгүй, анх барьцаалж байх үеийн чанар байдлаас дордсон нөхцөл байдалтай машиныг орхиж явсан байсан. Компанийн зүгээс тус машиныг оношлуулахад термостат засвар, оношилгоо, машины татвар, машины торгууль болох 100 000 төгрөгийн торгууль гэх мэт зардлууд гарсан. Түүнчлэн үнэлүүлэхэд уг машины зах зээлийн үнэ 16 000 000 төгрөг болсон. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс зардлууд болох 843 000 төгрөгийг хасаж, үлдэх 15 157 000 төгрөгт тооцож тээврийн хэрэгслийг хариуцагч өгсөн гэж үзэж, үлдэх 18 744 125 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би “ББР” ХХК-аас өөрийн барилгад бэлэн мөнгөөр зээлээр бетон зуурмаг авч байсан нь үнэн. Хүйтэрч, барилга зогссоноос сүүлийн төлбөр тооцоог хийж чадаагүй. “ББР” ХХК-ийн нягтлан Ш.Урангоогийн нэр дээр гэрээнд тусгаж үүргийн гүйцэтгэлд манай 00-91 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн ML350 маркийн бенз машиныг шилжүүлж өгсөн, барьцааны автомашиныг мөн хүлээлгэж өгсөн. Иймд уг барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Ц-аас 18 744 125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ББР” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд манай компани нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Л.Ц-тай 19/85 тоот “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулан гэрээний 1 000 м.куб буюу 125 700 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг худалдан авахаар тохирсон. Гэтэл худалдан авагч нь гэрээг зөрчин 487 м.куб буюу 46 679 500 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг худалдан авч, гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу бетон зуурмагийн үнийн 50 хувийг захиалга өгөх үед төлөөгүй тул манай компанийн зүгээс дахин зуурмаг худалдах боломжгүй болсон. Гэрээний хугацаанд худалдаж авсан бетон зуурмагийн төлбөрт 24 078 750 төгрөг төлж, 22 600 750 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анх гэрээ байгуулах үед гэрээний 4.4.2-т үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу 00-91 УНТ улсын дугаартай Benz ML350 маркийн тээврийн хэрэгслийг 27 000 000 төгрөгөөр үнэлэн, приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 13 000 000 төгрөгт тооцон тус тус барьцаалан нэхэмжлэгч талын нэр дээр шилжүүлэхээр заасан боловч хариуцагч нь нэг машинаа гэрээнд заасны дагуу шилжүүлээгүй. Хариуцагч нь үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, сураггүй алга болсон тул 2 удаа шүүхийн журмаар эрэн сурвалжилж, энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохдоо гэрээний үлдэгдэл төлбөр 22 600 750 төгрөг, гэрээний 4.5-д заасны дагуу алданги 11 300 375 төгрөг, нийт 33 901 125 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаас нэг сарын дараа барьцааны тээврийн хэрэгслийг хариуцагчаас манай компанийн хашаанд авчирч орхиод явсан. Машиныг үзэхэд эвдрэл гэмтэлтэй, анх барьцаалж байх үеэс өнгө үзэмж нь муудсан байсан тул манай компанийн зүгээс уг машиныг мэргэжлийн байгууллагуудаар үзлэг, оношлогоонд оруулж, үнэлгээ тогтоолгоход зах зээлийн үнийг 16 000 000 төгрөгөөр тогтоосон. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.1-т заасан барьцаалуулагчийн үүрэгт “өөрийн эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах...” гэсэн заалтын дагуу хариуцагч нь барьцааны зүйл болох тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадаагүй тул мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон үнэлгээнээс өөр бусад зардал болон торгууль зэрэг 843 000 төгрөгийн нэмэгдэл зардлыг хасч, уг тээврийн хэрэгслийг 15 157 000 төгрөгт тооцон авч, үлдэгдэл 18 744 125 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуулийн буруу тайлбарлан хэрэглэж талуудын хооронд үүссэн барьцааны эрхийн харилцааг фидуцийн эрх зүйн харилцаа гэж тайлбарлан Иргэний хуулийн 235.1, 235.4 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл талуудын хооронд тусдаа фидуцийн гэрээ огт хийгдээгүй байтал шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сайн дураар биелүүлж, тээврийн хэрэгслийг өгсөн байтал шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр заалтуудад заасан журмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэл бүхий гэж үзэхээргүй, үүргийн гүйцэтгэлд автомашин барьцаалсан гэрээний заалтыг фидуцийн агуулгаар тайлбарлаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулан, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “ББР” ХХК нь хариуцагч Л.Ц-ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 33 901 125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрт барьцааны зүйл болох автомашиныг 15 157 000 төгрөгөөр тооцож авсан тул үлдэх 18 744 125 төгрөгийг гаргуулна гэснийг хариуцагч эс зөвшөөрч, автомашинаар төлбөрийг бүрэн төлсөн гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-гээр нэхэмжлэгч “ББР” ХХК нь 1 000 м.куб бетон зуурмагийг худалдан авагч талд нийлүүлэх, хариуцагч Л.Ц- нь 125 700 000 төгрөгийг бетоны үнэд төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн, талуудад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

            Гэрээний хугацаанд худалдагч тал нь 46 679 500 төгрөгийн 487 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн, худалдан авагч тал нь бетоны үнэд 5 удаагийн төлөлтөөр нийт 24 078 750 төгрөгийг төлсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй, 22 600 750 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгааг хариуцагч Л.Ц- үгүйсгээгүй, харин барьцааны зүйл болох 00-91 УНТ улсын дугаартай Benz ML350 маркийн автомашиныг шилжүүлэн өгснөөр төлбөр төлөгдсөн гэж тайлбарлажээ. /хх-29/

 

            Худалдах, худалдан авах гэрээний 4.4.2-т үлдэгдэл 50 хувийн төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлөх, уг үлдэгдэл төлбөрийн барьцаанд 00-91 УНТ улсын дугаартай Benz ML350 маркийн 2006 онд үйлдвэрлэгдэж, 2010 онд орж ирсэн, саарал өнгийн суудлын автомашиныг 27 000 000 төгрөгт тооцон үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор худалдагч талд барьцаалж, машины өмчлөлийг Ш.Урангоогийн нэр дээр шилжүүлнэ гэж талууд тохиролцжээ.

 

            Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас сарын дараа автомашиныг барьцаалуулагчид шилжүүлсэн гэж нэхэмжлэгч, барьцааны автомашин нь өвөл Г.Отгонжаргалын гараашид байсан гэж хариуцагч тус тус тайлбарласан, машиныг Ш.Урангоогийн нэр дээр шилжүүлсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй,  харин 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр автомашиныг “ББР” ХХК-д хүлээлгэн өгсөн гэсэн Г.Отгонжаргалын гарын үсэгтэй бичгийн баримт хэрэгт авагдсан байна.

 

“Тэнцвэр эстимейт ХХК-аас дээрх автомашины зах зээлийн дундаж үнэ 16 000 000 төгрөг болохыг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тодорхойлжээ. /хх-52/ Үүнийг автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үеийн зах зээлийн бодит үнэлгээ гэж үзэх ба хариуцагчаас уг үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Хэргийн дээрх нөхцөл байдал, бичгийн баримтыг харьцуулан үнэлбэл талууд гэрээний 4.2.2 дахь заалтаар автомашиныг үүргийн гүйцэтгэлд барьцаалж, хариуцагч нь төлбөрийн үлдэгдэлд тооцуулахаар 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцаалуулагчид бодитоор хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцаалсан автомашинаа үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн нь тогтоогдож байна.

 

Гэрээний 4.2.2-т Benz ML350 маркийн автомашиныг 27 000 000 төгрөгөөр талууд харилцан тохиролцож үнэлсэн гэж заасан боловч үнэлгээг ямар үндэслэлээр тогтоосон нь тодорхойгүй, тухайн үед автомашиныг барьцаалагчид шилжүүлээгүй байх тул зохигчдын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

Иймд гэрээнд заасан барьцааны хөрөнгийг хүлээн авах үеийн зах зээлийн үнэлгээ болох 16 000 000 төгрөгөөр тооцож хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс хасч тооцох нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

Үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийг нэгэнт хүлээн авсан тул хүлээн авснаас хойш автомашинд хийсэн засвар үйлчилгээний болон бусад зардлыг төлбөр төлөгчид хариуцуулан, үнэлгээнээс 843 000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй.

 

Худалдан авсан бетоны үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд нэхэмжлэгч талаас бетон зуурмаг нийлүүлсэн тооцоо гэх бичгийн баримтыг шүүхэд гаргаснаа үндэслэн 22 600 750 төгрөгийн төлбөрийг алданги 11 300 375 төгрөгийн хамт 33 901 125 төгрөг гэж нэхэмжилсэн ба уг баримт нь зөвхөн нэхэмжлэгч талын үйлдсэн баримт тул хариуцагчтай харилцан тохиролцож тооцоо нийлснээр хариуцагч 22 600 750 төгрөгийг алдангийн хамт төлөхийг зөвшөөрсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд төлбөрийн үлдэгдэл 22 600 750 төгрөгөөс автомашины үнэ 16 000 000 төгрөгийг хасвал үлдэгдэл төлбөрийн хэмжээ нь 6 600 750 төгрөг болох ба гэрээний 4.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцож, үндсэн үүргийн 50 хувиар хязгаарлан хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтад нийцнэ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4.2-т заасан агуулгыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулалгүйгээр фидуцийн гэрээ гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болоогүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх байдлаар залруулж, хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9 901 125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 8 843 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01281 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243.1 дүгээр зүйлийн 243.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Ц-аас 9 901 125 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ББР” ХХК-д олгож, үлдэх 8 843 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Л.Ц-аас 173 368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ББР” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ББР” ХХК-аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ