Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00848

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00848

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01281 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1583 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Л.Цэнд-Аюушд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,744,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч*******ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.  Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Л.Цэнд-Аюушд холбогдуулан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 22,600,750 төгрөг, алданги 11,300,375 төгрөг, нийт 33,901,125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 18,744,125 төгрөг болгон бууруулсан бөгөөд барьцааны зүйл гэж үзэн хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн автомашиныг 16,000,000 төгрөгөөр үнэлүүлсэн, уг дүнгээс үнэлгээ тогтоолгох, оношлуулах, засвар үйлчилгээ хийлгэх, татвар, торгуулийн зардал гэх нийт 843,000 төгрөгийг хасаж үлдэх 15,157,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж байх ба бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний үүрэгт 22,600,750 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн өртэй болох үйл баримтад маргаагүй хэдий ч фидуцын зүйл гэх автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлсэнээр гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан гэж үзжээ.

2.    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 183/ШШ2020/01281 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******аас 18,744,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.17-ны өдрийн 1583 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 183/ШШ2020/01281 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243.1 дүгээр зүйлийн 243.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас 9,901,125 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 8,843,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч*******аас 173,368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож дүгнэхдээ хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгаа нь зохигчид тэгш эрхтэй оролцож, харилцан мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэн дараах үндэслэлийг дурджээ:

4.1 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ хийгдсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд зөв гэж үзэж байна. Учир нь хэдийгээр талууд зөвхөн худалдах, худалдан авах гэрээ хийсэн байх боловч гэрээний 4.4.2-т үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг сонгон бичиглэн үйлдсэн нь фидуцийн гэрээ нэгэн адил хийгдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хийгдсэн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 4.4.2-т үлдэгдэл төлбөрийн 50 хувь болох 62,800,000 төгрөгний барьцаанд миний бие хоёр автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож барьцаалж автомашинуудыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлсэн байгаагаар нотлогдож байна.

4.2 Мөн дээрх хоёр автомашины нэг болох маргаан үүсгэж буй 0091-УНТ улсын дугаартай Benz ML350 маркийн машиныг хоёр тал 27,000,000 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлж үүргийн гүйцэтгэлийг хангахаар гэрээндээ тусгаж заасан боловч уг автомашиныг гэрээнд тохиролцсоноос хэт доогуур үнэ буюу 16,000,000 төгрөгөөр тооцон авч дээр нь алданги нэхэмжлэн шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлээ зөвхөн нэхэмжлэгч талын нотлох баримт дээр үндэслэн гаргаж хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх тухай заалтыг зөрчиж хэт нэг талыг барьсан хариуцагчид илт хохиролтойгоор хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд дээрх үндэслэлээр Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******аас бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 18,744,125 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч анх гэрээний үлдэгдэл төлбөр 22,600,750 төгрөг, алданги 11,300,375 төгрөг, нийт 33,901,125 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг бодитой хэрэгжүүлсэн гэж үзэн шаардлагын дүнгээ 15,157,000 төгрөгөөр багасгаж 18,744,125 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, бетон зуурмаг худалдах-худалдан авах гэрээ болон уг гэрээний гүйцэтгэлийг хангахаар фидуцийн гэрээ байгуулагдсан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 22,600,750 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн өртэй зэрэг үйл баримтад маргаагүй хэдий ч фидуцийн зүйл болох 27,000,000 төгрөгөөр үнэлэхээр гэрээнд тохирсон автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлснээр гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан гэж маргаж байна.

 

7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ болон 00-91 УНТ улсын дугаартай Benz ML350 маркийн тээврийн хэрэгслийн талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн байх ба фидуцийн гэрээний зүйлийг гүйцэтгээгүй үүргийн төлбөрт тооцон худалдагчийн эзэмшилд шилжүүлсэн үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх ... гэрээний 4.2.2 дахь заалтаар автомашиныг үүргийн гүйцэтгэлд барьцаалж, хариуцагч нь төлбөрийн үлдэгдэлд тооцуулахаар 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр барьцаалуулагчид бодитоор хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцаалсан автомашинаа үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн нь тогтоогдож байна. ... тухайн үед автомашиныг барьцаалагчид шилжүүлээгүй байх тул зохигчдын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. ... Үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийг нэгэнт хүлээн авсан тул хүлээн авснаас хойш автомашинд хийсэн засвар үйлчилгээний болон бусад зардлыг төлбөр төлөгчид хариуцуулан, үнэлгээнээс 843,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 9,901,125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

8. Хариуцагч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

 

9. Хоёр шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцааг ялгаатай тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэж эрх зүйн харилцааг хуульд нийцүүлэн тодорхойлсон байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэрээний үүрэг биелээгүйгээс үүсэх үр дагаврыг буруу шийдвэрлэжээ. Харин давж заалдах шатны шүүх маргаантай эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ гэж үзэхдээ ...тухайн үед автомашиныг барьцаалагчид шилжүүлээгүй ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

10. Хоёр шатны шүүхийн дээр дурдсан хуулийн зөрүүтэй хэрэглээг нэг мөр болгож, эрх зүйн харилцааг дараах байдлаар тодорхойлон хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

10.1. Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас******* нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч талаас 46,679,500 төгрөгийн үнийн дүн бүхий 487 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн, худалдан авагч нь бетоны үнэд 5 удаагийн төлөлтөөр нийт 24,078,750 төгрөг төлсөн үйл баримтын тухайд зохигчид маргаагүй, тус гэрээг хоёр шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна. Түүнчлэн худалдан авагч буюу хариуцагч******* тус гэрээний үлдэгдэл төлбөрт 22,600,750 төгрөгийн өртэй болох үйл баримтыг үгүйсгээгүй, энэ талаар аливаа татгалзал гаргаагүй байна.

10.2. Улмаар энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 00-91 УНТ улсын дугаартай Benz ML350 маркийн тээврийн хэрэгслийг худалдагчийн өмчлөлд шилжүүлжээ. Тодруулбал, гэрээний талууд гэрээ байгуулах үеэрээ маргаан бүхий тээврийн хэрэгслийн чанар байдлын талаар нягтлан шалгах ажиллагаа хийж, харилцан хүлээлцсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. Талууд тээврийн хэрэгслийг ийнхүү хүлээлцсэнээр автомашин бодит байдалд хэний эзэмшилд байх талаар харилцан тохиролцжээ. Энэ талаар зохигчдын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 4.4.2-т зохицуулж, тус заалтын дагуу үйлдэл хийгдсэн байна. Иймд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д зааснаар хөдлөх эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн өмчлөх эрх худалдагч талд шилжсэн гэж үзнэ. Ийнхүү өмчлөх эрх шилжүүлсэн суурь хэлцэл нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээ байна.

10.3. Худалдагч ******* ХХК тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг дээрх байдлаар олж авсны дараа Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т заасны дагуу үүрэг хүлээгч буюу хариуцагч*******д тээврийн хэрэгслийг ашиглуулахаар шилжүүлсэн байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч ******* ХХК нь шууд бус эзэмшигч, үүрэг гүйцэтгэгч******* нь шууд эзэмшигч болно.

 

11. Давж заалдах шатны шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан гэж үзэн мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсэхээр дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх эрх зүйн харилцааны талаар алдаатай дүгнэлт хийсэн гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авч магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

12. Хариуцагч гомдолдоо давж заалдах шатны шүүхийн магадлалаар түүнээс 9,901,125 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон, фидуцийн гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлснээр үндсэн үүрэг бүрэн биелсэнд тооцох учиртай гэж маргаж байна. Хариуцагчийн гомдлын энэ хэсгийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасны дагуу гэрээний зүйлийн эзэмшлийг бодитой шилжүүлэн авснаар фидуцийн гэрээ дуусгавар болохоор заасан. Гэвч ийнхүү фидуцийн гэрээ дуусгавар болсон нь мөнгөн төлбөрийн шаардлага бүхий этгээд уг үүргийг бүрэн биелүүлэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхийг дуусгавар болгохгүй. Иймд худалдагч нь фидуцийн гэрээний зүйлийн үнийг хасах замаар худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

13. Давж заалдах шатны шүүхээс төлбөрийн үлдэгдэл 22,600,750 төгрөгөөс автомашины үнэ 16,000,000 төгрөгийг хасаж үлдэгдэл төлбөрийн хэмжээ 6,600,750 төгрөгт гэрээний 4.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, үндсэн үүргийн 50 хувиар хязгаарлан 3,300,375 төгрөг, нийт 9,901,125 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.                Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1583 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 158 дугаар зүйлийн 158.1 гэснийг 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагчаас 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,368 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАЯРМАА

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД