Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1600

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ПБМ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01672 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ПБМ” ХХК-ийн хариуцагч “ЖЭИ” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 228 145 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, В.А, хариуцагчийн өмгөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани хариуцагч “ЖЭИ” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, өөрсдийн үйлдвэрлэдэг бетон зуурмагийг тус компанийн барилгын талбайд нийлүүлсэн. Гэрээний дагуу барилгын ажил гүйцэтгэж байгаа талбайд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 84 171 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 97 650 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 63 175 000 төгрөг, нийт 244 996 000 төгрөгийн зуурмагийг нийлүүлсэн. Бид, нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний тусгай нөхцөлийн 4.2 дахь хэсэгт зааснаар 30 хувьд “Монцемент бьюлдинг материалс” ХХК-ийн цементийг авахаар тохиролцож, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 42 898 800 төгрөгийн цементийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 50 000 000 төгрөгийн хамт нийт 92 898 800 төгрөгийн төлбөрийг авсан. Хариуцагч нь уг бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр нийлүүлсэн зуурмагийн 70 хувийг хүлээн авсны дараа сарын эхний 7 хоногт тооцоо нийлж, тухайн сарын 15-ны өдөр төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч бүрэн төлөлгүй 152 097 200 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний тусгай нөхцөлийн 6 дугаар хэсэгт төлбөрийг хугацаанд төлөөгүй бол алданги төлөх үүргийг хариуцагч “ЖЭИ” ХХК нь хүлээсэн тул үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр сүүлийн бетон зуурмагийг хүлээн авсан тул 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 223 хоногоор тооцоход 1 хоногийн алданги 760 486 төгрөг, хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож нийт алданги 76 048 600 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг бетон зуурмаг нийлүүлэх гэрээний тусгай нөхцөлийн 4.2-т заасныг үндэслэн хариуцагч “ЖЭИ” ХХК-аас үлдэгдэл төлбөр 152 097 200 төгрөг, алданги 76 048 600 төгрөг, нийт 228 145 800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл тооцоогоо тодорхойлсон талаар маргахгүй. Харин “ЖК” ХХКнь энэ хэргийн хариуцагч биш, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад “Жунсон констракшн” ХХК-ийн гэрээтэй хамааралгүй гэж үзэж нэхэмжлэлийг буцаасан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар төлбөрийн 30 хувьд цемент төлөхөөр тохирсон бөгөөд 244 996 000 төгрөгөөс 73 498 800 төгрөгт цемент авах ёстой байснаас 42 898 800 төгрөгт цемент авсан ч хариуцагч нь үлдэгдэл төлбөрт цемент өгөөгүй, үүрэг гүйцэтгэгчийн буруугаас хамаарахгүйгээр төлбөрөө төлж чадаагүй гэдгээ баримтаар нотлохгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгч нар гаргасан тайлбартаа:

Манай компани 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч “ПБМ” ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 244 996 000 төгрөгийн бетон зуурмаг худалдаж авсан. Гэрээний дагуу төлбөрийн 30 хувь буюу 73 498 800 төгрөгт цемент, үлдэгдэл 171 497 200 төгрөгийг мөнгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон ба 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээний дагуу 42 898 800 төгрөгт цемент өгсөн. Талууд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж, 202 097 200 төгрөгийн 50 000 000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мөнгөөр нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 152 097 200 төгрөгийн 30 хувьд нь цемент өгч, бусад хэсгийг мөнгөөр төлөх боломжтой хэдий ч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нарын байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.2-т нийлүүлэлт бүрээс 3 хоногийн дараа төлбөрийн 30 хувийг цементээр төлнө гэсэн. “Монцемент бьюлдинг материалс” ХХК болон “Жунсон” ХХК-иуд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 700 000 000 төгрөгийн цемент нийлүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээг үндэслэн нэхэмжлэгчид төлбөрийн 30 хувийг цементээр төлөхөөр гэрээнд тусгасан. Гэвч нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл “Монцемент бьюлдинг материалс” ХХК-аас цементийг нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, өөрсдөө төлбөр авах үүргээ биелүүлээгүй байна. Мөн гэрээний 4.2-т тухайн сард нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн 70 хувийг дараа сарын эхний долоо хоногт багтаан тооцоо нийлж, сар бүрийн 15-ны өдрийн дотор нийлүүлэгчид төлнө гэж заасан. Гэвч талуудын аль аль нь энэ үүргээ биелүүлээгүй. Хэрэв тайлан тооцоо нийлсэн бол хариуцагч нь сар бүрийн 15-ны өдрийн дотор төлбөр төлөх үүрэгтэй болох байсан.

Гэрээний үүргийг талууд аль аль нь биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алданги төлөх хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7-д захиалагчийн эрх бүхий албан тушаалтнаар гарын үсэг зуруулна гэсэн байхад хавтаст хэрэгт энэ талаар баримт байхгүй. Манай компани бүтэн жил бизнес хийхэд 76 000 000 гаруй төгрөгийн ашиг олохгүй, нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчаас мөнгөө нэхэж байгаагүй, гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. “ЖК” ХХКнь хариуцагч компанитай нэг байранд байрладаг тул хоорондоо тооцоо нийлэх, мөнгөө нэхэх бүрэн боломжтой байсан. Хариуцагч нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 7 сургуулийн барилгыг барьж байгаа бөгөөд цаанаас олгох санхүүжилт удсан учраас гэрээний төлбөрийг төлөх боломжгүй болсон. Иймд манай компани дээр дурдсан үндэслэлээр 152 097 200 төгрөгийн 30 хувийг цементээр, 70 хувийг мөнгөөр төлөх саналтай байгаа бөгөөд алдангийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 угаа зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн “ЖЭИ” ХХК-аас 212 845 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ПБМ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 300 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 298 679 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1 222 179 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Барааны нийлүүлэлт бүрээс 3 хоногийн дараа нийлүүлсэн барааны төлбөрийн 30 хувийг монцементээр төлж барагдуулна. “Монцемент бьюлдинг материал” ХХК-ийн 22-ын товчооны үйлдвэрээс нийлүүлэх 1 тонн цементийг 140 000 төгрөгөөр харилцан тохиролцов. Тухайн сард нийлүүлсэн бетон зуурмагийн 70 хувийг дараа сарын эхний 7 хоногт багтаан тооцоо нийлж, сар бүрийн 15-ны өдрийн дотор нийлүүлэгчид төлнө” гэж заасан. Энэ гэрээний заалт нь тооцоо нийлснээр сар бүрийн төлбөрийг төлөхөөр заасан тул болзол тавьсан хэлцэл юм. Улмаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө тооцоо нийлэх үүргээ биелүүлээгүй, төлбөрийг огт нэхэмжлээгүй тул мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана”. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй”. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.7-д зааснаар “Болзол тавьж хийсэн хэлцлийн тухайд үүргийг уул болзол бий болсны дараагийн өдрөөс гүйцэтгэнэ”. Тодруулбал, талууд тооцоо нийлсэн дараагийн өдрөөс эхлэн төлбөрийг төлөх үүрэг үүсэхээр гэрээнд заасан. Талууд тооцоо нийлээгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг гүйцэтгэх үндэслэл бүрдээгүй. Шүүх 60 748 600 төгрөгийн алдангийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” заалтыг үндэслэн шийдвэрлэсэн. Гэтэл дээрх гэрээний тусгай нөхцөлийн 6-д зааснаар “Хугацаандаа төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцно”. Улмаар энэ заалт бол 1 хоногийн буюу 24 цагийн хугацаанд 0.5 хувийн алдангийг зөвхөн нэг удаа 1 хоногоор тооцохоор гэрээнд тусгасан заалт болохоос биш Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоног тутамд алданги тооцохоор заагаагүй. Улмаар алдангийг тооцохдоо хоног тутам гэж гэрээнд заагаагүй тул 1 хоног буюу хоногийн алдангийг төлбөл зохих үнийн дүнгийн 70 хувь болох 121 479 200 төгрөгийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцвол нийт 607 486 төгрөгийн алдангийг төлөхөөр байна. Иймд 101/ШШ2020/01672 тоот анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс алдангийг хасч өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “ПБМ” ХХК нь “ЖЭИ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 228 145 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-гээр М150 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 152 000 төгрөг, М200 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 166 000 төгрөг, М250 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 175 000 төгрөг, М300 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 186 000 төгрөг, М350 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 197 000 төгрөг, М400 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 216 000 төгрөг, М450 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 234 000 төгрөг, М500 төрлийн 1 куб метр бетон зуурмагийг 253 000 төгрөг, нийт 1 279 272 000 төгрөгийн үнэтэй 8 000 куб метр бетон зуурмагийг хариуцагчид барилга барихад нь зориулж нийлүүлэхээр харилцан тохиролцсон, /хх 6-13/ зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нийт 244 996 000 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг нийлүүлснээс хариуцагч нь мөнгөөр 50 000 000 төгрөгийг төлж, 42 898 800 төгрөгт цемент өгсөн боловч 152 097 200 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

 

            Гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.2-т талууд 30 хувийн төлбөрийн талаар “Барааны нийлүүлэлт бүрээс 3 хоногийн дараа нийлүүлсэн барааны төлбөрийн 30 хувийг монцементээр төлж барагдуулна. “Монцемент бьюлдинг материал” ХХК-ийн 22-ын товчооны үйлдвэрээс нийлүүлэх 1 тонн цементийг 140 000 төгрөг /НӨАТ, тээвэр ороогүй/-өөр харилцан тохиролцов. Тухайн сард нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн 70 хувийг дараа сарын эхний 7 хоногт багтаан тооцоо нийлж, сар бүрийн 15-ны өдрийн дотор нийлүүлэгчид төлнө” гэж тохиролцсон байна. Иймд хариуцагч “ЖЭИ” ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн нийт үнэ 244 996 000 төгрөгийн 30 хувь буюу 73 498 800 төгрөгт ногдох цементийг бетон зуурмагийг хүлээн авсаны 3 хоногийн дараа, 171 497 200 төгрөгийг дараа сарын 15-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч “ПБМ” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Гэвч хариуцагч нь үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэнд тооцох тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Мөн гэрээний тусгай нөхцөлийн 6 дугаар зүйлд хугацаандаа төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцно гэж заасныг агуулгаар нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн талаарх тохиролцоо гэж үзэх бөгөөд “хоногийн” гэж заасныг зөвхөн нэг хоногийн алданги төлүүлэх заалт гэж хариуцагчаас тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг үгийн шууд утгаар тайлбарлах заалтад нийцэхгүй. Хоногт тооцох алдангийн хувь хэмжээг тогтоосон болохоос нийт алдангийн хэмжээг тогтоосон заалт биш байна.

 

            Иймд хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 152 097 200 төгрөг, алданги 60 748 600 төгрөг, нийт 212 845 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 15 300 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт болон гэрээнд  заасанд нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461 695 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

А.ОТГОНЦЭЦЭГ