Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00782

 

        “П Б М” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01672 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1600 дугаар магадлалтай,

“П Б М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ж Э и” ХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 228,145,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “П Б М” ХХК нь “Ж Э и” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 228,145,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01672 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн “Ж Э и” ХХК-аас 212,845,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П Б М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,298,679.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,222,179.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1600 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461 695 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан хяналтын гомдолдоо: ...Магадлалын зарим хэсгийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тухайд: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээгүй. Хариуцагчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсэн явдал нь үйл ажиллагааны төслийн санхүүжилт тодорхойгүй хугацаагаар хойшилсон өвчин тахлын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлтэй холбоотой бөгөөд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж буй нийт 7 сургуулийн барилгад гэрээний зүйлийг ашигласан үйл баримттай зохигчид маргадаггүй. Иймд 2020.01 дүгээр сараас хойш Монгол улс хилээ хааж, БНХАУ санхүүжилтээ зогсоосон үйл баримт бол ИХШХШТ хуулийн 40.1 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт тул хариуцагч талаас аливаа хэлбэрээр нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй болно. “Ж Э и” ХХК болон “П Б М” ХХК нарын хооронд 2018.11.14-ний өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний 9.1 дэх хэсэгт “Давагдашгүй хүчин зүйлд дайн, иргэний бослого, түймэр, үер, халдварт өвчин, газар хөдлөлт, хорио цээр, тээвэр, хил, гаалийн хориг хязгаарлалт болон талуудын хүсэл зоригоос үл хамаарах гэнэтийн бөгөөд давагдашгүй хүчний шинжтэй бусад нөхцөл байдлыг тооцно” гэж, мөн зүйлийн 9.3 дахь хэсэгт “Давагдашгүй хүчин зүйл үүссэний улмаас захиалагч, эсхүл нийлүүлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэл хугацаа хоцорсон, үүргээ зөрчихөд хүрсэн бол гэрээгээр хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болох бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгана” гэж тус тус заасан нь хариуцагч талд хохирол, эдийн засгийн дарамт болоод буй алданги төлөх шаардлагаас чөлөөлөх үндэслэл болно. Хамтран ажиллагч талдаа санаатайгаар хохирол учруулах зорилго байхгүй бөгөөд талуудын хэн аль нь санхүүжилт хугацаандаа орж ирнэ гэсэн төсөөлөлтэй байсан. Гэнэтийн хүчин зүйл нь анх гэрээ байгуулахад тааварлашгүй, талуудын хүсэл зориг, хүчин чармайлтаас үл шалтгаалах нөхцөл байдал юм. 2. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 4.2-т “Барааны нийлүүлэлт бүрээс 3 хоногийн дараа нийлүүлсэн барааны төлбөрийн 30 хувийг монцементээр төлж барагдуулна. “Монцемент бьюлдинг материал”ХХК-ийн 22-ын товчооны үйлдвэрээс нийлүүлэх 1 тонн цементийг 140,000 төгрөгөөр харилцан тохиролцов. Тухайн сард нийлүүлсэн бетон зуурмагийн 70 хувийг дараа сарын эхний 7 хоногт багтаан тооцоо нийлж, сар бүрийн 15-ны өдрийн дотор нийлүүлэгчид төлнө” гэж заасан. Энэ гэрээний заалт нь тооцоо нийлснээр сар бүрийн төлбөрийг төлөхөөр заасан тул болзол тавьсан хэлцэл юм. Улмаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө тооцоо нийлэх үүргээ биелүүлээгүй, төлбөрийг огт нэхэмжлээгүй тул мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ Иргэний хуулийн 224.2.3-т зааснаар “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана”. Мөн хуулийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй”. Иргэний хуулийн 208.7-д зааснаар “Болзол тавьж хийсэн хэлцлийн тухайд үүргийг уул болзол бий болсны дараагийн өдрөөс гүйцэтгэнэ”. Тодруулбал, талууд тооцоо нийлсэн дараагийн өдрөөс эхлэн төлбөрийг төлөх үүрэг үүсэхээр гэрээнд заасан. Талууд тооцоо нийлээгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Иргэний хуулийн 206.1, 208.1-т заасан үүргийг гүйцэтгэх үндэслэл бүрдээгүй. 3. Шүүх 60,748,600 төгрөгийн алдангийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232.6-д зааснаар “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” заалтыг үндэслэн шийдвэрлэсэн. Гэтэл дээрх гэрээний тусгай нөхцөлийн 6-д зааснаар “Хугацаандаа төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0,5 хувийн алданги тооцно”. Улмаар энэ заалт бол 1 хоногийн буюу 24 цагийн хугацаанд 0,5 хувийн алдангийг зөвхөн нэг удаа 1 хоногоор тооцохоор гэрээнд тусгасан заалт болохоос биш Иргэний хуулийн 232.6-д зааснаар хоног тутамд алданги тооцохоор заагаагүй. Тодруулбал, 2016.11.03-ны өдрийн Монгол хэлний их тайлбар толинд тайлбарласнаар “Хоног” гэх үгийг нэг өдөр, нэг шөнө нийлж хорин дөрвөн цаг буюу дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээ нэг бүтэн эргэх хугацаа” харин “Тутам” гэх үгийг бүр, нэг бүр, өдөр тутам /өдөр бүр/ гэж тайлбарласан. Энэ нь иргэний хуулийн 198.1-т зааснаар “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”. Улмаар алдангийг тооцохдоо хоног тутам гэж гэрээнд заагаагүй тул 1 хоног буюу хоногийн алдангийг төлбөл зохих үнийн дүнгийн 70 хувь болох 121,479,200 төгрөгийн үнийн үнгийн 0,5 хувиар тооцвол нийт 607,486 төгрөгийн алдангийг төлөхөөр байна. Иймд шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс алданги болох 60,748,600 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

6. Нэхэмжлэгч “П Б М” ХХК нь хариуцагч “Ж Э и” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 228,145,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх 212,845,800 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв сонгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан боловч гэрээний нөхцөл, гэрээгээр хүлээсэн талуудын үүргийг анхаараагүйгээс хариуцагчийн биелүүлэх үүргийг оновчтой тогтоож чадаагүй залруулах боломжтой гэж үзэв.

7. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан 2018.11.14-ний өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх” гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ, гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан үндэслэл байхгүй, “тооцоо нийлэх” гэрээний нөхцөл нь үүргийг тодорхойлох арга болохоос гэрээний төрөлд нөлөөлөхгүй тул “болзол тавьж хийсэн хэлцэл” гэж үзсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээний дагуу “П Б М” ХХК нь нийт 244,996,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн, хариуцагч “Ж Э и” ХХК нь мөнгөөр 50,000,000 төгрөг, 42,898,800 төгрөгт цемент өгсөн, 152,097,200 төгрөгийг төлөөгүй тооцоог талууд маргаагүй, харин алданги төлөхгүй, нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар цемент  авах нэхэмжлэхээ ирүүлээгүй буруутай, гэрээний дагуу төлбөрийн 30 хувийг цементээр төлнө гэж хариуцагч маргажээ. Нэхэмжлэгч нь хариуцагч цемент өгөөгүй, одоо авах шаардлагагүй болсон гэсэн тайлбар гаргажээ.

8. Гэрээний тусгай нөхцөлийн 4.2-т “Барааны нийлүүлэлт бүрээс 3 хоногийн дараа нийлүүлсэн барааны төлбөрийн 30 хувийг монцементээр төлж барагдуулна. “Монцемент бьюлдинг материал” ХХК-ийн 22-ын товчооны үйлдвэрээс нийлүүлэх 1 тонн цементийг 140,000 төгрөг /НӨАТ, тээвэр ороогүй/-өөр харилцан тохиролцов. Тухайн сард нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн 70 хувийг дараа сарын эхний 7 хоногт багтаан тооцоо нийлж, сар бүрийн 15-ны өдрийн дотор нийлүүлэгчид төлнө” гэж тохиролцжээ. Энэ нөхцөлийн дагуу “Ж Э и” ХХК нь бетон зуурмагийг хүлээн авснаас 3 хоногийн дараа  зуурмагийн үнийн 30 хувьд цемент өгч, 70 хувийн үнийг дараа сарын 15-ны дотор тус тус төлөх үүрэг хүлээсэн байна.

9. Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч “Ж Э и” ХХК нь хүлээн авсан зуурмагийн 30 хувьд цемент өгөх үүргээ зөрчсөн болохыг нэхэмжлэгч нотлоогүй, нэхэмжлэгч цементийг авахад хариуцагч хэрхэн саад учруулсан үйл баримтыг нотлох баримт хэрэгт байхгүй тул үүргийн энэ хэсгийг хариуцагч зөрчсөн гэж үзэх, үүнд алданги тооцох үндэслэлгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Иймд төлөөгүй зуурмагийн үнэ 152,097,200 төгрөгийн 30 хувь буюу 45,629,160 төгрөгт алданги тооцох үндэслэлгүй бөгөөд харин 70 хувь болох 106,468,040 төгрөгөөс гэрээний 6-д зааснаар алданги тооцоход 53,234,020 төгрөг, нийт 205,331,220 төгрөгийг хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу төлөх ёстой гэж үзнэ. /45,629,160+106,468,040+53,234,020/

Хариуцагч нь 2018.11.19-2019.03.25 хооронд зуурмаг хүлээн авсан, үүнээс хойш дараа сарын 15-ны дотор 70 хувийн үнийг төлөх үүрэгтэй ба энэ хугацааг хэтрүүлсэн тул алданги төлөх үүрэгтэй.

10. Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Гэрээний тусгай нөхцөлийн 6 дугаар зүйлд “хугацаандаа төлөгдөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцно” гэж заасныг хариуцагч нь нэг хоногийн алданги төлөх агуулгатай, “хоног тутам” гэж тохироогүй байхад шүүх гэрээний энэ нөхцөлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг үгийн шууд утгаар тайлбарлана гэсэн хуулийн дагуу тайлбарлаж чадаагүй, гэрээ”-ний 9.1 дэх хэсэгт “Давагдашгүй хүчин зүйлд дайн, иргэний бослого, түймэр, үер, халдварт өвчин, газар хөдлөлт, хорио цээр, тээвэр, хил, гаалийн хориг хязгаарлалт болон талуудын хүсэл зоригоос үл хамаарах гэнэтийн бөгөөд давагдашгүй хүчний шинжтэй бусад нөхцөл байдлыг тооцно” гэж, мөн зүйлийн 9.3 дахь хэсэгт “Давагдашгүй хүчин зүйл үүссэний улмаас захиалагч, эсхүл нийлүүлэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэл хугацаа хоцорсон, үүргээ зөрчихөд хүрсэн бол гэрээгээр хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болох бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацааг сунгана” гэж тус тус зааснаар хариуцагч алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй, гэрээний 4.2-т ...сарын эхний 7 хоногт багтаан тооцоо нийлж, сар бүрийн 15-ны өдрийн дотор нийлүүлэгчид төлнө” гэж заасан буюу тооцоо нийлснээр сар бүрийн төлбөрийг төлөхөөр заасан тул болзол тавьсан хэлцэл, улмаар үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө тооцоо нийлэх үүргээ биелүүлээгүй, төлбөрийг огт нэхэмжлээгүй тул мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан”, алданги болох 60,748,600 төгрөгийг хасч өгнө үү” гэжээ.

Талууд гэрээнд анзын төрлийг нэрлэж, хоногийн 0,5 хувийг зааснаас үзвэл Иргэний хуульд заасан алдангийг тохирсон гэж үзэх бөгөөд “хоног тутам” гэж заагаагүй ч алданги нь Иргэний хуулийн 232.6-д зааснаар тайлбарлагдах тул гэрээний нөхцөлийг тайлбарласан хоёр шатны шүүхийг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Хариуцагч “Ж Э и” ХХК нь  2018.11.19-2019.03.25-ны хооронд бетон зуурмагийг хүлээн авсан бөгөөд гэрээнд зааснаар сүүлийн төлбөрийг 2019.04.15-ны дотор биелүүлэх үүрэгтэй байсан, энэ үед хил хаагдсан, цар тахал гарсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул алдангиас бүрэн чөлөөлөх үндэслэлгүй, иймд гомдлыг хангахгүй орхив.

11. Хянавал хэсгийн 9-д заасан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1600 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/01672 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...212,845,800,00...” гэснийг “...205,331,220...” гэж, “15,300,00.00 гэснийг “...22,814,580” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...1,222,179.00 гэснийг “...1,184,606” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.08.14-ний өдөр төлсөн 461,695 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Б.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД