Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Н.А,

Шинжээч Г.Ц, Ч.Д, Б.А,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Гх,

Хохирогч Б.Б, Ц.С,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.М,  Ж.Ч,

Иргэний хариуцагч У.Б, Д.Х, Т.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, Г.А, Б.Д, Ж.Х,

Шүүгдэгч А.С, С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.С, Б овогт С.А нарт холбогдох эрүүгийн 201610011151 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймаг, Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй Б овгийн А.С,

Монгол Улсын иргэн, Дорноговь аймаг, Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Б овгийн С.А, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.С нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэр Замын-Үүд сумаас хойд зүгт 105-106 дугаар км-ийн заалтын асфальтан хучилттай засмал замд өөрийн эзэмшлийн 55-15 ДГО улсын дугаартай Санота-6 /Hyundai Sonata-6/ маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа засмал зам дээр зогсож байсан Норд бенз /Beiben/ маркийн 45-18 УНҮ улсын дугаартай ачааны автомашины чиргүүлийн арын хэсгээс мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Б.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.С-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч С.А нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэр Замын-Үүд сумаас хойд зүгт 105-106 дугаар км-ийн заалтын асфальтан хучилттай засмал зам дээр 45-18 УНҮ улсын дугаартай, 90-65 АЧ чиргүүлтэй Норд бенз /Beiben/ маркийн ачааны автомашиныг жолоодож яваад автомашины эвдрэлийн улмаас зам дээр зогсохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын а-д заасан “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах. Тээврийн хэрэгслийн харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ард талын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 6.3-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол  гаргаж 55-15 ДГО улсын дугаартай Санота-6 /Hyundai Sonata-6/ маркийн автомашинд зорчиж явсан Б.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.С-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.С-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим авто вокзал дээрээс Улаанбаатар хот руу явах үл таних 4 зорчигч суулгаад 22 цагийн алдад Замын-Үүд сумаас өөрийн 55-15 ДГО улсын дугаартай Соната 6 маркийн автомашинтай хөдөлсөн... Ингээд Замын-Үүд сумаас хөдлөөд дунджаар 70/80 км/цагийн хурдтай явж байтал зорчигч нар ядраад бүгд унтчихсан ба Улаан-Уул сумын ШТС-аас урагш 400-500 метрийн зайд буюу миний явж байгаа эгнээнд цэнхэр өнгийн канестр зам дээр тавьчихсан байхаар нь тойрч гарах гэтэл эсрэг урсгалаас улсын дугаарыг нь анзаараагүй цагаан өнгийн истима маркийн автомашин ирж яваа харагдсан. Тэгээд өөрийнхөө урсгал руу орох гээд жолоогоо зүүн гар тал руу дараад өөрийнхөө эгнээ рүү орох гэтэл ачааны автомашины чиргүүлийн араас мөргөсөн. Зам дээр байсан цэнхэр өнгийн канестр чиргүүлээс ойролцоогоор 10 метрийн зайд байсан ба канестр өнгөрөөд эгнээрүүгээ орох гэтэл урд чиргүүл байж таарсан юм. Сүүлд цагдаа нарыг ослын газар ирсэн хойно А нь "би машинаасаа буугаад гэрэл өөдөөс нь тусгаад байтал чиргүүлийн араас мөргөчихлөө" гэсэн бөгөөд урдаас ямар нэг гэрэл туссан зүйл байгаагүй. Тухайн зам дээр зогсож байсан жолооч нь техникийн эвдрэлийн улмаас зам дээр зогсож байсан гэж үзэхгүй байна. Учир нь чиргүүлийн гэрэл дохио байхгүй. Цацруулагч гэрэлгүй ослын гурвалжин тэмдэг тавиагүй байсан бөгөөд ослын дараа машинаа зүв зүгээр асаагаад явсан... Би 80/90 км-ийн хурдтай явсан. Жолооч хурдаа тохируулж явах ёстой гэдгийг ойлгосон гэм буруугаа ойлгож байгаа. Хохирогч нарт хохирол төлбөрийг төлнө...” гэсэн  мэдүүлэг /1хх-ийн 115-116/,

-  Шүүгдэгч С.А-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 07 сарын 04-ны өдөр 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн ачаатай автомашиныг жолоодон Замын-Үүд сумаас Улаанбаатар хотруу явахаар болж Замын-Үүд сумаас уг тээврийн хэрэгсэлийг жолоодон орой 18 цагийн үед Улаанбаатар хотруу гарсан бөгөөд Замын-Үүд сумаас гараад асфальтан хучилттай засмал замаар 105 км орчим явж Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт орж ирсэн ба тухайн үед машины кольц эвдэрч ус маслогүй болж засмал зам дээр унтарч зогссон. Машин эвдэрч зогссоны дараа би машинаасаа бууж машины чиргүүлээс хойшоо 30 орчим метр зайнд анхааруулах тэмдэг болгож 30 литрын усны савыг босгон тавиад урдаас болон ардаас ирж байгаа машинуудад гар чидэнгийн гэрлээр дохио өгч зогсож байсан. Тэгээд 23 цаг өнгөрсөн байх үед яг хэдэн цагт гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл замаар ирж байгаа харагдахаар нь би өөрийн машины тэвшний зүүн хойд талд зогсож, уг машин руу гар чийдэнгээр дохио өгсөн. Тухайн үед Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд дахиж машин гарч ирэхээр нь мөн уг машин руу дохио өгсөн юм, ер нь бол тэвшний зүүн хойд талд зогсчихоод 2 тал руугаа дохио өгч байсан тэр үед л Замын-Үүд чиглэлээр ирж байсан суудлын авто машин анхааруулах тэмдэг болгон тавьсан усны савны хажуугаар урсгал сөрөөд машины тэвшний хойд талаас чигээрээ орж ирэхээр нь би тэвшний хажуу талаас зугтааж машиныхаа толгойн хэсэг рүү гүйсэн юм, намайг зугтааж машины тэвшний гол хэсэгт очих үед уг суудлын зориулалттай автомашин миний машины тэвшний хойд талын хэсгээр мөргөж түс хийх чимээ гарсан, тэгэхээр нь би буцаж гүйгээд уг машин руу очтол, тэвшний хойд талаас мөргөөд, замаар хойшоо ухарч байгаа харагдахаар нь уг машины кабин хэсгээс татаж машиныг зогсооход нь тусалсан, тэр үед уг машины жолооч нь кабинаасаа бууж машиныхаа гар тоормосыг татаж зогсоосон юм...Өөрөөсөө шалтгаалах арга хэмжээг авсан. Миний буруу байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 26/

- Хохирогч Б.Б мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр орой 19 цагийн орчим би Замын-Үүдээс Улаанбаатар орох замын унаанд суусан юм. Тухайн үед тэр машины зүүн гар талынх нь гэрэл асахгүй байсан. Баруун талынх нь гэрэл хол дээрээ тавигдахгүй байсан. Жолооч тэр гэрлээ янзалж байгаад оройн 21 цаг 20 минутын орчим хот руу гарсан. Соната 6 маркийн 55-15 ДГО дугаартай машинд би 3 зорчигчийн хамтаар жолоочтойгоо нийлээд тавуулаа Замын-Үүдээс гарсан юм. Бид нар Замын-Үүдээс гараад 1 цаг орчим яваад байж байтал замын баруун гар талд бараан өнгийн хуванцар канестр байсан. Тэр канестрийг жолооч тойрч эсрэг урсгалд ороод явж байтал тэр бараан өнгийн канестрийн цаана нь том ачааны машин зогсож байсан. Тэгээд жолооч тэр машиныг гүйцэж түрүүлэх гэж байсан яг тэр мөчид бас бид нарын өөдөөс машины гэрэл гарч ирж байсан. Тэгээд түс хийх чимээ гарсан би тухайн үед ухаан балартсан. Нэг мэдэхэд би машинаас буучихсан байсан. Тэгээд л би ухаан алдаж унаад дараа нь болсон явдлыг санахгүй байгаа юм. Тухайн үед зам дээр ямар нэгэн гулгаа болон донсолгоо шалбааг зэрэг огт байгаагүй. Их хурдтай явж байсан. Намайг нэг хурдны заалт руу харахад 120 км-н хурдтай явж байсан. Үнэрлэх чадвар бүрэн алдагдсан, нүдний хараа тогтоох боломжгүй байгаа. Шил тааруулж хийхэд болохгүй таарахгүй байгаа юм. Гоо сайханы хувьд алдагдсан. Миний одоо байгаа төрх иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх болон бичиг баримтанд байгаа зургуудаас өөр болсон, танигдахгүй өөр болсон учраас ослын өмнөх болон осол болсон талаарх бүх зураг бичиг баримтаа байнга авч явдаг болсон... Маш их гомдолтой байна. Хоёр жолооч болон иргэний хариуцагч нараас хохирлоо нэхэмжилнэ. Урд нь өгсөн баримтаар 20,488,984 төгрөг сүүлд өгсөн шинжилгээ хийлгэсэн 89,000 төгрөг, бензиний 230,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг нийт 21,607,984 төгрөгнөөс даатгалаас өгсөн 2,019,811 төгрөгийг хасна. Солонгос явж эмчлүүлэх эмчилгээний зардал 18,700,000 вон төгрөгөөр шилжүүлэхээр 42,636,000 төгрөг нийт 62,224,173 төгрөгийг нэхэмжилж байна... Би осол болохын өмнө унтаж яваад сэрчихсэн явсан. Жолооч хурдтай 120-той явж байсан, ер нь эсрэг урсгалаар эсвэл зам голлоод явж байсан. Канестрийн хажуугаар гарахад би канестрийг харсан. Урдаас 100-150 метрийн зайд өөдөөс машин ирж байсан. А-н машиныг гүйцэт түрүүлэх боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-55/,

- Хохирогч Ц.С-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг өнгөрч байхад автомашины зогсоол буюу төв талбай дээрээс /улсын дугаар болон маркийг нь сайн мэдэхгүй байна/ жижиг суудлын авто машинд суугаад Улаанбаатар хотын чиглэлд явж байгаад миний сууж явсан тээврийн хэрэгсэл том ачааны машины араас орж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед би унтаж явж байсан болохоор осол яагаад гарах болсон талаар мэдэхгүй байна. Замын-Үүд сумаас гараад уг тээврийн хэрэгсэл нь 70-80 км-ийн хурдтай явж байсан. Унтаж явсан болохоор сайн мэдэхгүй байна. Ослын улмаас миний зүүн гар хугарсан эмчилгээ их хийлгэсэн. Би гомдолтой байна. Одоо байнга эмчилгээ хийлгэж байгаа, гар маань байнга өвддөг. Хоёр жолооч хоёулаа буруутай гэж үзэж байна. Хоёр жолоочоос эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Би Нарантуул зах дээр зогсдог ажлаа хийж чадахгүй юм өргөж дааж чадахгүй болсон учраас өөрийн охиноо сарын 600,000 төгрөгөөр ажиллуулсан 4,800,000 төгрөг, эм тарианы зардал 375,900 төгрөг, шүүх хуралд ирсэн үүний ирж очихын зардал 44,100 төгрөг, бариа засал хийлгэсэн 300,000 төгрөг, өмнөх шүүх хуралд очсон хоол унд, бензиний зардал 200,000 төгрөг нийт 5,720,000 төгрөгийг хоёр жолоочоос нэхэмжилнэ... ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59/,

- Иргэний нэхэмжлэгч Д.А мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 07 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед Замын-Үүд сумын төв талбай дээрээс Улаанбаатар явах машинд сууж улсын дугаарыг нь би мэдэхгүй байна. Санато-6 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд 21 цаг өнгөрч байхад жолооч нь гэрлээ янзалчихлаа гэж хэлж байсан гэрэл нь харагдаж байсан юм. Уг тээврийн хэрэгсэлд бид хоёроос гадна 2 хүн байсан. Би Улаанбаатар хот явах засмал зам дээр гараад 30 орчим минут яваад машинд унтчихсан нэг мэдэхэд их хүчтэй пир пар гэх чимээ гарсан. Тэгээд сэрсэн эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэл зогсож тэр хүмүүс бидний машины хаалгыг онгойлгож биднийг буулгасан буугаад харахад зогсож байсан ачааны тээврийн хэрэгслийг мөргөчихсөн байсан. Надтай хамт явсан эгч С эгчийн зүүн гар хугарсан бололтой байсан мөн урд талын суудалд явсан залуугийн нүүрэнд машины шил хагарч зоогдсон, зүсэгдэж цус гарч байгаа харагдсан. Уг ачааны тээврийн хэрэгсэл аваарын дохио асаагүй, ослын тэмдэг байрлуулаагүй байсан ба машинаас хойш 10 орчим метр газар усны канестр тавьчихсан байсан. Эмчилгээнд нийт 517,000 мянган төгрөг болсон буруутай хүнээс гаргуулж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68,194/,

- Иргэний нэхэмжлэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт: С.А болон иргэний хариуцагчаас машины эвдрэлд гарсан үнэлгээний дагуу 4,504,000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

- Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд: “...2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Замын-Үүд сумаас Улаанбаатар хотруу явахаар болж орой 18 цагийн үед Замын-Үүд сумын вокзал дээрээс Улаанбаатар хотруу явах 55-15 ДГО улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд суусан юм. Үүнээс хойш уг машинд надаас гадна 2 эмэгтэй, 1 эрэгтэй сууж 22 цагийн үед Замын-Үүд сумаас Улаанбаатар хотруу хөдөлсөн. ... Замын-Үүд сумаас гараад хот хооронд явдаг жолооч нар их хүчтэй явдаг гэж хүмүүс ярьдаг байсан болохоор уг жолоочийг яаж явах юм бол гэж анзаарч мелл рүү нь харахад ихэвчлэн 80-90км/цагийн хурдтай л явж байсан. Замын-Үүд сумаас гараад нэг их хол явалгүй унтаж амарсан юм. Унтаж байгаад түс тас хийх чимээ гарахаар нь сэртэл, миний сууж явсан машиний урд талын хэсэг эвдэрч урд жолоочийн эсрэг суудалд сууж явсан залуу яая гэх мэтээр орилж байсан. Тэгээд машинаас буугаад харахад миний сууж явсан машин засмал зам дээр зогссон байсан ачааны машины тэвшний ард хэсгээс нь мөргөж зогссон байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 24, 199-200/,

- Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд: “...Би Улаанбаатар хот Замын-Үүд сумын хооронд өөрийн 03-34 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр хүн тээвэрлэдэг юм. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явж 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос 5 зорчигч аваад Замын-Үүд сум руу буцсан. Замын-Үүд сум явах замдаа 23 цагийн орчимд яг хэдэн цагт гэдгийг нь сайн мэдэхгүй байна Эрдэнэ сум руу салдаг замын колонк дээр түр зогсоод, колонкоос доош уруудан Замын-Үүд чиглэлд явсан юм тэр үед засмал замаар дөнгөж доош уруудаж байхад машины гэрлийн үзүүрт ачаатай машин замын зүүн талын эгнээнд буюу Замын-Үүд, Улаанбаатар чиглэлд зогсчихсон, уг ачаатай машины зүүн талын хаалга нь онгорхой хаалганы хажуугаас гар чийдэнгээр өөдөөс тусгаж дохио өгч байсан, тэгэхээр нь би машины хурдыг сааруулж өөрийн явж байсан урсгалд замаа чөлөөлөөд зогсох гэж байтал  уг ачаатай машины араас суудлын машин мөргөж осол гарах шиг болсон, тэр үед нь би машинаа байрлуулан зогсоогоод машинаас бууж осол болсон газарт очиж суудлын машинаас хүмүүсийг нь буулгаж тусламж үзүүлсэн. Намайг суудлыг машин руу очих үед уг машины жолооч А.С гэх хүн машинаасаа буучихсан байсан харин машины арын суудалд сууж явсан 2 эмэгтэй буугаагүй байсан, уг машиныг хичнээн хүнтэй явсан гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 198/,

- Иргэний хариуцагч Д.Х мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн авто машин нь Т.Г гэх хүний машин байгаа юм. Тухайн үед Т.Г нь 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн авто машин нь зам тээврийн осолд орсны дараа таны машин гээд хэлчих үү гэхлээр нь тэгээ гээд хэлчихсэн юм. Тэгээд тухайн машин эзэмшигчээр байцаалт өгсөн юм. Мөн иргэний хариуцагч гэдэг утга учрыг нь ойлгоогүй ямар ч буруу хэрэг хийгээгүй учраас байцаалт өгсөн юм. Анх бид хоёр хамтран 2014 оны 11 дүгээр сард худалдаж авсан нь үнэн. Гэхдээ төлбөрийг Т.Г өөрөө төлдөг байсан. Т.Г-д би өөрөө энэ машинаа аваад асуудлаа шийдээд яваа гээд 2015 оны 05, 06 дугаар сараас эхлэн өөрөө эзэмших болсон. Улаанбаатар хотын харъяат Э гэх хүнээс 5 сая төгрөгийг бэлнээр дараа нь 28 сая төгрөгийг 2 хувааж мөнгийг нь Хаан банкаар шилжүүлсэн. Э гэж хүнийг танихгүй. Өмнөговь аймгаас машин авах гээд эрж хайж явж байгаад Улаанбаатар хот руу чирээд явж байх үед нь уулзаад авсан. Иргэний хариуцагчаар татсныг би зөвшөөрөхгүй. Б ХХК-ний өмчлөлд байдаг машин юм. Т.Г-н эзэмшлийн машин, 2016 оны 05 сард шилжүүлсэн. 2017 оны 11 сард Т.Г зээлийг төлж дууссан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 61/,

- Иргэний хариуцагч У.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг БНХАУлсын иргэн Ж, Ч нар нь манай компанид өртэй байсан. Өрнийхөө төлбөрт уг 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг өгсөн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр манай компаний нэр дээр шилжүүлсэн боловч манай компанид хүлээлгэж өгөөгүй. Өмнөговь аймгийн Цагаан-Хад гаалийн хяналтын бүсээс аваарай гэсэн боловч би тухайн машиныг одоо болтол огт хараагүй, эзэмшилдээ авч чадаагүй байна. Хятадууд гаалийн хяналтаас гаргаад Т гэх хүнд хүлээлгэн өгсөн боловч тухайн хүн нь зарчихсан юм билээ. 2014 оны 03 сард өрөндөө Ж, Ч нараас  17 толгой, 14 чиргүүл өгөхөөс 1 толгой, 1 чиргүүл дутуу үлдсэн. Нүүрсний өрөнд өгөх байсан 53 сая төгрөгний 1 машин нь алга болсон. Цувуулж авсаар байгаад үлдсэн юм. Би тэд нарт бүтээгдэхүүн эсвэл машин тэргээ авчирч өг гэсэн шаардлага тавьсан. У ХХК-иас манайд шилжүүлсэн юм. Манайх одоо болтол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Э гэж манайд болон У ХХК тийм ажилчин байхгүй. У ХХК нь хятад компани 10 гаруй тэр бумын татварын өртэй тэгээд татан буугдсан юм. Тухайн компаний нэрээр автотээврийн үндэсний төвөөс  гардаг тухайн байгууллагын шинэчлэл бүртгэлийн алдаа юм. Тухайн машины татварыг төлсөн байхад Өмнөговиос бас татвар төлөөгүй гэж орж ирдэг юм... Бичиг баримт болон машины номер нь манай компани дээр байгаа гэтэл бичиг баримтыг яагаад дахин гаргасныг би мэдэхгүй байна гээсэн энэ тэр гээд авсан юм уу өмчлөгч нь биш байгаад яагаад дахиж бичиг баримт гаргасан юм би энийг их гайхаж байгаа. Би тухайн машиныг хүлээж аваагүй, олдохгүй байсан гэтэл над руу 2016 онд танай машин авто осол гаргалаа гэж цагдаагаас утасдсан. Би хохирол төлбөрийг хариуцахгүй...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 63-66/,

- Иргэний хариуцагч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн авто машин нь миний өөрийн эзэмшлийн авто машин байгаа юм. Би уг 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн авто машиныг өөрийн танил ах Д.Х гэх хүнтэй хамтран эхлээд худалдаж авсан юм. Уг авто машиныг Д.Х ах бид хоёр үзэж байгаад 2014 оны 11 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна. 33 саяар худалдаж авч байсан Эхлээд урьдчилгаа бэлнээр 5 сая төгрөг, 10 сая төгрөг, 18 сая төгрөгөөр гурав хувааж өгч бүрэн төлж барагдуулсан байгаа. Уг авто машиныг Д.Х бид худалдаж авахдаа Д.Х ахын 2 өрөө байрыг барьцаанд тавиад бэлэн мөнгө гаргаж өгсөн. Дараа нь нэр дээр шилжүүлж өгнө гэсэн боловч 1 сарын дараа, 2 сарын дараа гэсээр байгаад шилжүүлж өгөөгүй. Одоо “Б” гэх нэртэй яваад байгаа тухайн автомашиныг худалдаж авсан цагаас хойш би тухайн авто машиныг эзэмшиж ашиглаж байгаа. Д.Х-н хувьд том машин тэрэг барьж, эзэмшиж, ашиглаж чадахгүй би тухайн машинаа эзэмшээд сар бүрийн төлөлтийг би хийгээд явдаг байсан. Би Д.Х ахад хэдэн төгрөгний өртэй учраас дундын өмч гэж мэдүүлсэн юм. Гэхдээ 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн авто машин нь миний өөрийн өмч байгаа юм. Д.Х ахад ямар нэгэн ноогдох хувь байхгүй гэж үзэж байгаа. Би өөрийн эзэмшлийн 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн авто машинаа Замын-Үүд сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийчихсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хэрэгцээндээ ашиглаж өр зээлээ төлөх амьжиргаагаа залгах хүсэлтэй байна. Би 2014 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн 01, 02-ны өдөр Д.Х ахын хаан банкин дахь дансанд 1,650,000 төгрөг хийдэг байсан... Э гэж хүнээс авсан, Б ХХК-нд ажилладаг гэж бодсон бичиг баримттайгаа машиныг хүлээж авсан. У ХХК мэдэхгүй, үзлэг оношлогоонд орохоор тийм нэрээр гарч ирдэг юм... Энэ машины талаар Д.Х ах бол мэдэхгүй... Хохирогч нарт хохирол төлбөр гарахаар бол би хариуцан төлнө...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 54/,          

- 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд: “45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн ачааны автомашины жолооч С.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-н A-д заасан a/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ....харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, ..... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалт болон мөн дүрмийн 6.3-т заасан Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчин зогссон үед, Сонота-6 маркийн 55-75 ДГО улсын дугаартай суудлын автомашины жолооч А.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт зааснаар "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол гарсан байна" гэсэн дүгнэлт /1хx-ийн 73-75/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10210 дугаартай шинжээч Б.Г дүгнэлтэнд: “Б.Б-н биед учирсан ... дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хx-ийн 83/,

- Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 325 дугаартай шинжээч дүгнэлтэнд: “Ц.С-н биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хx-ийн 104/,

-  Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 383 дугаартай шинжээч дүгнэлтэнд: “Д.А-н биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1хx-ийн 104/,

- 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 202 дугаартай дүгнэлтэнд:

            1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүгийгээ өөрөө хариуцна” гэж заасан байх тул энэ асуултад хариулах боломжгүй байна.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүгийгээ өөрөө хариуцна” гэж заасан байх тул энэ асуултад хариулах боломжгүй байна.

             3. Хавтаст хэрэгт авагдсан ослын газрын схем болон фото зураг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд Hyundai Sonata-6 маркийн 55-15 ДГО дугаарын автомашины жолооч А.С нь МУ-ын ЗХД-ийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

              4. Beiben маркийн 45-18 УНҮ дугаарын автомашины жолооч С.А нь МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явдаг машин, механизмыг ашиглахыг хориглоно: 5.3 “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг гэснийг, 6.3-д заасан ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

              5. МУ-ын ЗХД-ийн 1-р бүлгийн 1.4-д Энэ дүрэмд байгаа дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. “Зам”- Тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж заасан байх тул уг зам тээврийн осол гарсан зам нийтийн хэрэгцээний замд тооцогдоно.

              6. Хавтаст хэрэгт авагдсан материалыг уншиж үзэхэд Beiben маркийн 45-18 УНҮ дугаарын автомашин нь нэг удаа зогссон байна. МУ-ын ЗХД-ийн 1-р бүлгийн 1.4-т зааснаар “Зайлшгүй зогсолт” гэж Жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгпдэл, ам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл гэж заасан байх тул Beiben маркийн 45-18 УНҮ дугаарын автомашины жолооч нь зайлшгүй зогсолт хийсэн байх үндэслэлтэй байна. Зайлшгүй зогсолтоор зогссон жолооч нь МУ-ын ЗХД-ийн 6.3-д заасныг биелүүлэх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

              7. Хавтаст хэргийн материалтай танилцахад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.

              8. Жолооч А.С, С.А нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт  /3хх-ийн 20-22/,

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6850 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...55-15 ДГО улсын дугаартай Сонота-6 маркийн ачааны автомашины эвдрэлийн шууд зардлын дүн 3,470,000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 4,504,000 төгрөг” гэсэн дүгнэлт /1хx-н 95/,

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6851 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...90-65 ГЧ улсын дугаартай чиргүүлийн эвдрэлийн шууд зардлын дүн 120,000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 125,000  төгрөг” гэсэн дүгнэлт /1хx-н 97/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 6-14, 27-28/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 29, 31/,

- Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 9/,

- Хохирогч Ц.С хохирлын баримтууд /1хх-ийн163-167, 2хх-ийн 78/,

- Иргэний нэхэмжлэгч Д.А-н хохирлын баримтууд /1хх-ийн 169-176/,

- Хохирогч Б.Б-н хохирлын баримтууд /1хх-ийн 227-247, 2хх-ийн 1-48, 73-77, 3хх-ийн 200-214/,

- С.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, №112700 дугаар жолооны үнэмлэхний хуулбар, /1хх-ийн 125-130/,

- А.С-н  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 131-134/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: 2016 оны 07 дугаар сарын 04-ний орой С.А нь 45-18 УНҮ улсын дугаартай 90-65 АЧ дугаарын чиргүүлтэй Норд бенз /Beiben/ маркийн автомашиныг жолоодож яваад машин нь халсны улмаас зогссон. Зогсохдоо гэрэл болон дохио асаагаагүй, ослын тэмдэг тавиагүй ба ослын тэмдэг нь олдохгүй байсан учраас цэнхэр өнгийн канестр орлуулан тавиад Дорноговь аймаг Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэр Замын-Үүд сумаас хойд зүгт 105-106 дугаар км-ийн заалтын асфальтан хучилттай засмал замд зогсож байхад нь А.С Замын-Үүдээс Улаанбаатар луу өөрийн эзэмшлийн 55-15 ДГО улсын дугаартай Санота-6 /Hyundai Sonata-6/ маркийн автомашиныг жолоодохдоо хурд хэтрүүлэн яваад С.А-н тавьсан канестрийн хажуугаар эсрэг урсгал руу орж явахад өөдөөс нь машин ирэхэд нь зүүн тал руу буюу өөрийн зорчих хэсэг рүү дарж зогсож байсан С.А-н машины чиргүүлийг мөргөсний улмаас осол гарч А.С-н машин дотор зорчиж  явсан Б.Б-н эрүүл мэндэд хүнд, Ц.С-н эрүүл мэндэд хүндэвтэр, Д.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас А.С, С.А нарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүгдэгч А.С, С.А нар нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүгдэгч А.С-н “...Улаан-Уул сумын ШТС-аас урагш 400-500 метрийн зайд буюу миний явж байгаа эгнээнд цэнхэр өнгийн канестр зам дээр тавьчихсан байхаар нь тойрч гарах гэтэл эсрэг урсгалаас улсын дугаарыг нь анзаараагүй цагаан өнгийн истима маркийн автомашин ирж яваа харагдсан. Тэгээд өөрийнхөө урсгал руу орох гээд жолоогоо зүүн гар тал руу дараад өөрийнхөө эгнээ рүү орох гэтэл ачааны автомашины чиргүүлийн араас мөргөсөн... Би 80/90 км-ийн хурдтай явсан. Жолооч хурдаа тохируулж явах ёстой гэдгийг ойлгосон гэм буруугаа ойлгож байгаа...” гэсэн, шүүгдэгч С.А “...Улаанбаатар хотруу гарсан бөгөөд Замын-Үүд сумаас гараад асфальтан хучилттай засмал замаар 105 км орчим явж Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт орж ирсэн ба тухайн үед машины кольц эвдэрч ус маслогүй болж засмал зам дээр унтарч зогссон...ослын тэмдэгээ хайгаад олоогүй, канестр тавьсан...” гэсэн, хохирогч Б.Б-н “...Бид нар Замын-Үүдээс гараад 1 цаг орчим яваад байж байтал замын баруун гар талд бараан өнгийн хуванцар канестр байсан. Тэр канестрийг жолооч тойрч эсрэг урсгалд ороод явж байтал тэр бараан өнгийн канестрийн цаана нь том ачааны машин зогсож байсан. Тэгээд жолооч тэр машиныг гүйцэж түрүүлэх гэж байсан яг тэр мөчид бас бид нарын өөдөөс машины гэрэл гарч ирж байсан. Тэгээд түс хийх чимээ гарсан... Жолооч хурдтай 120-той явж байсан, ер нь эсрэг урсгалаар эсвэл зам голлоод явж байсан. Канестрийн хажуугаар гарахад би канестрийг харсан...” гэсэн мэдүүлэг болон шинжээч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн  58, 202 дугаартай дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.С, С.А нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.А “... өөрөөсөө шалгаалах арга хэмжээг авсан учраас гэм буруугүй...” гэж, түүний өмгөөлөгч Б.Д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7-д одоо гаргах гэж байгаа тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруутайд тооцох гээд 10 шаардлага байгаа. Үйлдэгдсэн газар нь тодорхой. 2-т гэмт хэрэг үйлдэхэд ямар ч арга хэрэглээгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнд арга ордог. 4-т сэдэлт. Шунахай сэдэлт юу ч байхгүй. 5-т зорилго. Б.Б-г гэмтээх ямар ч зорилго байхгүй. 6-т гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгааныг бичдэг. С.А үйлдсэн шалтгаан байхгүй. Ямар ч нөхцөл бүрдүүлээгүй. С.А ямар ч гэм буруугийн хэлбэр үйлдээгүй, гарч ирээгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ гэвэл С.А хэнийг ч хохироогоогүй, хэнд ч халдаагүй, хэнд ч хүрээгүй. Харин өөрөө 16 сарын цалингаар хохироод, 40 хоног хоригдоод, машинаа битүүмжлүүлчихээд орлогогүй хохирч байна хохирогчоор тогтоох хүсэлт гаргасан, үзлэг хийлгэх хүсэлт гаргасан... гэм буруутайд тооцох 10 зүйлээс нэгийг ч С.А үйлдээгүй. А.С-тай бүлэглэж үйлдээгүй... харин ослын тэмдэг тавиагүй нь зөрчлийн хуулиар 20,000 төгрөгөөр торгох байсан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ... гэм буруугүй учраас цагаатгах өгнө үү” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А “...С.А-г буруутгах үндэслэлгүй. Зайлшгүй зогсолт хийсэн гэдгийг шинжээч нар тогтоогоод өгсөн.  Улсын яллагч бол түр зогсолт гээд байна. Зайлшгүй ч бай, түр ч бай ямар ч байсан машинд нь эвдрэл тохиолдоод зогссон байгаа. Зогссон үед тэмдгийг тавина гэж шаардаж болно. Гэтэл тэмдэг байхгүй учир бололцоотой арга хэмжээг авсан.  Анхан шатны шүүхийн тогтоолд “ослын тэмдэг тавиагүй нь осол гарах шалтгаан нөхцөл болсон” гэж бичсэн байсан. Шалтгаан нөхцөл болсон болохоос биш осол гарахад нөлөөлсөн гэм буруутан биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар энэ бол зөрчил. Гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлзсэн нь үндэслэлгүй байна.

1. Шүүгдэгч С.А-г хохирогчоор тогтоолгох, үзлэг туршилт хийлгэх хүсэлтүүдийг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн ба үзлэг туршилт хийлгэх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, шүүх хуралдаанд шинжээч нараас асууж тодруулах боломжтой гэж үзсэн. Шүүх хуралдаанд шинжээч нарыг ямар шалтгаанаар шүүх хуралдаанд оролцуулж байгаа талаараа шүүхээс хэргийн оролцогч нарт мэдэгдэж, өмгөөлөгч Б.Д нь асууж тодруулсан ба шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө энэ талаар дахин хүсэлтээ гаргах боломжтой байсан атал гаргаагүй. Мөн шүүгдэгч С.А-г тухайн хэргийн улмаас 16 сарын цалингаар хохирсон, 40 хоног хоригдсон, машинаа битүүмжлүүлээд цалин орлогогүй болсон гэм буруугүй учраас хохирогчоор тогтоож өгнө үү гэсэн нь ойлгомжгүй байх ба шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй байхад дээрх шалтгаанаар хохирогчоор тогтоолгох хүсэлт гаргах үндэслэлгүй юм.

2. Хэрэгт хэд хэдэн дүгнэлт гарсан ба дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүгүйгээс гадна жолооч нарын хэн алин нь замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтуудыг зөрчсөн талаарх дүгнэлтүүдийг тодорхой гаргасан.

3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-т “...зайлшгүй зогсолт гэж ...түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл” гэж, мөн дүрмийн 6.3-т “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс ... суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ. а/ ...., б/ ...., в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед, г/ ....” гэж заасан байх ба уг дүрэмд ослын зогсолтын тэмдгийг канестраар орлуулана, гар чийдэнгээр дохио өгнө гэсэн заалт байхгүй байна.

4. Мөн дүрэмд жолооч нь тээврийн хэрэгслийн техникийн хувьд бүрэн бүтэн байлгаж замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй бөгөөд тээврийн хэрэгсэл эвдэрч зогссон үед ослын зогсолтын тэмдэгийг дээрх шалтгаанаар зайлшгүй тавих ба ослын зогсолтын тэмдгээ олоогүй учраас аливаа зүйлээр орлуулж тавьсан нь С.А-г замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг жолооч А.С, С.А нар нь дагаж мөрдөх учиртай бөгөөд уг дүрмийг хэн аль нь зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Хэрэв гэмт хэргийн шинжгүй буюу дээрх дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулаагүй бол өмгөөлөгч нарын мэтгэлзсэнчлэн Захиргааны зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах учиртай юм.

Шүүгдэгч А.С, С.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй болон шүүгдэгч С.С-н хувьд гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийн зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг, шүүгдэгч С.А-н хувьд хохирол төлбөрийг төлөөгүй байдлыг харгалзан үзсэн болно.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч С.А “...Ийм шийдвэр гарсан юм чинь хохирогч нарт мөнгийг төлөх нь тодорхой боллоо... Хохирлоо төлнө...” гэж түүний өмгөөлөгч Г.А, Б.Д нар нь “...шүүх нэгэнт гэм буруутай гэж үзэж хохирол төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Иймд тэнсэж өгнө үү”  гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан...” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл ... нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ... гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ... учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл ... учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ... хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”  гэж тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорих ялыг тэнсэх эсвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульчилсан байна. Мөн шүүгдэгч С.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхээс гэм буруутайд тооцож, хохирол төлбөрийг шийдвэрлэсний дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд “хохирол төлбөрийг төлнө” гэснийг шүүхээс түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. Харин шүүгдэгч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулан тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч нар нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, бичиг баримтаар хураагдан ирсэн А.С-н 276341 дугаартай, С.А-н 112700 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, 55-15 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.С-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөрдөн байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч С.А-н Потон маркийн авто чирэгч, шүүгдэгч А.С-н Хайер маркийн хөргөгч 1 ширхэг, Скуарц маркийн зурагт 1 ширхэгийг, иргэний хариуцагч Т.Г-н 45-18 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх ба цаашид битүүмжлэх шаардлагагүй гэж шүүх үзэж тогтоолуудыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нарт олгож шийдвэрлэлээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөн байцаагчийн тогтоолоор 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч гэж иргэний хариуцагчаар Д.Х, Т.Г, Б ХХК-ний захирал У.Б нарыг татсан байх ба шүүхээс Д.Х, Б ХХК-ний захирал У.Б нарыг татсан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч С.А-н эзэмшиж явсан 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Б ХХК бүртгэгдсэн боловч эзэмшилд нь шилжүүлээгүй, харин Т.Г, Д.Х нар нь 33 сая төгрөгөөр худалдан авч үнийг төлсөн, 2014 оны 11 сараас эзэмшиж, ашиглаж байсан, Д.Х тээврийн хэрэгслийн үнийг Т.Г нь төлж барагдуулсан, Т.Г, Д.Х нар нь тээврийн хэрэгслийн өмчлөлийн талаар хоорондоо маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон тэдний мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111 дүгээр зүйлийн 111.2.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь иргэний хариуцагч Т.Г гэж үзэх үндэслэлтэй байна.    

Иргэний хариуцагч У.Б, түүний өмгөөлөгч Б.М нар нь “...45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл “Б” ХХК-ийн өмчлөлийнх. БНХАУлсын иргэн Ж, Ч нараас 2014 оны 03 сард өрөндөө авсан боловч алга болсон гээд хүлээж аваагүй ... тээврийн хэрэгслийг “Б" ХХК-нд олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. “Б” ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг “2014 оны 03 сард өрөндөө авсан... алга болсон...” гэх боловч өдийг хүртэл хуулийн байгууллагад хандаж байсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх ба тухайн хэргээс тусд нь шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.  

Иргэний хариуцагч Т.Г нь “45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашин “Б” ХХК-ний өмчлөлд боловч миний машин... хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлнө” гэж байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсний дагуу мөн шүүгдэгч С.А нь  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “...бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нараас хохирлоо гаргуулна” гэх тул шүүгдэгч С.А болон иргэний хариуцагч Т.Г нараас оногдох хэсгийг хувь тэнцүүлэн гаргах үндэслэлтэй байна. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн тул хохирогч нарт учирсан хохиролыг тэнцүү хувааж хариуцаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.      

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад хохирогч Б.Б “... эмчилгээний зардал 21,607,984 төгрөг, Солонгос улсад гоо сайханы хагалгаанд орох 18,700,000 вон буюу 42,636,000 төгрөг үүнээс даатгалын компаниас өгсөн 2,019,811 төгрөгийг хасч нийт 62,224,173 төгрөг” нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас эм тариа болон хагалгаа хийхэд шаардагдсан материал болох 1 хх-ийн 231, 233, 238-244, 247-250, 2хх-ийн 1, 5-6 хуудсанд байгаа /122,500₮ + 26,100₮ + 145,450₮ + 300,000₮ + 1,400,000₮ + 1,700,000₮ + 10,210₮ + 1,071,360 ₮+ 39,800₮ + 127,500₮ + 321,500₮ + 23,200₮ + 500₮ + 5,000₮ + 18,900₮ + 10,500₮ + 46,863₮ + 110,000₮ + 100,000₮ + 76,200₮ + 1,086,200₮ + 142,000₮ + 67,180₮ + 45,000₮ + 54,780₮ + 28,500₮=7,079,243₮/ нийт 7,079,243 төгрөгийг хангаж, шүүгдэгч нарт хуваахад /7,079,243:2=3,539,621.5/ 3,539,621 төгрөг үүнээс шүүгдэгч А.С-н төлсөн 2,019,811 төгрөг, шүүхийн шатанд төлсөн 519,810 төгрөгийг хасч  А.С-с 1,000,000 төгрөгийг, шүүгдэгч С.А-с 1,769,810.5 төгрөг, иргэний хариуцагч Т.Г-с 1,769,810.5 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эм тариа /1хх-ийн 245, 246, 249 хуудас  529,500₮, 757,900₮, 453,000₮ баримтууд нь нэг хүний гараар бичсэн атлаа өөр, өөр гарын үсэгтэй, бусад эм тариа бичсэн баримтуудтай харьцуулахад өртөг өндөр/, гоо сайханы үйлчилгээ, бензин, унааны зардал, буудал, хоол хүнс, буудал, эмч сувилагч нарт өгсөн зардал, өмгөөлөлийн хөлс, /1хх-ийн 250, 2хх-ийн 1-4, 7  хуудсанд байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хоол хүнсийг хүн өдөр тутам хэрэглэдэг, өөрийнхөө эрхийг хангаж өмгөөлөгч авсан учраас бодит хохирол тооцогдохгүй, 3хх-ийн 203 хуудас хагалгаанд орохоор шинжилгээ өгсөн гэх боловч тухайн гэмт хэргийн улмаас болж шинжилгээ өгсөн байна гэж үзэхэд эргэлзээтэй давхар нотолсон баримтгүй, 3хх-ийн 213-214 хуудас бензиний баримтын он сарыг харахад мөн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхэд эргэлзээтэй/, Солонгос улсад гоо сайханы хагалгаанд орох зардал /Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар шаардах эрхтэй боловч 2хх-ийн 73-77, 3хх-ийн 206-212 хуудас баримтаар олон эмчилгээ, шинжилгээ хийхээр харагдах боловч биеэр үзлэг онош хийж байж яг аль эмчилгээ шинжилгээг хийлгэхээр байхаас гадна үнийн дүн тодорхойгүй/ нийт 55,144,930 төгрөгийг гаргуулах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож,

Мөн хохирогч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт “...эмчилгээний зардал 375,900 төгрөг, бариа хийлгэсэн 300,000 төгрөг, шүүх хуралд ирж буцах зардал 44,100 төгрөг, хүүхдээ ажиллуулсны хөлс сарын 600,000 төгрөгөөр бодож 4,800,000 төгрөг, өмнөх шүүх хуралдаанд ирж буцсан зардал 200,000 төгрөг нийт 5,720,000 төгрөг” гэж нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагаас толгой хүзүүний үзлэг 240,000₮, эмний 101,900₮, зардал 44,100₮ /1хх-ийн 165, 2хх-ийн 78/ нийт 386,000 төгрөгөөс шүүгдэгч А.С-н 90,988 төгрөг, шүүхийн шатанд төлсөн 102,000 төгрөгийг хасч  А.С-с төлөх төлбөргүй, шүүгдэгч С.А-с 96,500 төгрөг, иргэний хариуцагч Т.Г-с 96,500 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ц.С-д олгож, эм тарианы зарлагын 34,000 төгрөгний /1хх-ийн 166/  баримт нь тамга тэмдэггүй нотлох баримтын шаардлага хангахгүй, бариа 300,000 төгрөг, хүүхдээ ажиллуулсны цалин 4,800,000, шүүх хуралд ирсэн буцсан зардал 200,000 төгрөгийн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар нотлогдоогүй тул 5,334,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

Мөн иргэний нэхэмжлэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт “Вендо компаний үнэлгээний дагуу 4,504,000 төгрөг” нэхэмжилсэн ба шүүх гаргуулах үндэслэлтэй гэж үзэж тухайн үнийн дүнгийн 50 хувийг өөрөө хариуцаж, шүүгдэгч С.А-с 1,126,000 төгрөгийг, иргэний хариуцагч Т.Г-с 1,126,000 төгрөгийг тус тус гаргуулан А.С /1хх-ийн 95/-д олгож, хавтаст хэргээс 1хх-ийн 175-176 хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгч Д.А-н хохиролыг баримтуудыг тооцож, нэхэмжлэлийн шаардлага болох 550,460 төгрөгийг хангаж, шүүгдэгч А.С-с төлсөн 137,615 төгрөгийг хасч  А.С-с 137,615 төгрөгийг, шүүгдэгч С.А-с 137,615 төгрөг, иргэний хариуцагч Т.Г-с 137,615 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.А-д олгохоор тус тус  шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Б, Ц.С нар нь цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.С, Б овогт С.А нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, С.А нарын цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, бичиг баримтаар хураагдаж ирсэн А.С-н №276341 дугаартай, С.А-н №112700 дугаартай жолооны үнэмлэхүүдийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, №01222054 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг шүүгдэгч А.С-д буцаан олгосугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны, 2017 оны 10 дугаар сарын 06-ны, 2016 оны 10 дугаар сарын 21-ний, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрүүдийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх болон иргэний хариуцагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгож, Потон маркийн авто чирэгчийг шүүгдэгч С.А-т, Хайер маркийн хөргөгч 1 ширхэг, Скуарц маркийн зурагт 1 ширхэгийг шүүгдэгч А.С-д, 45-18 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч Т.Г-д тус тус олгосугай.

9. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.С-с 1,000,000 төгрөг, шүүгдэгч С.А-с 1,769,810.75 төгрөг, иргэний хариуцагч Т.Г-с 1,769,810.75 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт оршин суух, Г овогт Б.Б-т олгож, Б.Б-н нэхэмжлэлийг шаардлагаас 55,144,930 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.А-с 96,500 төгрөг, иргэний хариуцагч Т.Г-с 96,500 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо оршин суух, С овогт Ц.С-д олгож, Ц.С-н нэхэмжлэлийн шаардлагаас 5,334,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.С-с 137,615 төгрөг, шүүгдэгч С.А-с 137,615 төгрөг,  иргэний хариуцагч Т.Г-с 137,615 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо оршин суух, Г овогт Д.А-д олгож, шүүгдэгч С.А-с 1,126,000 төгрөг, иргэний хариуцагч Т.Г-с 1,126,000 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч А.С-д олгож, А.С-н нэхэмжлэлийн шаардлагаас 2,252,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Хохирогч Б.Б, Ц.С нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохиролоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.А-т урьд авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

12. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар, мөн иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Б.НАРМАНДАХ