Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 21

 

 

А.С, С.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.БатЧ даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Э

            Шүүгдэгч С.Аын өмгөөлөгч: Б.Д, Э.Б,

            Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч: Б.Д,

            Шүүгдэгч: С.А, А.С,

            Иргэний хариуцагч: Д.Х,

            Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Ч,

            Хохирогчийн өмгөөлөгч: А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.С, С.А нарт холбогдох, эрүүгийн 201610010151 дугаартай, 2 хавтас, 455 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Э.Б, Б.Д, иргэний хариуцагч Д.Х, шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Б.Д нарын давж заалдсан гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: С,

Шүүгдэгч: А нарт холбогдуулан Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч А.С нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн нутаг дэвсгэрт Замын-Үүд сумаас хойд зүгт 105-106 дугаар км-ийн заалтын асфальтан хучилттай засмал замд өөрийн эзэмшлийн 55-15 ДГО улсын дугаартай санота-6 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа засмал зам дээр зогсож байсан Норд бенз маркийн 45-18 УНҮ улсын дугаартай ачааны автомашины чиргүүлийн арын хэсгээс мөргөж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“ гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Б.Бын биед хүнд, Ц.Сийн биед хүндэвтэр гэмтэл, Д.Хын эзэмшлийн Норд бенз маркийн ачааны чиргүүлд 12000 төгрөгийн шууд, нийт 125000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.А нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд Замын-Үүд сумаас хойд зүгт 105-106 дугаар км-ийн заалтын асфальтан хучилттай засмал зам дээр 45-18 УНҮ улсын дугаартай, 90-65 АЧ чиргүлтэй Норд бенк маркийн ачааны автомашиныг жолоодож яваад Автомашины эвдрэлийн улмаас зам дээр зогсохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн А-д заасан а/. “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалт,  мөн дүрмийн 6.3-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт 5 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй замд байрлуулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 55-15 ДГО улсын дугаартай Соната-6 маркийн автомашинд зорчиж явсан Б.Бын биед хүнд, Ц.Сийн биед хүндэвтэр гэмтэл, А.Сын эзэмшлийн 55-15 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3470000 төгрөгийн шууд, нийт 4504000 төгрөгийн хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                                                                                                                                                                      Анхан шатны шүүх: Шүүгдэгч А.С, С.А нарыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч А.С, С.А нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасч, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч А.С, С.А нарт тус бүр оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж,

Шүүгдэгч А.С, С.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж, бичиг баримтаар хураагдаж ирсэн А.Сын №276341 дугаартай, С.Аын №112700 дугаартай жолооны үнэмлэхүүдийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, №01222054 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч А.Сд буцаан олгож,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, Потон маркийн авто чирэгчийг шүүгдэгч С.Ат, Хайер маркийн хөргөгч 1 ширхэг, скуарц маркийн зурагт 1 ширхэгийг шүүгдэгч А.Сд тус тус олгож,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар шүүгдэгч А.Саас 4039622 төгрөг, шүүгдэгч С.Ааас 500000 төгрөг, иргэний хариуцагч Д.Хаас 3539622 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.Бт олгож, Б.Бын нэхэмжлэлийн шаардлагаас 52409741 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Саас 181975 төгрөг, иргэний хариуцагч Д.Хаас 181975 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Ц.Сэд олгож, Ц.Сийн нэхэмжлэлийн шаардлагаас 5156050 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Саас 275230 төгрөг, иргэний хариуцагч Д.Хаас 275230 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Ариунаад олгож, иргэний хариуцагч Д.Хаас 1735000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Сд олгож, А.Сын нэхэмжлэлийн шаардлагаас 2769000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Б.Б, Ц.Сэ нар нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.С, С.А нарт урьд авсан бусдын батлагн даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Б.Д давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ийн А, 6.3-ийн заалтыг зөрчсөнөөр ял оноосон нь хууль бус байна. Осол гарсан гэх газарт стимо машины жолооч Болор-Эрдэнэ Улаан-Уул сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэнээр тэд хоёул ирж судлахдаа болон мэдүүлэг өгөхдөө 20 литрийн цэнхэр сав 35 м газар байсан гэжээ. Үүнийг шүүх хуралд гэрчээр оролцуулвал мэдүүлгүүд үнэн зөв болох тул анхан шатны шүүхэд юм уу, мөрдөн байцаалтад буцаана уу. Прокурор Амаржаргал, байцаагч Чинзориг нар хэргийн газар дээр очих үед осол гарсанаас хойш 3 цаг өнгөрч салхи салхилж, ачааны бүтээлэг хийсч байх үед машины ар талын цацрагч харагдахгүй байсан. А.Сыг мөргөхөд миний машины ар талын гэрэл цацрагч ажиллаж байхад хурдтай ирээд зүүн талын хойд дугуй орчмыг мөргөөд тэр талын гэрэл, шаварын хаалтыг мурийлгасан байдаг. Миний машины өргөн 2,40 см, үүнийг голлуулан усны сав тавьсан. Гэтэл усны савны урдуур дайралгүй гараад явахад 1,20 см зайд зүүн гар талаар гараад явах бололцоотой байтал өмнөөс ирж явсан машинтай зөрөхөөс айж тоормоз даралгүй хурдны хүчээр өөрөө ирж мөргөөд машины баруун гарын дугуй орчмын урд талаас гэмтээж, зөвшөөрөлгүй мөртлөө суулгаж байсан Б нарыг гэмтээсэн.

Сууж явсан хүмүүсийн мэдүүлгээр 120 км-т 1 цаг орчим явсан нь нотлогдож байхад 80-90 км гэсэн худал мэдүүлгийг зөвшөөрөх үндэслэлгүй байна. А.С ойрын гэрэлгүй мэт машины бүрэн бүтэн байдлыг хангаагүй явсанаар авор үйлдсэн. Шийтгэх тогтоолын хохирол төлөх шийдвэрт Ааас Бын өмгөөлөгчийн нэг сая төгрөгийн 50% болох 500000 төгрөг төлөхөөс өөр заалт оруулаагүй мөртлөө Стай ижил хугацаагаар 5 сар баривчилж байгаа нь илт нэг талыг баримталж хохиролтой гэж шийдвэрлэсэн нь хууль бус байна гэх мэт хууль бус үндэслэлүүд байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Э.Б давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А 2016.07.04-ний өдөр өөрийн буруугаас бус харин А.Сын буруутай үйлдлээс болж гэмт хэрэг гарсан байхад ял шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч С.А нь 45-18 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад автомашины эвдэрлийн улмаас зайлшгүй зогсолт хийсэн, тухайн үед хэт халснаас  автомашины гэрлийн релин буюу тог хамгаалагч нь шатсан байсан. С.А нь гэрлийн релинийг нь сольж хийсэн боловч дахин шатсан гэж мэдүүлдэг нь хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Цэндсүрэнгийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн ослын зогсолтын тэмдэг тавиагүй гэх боловч бусад жолооч нарт анхааруулах дохиог өгч байсныг гэрч Б.Болор-Эрдэнийн ... тухайн үед урдаас гар чийдэнгийн гэрэл тусгаж анхааруулах дохио өгч байсан гэх мэдүүлэг, мөн хохирогч Б.Бын .. тухайн үед А.С нь маш их хурдтай явж байсан ба том тэрэгний жолооч зам дээр бусад жолооч нарт анхааруулах тэмдэг болгон усны сав тавьсан байсан, усны сав болон том тэргийг би харсан А.Сын эсрэг урсгалаар ороод тойрч гарах үйлдэл хийх гэж байна даа гэж бодсон ... гэх мэдүүлэг мөн шүүгдэгчийн зүгээс хавтаст хэрэгт өгсөн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ ... би өөрийн бүхий л боломжоор осол гарахаас урьдчилан сэргийлж байсан гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч С.А нь гэм буруугүй болох нь тогтоогдож байхад баривчлах ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй юм. Иймд шүүгдэгч С.А нь гэм буруугүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагч Д.Х давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг хангаж мөрдүүлээгүйгээс Иргэний хууль, Жолоочийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтууд хангагдах эрх зүйн үндэслэлгүй. Д.Х миний биеийг иргэний хариуцагчаар татан улмаар хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тээврийн хэрэгслийн эзэмшигч “Бүрдэнэ говь” ХХК-ийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан хариуцлагаас чөлөөлж иргэн миний эрх ашгийг хөндөж шийдвэрлэсэн хууль бус шийдвэр гарсан хэмээн үзэж байна. ... цаашид уг асуудлыг дахин шалгуулж иргэний хариуцагчийг үнэн зөвөөр тогтоож,  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтын шатанд дахин шалгуулахаар буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Б.Д давж заалдсан гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх дараах зүйлүүдийг анхаарч шийдвэрлээгүйд гомдолтой байна. Хохирогч Б.Баас шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлийн баримт нь сүүлд нөхөж авсан гэх буюу зарим баримт хуурамч, зарим баримт нь авилга өгсөн, авсан шинжтэй баримтууд байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт гарсан тул мөрдөн байцаалтанд буцааж шалгуулах, анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч А.Сд үг хэлэх боломж олгоогүй бөгөөд тээврийн хэрэгслийн эвдрэлээс үүссэн засварын нийт дүн 4504000 төгрөг үүнээс 2769000 төгрөгийг үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэж иргэний нэхэмжлэгчийг хохироосон. А.Саас өмгөөлөгч А.Мы ажлын хөлсийг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдааны явцад Замын Цагдаагийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирол төлбөрөө төлөөгүй нь ял шийтгэл ногдуулах үндэслэл болж байна гэсэн нь шүүгч хуульд заагаагүй үндэслэлээр ял шийтгэл ногдуулсан гэж үзэж байна гэжээ.

Улсын яллагч Н.Амаржаргал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял тохирсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Аын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.

Прокурор С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Аын хувьд том машин унаж яваад эвдэрсэний улмаас машин нь зам дээр эвдрээд зогссон. Зогссоны улмаас анхааруулах тэмдгийг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар байрлуулаагүй гэдгээрээ зохих заалтуудыг зөрчсөн. Сын хувьд хурдтай явж байгаад зайлшгүй зогсоох арга хэмжээг аваагүй гэдгээрээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байгаа. Энэ 2 шүүгдэгчийн буруутай үйлдлээс болоод хохирогч Б, Сийн биед гэмтэл учирч, хохирол үүссэн байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдсан. Шүүгдэгч нар өөрсдийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй ч хавтаст хэргийн материалд авагдсан мэдүүлгүүд, шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгүүдээр гэм буруутай болох нь тогтоогдсон гэж үзээд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулж  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх шүүгдэгч А.Сыг замын нөхцөлд хурдаа тохируулаагүйгээс С.Аын жолоодож явсан 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашины чиргүүлийн араас мөргөсөн,  шүүгдэгч С.А нь автомашинаа эвдэрч зогссон үед ослын тэмдэгийг байрлуулаагүйн улмаас  шүүгдэгч А.С нь 55-15 ДГО улсын дугаартай Соната 6 маркийн автомашинаар С.Аын жолоодож явсан 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашины чиргүүлийн араас мөргөж тус тус Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас А.Сын автомашинд зорчиж явсан Б.Бын биед хүнд, Ц.Сийн биед хүндэвтэр гэмтлүүд, Норд бенз автомашинд 125.000 төгрөгийн, А.Сын Соната 6 автомашинд 4504.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, тус бүрд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 5 сарын баривчлах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь тухайн хэрэгт хамааралтай эсэх,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасан шаардлагыг мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүхийн шатанд хангаж ажиллаагүй байна гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх  тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулж мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийсэн байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2-т зааснаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болжээ. Мөн хохирогч нарын хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ ерөнхийд нь тооцож, ноороглосон байдлаар үнийн дүнгүүдийг нийлүүлэн жагсааж бичсэн зэрэг нь шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284-р зүйлийн 284.3-т заасанд нийцүүлж тогтоол гаргаагүй байна гэж үзэхээр байна.

Замын цагдаагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдал, үйл баримтанд тулгуурлаж гаргаагүй,  хууль, дүрэм тайлбарласан агуулгатай буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.5-д нийцээгүй гэж үзэхээр байх ба  жолооч нарын гэм буруутай үйлдлийн талаар болон тэдний замын хөдөлгөөний дүрмийг хэрхэн зөрчсөн талаарх шинжилгээг бүрэн гүйцэд хийгээгүй, тогтоогоогүй байна.

Энэ нь 1. Замын цагдаа болон техникийн шинжээч нарын хооронд шүүгдэгч С.Аын автомашины зогсолтын талаар зөрүүтэй дүгнэлтүүд гарсан ба эдгээр зөрүүтэй дүгнэлтүүдийн эргэлзээг гаргаагүй байна.

 Хавтаст хэргээс харахад шүүгдэгч С.Аын автомашин нь эхлээд халаад зогссон үед осол гарсан гэсэн ба осол болсны дараа автомашиныг хөдөлгөж 200 м газар явсны дараа автомашин эвдэрч зогссон нь шүүгдэгч нар болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Гэтэл техникийн шинжээч нь 45-18 УНҮ улсын дугаартай, чиргүүлийн дугаар 90-65АЧ, Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл нь Хятад ард улсад байх тул үзлэг, шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй байв гэж 1-р хавтаст хэргийн 212-213-т байгаа 6882 тоот шинжээчийн дүгнэлтийн 1-р заалтад тэмдэглэжээ. Тэгэхээр шинжээч нь зөвхөн  эвдэрсэн эд ангиудад үндэслэн “техникийн эвдрэл” гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан нь бодит нөхцөл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт гаргаж чадаагүй байна гэж үзэхээр байна. Техникийн шинжээчийн шинжилгээ хийсэн автомашины эвдэрсэн эд ангиуд нь 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашиных мөн эсэх талаар тогтоогоогүй байхад үндэслэсэн шинжилгээ нь өөрөө  эргэлзээтэй болсон.

2. Мөн А.С нь Замын-Үүд Улаанбаатар хотын хооронд таксины үйлчилгээ эрхлэх эрхтэй байсан эсэх,  зорчигч нар хамгаалалтын бүс хэрэглэсэн байсан эсэх зэрэг нөхцөл байдлуудын талаар шалгаж тогтоогоогүй, энэ талаар шинжилгээ хийгдээгүй байгаа нь учир дутагдалтай байх ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан хэргийн талаар нотолбол зохих асуудалд хамаарах болно.

Хэрэгт 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашин, 55-15 ДГО улсын дугаартай Соната 6 маркийн автомашинуудыг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авах ажиллагааг хийгээгүй, хэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй байж автомашинуудыг эздэд нь буцаан олгож, хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоох ажиллагааг алдагдуулсан байгааг анхаарвал зохино.

Иймд замын цагдаа болон техникийн шинжээчдийг оролцуулсан өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэж,  шинжилгээгээр  45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашины 2 удаагийн зогсолт нь зайлшгүй зогсолтод тооцогдох эсэх,   эсхүл 2 удаагийн зогсолтын аль зогсолт нь зайлшгүй зогсолтод тооцогдох эсэх,  зайлшгүй зогсолт болсон тохиолдолд жолооч С.Аыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэх эсэх,   шүүгдэгч С.Ааас хийсэн гар чийдэнгээр дохио өгөх,  усны сав тавьсан үйлдлүүд нь бусдыг ослоос урьдчилан сэргийлэх үйлдэл хийсэнд тооцогдох эсэх,  ослын тэмдэг байрлуулсанд тооцогдох эсэхийг болон мөн шүүгдэгч А.Сийн 55-15 ДГО улсын дугаартай Соната 6 маркийн автомашины эвдрэлд ч мөн техникийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулах шаардлагатай ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2-д заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг хэргийн нотолбол зохих асуудлыг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

Иргэний хариуцагчаар тогтоогдсон Д.Х 45-18 УНҮ улсын дугаартай Норд бенз маркийн автомашины техникийн гэрчилгээгээр жинхэнэ өмчлөгч нь Бүрдэнэ говь ХХК байгаа гэж тайлбарладаг ба техникийн гэрчилгээний хуулбараар мөн тогтоогдож байх тул автомашины өмчлөлийн талаар Бүрдэнэ говь ХХК-иас асууж тодруулах боломжтой байхад асуугаагүй байна.  Мөн Уранбилэг Орших ХХК гэж авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсанд /2-р хх-ийн 59-60/ тэмдэглэгдсний учрыг Бүрдэнэ говь болон Уранбилэг Орших ХХК-уудаас тодруулах.

Хохирогч нар гэм хорын хохирлоо тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу иргэний хариуцагч болон  шүүгдэгч нарын хэнд холбогдуулж нэхэмжилж байгаа талаар тодруулах,  гэм хорын хохирлын нэхэмжлэлд холбогдох зохих этгээдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг танилцуулж,  учир холбогдлыг нь ойлгуулж, хариу тайлбарыг авах ажиллагааг хийлгэх. 

Эдгээр ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын шатанд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Б.Д, иргэний хариуцагч Д.Х нараас гаргасан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай давж заалдах гомдлыг хангаж, гомдлын зарим хэсэг болох С.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б, Б.Д нарын гомдлууд, шүүгдэгч А.Сын өмгөөлөгч Даас гаргасан Сийн автомашины эвдрэлийн талаар хохиролыг үндэслэлгүй хасагдсныг шалгаж, энэ талаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тус тус гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:        

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.2, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Содномнажил, С.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧ

                                               ШҮҮГЧИД                                  Н.ОДНЯМАА

                                                                                                  А.САЙНТӨГС