Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0104/З |
Дугаар | 221/МА2017/0837 |
Огноо | 2017-11-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2017/0837
2017 оны 11 сарын 29 өдөр Дугаар 221/МА2017/0837 Улаанбаатар хот
“А К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч “А К” ХХК-ийн захирал Ч.Алтантоль, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, гуравдагч этгээд “А” ХХК-ийн захирал С.*******, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0727 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “А К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0727 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А К” ХХК-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжийн “А” ХХК-д 3590 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Мебелийн 12 айлын орон сууцны иргэд “Б А”сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, орчны газраа баталгаажуулсан бөгөөд гишүүдийн одоо амьдарч байгаа орон сууц нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир орон сууцаа шинэчлэхийн тулд 12 гишүүдтэй “А К” ХХК-ийг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Оршин суугчидтай “А” ХХК-ийн захирал С.******* нь байр барьж өгөхөөр тохиролцож, гэрээ байгуулсны дараа суугчид нэгдсэн зохион байгуулалтад орж, өөрсдийн “А К” ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэж, хамтран ажиллаж, “А” ХХК-ийн ажилтан Ж.Мөнхбилгүүнд 2015 онд итгэмжлэл олгож, бичиг баримтыг бүрдүүлэх, компанийн нэрийг С.*******ийн санал болгосон “А К” ХХК гэж нэрлэх, С.*******ийн эхнэр Б.Отгонгэрэлийг гүйцэтгэх захирлаар томилох, Б.Отгонгэрэл нь компанийн нэрийн өмнөөс асуудлыг шийдвэрлүүлэх зэргээр тохиролцсон байсан. Гэтэл байгуулсан компанийнхаа тухай мэдээлэл өгөхгүй байсан тул “А” ХХК-иас “А К” ХХК-ийн гэрчилгээ, тамгыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авсан. Мөн тэр үед газрын гэрчилгээ нь “А К” ХХК-ийн нэр дээр биш “А” ХХК-ийн нэр дээр гарсныг мэдсэн. Ингээд оршин суугчдын итгэлийг эвдэж “Б А” сууц өмчлөгчдийн холбооны албан бичиг, хурлын протокол, “А К” ХХК-ийн албан бичгүүдийн утга санааг өөрчлөн засварлаж, газрын гэрчилгээг “А” ХХК-д гаргаж амжсан байна.
Жишээлбэл, Оршин суугчдын итгэлийг эвдэж, компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч Загд-Очирын нэрийн оронд Б.Отгонгэрэл нь өөрийнхөө нэрийг оруулсан. Мөн компанийн нэрийн өмнөөс асуудлыг шийдвэрлүүлэхгүй, харин сууц өмчлөгчдийн холбооны албан бичгийг скайнердан засварлаж, бичгийн утга санааг өөрчлөн 1 гишүүнтэй “А” ХХК-ийн эрх, ашигт үйлчилж, нэр дээр нь газрын гэрчилгээг гаргуулсан байсан нь дээрх баримтаар нотлогдож байна.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/471 дүгээр захирамжаар “Б А” сууц өмчлөгчдийн холбоонд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол Мебелийн 12 дугаар байр бүхий орон сууцны орчны 3590 м.кв газрыг 5 жилийн хугацаагаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, “Б А”сууц өмчлөгчдийн холбоотой 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулах гэрээ”-г байгуулжээ.
2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Б А” сууц өмчлөгчдийн холбоо хуралдаж, тус байрны оршин суугчдын 100 хувийн саналаар “А” ХХК-иар “тус газарт орчин үеийн тохилог боловсон, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол бүхий” орон сууцыг бариулахаар зөвшөөрч, дэмжсэний дагуу 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 15/01 тоот “Б А”сууц өмчлөгчдийн холбоо болон “А” ХХК нар нь “Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин 12 айлын нийтийн байрыг дахин төлөвлөн шинэчлэх талаар хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, “А” ХХК нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүн нэр бүхий 12 иргэн бүртэй “Орон сууц солилцооны гэрээ”-г байгуулахаар тохиролцсон байх ба талууд энэ талаар маргаангүй байна.
Улмаар нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжаар “Б А” сууц өмчлөгчдийн холбооны ашиглалтад байсан 3590 м.кв газрыг “А” ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэтэл “Б А”сууц өмчлөгчдийн холбооны гишүүн нэр бүхий 12 иргэдийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн “А К” ХХК нь нийслэлийн Засаг даргын уг захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хүлээн авч, хэрэг үүсгэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасанд нийцэхгүй юм.
Учир нь “Б А”сууц өмчлөгчдийн холбооны гишүүн нэр бүхий 12 иргэд нь “А К” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид байх хэдий ч уг газрыг эзэмших, ашиглах эрх “А К” ХХК-д олгогдож байгаагүй, уг газартай холбоотой ямар нэгэн эрх, үүрэг тус компанид үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул “А” ХХК-д эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамж нь “А К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хүн, хуулийн этгээд эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд “А К” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн нийслэлийн Засаг даргын захирамж нь дээрх компанийн субьектив эрхийг хөндөөгүй, тус хуулийн этгээдэд шууд хамааралгүй гэж үзэхээр байна.
Хүн болон хуулийн этгээд бүр эрх зүйн харилцаанд оролцохдоо тус тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээж, бие даан оролцдог төдийгүй нэхэмжлэгч хуулийн этгээд нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр “Б А”сууц өмчлөгчдийн холбоо, түүний гишүүн иргэд болон “А К” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг адилтган авч үзэж, уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн нь буруу байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/0727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “А К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжийн “А” ХХК-д 3590 м.кв газрыг орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН