Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 270

 

Ж.Б , А.Т , Т.Т , Ө.Ж , С.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгч Ж.Б ы өмгөөлөгч Б.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, Ж.Б , А.Т , Т.Т , Ө.Ж , С.А нарт холбогдох 201604000170 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Отгонсүрэнгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, эрэгтэй, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Е овогт Ж.Б,

2. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж байсан, Х овогт Ө.Ж,

3. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Е овогт А.Т,

4. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Е овогт Т.Т нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1948 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт С.А нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б , А.Т , Т.Т , Ө.Ж нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.А-г худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б ийгд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 05 сар хорих ял, шүүгдэгч А.Т ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 04 сар хорих ял, шүүгдэгч Т.Т ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 04 сар хорих ял, шүүгдэгч Ө.Ж ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 01 хоног хорих ял тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б , А.Т , Т.Т , Ө.Ж  нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аманд оногдуулсан торгох ялыг 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Т ийн цагдан хоригдсон 85 хоног, шүүгдэгч А.Т-ий цагдан хоригдсон 92 хоног, шүүгдэгч Ө.Ж ийн цагдан хоригдсон 26 хоног, шүүгдэгч Ж.Б-ы цагдан хоригдсон 7 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, прокурорын дансанд байршсан төлбөрийн мөнгөнөөс 1,600,000 төгрөгийг хохирогч Ж.Мухаметкаримд, 304,000 төгрөгийг хохирогч Е.Е-д, 320,000 төгрөгийг М.С-д, 600,000 төгрөгийг И.У-д, 127,000 төгрөгийг С.А-д, 389,000 төгрөгийг Н.Ж-т, 453,000 төгрөгийг Ш.Х-д, 453,000 төгрөгийг Баяннуур сумын төрийн санд олгох, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д оногдуулсан 2 жил 05 сар хорих ялыг тэнсэж, 2 жил 05 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Т , Т.Т  нарт оногдуулсан 2 жил 04 сар хорих ялыг тэнсэж, 2 жил 04 сарын хугацаагаар, шүүгдэгч Ө.Ж т оногдуулсан 2 жил 01 хоног хорих ялыг тэнсэж, 2 жил 01 сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14, 15, 16 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ж.Б ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч А.Т ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Т.Т ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, шүүгдэгч Ө.Ж ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч С.А-г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, 2 дахь заалтын “Б-д” гэснийг “Б-ийг” гэж, “Х” гэсний дараа “б” гэж нэмж, 4 дэх заалтын “С” гэснийг “С” гэж, 5 дахь заалтын “боломжит хэмжээгээр” гэснийг хасаж, 7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б ий цагдан хоригдсон 7 хоног, Т.Т ийн цагдан хоригдсон 116 хоног, Ө.Ж ийн цагдан хоригдсон 26 хоног, А.Т ий цагдан хоригдсон 92 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.А нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүйг дурдсугай” гэж, 10 дахь заалтын “Шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Голомт банк дахь Прокурорын газрын 5805007969 дугаартай дансанд шүүгдэгч нарын хохиролд төлөхөөр байршуулсан нийт 4,427,000 төгрөгөөс хохирогч М.С-д учирсан хохиролд 320,000 төгрөг, хохирогч И.У-д учирсан хохиролд 600,000 төгрөг, хохирогч Е.Е-д учирсан хохиролд 304,000 төгрөг, хохирогч Ж.М-д учирсан хохиролд 1,600,000 төгрөг, хохирогч Ш.Х-д учирсан хохиролд 650,000 төгрөг, хохирогч Н.Ж-т учирсан хохиролд 953,000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Ж.Б , Т.Т , Ө.Ж , А.Т  нараас 20,900 төгрөг тус тус гаргуулж хохирогч Н.Ж-т олгож, 162,500 төгрөг тус тус гаргуулж Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Төрийн сангийн дансанд оруулсугай” гэж, 12 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4” гэсний дараа “,5” гэж нэмж, 13 дахь заалтын “зэргийг шүүгдэгч нарт буцаан олгохыг шүүгчийн туслах С.Е-д даалгаж” гэснийг хасаж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч А.С-ны гаргасан гомдлыг бүхэлд нь, дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б д урьд авсан хязгаарлалт тогтоох тухай, Т.Т , Ө.Ж , А.Т  нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч Ж.Б , Т.Т , Ө.Ж , А.Т  нарт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэсний дараах “136” гэснийг “137” гэж, “10 дахь заалтын” гэснийг “10 дахь заалтыг” гэж тус тус залруулжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр магадлал, уг магадлалд залруулга хийсэн тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, Я.Сьезд, шүүгдэгч Ө.Ж , түүний өмгөөлөгч Т.Бахыт, шүүгдэгч А.Т , Т.Т  нарын өмгөөлөгч К.Ержан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “…Ж.Б нарт холбогдох эрүүгийн 201604000170 дугаартай хэрэгтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “....шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ...” дараах нөхцөл байдал илэрсэн байна. Үүнд:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Б , Ө.Ж , А.Т, Т.Т  нарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял,  А.Т ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Т.Т ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Ө.Ж ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар тус тус хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14, 15, 16 дахь заалт буюу тэнсэж хянан харгалзсантай холбоотой заалтуудыг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр болон бусад өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын “... хүндрүүлж, ... эсхүл хүндрүүлж ...” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж шийдвэрлэхийг хориглосон тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж байна. Иймд Ж.Б , Ө.Ж , А.Т , Т.Т , С.А нарт холбогдох хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 14, 15, 16 дахь заалтыг хүчингүй болгох” заалтыг хүчингүй болгуулах, мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 64 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт буюу магадлалыг хэвээр үлдээх заалтад өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу бичсэн дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч Ж.Б ы өмгөөлөгч Б.Эрдэнэбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг бол хууль дээдлэх ёсны зарчим бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил хамаардаг тул уг ажиллагаанд хууль дээдлэх буюу тухайн ажиллагаа хууль ёсны байх зарчим нь хэрэглэгдэж буй хэм хэмжээ хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна Үндсэн хуульд нийцсэн байх агуулгыг илэрхийлдэг.

Хэрэв шүүхийн хэрэглэсэн эсхүл хэрэглэх гэж буй хуулийн тодорхой хэм хэмжээ  Үндсэн хуулийн холбогдох заалт, түүний агуулга, үзэл санааг зөрчсөн болох нь тогтоогдвол уг хэм хэмжээнд тулгуурласан шийдвэр болон үйл ажиллагаа бүхэлдээ хүчингүйд тооцогдох эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын эрэмбэ, шатлалын суурь зарчим үйлчилдэг болно.    

Давж заалдах болон хяналтын шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ доод шатны шүүхээс оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж болох эрх хэмжээг олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн Үндсэн Хуулийн Цэц шийдвэрлэснийг хууль тогтоогч хүлээн зөвшөөрч тухайн заалтуудыг хүчингүй болгосноор хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хувьд өмнө дурдсан суурь зарчмыг хэрэгжүүлэх асуудлыг хянан үзвэл зохих нөхцөл, шаардлага үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийн шинжтэй хэм хэмжээ буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг хэрэглэх хязгаар нь тухайн үед хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлээр хязгаарлагдах зохицуулалттай тул материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх ёстой эсэх асуудал нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг.  

Тодруулбал, материаллаг болон процессийн хэм хэмжээ өөр, өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг илэрхийлж байдаг, түүнчлэн мөн чанарын хувьд процессийн гэж ойлгогдож болох хэм хэмжээг материаллаг хуулиар тодорхойлж, зарим үед материаллаг хэм хэмжээг процессийн хуулиар тодорхойлж эдгээрийг харилцан уялдаатай байдлаар тайлбарлаж, хэрэглэх тохиолдол гардаг болно.

Дээр дурдсан агуулгын үүднээс авч үзвэл материаллаг хууль нь гэм буруу болон ял шийтгэлийг хийсвэр түвшинд буюу “зарчмын хувьд” тодорхойлдог бол процессийн хэм хэмжээний тусламжтайгаар дээрх ойлголт нь тодорхой хүний хувьд бодит гэм буруу, бодит ял болж хэрэгждэг тул уг процессийн хэм хэмжээ нь дангаараа эрх зүйн үр дагавар үүсгээгүй, харин эрүүгийн ял, хариуцлагын төрөл, хэмжээтэй холбогдож, эцсийн дүндээ холимог хэлбэрээр хэрэгжиж байдаг өвөрмөц онцлогтой юм.           

Дээрхээс үзэхэд, Үндсэн Хууль зөрчсөн үндэслэлээр тодорхой процессийн хэм хэмжээ хүчингүй болсон нөхцөл байдлын улмаас эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлсэн дээд шатны шүүхийн шийдвэр нь эрх зүйн үр дагаврын хувьд хүний эрхийг дордуулсан, хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр болж хувирсан байх тул уг хүний эрхийг дордуулсан, хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэрүүдийг хүчингүй болгох нь Үндсэн хууль төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмууд болох хууль хэрэглэх хугацааны тухай “nullum crimen sine lege” болон хууль буцаан хэрэглэх  “ex post facto” зарчмын агуулга, үзэл санаанд нийцнэ.

        Иймд прокурорын бичсэн “Ж.Б , А.Т , Т.Т , Ө.Ж , С.А нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “14, 15, 16 дугаар заалт”-ыг хүчингүй болгосон магадлалын заалтыг хүчингүй болгуулах, хяналтын шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 64 дүгээр тогтоолд “Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...14, 15, 16 дахь заалтыг хүчингүй болгосугай.” гэснийг,

2 дахь заалтын “...шүүгдэгч Ж.Б , А.Т , Т.Т , Ө.Ж  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

                                               ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                ШҮҮГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                          Ч.ХОСБАЯР