Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 024

 

Баян-өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж, 

Нарийн бичгийн дарга Б.Ж,

Орчуулагч А.Е,

Улсын яллагч Т.Б, М.Ф,

Хохирогч Ж.М, Ш.Х, Н.Ж, К.Е нарын өмгөөлөгч А.С, С.Н

Хохирогч Ж.М, Ш.Х, Н.Ж,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч К.Е, Х.З, Я.С, Т.Б, 

Шүүгдэгч Ж.Б, Ө.Ж, А.Т, Т.Т, С.Е нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Т-гийн Т, Е овогт А-ын Т, Е овогт Ж-ын Б, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ө-ийн Ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жовогт С-ын Е нарт холбогдох 201604000170 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. Шүүгдэгч Ж.Б: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Е овогт Ж-ын  Б, 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, дөрвөн  хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 60 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, РД:БВ00000000.

2. Шүүгдэгч Ө.Ж: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х овогт Ө-ийн Ж, 1980 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-7, эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймгийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123-1.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, РД:БВ00000000.

3. Шүүгдэгч А.Т: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Е овогт Аын Т, 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-8, эхнэр, эцэг, эх, дүү нарын  хамт амьдардаг, урьд  ял шийтгүүлж байгаагүй, РД:БВ00000000.

4. Шүүгдэгч Т.Т: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Е овогт Т-гийн Т, 1992 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл-9, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд  ял шийтгүүлж байгаагүй, РД:БВ00000000.

5. Шүүгдэгч С.Е: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж овогт С-ын Е, 1992 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б сумын  03 дугаар багт оршин суудаг, ам бүл-6, эцэг, эх, гурван дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БВ00000000.

  Шүүгдэгч Ж.Б, Ө.Ж, А.Т, Т.Т, С.Е нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/: 

- Шүүгдэгч Ж.Б, Ө.Ж, Т.Т, А.Т нар бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19-20 цагийн хооронд тус аймгийн Б сумын  03 дугаар багийн нутаг “Битүү” гэдэг газарт хохирогч Н.Ж-гийн хээр зүсний 1 азарга, цавьдар зүсний 2 гүү, хохирогч Ш.Х-гийн хээр зүсний 1 гүү, эзэнгүй 1 алаг гүү, нийт 5 адууг хулгайлан нядалж /шүүгдэгч Ж.Б-гийн фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан/ хохирогч Н.Ж-д 2900000 төгрөг, хохирогч Ш.Х-д 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-наас мөн оны 11 дүгээр сарын 05-ны хооронд тус аймгийн   Б сумын  1 дүгээр багийн нутаг “Хуйган” гэдэг газар хохирогч С.А-гийн 4 эр хонийг хулгайлж /шүүгдэгч Ж.Б-гийн фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан/ 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-09-ний өдрийн хооронд тус аймгийн А сумын  1 дүгээр багийн нутаг “Сэвс” гэдэг газар хохирогч М.С-ын 4 эм хонийг /шүүгдэгч Ж.Б-гийн фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан/ хулгайлж 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний орчимд тус аймгийн А сумын  3 дугаар багийн нутаг “Өнөр” гэдэг газар хохирогч А.Ж-ын хул зүсний 1 морь, хохирогч И. У-ын хээр зүсний 1 морийг тус тус хулгайлж /Т.Т, А.Т нар өөрсдийн мориороо тууж ирж Ж.Б-д өгсөн ба Ж.Б аймагт авч ирж худалдсан/ А.Ж-д 600000 төгрөг, И.У-д 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн хооронд тус аймгийн А сумын  1 дүгээр багийн нутаг “Замын шоугуур” гэдэг газраас хохирогч М-ын Ф-А тамгатай зээрд морь, Ф-0 тамгатай хүрэн морь, бүгд 2 морийг хулгайлж /Б-гийн дүү Ж.Б-ын мотоциклыг ашиглаж үйлдсэн ба 2 морийг Ж.Б-д өгсөн/ 1600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч А.Т, Т.Т нар бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б сумын  01 дүгээр багийн нутаг “Сэжигт” гэдэг газарт байрладаг хохирогч К.Е-гийн өвөлжөөн дэх байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч дотроос нь 8 килограмм ноолуурыг хулгайлж 304000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Ө.Ж 2015 оны 11 дүгээр сарын эхээр Б сумын  1 дүгээр багийн иргэн X.С-гийн хүрэн зүсний даагыг мөн багийн иргэн X.М-ын адуун дотроос хулгайлж 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч С.Е нь Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нар 2016 оны 01 дүгээр 19-ний өдрийн 19-20 цагийн үед Б сумын  Битүү гэдэг газарт 5 адуу хулгайлж нядалсан гэж мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болсон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж бүлэглэн 5 адуу хулгайлж нядлаагүй гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд: 

Шүүгдэгч нарыг доорх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч Ж.Б, Ө.Ж, Т.Т, А.Т нар бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19-20 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Б сумын  03 дугаар багийн нутаг “Битүү” гэдэг газарт хохирогч Н.Ж-гийн хээр зүсний 1 азарга, цавьдар зүсний 2 гүү, хохирогч Ш.Х-гийн хээр зүсний 1 гүү, эзэнгүй 1 алаг гүү, нийт 5 адууг хулгайлан нядалж хохирогч Н.Ж-д 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг, хохирогч Ш.Х-д 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь:

- Шүүгдэгч Т.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Малын хулгай хийх санаачлагыг анх бид нарт Ж-ын Б хэлсэн. Ж.Б 2015 оны намар идэшний мал нядлах үед А.Т бид хоёрт гэрт нь очиход хэлсэн. ...Б сумын  иргэн Н.Ж-гийн хээр зүсний зөв гуянд П тамгатай азарга, хар хээр зүсний зөв талын гуянд Т тамгатай гүү, цавьдар зүсний зөв талын гуянд Т тамгатай гүү, хар хээр зүсний зөв талын гуянд Т тамгатай гүү, хээр алаг зүсний зөв гуянд саран тамгатай гүү нийт 5 тооны адууг Б сумын  “Харганатай овоо” гэх газраас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тууж Б сумын  иргэн Ө.Ж-гийн оторт байсан малын хашаанд тууж аваачсан. Тэнд Ө.Ж Улаанбаатарт сургуульд сурдаг залуугийн хамт байсан. Тэр залуугийн нэрийг би мэдэхгүй. Тэнд Б өөрийн цагаан өнгийн фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Аймгаас Б гэгч ченж 2 хүн дагуулж цагаан портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн ба бид тэр адууг тууж ирсэн шөнө 22 цагийн үед цавьдар гүү, хар хээр гүү, алаг гүүг нядалж ченж Б-ын машинд ачиж явуулсан. Үлдсэн 2 адууг өглөө А.Т, Ө.Ж, Ж.Б бид нар нядалж Б өөрийн фургон машинд ачиж явсан. ...Бидний туусан адууны азарга нь бид нар луу дайрч гүйж байсан. Догшин зантай азарга байсан. Бидний нядалсан 2 гүүнээс унага гарсан. Цавьдар зүсний болон саран тамгатай хээр зүсний гүү хээлтэй байсан. Би Н.Ж-гийн адуу хулгайлсан болохыг анх Б сумын  цагдаа нарт баригдаж ирэх өдөр хэлсэн ба мөн адууны эзэн Н.Ж-д хэлсэн болно.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-180-р хуудас/, 

- Шүүгдэгч А.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дараа өвөл Т.Т-тэй хамт 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Н.Ж-гийн 4 тооны адуутай хамт нэг гүү нийт 5 тооны адууг Б сумын  2 дугаар багийн нутаг дэвсгэр “Харганатай овоо” гэх газраас Ө.Ж-гийн оторт байсан жижиг эсгий гэрт аваачсан. Тэнд Ө.Ж-гийн хажууд Ө.Ж-гийн эхнэрийн дүү гэх нэг залуу байсан. Тэр залуугийн нэрийг би мэдэхгүй харвал танина. Тэр өдөр Ж.Б өөрийн цагаан өнгийн фургон машинаар ганцаараа Ө.Ж-гийн гэрт ирсэн. Б гэгч цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр нүүр амаа далдалсан хамар, нүд нь харагдах малгай өмссөн үл таних хоёр залууг дагуулж ирсэн. Тэр шөнө дээрх залуустай хамт 5 адууг нядалж Ж.Б-гийн фургон маркийн тээврийн хэрэгсэл болон Б-ын цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд хувааж ачиж аймаг руу явуулсан. Б Т бид хоёрт 600.000 төгрөг бэлэн тоолж өгсөн ба уг мөнгийг бид хоёр хувааж авсан. Бидний нядалсан адуу хар хээр зүсний зөв гуянд П тамгатай азарга, зөв талын гуянд Т тамгатай хээр зүсний 2 гүү, дээшээ харсан саран тамгатай хээр зүсний 5 адуу байсан. Уг 5 адуунаас дөрөв нь Н.Ж-гийн адуу болохыг мэдэж байсан. Харин саран тамгатай гүү хэнийх болохыг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-192-р хуудас/,

- Гэрч Т.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байх өдрийг нь санахгүй байна Н.Ж алдсан адуугаа хайж ирье гэж манайд ирж намайг дагуулж авч миний мотоцикльд 20 литр бензин хийж өгч бид хоёр уг адууг А болон Б сумын  Шар бөөрөг, Түнкет, Ошхы, Замын шоугуур, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эрж хайсан. Бид миний хадам ах Д.Ж-гийн гэрт очсон. Тэнд байхад Ө.Ж ирсэн. Ө.Ж “Танай адуу арваад хоногийн өмнө манай хавьд байгаа. Танай адууг би олж өгнө. Танай адуу нядлагдаагүй би мэдэж байна. Би танай адууг үхсэн бол цэгийг нь олоод өгнө” гэж Н.Ж-д хэлсэн. Ө.Ж өөрийн харсан адууны зүс, им, тамгыг хэлж хар хээр азарга, цавьдар гүү байсан. Би яг танай адуу болохыг мэдээгүй. Нэг гүүнд үсийг нь хайчилсан тамгатай байсан гэж бүх им, тамгыг өөрөө тодорхой хэлж байсан. Тэр уулга алдаад хоёр өвдгөө цохиж харамссан дүр эсгэж “Би тэр Н.Ж-гийн адуу болохыг мэдсэн бол азаргыг нь барьж авч унаж байх байсан” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-р хуудас/,

- Шүүгдэгч С.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Б сумын  3 дугаар багийн нутаг дэвсгэр “Битүү” гэх газарт Ө.Ж-тай хамт оторт мал хариулж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 17-18 цагийн үед Б сумын  төвөөс Ж.Б өөрийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээр 25-30 насны урьд өмнө харж байгаагүй нэг залуугийн хамт ирсэн. Тэр үед Ө.Ж бид хоёр оторт байгаа жижиг эсгий гэрт байсан. Б сумаас ирсэн Ж.Б болон дагуулж ирсэн залуу Ө.Ж-тай юм яриад сууж байсан ба 19-20 цагийн үед цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр 26-30 настай 3 хүн ирсэн. Тэд мөн хоорондоо ярилцаад сууж байхад 21 цаг 30 минутын үед хоёр морьтой залуу 5 тооны адуу тууж ирээд нэг нэгээр нь аргамжиж барьсан. Уг тууж ирсэн адууг нэг нэгээр нь унагааж аваад шууд нядалж аймгаас ирсэн цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд 3 тооны адууны махыг, Ж.Б-гийн цагаан саарал өнгийн фургон маркийн тээврийн хэрэгсэлд 2 адууны махыг хөх алаг өнгийн гялгар цаасанд ороож ачсан. Махыг ачсаны дараа дээрх тээврийн хэрэгслүүд явчихсан ба оторт байгаа жижиг эсгий гэрт Ө.Ж бид хоёр үлдсэн. Мах ачсан тээврийн хэрэгслүүд хаашаа явсан болохыг би мэдэхгүй. Тэнд байгаа хүмүүсээс хэн ч махыг хаашаа аваачих болохыг хэлээгүй. Болсон асуудал энэ болно. ...Ж.Б-гийн жолоодож ирсэн цагаан саарал өнгийн фургон, аймгаас ирсэн гэх цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг би анзаарч хараагүй болохоор мэдэхгүй байна. Цагаан өнгийн фургон тийм ч шинэ биш, тийм ч хуучин биш фургон байсан ба Ж.Б-гийн өөрийн байнга унаж явдаг фургон машин мөн байсан. 

...Цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслээр ирсэн 3 хүнийг аймгаас ирсэн гэж Ө.Ж хэлж байсан. Жолоочийн нэрийг нь хэлж байсан ба одоо санахгүй байна. Жолооч хар өнгийн өвлийн гуталтай, хар өнгийн богино куртиктэй. Куртик нь кнопоор дардаг товчтой байсан. Ямар малгай өмссөн болохыг санахгүй байна. Нүүр царай нь бор, сахалтай, дунд зэргийн биетэй 170  см орчим нуруутай 30-35 орчим насны залуу байсан болно. Хажууд нь хамт явсан гэх залуугийн нэг нь дунд зэргийн биетэй, 165-170 см өндөр биетэй, бор царайтай, урт хар өнгийн куртиктэй, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, урт түрийтэй цагаан өнгийн ултай өвлийн гуталтай байсан. Нөгөө залуу нь шаргал царайтай, 165-170 см өндөр нуруутай, хар хөх өнгийн казак загварын дээлтэй, хар хөх өнгийн ноосон малгай, хар өнгийн өмдтэй, мөн урт түрийтэй, цагаан өнгийн ултай хар өнгийн гуталтай байсан.

...Мориор 5 адуу тууж ирсэн 2 залуугийн нэг нь хар саарал өнгийн монгол дээлтэй байсан. Ноосон хар өнгийн малгайтай, цагаан өнгийн ултай хар өнгийн урт түрийтэй гуталтай байсан ба 165-170 см өндөр нуруутай байсан. Хамт ирсэн залуу мөн хар бараан өнгийн монгол дээл өмссөн, ноосон хар малгайтай, мөн урт түрийтэй хар өнгийн гуталтай байсан. Адуу тууж ирсэн хоёр залуу та нартай хамт явж байгаа хоёр залуу болохыг шууд харж таньж байна. ...Нядалсан 5 тооны адууны хоёр адуу зээрд /цавьдар/ зүсний адуу байсан. Мөн хээр болон хар хээр адуу байсан. Бас нэг нь бараан зүсний адуу байсан. Адууны хүйсийг болон им тамгыг анзаараагүй. Адууг тээврийн хэрэгслийн гэрэлд тусгаж байгаад нядалсан.

...Миний бие цагдаагийн газарт мөрдөн байцаагчид 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ө.Ж, Ж.Б нарын үйлдсэн хэргийн талаар мэдүүлэг өгсөн юм. Саяхан 2 долоо хоногийн өмнө Ж-гийн аав Ө-ийн дүү гэх нэг хүн болон Ө-ийн хүргэн болох А нар ирж надад “Би Ж, Б нар хулгай хийснийг хараагүй” гэж бичиг тодорхойлолт хийж өг гэснээр миний бие уг бичгийг хийж өгсөн болно. Би яагаад тэгж бичүүлж авсан тухай бүрэн ойлгоогүй. Тийм бичиг хэрэгтэй гэж хэлсэн гэхээр нь хэлснээр нь бичиж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-83-р хуудас, 2-р хх-ийн 327-р хуудас/,

- Гэрч Х.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие сар өдрийг нь санахгүй байна. 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр буюу цагдан хорих байрнаас суллагдсаны дараа би Т.Т, А.Т нартай тусдаа уулзаж “Та нар хэрэг хийсэн нь үнэн үү?. Хэрэв хийсэн бол үнэнээ хэлээрэй. Хохирогч нараас уучлалт гуйгаад хохирлыг төлж өгье” гэхэд Т.Т, А.Т нар “Бид хулгайн хэрэг хийсэн үнэн. Бид нарт хэргийг Ж.Б зохион байгуулж хийлгэсэн” гэсэн ба би “Та нар үнэн хэлж байна уу?, Ж.Б ирэх үеэр мөн асууна шүү” гэхэд та асуугаарай Ж.Б маргааш ирнэ гэсэн. Маргааш нь Ж.Б ирсэн байна гэж А.Т мөн А.Т-гийн аав А нар манайд хүрч ирсэн. Тэр үед Т.Т манай гэрт байсан. Би А.Тд Ж.Б-гийн утасны дугаарыг мэдэж байгаа бол дууд гэсэн. А.Т би дуудаад ирье гээд гарч яваад 5-10 минутын өнгөрөөд Ж.Б-гийн манай гэрт дагуулж ирсэн. Би Ж.Б-д “Т.Т, А.Т нар таныг зохион байгуулж хулгайн хэрэг хийлгэсэн гэж байна. Хэрэв хийсэн бол хохирогч нарт учирсан хохирлыг төлж, уучлалт гуйж хохирогч нараас гомдолгүй гэсэн бичиг авъя” гэхэд Ж.Б харамссан байдалтай зан үйл гаргаж “Эд нар нохой юм байна” гэж хэлсэн. Т.Т, А.Т нар дуугүй зогсоод байсан. Ж.Б энэ Т.Т, А.Т хоёр Б суманд очих үед цагдаа нарын хажууд бас миний нүүрэнд “Ж.Б-тай хамт хулгай хийсэн” гэж хэлж байсан юм гэсэн. Ж.Б-гийн явсны дараа “Та нар Ж.Б-гийн нүүрэн дээр яагаад шууд хэлж өгөөгүй вэ?. Та нар нүүрэн дээр нь хэлсэн бол би Ж.Б-гаар хохирол төлүүлэх байсан. Та нар Ж.Б-гаас айдаг юм уу?” гэж хэлсэн. Тэд нар надад юу ч хэлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85-р хуудас/,

- Гэрч А.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр цагдан хорих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих байранд хүргэгдэн очсон. Би цагдан хорих байранд орой 19-20 цагийн үед очсон ба миний орсон камерт Х.Н, С.С гэгч 2 залуу хоригдож байсан. Би очсон өдрийн шөнө Б сумын  иргэн малын хулгайн хэрэгт холбогдсон А.Т гэгч орж ирсэн. Тэр өдрийн маргааш бид нартай хамт цагдан хоригдож байсан Х.Н А.Т-д “Ямар хэрэгт холбогдсон” гэхэд “Малын хулгайн хэрэгт холбогдсон. 5 адууг нядалсан. Адууг нэг газар аваачиж нядалсан” гэж нэг газрын нэрийг хэлж байсан. Тэр газрын нэр миний санаанд орохгүй байна. Т адууг нядлаагүй харин бусад байдлаар тусалж оролцсон. Хамт Т гэгч баригдаж ирсэн. Би 5 хүн мал хулгайлсан. Бусад нь Б суманд үлдсэн. ...Адууны махыг машинд ачсан гэж хэлж байсан. Тэр Т үйлдсэн хэргээ ерөнхий байдлаар хэлж байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 642-643-р хуудас/,

- Гэрч Х.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж шүүхээс баривчлах ял шийтгүүлж Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хоригдож байхад 2016 оны 07 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна миний хоригдож байсан өрөөнд шөнө Б сумын  иргэн гэх А.Т гэгчийг авч ирж цагдан хорьсон. Тийг шөнө авч ирсэн бөгөөд ирсэн шөнө бид нар амарч байсан болохоор түүнтэй ямар нэгэн зүйл яриагүй. Харин өглөө миний бие “Чи ямар хэргээр ирсэн бэ?” гэхэд “Бид Б сумаас адуу хулгайлсан. Хулгайлсан адууг нядалж машинд ачиж явуулсан. Мөн хонь хулгайлсан.” гэж хэд хэдэн хэрэг үйлдсэн болохоо хэлж байсан ба тэр хамт баригдаж ирсэн гэх Т.Т /Торгай/ гэгчээс болж баригдсан. Тэр үйлдсэн бүх хэргээ хүлээн зөвшөөрч хэлчихсэн байсан гэж хэлж байсан болно. Энэ тухай надад 2 удаа давтан хэлж байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 644-645-р хуудас/,

- Гэрч А.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 27-28-ны өдөр аль өдөр болохыг мэдэхгүй байна. Өглөө 09 цагийн үед хэсгийн төлөөлөгч Ш.Н, хэсгийн цагдаа Т нар Т.Т-ыг хулгайн хэрэг үйлдсэн гэж баривчлаад явж байна. Одоо А.Т-гийн барьж ирнэ гэж ирсэн. Тэд нартай хамт Ж явж байсан. Хэсгийн төлөөлөгч Ш.Н, хэсгийн цагдаа Т нар К.Е-гийн авч ирсэн мориор А.Т-гийн баривчлаад ирнэ гэж явсан. Т.Т-ыг авч ирсэн машинд үлдээж хажууд нь Н.Ж-ийг харж байгаарай гэж үлдээж явсан. Манай гэрт К.Е үлдэж тэднийг хүлээсэн. Миний бие 12 цаг өнгөрч байхад Т.Т-д цай, боорцог авч ирж өгсөн. Би Ж-гийн хажууд Т.Т-гээс “Чи ямар хэрэг хийсэн бэ?. Чамд юу дутлаа гээд хэрэг хийсэн бэ?” гэхэд “Бид Н.Ж-гийн 5 адууг хулгайлж Ж-гийн өвөлжөөнд тууж аваачиж нядалсан” гэхээр нь “Ж 4 тооны адуу алдсан гээд байна. Нэг нь хэний адуу юм бэ?” гэж сонирхож асуухад  “Мэдэхгүй нэг алаг адуу байсан. Мөн Өийн Ж уг адуунуудыг манайд туугаад ир гэсэн болохоор Т бид хоёр морьтой тууж аваачсан” гэж хэлсэн. Би тэр үед та нар тэнэг юм уу. Хүн үх гэвэл үхэх юм уу гэхэд юу ч дуугараагүй. Тэгээд би цай, боорцгийг өгөөд гэр лүү орсон. Би Т.Т-тэй ярилцаж байхад бидний хажууд Н.Ж байсан ба тэр Т.Т бид хоёрын хооронд болсон яриаг сонсоод сууж байсан юм.

...Дараа нь Ж.Б өнгөрсөн 2016 оны 12 дугаар сард өвөл манай гэрт ирж “Т.Т танд уулзсан уу?. Танд юу гэж хэлсэн бэ?, миний талаар ярьсан уу?” гэж асуухад би Ж.Б-д дээрх Тийн хэлсэн үгийг хэлж. Тэр үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байсан. Чиний талаар хэлээгүй гэж хэлсэн. Ж.Б надад өөр ямар ч зүйл хэлээгүй явчихсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 661-662-р хуудас/, 

- Гэрч Т.Ш-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цагаан арал багийн төвд очиж ахмад А.Х нь С.Е гэгчээс гэрчийн байцаалт авна гэж очиж, Е гэгч тухайн үед өвс хадлан хадаж байсан газраас уулзаад машин дотор хошууч Б.Х, А.Х хоёр суулгаж аваад байцаалт авч байсан. Байцаалт авах явцад машин дотор байгаагүй гадаа байсан. Дундуур нь ганц хоёр удаа  машинд орж гарсан үед Е нь “Жаха гэдэг хүнтэй оторт байхад портер машин ирсэн. 4 билүү 5 билүү адуу ачиж нядалсан” гэж мэдүүлж байсан. Дараа нь Е гэгчийг ахмад А.Х нь суулгаж аваад мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа хийх явцад Е нь адуу нядалсан, оторт байсан гэх газрыг өөрөө сайн дураараа зааж үзүүлж байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 740-741-р хуудас/,  

- Хохирогч Н.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  “...Б сумын  Хөшөөт гэх газар байсан 4 тооны адуугаа эрж хайгаад олоогүй байсан ба уг адуу Түүхээт гэх газар байна сургаар очиж хайхад Ө.Ж, Д.Ж нар “Түүхээт гэх газар таны адуу байсан болох нь үнэн. Бид сургийг нь гаргаж өгнө” гэж миний адууны зүс, им, тамгыг бүгдийг нь хэлж өгч байсан. Би хар хээр зүсний 7 настай зөв талын гуянд /бичмэл/ П тамгатай нэг азарга, цайвар цавьдар зүсний 7 настай зөв талын гуянд Т тамгатай, зүүн чихэнд цуулбар имтэй 1 гүү, цавьдар зүсний ууцанд үсийг нь хайчилж тавьсан Т тамгатай, зүүн чихэнд цуулбар имтэй, баруун чихний хойд талд ухмал имтэй гунан гүү, сартай хээр зүсний зөв талын гуянд дээшээ харсан саран тамгатай гунан гүү зэрэг 4 тооны адуу алдсан. ...Зөв гуянд саран тамгатай хээр зүсний гунжин гүү Ш.Х-гийн гунжин гүү болно. Х-гийн гүү миний гүүнд нийлэх болсон учир нь Х-гийн адууны сүргээс азарга нь даага байхад хөөж гаргасан болохоор манай адуунд нийлсэн байсан. Харин манай адуунд хамт нядлагдсан гэх алаг зүсний гүү хэний гүү болохыг мэдэхгүй. Би Т.Тээс анх сумын  цагдаад баригдаж ирэх үед адуу хулгайлж ирсэн тухай би түүнтэй ганцаарчлан уулзаж асуухад “Бид танай адууг Харганатайн говь гэх газраас туусан. Дотор нь хээр алаг зүсний гүү байсан. Таны азарга их догшин азарга байсан. Бид адууг тууж явж байхад бид нар луу дайрсан. Бид адууг чулуугаар цохиж хөөж туусан. Адууг нядлах үед 2 гүүнээс унага гарсан. Бид 5 хүн нядалсан” гэсэн. Адууг туух үед азарга морьтой хүн рүү дайрдаг нь үнэн. Энэ тухай Т.Т өөрөө хэлж өгсөн. Энэ бүх байдлаас миний адууг хулгайлж нядалсан болохыг би бүрэн ойлгосон. Т.Т адуунуудыг нядлах үед Өийн Ж байсан. Адууг Ж-гийн малын хашаанд аваачиж нядалсан. Б гэгч ченж залуу байсан. А.Т байсан. Х-гийн гунжин гүү, миний цавьдар гүү хоёр хээлтэй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-30-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч Ш.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш Б сумын  иргэн Н.Ж-гийн адуунд байсан сартай хээр зүсний, зөв талын гуянд дээшээ харсан саран тамгатай гунан гүүг алдаж одоо хүртэл олоогүй байсан. Сая Н.Ж-гийн адууг хулгайлсан гэх хүмүүс тогтоогдсон гэж сонсож цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний гүү Н.Ж-гийн адуунд байх учир нь миний 10 тооны адууны азарганы төл бөгөөд азарга төлөө адуун сүргээс хөөж гаргасан болохоор Н.Ж-гийн адууны азарга өөрийн сүрэгт миний гунан гүүг нийлүүлж хариулж байсан юм. Н.Ж адуугаа алдсанаас хойш одоо хүртэл ямар нэгэн сураг гаргаж чадаагүй байсан. Миний бие гүүг Н.Ж-гийн адуунд Б сумын  2 дугаар багийн нутаг дэвсгэр “Загт” гэх газар байсан болохыг 2015 оны 12 дугаар сарын 20-ны үеэр өөрийн нүдээр харсан болно. 

... Адууны үнэ 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гарсан.  7 удаа шүүх хуралдаанд ирэхэд гарсан зардал болон хохирлоо хуулийн дагуу гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 10-аас мөн оны 11 дүгээр сарын 05-ны хооронд Баян-Өлгий аймгийн   Б сумын  1 дүгээр багийн нутаг “Хуйган” гэдэг газар хохирогч С.А-гийн 4 эр хонийг хулгайлж хохирогч С.А-д 320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь:

- Шүүгдэгч Т.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Б сумын  1 дүгээр багийн иргэн манай хамаатан болох С.А гэгч хөгшиний хүүхэд малаа оторлож жижиг гэртэй манай оторт ойролцоо 3 километр зайтай жижиг монгол эсгий гэрээр оторлож хонь хариулж байхад хониноос нас бие гүйцсэн 4 хонийг А.Т-тэй хамт таслан авч хулгайлж Ж.Б-гийн цагаан өнгийн фургон маркийн машинд хийж өгөөд явуулсан. Уг хонийг Ж.Б нядалж авсан байх. Ж.Б өөрөө хонийг идшэнд нядалсан гэсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-180-р хуудас/,

- Шүүгдэгч А.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б сумын  1 дүгээр багийн иргэн С.А гэгч хөгшиний малаас өдрийн цагаар 13 цагийн үед Т бид хоёр 4 тооны нас бие гүйцсэн эр хонийг өөрийн малд нийлүүлж авч хулгайлсан. Уг хулгайлсан 4 тооны хонийг Ж.Б-д аваачиж өгсөн. Баас би урьд өмнө 100,000 төгрөг зээлдэж авч байсан ба нэг хонийг уг зээлийн төлбөр болгож өгсөн. 2 хонины үнэд Б бид хоёрт 100,000 /зуун мянга/ төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-192-р хуудас/,

- Хохирогч С.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх өвөл 10 дугаар сарын 10-15-аас 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл “Хуйган, Нуруутай амбаар, Ихэр” гэх газруудаар оторлож ирдэг. Тэнд манай багийн иргэн А гэх мэт иргэнүүд малаа мөн оторлож малладаг юм. ...Надад учирсан хохирлыг Т.Т, А.Т нар төлж өгсөн. Тэд надад манай малаас хулгайлсан 4 тооны эр хонины төлбөр гэж 4 тооны эр хонь авчирч өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би Т.Т, А.Т нарт гомдол санал байхгүй. ...Миний бие хохирлоо төлүүлж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, шалгуулах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-39-р хуудас, 3-р хх-ийн 641-р хуудас/,

Мөн “Б сумын  1 дүгээр багийн иргэн Т овогтой Т мал хулгайлсан хэрэгт холбогдсон. Авсан болохоо хүлээн зөвшөөрч авсан малаа өгсөн. Хуулийн дагуу шалгаж үнэн зөвийг тогтоосон. Одоо гэм буруугаа хүлээсэн. Үүнээс хойш хэзээ ч ийм асуудалд орохгүй гэж амлалт өгсөн. Одоо энэ залууг би уучилж хүмүүжүүлж авах болно. Тийм учраас баримт гаргаж өгсөн 1 дүгээр багийн иргэн С.А 2016.10.19” /орчуулга/ гэсэн бичиг бүхий түүний гарын үсэг бүхий баримт /2-р хх-ийн 332-333-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-09-ний өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн А сумын  1 дүгээр багийн нутаг “Сэвс” гэдэг газар хохирогч М.С-ын 4 эм хонийг хулгайлж хохирогч М.С-д 320000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь:

- Шүүгдэгч Т.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөн идэшний үеэр А.Т бид хоёр А сумын  нутаг дэвсгэрт оторлож байсан нэг айлын малын хашаанаас 4 тооны хонь хулгайлж Бий фургон машинд ачиж аймаг руу авч ирсэн. Б уг хонийг Бад өгсөн. Б А.Т бид хоёрт тус бүрт зуу зуу мянган төгрөг өгсөн. Уг хонь А сумын  иргэн С гэгчийн хонь байсан болохыг сүүлд мэдсэн. Бид хулгай хийсний дараа С малаас 4 тооны хонь алга болсон байна цагдаад мэдэгдэж шалгуулж байна гэж сонссон. Уг оторт байсан айлыг Б бид нарт зааж өгсөн. Фургоныг хашаанаас зайтай газар орхиж малын хашаанаас малыг авч туугаад фургонд хийсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-180-р хуудас/,

- Шүүгдэгч А.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дараа нь А сумын  нутаг дэвсгэрт Т, Б бид гурав оторт эсгий гэртэй байсан айлын хашаанаас 4 тооны улаан зүсний 3, 4 настай болон нас бие гүйцсэн эм хонь хулгайлсан. Уг хонийг Т, Б бид гурав явган очиж тууж Бий фургонд ачиж аймагт хүргэсэн.” гэх мэдүүлэг /1-хх-ийн 184-192-р хуудас/,

- Гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний дүү болох М.С нь 2015.12.10-ны үеэр А сумын  төвөөс 30 гаруй километр зайтай газар “Сэвс” гэх газарт оторт эхнэрийн хамт байхад малын хашаанаас 4 тооны улаан зүсний нас бие гүйцсэн эм хонинуудыг хулгайлж авч байсан байна гэж хэлсэн. Бид энэ тухай сумын  хэсгийн төлөөлөгч Б-д тэмдэглүүлсэн. Б уг асуудлыг шалгаагүй орхигдуулсан. ...Хулгайлагдсан хонины хоёрт нь баруун талын чихэнд тайрмал болон цуурмал имтэй байсан ба хоёр хонинд зүүн талын чих нь урд талаас ухмал имтэй байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-р хуудас/,

- Хохирогч М.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2015 оны 12 дугаар сарын 08-09-ний үеэр малаа оторлож “Сэвс” гэх газар байхад малын хашаанаас 4 тооны улаан зүсний хонио хулгайд алдсан. Хонь хулгайд алдсан болохыг хонь хариулахаар хонио хашаанаас гаргаж тоолоход 4 дутсан ба ямар хонь алдагдсан болохыг зүсээр нь гаргахад нас бие гүйцсэн улаан зүсний эвэртэй 2 эм хонь, мухар эвэргүй 2 эм хонь алга байсан болно. Миний алдсан хонины эм нь тайрсан чихэнд цуулбар имтэй ба давхар шар өнгийн хуванцар дөрвөлжин ээмэгтэй болно. Уг ээмэгт тоо байдаг боловч ямар тоо болохыг мэдэхгүй анзаарч харж тэмдэглэж аваагүй болно. Нөгөө талын чих ямар нэгэн имгүй бүтэн чихтэй болно.

...Надад учирсан хохирол төлөгдөөгүй. Миний хонь алдсан оторт байсан хашаанд ирээд хонь хулгайлсан гэж авсан газраа заасан хоёр залуу надад “Бид таны хонийг хулгайлсан. Танд учирсан хохирлыг төлж өгнө” гэж тэр өдөр надад уулзаж байгаад хэлсэн боловч хохирол төлөхөөр эргэж ирж уулзаагүй болно. Дээрх хүмүүсийг хэн ч албадаж авч ирээгүй шүү дээ. Тэд тэр үед манай малыг хулгайлсан гэж өөрсдөө хэлж надаас уучлалт гуйсан шүү дээ.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

4. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний орчимд Баян-Өлгий аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг “Өнөр” гэдэг газар хохирогч А.Ж-ын хул зүсний 1 морь, хохирогч И.Уы хээр зүсний 1 морийг тус тус хулгайлж хохирогч А.Ж-д 600000 /зургаан зуун мянга/ төгрөг, хохирогч И.У-д 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь: 

- Шүүгдэгч Т.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг адууг Т бид хоёр А сумын  нутаг дэвсгэрээс адуун дотроос хулгайлж Бий фургон машинд ачих үед уг адууг А.Ж-ын адуу гэж хэлсэн. А.Ж манай сумын  иргэн болох ба манай төрөл садан болно. Бид нэг овгийн хүмүүс болно. Уг адууг Б сумын  иргэн А гэгч А.Ж-ын худ өгсөн болохыг мэднэ. Хул зүсний гунан морь байсан ба зөв гуянд хайчилж тавьсан таван хошуу тамгатай. Хамт хээр зүсний зөв гуянд таван хошуу тамгатай морь байсан. Имийг нь анзаарч хараагүй. Бид 2 гунан морь хулгайлсан. Би өөрийн хар хээр зүсний зөв талын гуянд Х тамгатай 9 настай морьтой ирсэн. А.Т өөрийн хар хээр зүсний зөв талын гуянд Б тамгатай хөгшин морьтой ирсэн. Бид адууг тууж Б суманд авч ирж Ж.Б-д өгсөн. Ж.Б аймагт авчирч нядалж худалдсан гэсэн.

...А сумын  иргэн А.Ж-ын нэг тооны адуутай хамт У гэгчийн адууг хулгайлсан. Уг адууг У-ын адуу гэж Б хэлсэн болно. Бид уг адууг А сумын  нутаг дэвсгэрээс хулгайлсан. Хээр зүсний гунан морь байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-180-р хуудас/,

 - Шүүгдэгч А.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т бид хоёр А сумаас хээр зүсний болон хул зүсний гунан морь хулгайлсан. Уг гунан морины зөв талын гуянд таван хошуу тамгатай байсан. Хул зүсний гунан морины тамга хайчилж тавьсан таван хошуу тамга байсан. Уг гунан морийг А.Ж-ын морь байсан болохыг сүүлд А.Ж-ын хамаатан Атай овогтой Баас сонсож мэдсэн. А-тай овогтой Б надад “А.Ж-ын хул зүсний морь алга болсон байна” гэж хэлсэн ба би бидний хулгайлсан гунан морь А.Ж-ын морь юм байна гэж бодсон. Уг адууны нэг нь А.Ж-ын адуу юм байна гэж Т ч хэлсэн. Т хаана хэний адуу байгаа болохыг судалж явдаг сайн мэддэг юм шиг байна. ...А сумын  иргэн А.Ж-ын нэг тооны гунан адуутай хамт хулгайлсан гунан морины нэг нь У гэгчийн морь гэж Т хэлсэн.” гэх мэдүүлэг /1-хх-ийн 184-192-р хуудас/,

- Гэрч Ж.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байх би өдрийг сайн санахгүй байна. Бид маргааш шүүх хуралд оролцохоор дуудагдаж ирсэн гэх нагац ах А.Ж түүний ээж О.К болон аавын баз А.Ф түүний эхнэр Б нарыг дуудаж гэрт цай өгч байхад орой 20 цагийн үед “Estima” маркийн саарал өнгийн, улсын дугаарыг нь анзаарч хараагүй тээврийн хэрэгслээр А.М манай гэрийн хашааны гадаа ирж дуудчих ярих ажил байна гэхээр би “Гэрт орооч” гэхэд “Зүгээр гадуур уулзмаар байна” гэсэн. Би гэрт О.К-д таныг А.М гадаа машинтай ирээд дуудаж байна гэж хэлсэн. О.К гараад А.М-тай уулзаад 10 минут уулзсаны дараа аав, ээж хоол болчихсон О.К-ийг дуудчих гэхээр нь О.К-ийг буцааж дуудсан. А.М ирсэн машинтайгаа яваад өгсөн. О.К гэрт орж ирсний дараа “Б, М нар ирсэн байна. Уучлалт гуйж ирсэн байна. Шүүх хуралд оролцоход ямар нэгэн адуу мал нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж хэлээд өгчих. Болж өгвөл бид нарыг хулгай хийгээгүй гэж хэлээд өгөөч” гэж байна гэж хэлсэн. О.К төрөл садан хүмүүс болохоор тэднийг уучилна гэж хэлж байсан болно.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 657-658-р хуудас/, 

- Гэрч О.К-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр болох Ж.Б, А.Т, Т.Т нарт холбогдох хэрэгт оролцоно гэж шүүхээс дуудсанаар миний бие хүүхэд А.Ж-ын хамт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүргэн Ф гэрт ирж хонож маргааш нь шүүх хуралд оролцсон. Ф-гийн гэрт байхад хүргэн ах Ж гэртээ цайнд урьж тэнд А.Ф түүний эхнэр Б нарын хамт цайнд очсон. Тэнд байхад орой 20-21 цагийн үед намайг гадаа М дуудаж байна гэснээр Ж-ын хашааны гадаа очиход Ж.Б, М, Т нар жижиг машинтай ирсэн байсан. Тэд намайг суулгаж аваад  А.М, Ж.Б нар “Биднийг уучлаарай. Та шүүхэд хуралд оролцох үедээ адуугаа битгий нэхэмжлээрэй. Болж өгвөл бид нарыг адуу хулгайлсан гэж битгий хэлээрэй” гэж хэлэхээр нь би “Бид нар манай хамаатан садан хүмүүс. Би та нарыг уучилсан. Нэг морь яах вэ зуд болох үед үхэж л байдаг шүү. Бид алдсан адуугаа нэхэмжлэхгүй гэж шүүхэд хэлж өгье.” гэж хэлээд явуулсан. ...Ж.Б, А.М, А.Т, Т.Т нар бидний хамаатан садан, бид нараас уучлалт гуйсан болохоор би хүү А.Ж-д “Бид гунан морио нэхэмжлэхгүй” гэж хэл гэж хэлсэн. Миний хүү А.Ж шүүх хуралд гунан морио нэхэмжлэхгүй, хэн нэгэн хүнээр төлүүлэхгүй гэж хэлсэн байна. Бид Ж.Б, А.Т, Т.Т нарыг уучилсан болохоор шүүх хуралд алдсан малаа нэхэмжлэхгүй гэж хэлсэн болно. ...А.Т, Т.Т нарт би биеэрээ уулзаагүй. Харин миний хүү А.Ж-тай уулзах үед “Чиний гунан морийг бид хулгайлсан” гэж өөрсдөө хэлж байсан болохыг миний хүү надад хэлсэн болно.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 659-660-р хуудас/,

- Хохирогч И.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2015 оны 12 дугаар сарын эхээр А сумын  “Өнөр” гэх газраас миний адуун сүргээс гунанаас дөнөн гарах хээр зүсний зөв гуянд таван хошуу тамгатай, буруу талын чих ар талаас ухмал имтэй морио А.Ж-ын хул зүсний гунанаас дөнөн гарах морьтой хамт алдсан. А.Ж-ын хул зүсний гунан морь Б сум талаас ирсэн адуу болно. Миний бие тухайн үед хэсгийн төлөөлөгч байсан Б-д, мал хариуцсан хэсгийн дарга Х нарт тэмдэглүүлж шалгуулсан ба тэд миний алдсан малын эзэн холбогдогчийг тогтоож чадаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57-р хуудас/,

- Хохирогч А.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байх өдрийг тодорхой санахгүй байна. А сумын  иргэн И-н У-гийн адуутай хамт А сумын  иргэн Н-ийн адуунд байсан хул зүсний зөв гуянд түр хайчилж тавьсан таван хошуу тамгатай гунан морио У-гийн хээр зүсний буруу талын чихэнд ар талаас ухмал имтэй, зөв гуянд таван хошуу тамгатай гунан морьтой хамт нэгэн зэрэг А сумын  “Өнөр” гэх газраас алдаж эрж хайгаад одоо хүртэл олоогүй байна. Алдсан морины талаар А сумын  хэсгийн төлөөлөгч Б гэгчид тэмдэглүүлж байсан. Миний хул зүсний морийг Б сумын  иргэн А гэгч худ унага байхад 2013 оны 05 дугаар сард бид нарт бэлгэнд өгч байсан. 

...Тэр өдөр цагдаа нарын фургон машины хажууд байсан манай хамаатан болох А.Т, Т.Т нартай би уулзах үед “Таны хул зүсний зөв талын гуянд таван хошуу тамгатай гунан морийг хулгайлсан. Уг гунан адууны буруу талын бөөрний хэсэгт товчтой” гэж миний алдсан гунан морины зүс, тамга болон бөөрний хэсэгт байсан товч мэт бөөрөнхий хэсгийн онцлог шинж тэмдэгтэй байсныг хүртэл тодорхой хэлж байсан. Тэд надад “Би таны адууг хулгайлах үед таны адуу гэдгийг мэдээгүй. Бид нарт Ж.Б дараа нь бид нарын хулгайлсан адуу А.Ж-ын морь юм байна” гэж хэлсэн гэж хэлж байсан. Мөн миний адуу алдсан газрыг хүртэл үзүүлж гараар зааж өгч байсан. А.Т, Т.Т нар миний адууг хулгайлсан болохыг харсан үзсэн гэх гэрч байгаагүй ч тэд миний алдсан адууны им, тамгыг, бүр онцлог шинж тэмдгийг хүртэл хэлж, хулгайлсан газрыг хүртэл зааж өгч байсан болохоор би миний адууг миний хамаатан болох  А.Т, Т.Т, Ж.Б нар хулгайлсан болохыг баталгаатай мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар, 

 

 5. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 18-аас 20-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг “Замын шоугуур” гэдэг газраас хохирогч Ж.М-ын Ф-А тамгатай зээрд морь, Ф-0 тамгатай хүрэн морь бүгд 2 морийг хулгайлж хохирогч Ж.М-д 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь:

- Шүүгдэгч Т.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөн А сумаас зөв талын гуянд А Ф тамгатай хоёр тооны морь хулгайлсан. Уг адууг хулгайлахад Ж.Б-гийн дүү хоч нэрийг нь Хитай гэгчийн мотоциклоор ирж хулгайлсан. Адууг би унаж Б суманд Бий гэрт аваачсан. Мотоциклийг А.Т унаж явсан.  Адууг байсан газарт Ж.Б авч ирж үзүүлж уг адуунаас адууг аваарай гэж үзүүлсэн. Уг газар Б явах замд ойрхон “Замын шоугуур” гэх газар байсан болно.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-180-р хуудас/,

- Шүүгдэгч А.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аль талын гуянд нь болохыг сайн санахгүй байна. Гуяны нэг талд А тамгатай хээр зүсний морь, Ф, О тамгатай хүрэн зүсний 2 морийг хулгайлсан. Уг морийг Ж.Б-гийн хашаанд авч ирж уяж тавьсан. Уг адуунаас хүрэн зүсний морийг Т нэг хүнд худалдсан. Нэг морийг Ж.Б-д өгсөн. Ж.Б уг морийг яасан болохыг мэдэхгүй. Би мал хулгайлсан газраа мэдэж байна. Мал нядалсан, хулгайлсан газраа зааж өгч чадна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-192-р хуудас/,

- Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад хар хөх өнгийн улсын дугааргүй, худалдаж аваад 2 жил болсон нэг мотоцикль байгаа. Ж.Б миний мотоциклийг байнга асууж унаж байдаг юм. Нэг удаа үхэр хайж ирнэ гэж мотоциклийг минь асууж авчихаад “Мотоциклийн карбираторт ус тогтчихсон байна эвдэрчихсэн” гэж мотоциклийг түрээд аваад ирсэн. Би түүнд мотоциклийг эвдсэн гэж гомдоод мотоциклийн карбираторыг янзалж банкинд байсан усыг асгаж засаж янзалж авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-р хуудас/,

- Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний бие “Замын шоугуур” гэх газар бэлчээрт бэлчдэг байсан хадам ах М-ын 20 тооны адуунаас 2 тооны адуу дутсан байдалтай “Шар хуыс” гэх газарт явж байсныг харсан ба маргааш нь утсаар залгаж таны адуунаас хоёр адуу дутуу байна гэж хэлсэн. Тэр адуунуудаа зүсээр нь надаас тодруулж асууж байгаад зээрд зүсний хоёр адуу алга байна гэж хэлсэн. М-ын адууны зөв гуя болон хаанд Ф үсгийн тамгатай адуунууд болдог юм. Хоёр адууг хулгайлсан байх гэж бодсон. Гэхдээ хэн нэгэн хүнийг шалгуулаагүй. М надад хэлэхдээ тэр алга болсон гэх хоёр адуу нилээд тарган морь байсан. Тэднийг хулгайлсан байх гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-р хуудас/,

- Хохирогч Ж.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 18-наас 20-ны үеэр сумын  төвөөс 30 гаруй км зайтай газар “Замын шоугуур” гэх газар бэлчээрээс 2 тооны адуугаа адуун сүргээс алдаж эрж хайгаад одоо хүртэл сургийг гаргаж чадаагүй. Миний алдсан хоёр морины нэг нь зээрд зүсний, зөв талын хаанд Ф үсгийн тамгатай, мөн талын гуянд А үсгийн тамгатай, хоёр чих урд талаас ухмал имтэй, духандаа жижиг сартай 13-14 насны морь болно. Мөн олмын ором татсан хэсэгт цагаан үстэй. Нөгөө адуу хүрэн зүсний, зөв гуянд Ф үсэг болон доор нь О үсгийн давхар тамгатай, зөв талын чих цуулбар имтэй, буруу талын чих ар талаас ухмал имтэй, дэлтэй 11-12 настай морь болно. Замын шоугуур гэх газар нь Б сумын  Цагаан арал баг руу явах замд байдаг болно. Миний адуу алдсан болохыг миний хүргэн Содманы М 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бид нарт утсаар мэдэгдсэн. Миний бие 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр адуугаа бүрэн байсныг өөрийн нүдээр харсан болно. Замын шоугуур гэх газрын ойролцоо тухайн үед Х-ын Ш-ын 2 тооны адуу, У-ын 2 тооны алдагдсан гэж сонссон. Бүгд адуугаа хайж эрж олоогүй.”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

6. Шүүгдэгч А.Т, Т.Т нар бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын  01 дүгээр багийн нутаг “Сэжигт” гэдэг газарт байрладаг хохирогч Е.Е-гийн өвөлжөөн дэх байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч дотроос нь 8 килограмм ноолуурыг хулгайлж 304000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь:

- Шүүгдэгч Т.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б сумын  иргэн манай хамаатан К.Е-гийн өвлийн байшингаас 1 шуудай ноолуурыг хулгайлж сумын  төвд байдаг С гэгчид худалдсан. Бидний хулгайлж худалдсан ноолуур нийт 8 килограмм гарсан. К.Е-гийн байшинд ноолуур байдаг болохыг А.Т мэдэж байсан. А.Т яаж мэдсэн болохыг хэлээгүй. К.Е-гийн байшинд ноолуур байдаг гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-180-р хуудас/,

- Шүүгдэгч А.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дараа нь 2016 оны 06 дугаар сарын сүүлээр Е-гийн эзэнгүй өвлийн байшингаас 1 шуудай ноолуурыг хулгайлж сумын  төвд байдаг С-т 300.000 төгрөгөөр Т худалдсан. Т уг мөнгөнөөс надад 50.000 төгрөг өгсөн. Ноолуурыг жинлэж үзэхэд 8 килограмм орчим гарсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184-192-р хуудас/,

- Гэрч Х.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сард өдрийг нь санахгүй байна бэр эгч Х.Ж-тай хамт Т.Т-ийн аав Х.Т гийн гэрт морьтой очсон. Тэр үед Ж манай өвөлжөөнөөс Т.Т ноолуур хулгайлсан байна гэхэд тэнд аав, ээЖ-дэйгээ хамт гэртээ байсан. Т.Т “Би хулгай хийгээгүй. Хулгай хийсэн хүнийг хэлж өгч болно” гэхэд хэн хулгайлсан бэ гэхэд “А.Т хулгайлсан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 649-650-р хуудас/, 

- Гэрч Х.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зун 2016 оны 07 дугаар сарын дунд үеэр нөхөр өвөлжөөнд очиж ирээд “Өвөлжөөнд байсан ноолуурыг хулгайлсан байна. Хаалгыг эвдэж орсон байна. Бүх цонхыг  хагалсан байна. Тийн гутлын мөр байна” гэж ирсэн. Тийн аавд очиж уулзах гэж 2 удаа очсон ба би нэг удаа Тийн аав, ээж, Т нарт уулзаж ноолуур хулгайлсан болохыг нь хэлэхэд Т “Би наад хэргийг чинь үйлдсэн хүнийг мэднэ” гэхэд би “Чи мэддэг юм бол хэлээч” гэхэд Т хулгайлсан гэж хэлсэн. ...Т, Т нар манай гэрт ирэх үед өөрсдөө мөн хэргээ хүлээж ноолуурын үнийг төлж хохиролгүй болгоно гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 655-656-р хуудас/,

- Хохирогч К.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Чежигт базалхан чи” гэх газарт байдаг өвөлжөөнөөс “Тэнгүүт” гэх зусланд нүүж явсан ба нүүх үед зарагдаагүй үлдсэн 8 килограмм нэг шуудай ноолуурыг өвөлжөөнд диван орны доор орхиж явсан байсан. Сонгууль өнгөрөөд 7 дугаар сарын 09-ний өдөр өвөлжөөг үзэхээр очиход өвөлжөө байшингийн хаалганы цоожийг гөнжиж авч онгойлгосон байсныг үзэж байшинд ороход байшингийн 3 цонхны нэг, нэг нүдний 2 давхар шилийг хагалсан байдалтай байсан. Би хамгийн түрүүнд ноолуур байгаа эсэхийг үзэхэд ноолуур алга болсон байсан. Би сумын  төлөөлөгч нарыг хайхад тэд сумын  наадмын хамгаалалтанд явсан байсан болохоор мэдэгдэж чадаагүй. 

...Т сонгууль /УИХ-ын сонгууль/ болохоос 2 хоногийн өмнө Тий гэрт морьтой ирсэн гэж сонссон. Би өвөлжөөнд ирээд ноолуур хулгайлагдсанг мэдэх үед гэрийн амбаарт байсан хивсэнцэрт Тийн өмсөж явсан /пүүз гутлын/ гутлын мөр үлдсэн байсан болохыг харсан бөгөөд миний ноолуурыг Т, Т нар хулгайлсан байна гэж тэр үед сэжиглэсэн болно. ...Тэд өөрсдөө манай гэрт ирэх үед ноолуурыг хулгайлсан болохыг хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан шүү дээ. ...Манай гэрт байсан гутлын мөр пүүз гутлын мөр байсан ба Т байнга пүүз гутал өмсдөг байсан болохоор нь шууд түүнийг сэжиглэсэн болно. Дараа нь Т баригдах үед түүний өмсөж явсан гутлыг үзэхэд пүүз өмсөж явсан  ба түүний өмсөж явсан гутлын мөртэй яг адилхан хээтэй мөр байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-33-р хуудас, 3-р хх-ийн 636-637-р хуудас/,

- Шүүгдэгч Т.Т-ийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 676-679-р хуудас/,

- Эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 685-687-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

 

7. Шүүгдэгч Ө.Ж 2015 оны 11 дүгээр сарын эхээр Баян-Өлгий аймгийн Б сумын  1 дүгээр багийн иргэн X.С-гийн хүрэн зүсний даагыг мөн багийн иргэн X.М-ын адуун дотроос хулгайлж 650000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь:

- Шүүгдэгч С.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Намайг оторт байхад Ө.Ж жороо даага алга болсон гэж хайгаад явсан. 1 дүгээр сарын 17-ны өдөр яваад 18-ны өдөр ирсэн. Уг жороо даагыг би хараагүй ба Ө.Ж жороо даагыг өөрийн худалдаж авсан даага гэж байсан боловч сүүлд нь уг даагыг эзэн нь болох С гэгч аваад явсан гэж сонссон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-83-р хуудас/,

- Гэрч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна би оторт байгаа мал руугаа явж байхад Ө.Ж тэмээ тууж явж байгаад тааралдаж бид нэг шил архи уусан. Ө.Ж бид хоёр ярилцаж байхад Ө.Ж “Танай адуунд нэг жороо даага байгаа юм байна. Тэр даагыг надад өгөөч” гэж хэлж байсан. Би дааганы талаар ач холбогдол өгч Ө.Ж-д тухайн үед юу ч хэлээгүй. Дараа нь уг даага манай адуунаас алга болсон болохыг 1 сарын дараа адуугаа харахаар ирэхэд мэдэж Х.С-д тэр үед “Чиний даага алга болсон байна” гэж хэлж байсан. Уг даагыг Ө.Ж манай адуунаас авч яваад маллаж байгаад алдаж буцааж олж авсан байна гэх дам яриаг хүмүүсээс сонсож Х.С-д “Танай даага Ө.Ж-д байгаа юм байна шүү очоод аваарай” гэж хэлсэн. ...Ө.Ж уг даагыг авах санаатай надаас асууж байсан болохоор надаас даагыг асууж байх үед авч явсан байна гэж сүүлд нь ойлгож мэдсэн. Х.С-гийн даага манай адуунд байх учир шалтгаан нь миний адуунд уг дааганы эх нь байдаг байсан ба дасал болсон адуун сүрэг нь байсантай холбоотой юм. Х.С-гийн хээр зүсний жороо дааганд ямар нэгэн им, тамгагүй даага байсан болно. Би Ө.Ж-д даагыг Х.С-гийн даага гэж хэлээгүй. Мөн ав гэж хэлээгүй. Даагыг Ө.Ж надтай уулзсан өдрийн маргааш нь авч явсан байна. Манай адуунаас Х.С-гийн даага алга болсныг мэдсэн үед уг даагыг Ө.Ж авч явсан байх гэж сэжиглэж бодож байсан ба тэр үед Ө.Ж даагыг авч явсан болохыг баталгаатай мэдэхгүй байсан. Сүүлд Ө.Ж-д байгаа юм байна гэж тодорхой мэдсэний дараа Х.Сд “Чиний даага Ө.Ж-д байгаа юм байна. Хурдан аваарай” гэж сануулж хэлсэн. Дараа нь уг даагыг Х.С өөрийн машинаар ачиж авч ирсэн гэж сонссон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74-р хуудас/,

- Гэрч С.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие аав С-тэй хамт 2016 оны 03 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна Ж гэгчид байсан аавын хээр зүсний жороо даагыг авч аавын цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслээр очиж ачиж авч ирсэн болно. Даагыг авах үед дааганы зөв талын гуянд хайчаар Т тамга, мөн ухмал им тавьсан байсан. Уг им, тамгыг хэн тавьсан болохыг Жаас асуухад Д.Ж гэгч тавьсан гэснээр Д.Ж-д уулзахаар гэрт нь очиход байхгүй байсан. Сумын  төв рүү явсан гэхээр нь асууж сураглаж байгаад сумын  төвд Жтэй ирж уулзаад асуухад им, тамгыг Ж надад тавь гэж хэлснээр би им, тамгыг тавьсан гэж хэлсэн.

...Д.Ж-гээс яагаад хүний дааганд им, тамга тавьсан бэ гэж асуухад тэрээр бид нарт “Жороо даагыг би Ө.Жаас худалдаж авах гэж байсан. Би даагыг тугалтай үхрээр сольж авах гэж тохирсон байсан.” гэж хэлсэн болох нь үнэн. Би Д.Ж-гийн хэлсэн үгийг гар утсанд бичиж авсан байсан боловч миний гар утсыг миний хүүхэд тоглож байгаад дотор нь байсан бичлэгийг устгасан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-р хуудас, 3-р хх-ийн 648-р хуудас/,

-   Хохирогч Х.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Хадай овогтой М-ын адуунд байсан өөрийн жороо даагыг 2016 оны 11 дүгээр сарын эхээр алга болгоод олохгүй байсан ба уг даагыг Ө овогтой Ж-д байсан болохыг мэдэж 2016 оны 03 дугаар сарын сүүлээр өөрийн машинаар авч ирсэн. Даагыг авах үед дааганы зөв талын гуянд Т үсгийн тамгыг хайчаар хайчилж тавьсан байсныг үзэж энэ им, тамгыг хэн тавьсан гэхэд Ө.Ж нь Д.Ж гэгч уг им, тамгыг тавьсан гэхээр нь Д.Ж-д уулзахаар гэрт нь очиход сумын  төв рүү явсан гэснээр түүний ирэх гэж байсан таксины жолооч Салтанатад утсаар ярьж танай машинд Д.Ж байна уу гэж асуухад байна гэж хэлснээр сумын  төвд Д.Ж-д уулзаж түүний мөрний тус газар гараар нэг цохиж “Чи яагаад миний даагыг хулгайлж им, тамга тавьсан бэ?. Миний даагыг хулгайлсан байна шүү дээ” гэхэд Д.Ж нь “Ө.Ж уг даагыг миний даага гэж хэлээд им, тамга тавиулсан. Уг даага манай адуунд явж байсан болохоор би өөрийн им, тамгыг тавьсан” гэж хэлсэн. ...Би Ө.Ж-гийн байсан газраас даагыг өөрийн цагаан саарал өнгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд ачаад аваад ирэхэд надтай хамт миний хүүхэд М хамт явж байсан. ...Ө.Ж яах гэж миний даагыг Х.М-ын адуунаас авч явсан болохыг өөрөө хэлэх байх. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би даагыг олж авсан болохоор хэн нэгэн хүнд гомдол санал байхгүй. Би Х.М-д даагыг Ө.Ж-д өг гэж хэлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дээрх үйлдлүүд нь тус тус нотлогдон тогтоогдож байна.

8. Шүүгдэгч С.Е нь Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нар 2016 оны 01 дүгээр 19-ний өдрийн 19-20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Б сумын  Битүү гэдэг газарт 5 адуу хулгайлж нядалсан гэж мөрдөн байцаалтын шатанд хоёр удаа гэрчийн мэдүүлэг өгсөн боловч 2017 оны 01 дүгээр 13-ны өдөр болсон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал дээр Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нар бүлэглэн 5 адуу хулгайлж нядлаагүй гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт  хэргийг үйлдсэн болох нь: 

- Шүүгдэгч С.Е нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн 2 мэдүүлгээрээ “Ж.Б, Ө.Ж, Т.Т, А.Т нарыг адуу хулгайлж нядалсан” гэж тогтвортой мэдүүлж байсан хэдий ч 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлгээсээ буцаж дээрх шүүгдэгч нарыг хараагүй, мал хулгайлсан талаар мэдэхгүй гэж зориуд худал мэдүүлсэн байна. 

Шүүгдэгч С.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд шүүдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн талаар гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэн гэж үнэлэх үндэслэлтэй байна. Уг мэдүүлэгт шүүгдэгч С.Е нь хэрэг болсон үйл явц, цаг хугацаа, дэс дараалал, мал хулгайлж нядалсан хүмүүсийн тухайн үед өмсөж байсан хувцас, унаж ирсэн машин зэргийг тодорхой зааж мэдүүлсэн байна. 

Харин мэдүүлгээсээ буцаж шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь үндэслэлгүй үнэлэх боломжгүй байна. Шүүгдэгч С.Е нь шүүх хуралдаанд “Мөрдөн байцаагч мэдүүлэг авахдаа Т.Т, А.Т хоёртой 2 цаг гаруй машин дотор хорьсон. Тэр хугацаанд Т.Т, А.Т нараар үйлдсэн хэргийн талаар яриулж намайг Т.Т, А.Т хоёрын ярьсан зүйлийг давтаад хэл. Тэгвэл чамайг аймаг руу авч явахгүй гэж хэлсэн. ... Т.Т, А.Т хоёр миний хажууд хулгай хийсэн талаараа хэлсэн. ...Хулгай хүмүүсийн өмсөж явсан хувцасны талаар яриагүй.” гэж мэдүүлэв. 

Харин шүүгдэгч Т.Т, А.Т нар нь шүүх хуралдаанд “...С.Е-гээс мэдүүлэх авахад хажууд нь байгаагүй.  Бид нарыг машин дотор суулгаж С.Е-гийн байшин тойруулаад аваад явсан. Бид нараас мэдүүлэг аваагүй С.Е-гээс авсан. Машин дотор байхдаа С.Е-гийн хажууд хулгай хийсэн талаар С.Е-д юм яриагүй.” гэж мэдүүлэв. Дээрх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй тохирохгүй үнэн зөв гэхэд эргэлзээтэй байна. Мөн шүүгдэгч “Ж.Б, Ө.Ж, Т.Т, А.Т нар бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 19-20 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Б сумын  03 дугаар багийн нутаг “Битүү” гэдэг газарт хохирогч Н.Ж-гийн хээр зүсний 1 азарга, цавьдар зүсний 2 гүү, хохирогч Ш.Х-гийн хээр зүсмийн 1 гүү, эзэнгүй 1 алаг гүү, нийт 5 адууг хулгайлан нядалсан” үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч С.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдтэй тохирч байх тул шүүгдэгч С.Е-гийн худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Шүүхийн үндэслэл болгосон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журМ-ын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд байна.

Өөрөөр хэлбэл энэ хэргийн талаарх гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь тухайн үйл явдал болсон цаг хугацаа, хохирогч нарын хулгайд алдсан малын им, тамга болон содон шинж тэмдгүүд нь шүүгдэгч Т.Т, А.Т нарын өгсөн мэдүүлэгтэй тохирсон зөрүүгүй байх тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд хангалттай байна. 

Шүүгдэгч Т.Т, А.Т /мэдүүлгээсээ буцаж/, Ж.Б, Ө.Ж нар нь “Бид гэмт хэрэг үйлдээгүй. Бид нар цагдаад баригдсан үед хохирогч Ж 4 адуугаа мөрдөн байцаагч Хад мөнгө өгөөд А.Т, Т.Т, Ө.Ж нарыг гэмт хэрэг үйлдсэн болгож, хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн” гэж байгаа  хэдий ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар гэм буруугүй гэдэг нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн байдлыг нотлох үүргийг хүлээхгүй бөгөөд энэ нь хуулиар олгогдсон эрх нь юм. 

Мөн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь “Мөрдөгч А.Х нь эрүүдэн шүүж, шүүгдэгч нарыг зодож хүчээр уг хэргийг хүлээлгэсэн” гэж байгаа боловч Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас албан тушаалтанд албаны шалгалт явуулахад шүүгдэгч нарт эрүү шүүлт тулгасан, зодож дарамталсан байдал тогтоогдоогүй болох нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 34/471, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 34/2124 дугаартай албан бичгүүдэд авагдсан байна.    

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Т, А.Т, Ж.Б, Ө.Ж, С.Е нарыг цагаатгах байр сууринаас оролцож цагаатгах талын нотлох баримтууд шинжлэн судалсан ч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Т.Т, А.Т, Ж.Б, Ө.Ж, С.Е нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд үйлдэгдсэн бөгөөд Баян-Өлгийн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т, А.Т, Ж.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ө.Ж-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Е-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулах ял хөнгөрч байх тул хуулийг буцаан хэрэглэсэн нь хуульд нийцэж байна. Иймд шүүгдэгч Т.Т, А.Т, Ж.Б, Ө.Ж, С.Е нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв гэж шүүхээс дүгнэж шүүгдэгч Т.Т, А.Т, Ж.Б, Ө.Ж, С.Е нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Е-гийн тухайд хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүгдэгч С.Е-гийн үйлдсэн гэмт хэрэгт тоологдох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул С.Е-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Т, А.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус үзлээ. Шүүгдэгч Т.Т, А.Т, Ж.Б, Ө.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл тогтоогдохгүй байна. 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Т.Т, А.Т  нар урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн бөгөөд шүүгдэгч  Ж.Б, Ө.Ж нар урьд нь ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хорих ялыг ялгамЖ-тай оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ж.Б, А.Т, А.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулах хорих ялыг тэнсэж тодорхой хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулаХ-гийн дурдаж,  

Ж.Б, А.Т, А.Т нарт тэнссэн хугацаанд хяналт тавихийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ө.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ө.Ж-гийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар бодож эдлэх ялаас хасч биеэр эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоохоор шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч Ө.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солиХ-гийн мэдэгдэх нь зүйтэй байна.  

С.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Т 61 хоног, шүүгдэгч А.Т 68 хоног, шүүгдэгч Ө.Ж 26 хоног, шүүгдэгч Ж.Б 7 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан шүүгдэгч Т.Т-ийн хар өнгийн илгэн материалаар хийсэн улаан хүрэн өнгийн үргэлж ултай 1 хос пүүз гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож,  

Шүүгдэгч Ж.Б-гийн гэр бүлийн дундын өмч болох “Исузу Бикорн” маркийн тээврийн хэрэгсэл, /эхнэр Н.Г-гийн нэр дээр байгаа/ гэр бүлийн хэрэгцээний 5000 м.кв газар, 200 м.кв талбайтай 2 давхар байшин, нас бие гүйцсэн морь 4, нас бие гүйцсэн эм үхэр 4, эр үхэр 4, эр хонь 10, эм хонь 10, сэрх 10, шүүгдэгч Ө.Ж-гийн нас бие гүйцсэн морь 3, гунан морь 2, эм үхэр 1, эр үхэр 1, эр хонь 10, эм хонь 10, сэрх 10, шүүгдэгч А.Т-гийн нас бие гүйцсэн морь 2, гунан морь 2, эм үхэр 1, эр үхэр 1, эр хонь 5, эм хонь 5, сэрх 10, шүүгдэгч Т.Т-ийн нас бие гүйцсэн морь 2, гунан морь 2, эм үхэр 1, эр үхэр 1, эр хонь 8, эм хонь 8, 10 сэрх зэргийг битүүмжилсэн тогтоолыг хохирол нөхөн төлөх хүртэл хугацаанд хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй байна.  

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах бөгөөд Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5/136 дугаартай яллах дүгнэлтэд “Яллагдагч А.Т, Ж.Б, Ө.Ж, Т.Т нар хохирогч Н.Ж, Ш.Х нарын 4 адуу, эзэнгүй 1 гүү хулгайлахад Б түүний хажууд явсан 2 залуу хамтран хохирол барагдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэсэн өмгөөлөгч Я.С, Т.Б нарын гомдлын дагуу хохирлыг дээрх 4 яллагдагч болон Б нарын 5 хүнд тэнцүү хувааж төлүүлэхээр дүгнэлтэд оруулав.” гэсэн байна. Шүүхээс дээрх үйлдлийн хохирлыг хэрхэн гаргуулахаар шийдвэрлэсэн прокурорын дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. Иймээс хохирогч Н.Ж, Ш.Х нарын 4 адуу, эзэнгүй 1 гүү хулгайлсан гэмт хэргийн хохирлоос Бад оногдох хэсгийг үлдээж бусад хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж нараас тус бүр 580.000 /таван зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Ж-д, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж нараас тус бүр 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ш.Х-д, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж нараас тус бүр 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулж Баян-Өлгий аймгийн Б сумын  төрийн санд, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нараас тус бүр 533.333 /таван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж хохирогч Ж.М-д, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нараас тус бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч И.У-д, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нараас тус бүр 106.666 /нэг зуун зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж  хохирогч М.Сд, шүүгдэгч Т.Т, А.Т нараас тус бүр 152.000 /нэг зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч К.Е-д тус тус олгуулах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Ө.Ж нь хохирогч Х.С-д, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь хохирогч С.А-д төлөх төлбөргүй, хохирогч  А.Ж нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус дурдаж, 

   Хохирогч нарын өмгөөлөгчийн нэхэмжилж буй өмгөөллийн хөлс, хохирогч нарын шүүх хуралдаанд ирж оролцоход гарсан зардал, алдсан малаа эрж хайхад гарсан зардлын нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

Шүүгдэг Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Тухайн хулгай хийсэн гэсэн өдөрт миний фургон эвдэрхий байсан. Байшин бариад машинаа янзалж чадахгүй хөдөлгөөнгүй байж байсан. ...Би фургон маркийн тээврийн хэрэгслээр 2015 оны 12 дугаар сарын 01-нээс хойш 2016 оны 03 сар хүртэл хөдөлгөөнд оролцоогүй.” гэж байгаа хэдий ч энэ нь шүүгдэгч С.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “Ж.Б-гийн жолоодож ирсэн цагаан саарал өнгийн фургон, аймгаас ирсэн гэх цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг би анзаарч хараагүй болохоор мэдэхгүй байна. Цагаан өнгийн фургон тийм ч шинэ биш, тийм ч хуучин биш фургон байсан ба Ж.Б-гийн өөрийн байнга унаж явдаг фургон машин мөн байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч М.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Ж.Б-д 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр түүний 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2011 оноос хойш засвартай, ашиглах боломжгүй болсон талаар баримт өгсөн минь үнэн. Ж.Б нь намайг удаа дараа гуйж “Би тээврийн хэрэгслийн 5 жилийн төлөгдөөгүй татварыг төлье. Чи надад дээрх байдлаар тодорхойлолт бичээд өгчих” гэж гуйж бичүүлж авсан. Би өөрөө татвараа төлүүлж авах санаатай дээрх бичгийг бичиж өгсөн минь үнэн. Ж.Б-гийн 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2011 оноос хойш засвартай, ашиглах боломжгүй байсан гэдгийг би нүдээрээ хараагүй. Тухайн жилүүдэд 00-00 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож явж байсан. Би түүнээс удаа дараа тээврийн хэрэгслийн болон бусад татвараа төлөхийг шаарддаг байсан боловч одоо хүртэл татвар төлөөгүй ирсэн. Тэр өдөр надад татвараа төлье дээрх бичиг хийгээд өгчих гэхээр нь би дээрх бичгийг хийж өгсөн. Мөн Ж.Б надад “Би энэ бичиг баримтыг ашиглан цагдаад байгаа тээврийн хэрэгслээ гаргуулж авна” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.  

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ж.Б-гийн өмчлөлийн 00-00 БӨА улсын дугаартай “фургон” маркийн тээврийн хэрэгсэл болон шүүгдэгч А.Т-гийн “Б” үсгийн тамгатай морь, шүүгдэгч Т.Т-ийн “X” тамгатай морийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хэвээр үргэлжлүүлэн дээрх эд хөрөнгийг хурааж, иргэн Ж.Б-ын “Мустанг” 5 маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгчид нь шилжүүлж түүний үнэ болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч  Ж.Б, А.Т, Т.Т нараас тэнцүү хуваан гаргуулж хураагдсан эд хөрөнгө болон мөнгөн төлбөрөөс хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.   

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч  Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж, нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Т.Т, А.Т, Ө.Ж нарын иргэний цахим үнэмлэх, шүүгдэгч Т.Т-ийн гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Ж.Б-гийн АЯ№0000000дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0000000 дугаартай авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 

            Шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Е овогт Ж-ын Б, Е овогт А-гийн Т, Е овогт Т-ын Т нарыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Х овогт Ө-ийн Ж-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Ж овогт С-гийн Е-ыг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е овгийн Ж-ын Б-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Е овгийн  А-ын Т-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч  Е овогт Т-ын Т-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  баримтлан Х овогт Ө-ийн Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж овогт С-ын Е-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

5. С.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгож, түүний дундын өмч УАЗ-31512 маркийн 00-00 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.Ж-гийн цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар бодож эдлэх ялаас 208 /хоёр зуун найм/ цагийг хасч биеэр эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 192 /нэг зуун ерэн хоёр/ цагаар тогтоосугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ө.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Т-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Т-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жил 2 сарын хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай. 

 

11. Шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай. 

 

12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан Ж.Б, А.Т, А.Т нарт хяналт тавихийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

13. С.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Т 61 хоног, шүүгдэгч А.Т 68 хоног, шүүгдэгч Ө.Ж 26 хоног, шүүгдэгч Ж.Б 7 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Т.Т-ийн хар өнгийн илгэн материалаар хийсэн улаан хүрэн өнгийн үргэлж ултай 1 хос пүүз гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай. 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ж.Б-гийн гэр бүлийн дундын өмч болох “Исузу Бикорн” маркийн тээврийн хэрэгсэл, /эхнэр Н.Г-гийн нэр дээр байгаа/ гэр бүлийн хэрэгцээний 5000 м.кв газар, 200 м.кв талбайтай 2 давхар байшин, нас бие гүйцсэн морь 4, нас бие гүйцсэн эм үхэр 4, эр үхэр 4, эр хонь 10, эм хонь 10, сэрх 10, шүүгдэгч Ө.Ж-гийн нас бие гүйцсэн морь 3, гунан морь 2, эм үхэр 1, эр үхэр 1, эр хонь 10, эм хонь 10, сэрх 10, шүүгдэгч А.Т-гийн нас бие гүйцсэн морь 2, гунан морь 2, эм үхэр 1, эр үхэр 1, эр хонь 5, эм хонь 5, сэрх 10, шүүгдэгч Т.Т-ийн нас бие гүйцсэн морь 2, гунан морь 2, эм үхэр 1, эр үхэр 1, эр хонь 8, эм хонь 8, 10 сэрх зэргийг битүүмжилсэн тогтоолыг хохирол нөхөн төлөх хүртэл хугацаанд хэвээр үргэлжүүлсүгэй. 

16. Шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж нараас тус бүр 580.000 /таван зуун наян мянга/ төгрөг гаргуулж хохирогч Н.Ж-д, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж нараас тус бүр 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ш.Х-д, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж нараас тус бүр 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөг гаргуулж Баян-Өлгий аймгийн Б сумын  төрийн санд, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нараас тус бүр 533.333 /таван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж хохирогч Ж.Мд, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нараас тус бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч И.Уд, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нараас тус бүр 106.666 /нэг зуун зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж  хохирогч М.С-д, шүүгдэгч Т.Т, А.Т нараас тус бүр 152.000 /нэг зуун тавин хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч К.Е-д тус тус олгуулсугай. 

17. Шүүгдэгч Ө.Ж нь хохирогч Х.С-д, шүүгдэгч Ж.Б, Т.Т, А.Т нар нь хохирогч С.А-д төлөх төлбөргүй, хохирогч  А.Ж нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг тус тус дурдсугай.

   18. Хохирогч нарын өмгөөлөгчийн нэхэмжилж буй өмгөөллийн хөлс, хохирогч нарын шүүх хуралдаанд ирж оролцоход гарсан зардал, алдсан малаа эрж хайхад гарсан зардлын нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

            19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ж.Б-гийн эзэмшилд байгаа 00-00 БӨТ улсын дугаартай “фургон” маркийн тээврийн хэрэгсэл болон шүүгдэгч А.Т-гийн “Б” үсгийн тамгатай морь, шүүгдэгч Т.Т-ийн “X” тамгатай морийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хэвээр үргэлжлүүлэн дээрх эд хөрөнгийг хурааж, иргэн Ж.Б-ын “Мустанг” 5 маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өмчлөгчид нь шилжүүлж түүний үнэ болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч  Ж.Б, А.Т, Т.Т нараас тэнцүү хуваан гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

20. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч  Ж.Б, Т.Т, А.Т, Ө.Ж, нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Т.Т, А.Т, Ө.Ж нарын иргэний цахим үнэмлэх, шүүгдэгч Т.Т-ийн гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Ж.Б-гийн АЯ№0000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ТА№0000000 дугаартай авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг  Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

            21. Шүүгдэгч Ж.Б, А.Т, Т.Т, Ө.Ж нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.  

          22. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

23. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.Д