Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 380

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Б-ын Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1710007810238 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ******** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Б-ын Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн автобусны буудлын орчим 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн үед иргэн Э.А-ыг хамтран амьдарч байсан Б.Н-тэй хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Э-: “...Б.Н-ийг Э.А-тай амьдарч байгааг мэдсэн бол ийм зүйл болохгүй байсан. Тухайн үед Б.Н надтай хамт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгдөг байсан. Энэ үедээ Э.А-тай давхар явдаг байсан юм байна лээ. Надад хэлэхдээ найз залуу байхгүй, ойрын үед тийм юм бодохгүй байгаа гэх мэт зүйл ярьсан. Би Б.Н-ийг хүүхэдтэйгээ хамт гэртээ хүлээгээд байдаг байсан. Манай хүүхэд өвдөөд байхаар нь би Б.Н-ийг хэд хоног гэртээ ирээч, хүүхэд чинь өвдөөд байна гэж гуйсан. Ирэхгүй болохоор нь ажил дээр очиход миний урдуур гараад машинд суухаар нь дагаад явсан. Э.А машиныг нь барьсан байсан. Миний гэм буруутай үйлдлээс болж хохирогчид гэмтэл учирсан. Тухайн үед надтай хамт явж байсан Б.Б намайг салгасан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Э.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр найз охин болох Б.Н-ийн хамт гэр рүүгээ Б.Н-ийн автомашинд суугаад явж байсан. Намайг автомашины урд талын суудалд сууж байхад Б.Э, Б.Б нар хамт ирээд, Б.Э эхлээд гараараа нүүр, чих, дагзруу цохисон....Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэг литрийн архийг найран дээр байсан хүмүүстэй хамт уусан, согтолтын хэмжээ бол гайгүй байсан. Б.Э, Б.Б нарыг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй. Б.Б гараараа миний толгойд 2-3 удаа цохисон, мөн цээж рүү нэг удаа, намайг машинаас буусан байхад зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. ...Миний хувьд гомдолтой, Б.Э-эс хамранд учирсан гэмтийн эмчилгээний зардлыг нөхөн төлүүлмээр байна. Би “ЭМЖЖ” эмнэлэгт очиж үзүүлэхэд эмчилгээний зардал 250.000 төгрөг болно гэсэн, одоо надад мөнгө байхгүй тул эмчлүүлж чадахгүй байна. Мөн монетон гинжний нөхөн төлбөр болох 400.000 төгрөгийг нэхэмжилнэ...” /хх-ийн 17-18, 45/ гэсэн,

 

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү Молл” худалдааны төвийн урдуур явж байх үед нэг машин миний машины урдуур дараад зогссон. Тэр машинаас миний хамтран амьдарч байсан Б.Э  бууж ирээд Э.А-ын сууж байсан талын хаалгыг онгойлгоод гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон, тэр үед нь би шууд Э.А-ын дээрээс биеэрээ дарж хэвтсэн. Б.Э Э.А-ыг машинаас гаргах гээд татаад, гараараа 2-3 удаа цохих гэж оролдсон ч онож цохиж чадаагүй. Б.Э-ийн араас хамт явж байсан найз Б.Б  ирээд Б.Э-эг салгах гээд татах үед би Б.Э-эг боль гэж хэлэхээр очсон. Намайг Б.Э-эг татах үед Э.А хөлөөрөө Б.Э-эг өшиглөх гээд жийсэн, тэр үед Батбар түүний цээж рүү 1-2 удаа цохисон. ...Хэрэг гардаг өдөр би 13 цагийн үед Э.А-тай уулзахдаа гинж байсан эсэхийг анзаараагүй. Э.А гинжээ зарим үед цамцныхаа гадуур, зарим үед дотуур зүүсэн байдаг. Тухайн өдөр Э.А гинж зүүсэн эсэхийг би хараагүй. Хэрэг гардаг өдөр Э.А миний машинаас гараагүй хэрэв гинж тасарсан бол машин дотор байх ёстой, Э.А гинж алга болсон талаар тэр үед надад огт хэлээгүй, би цагдаагаас энэ талаар мэдсэн...” /хх-ийн 8-9, 46/ гэсэн,

 

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр найз Б.Э намайг дуудаад, бид хоёр Б.Н-ий ажлын гадаа очиж хүлээсэн. Тэгээд байж байхад Номин гарч ирээд таксинд суугаад Дарь-Эх рүү, дараа нь Вива сити рүү явсан. Бид хоёр дагаад явсан. Тэгээд Вива сити хорооллын харалдаа Б.Н-ийн машиныг гүйцэж түрүүлээд зогссон. Б.Э-э буугаад Б.Н-ийн машинд сууж байсан залуутай маргалдаж байснаа удалгүй цээжин хэсэг нь машины хаалганаас дотогш орсон. Тэр үед би Б.Э-эг хүн зодоод байна гэж бодоод араас нь очих үед Э.А жолоочийн хажуу талын суудал дээр хойшоо налсан, Б.Н Э.А-ын дээрээс хэвтсэн, Б.Э тэр хоёрын дээрээс цээжээрээ дарсан, нэг нэгнийхээ хувцаснаас дарсан байдалтай хэрүүл маргаан хийж байсан. Тэгээд Б.Э-эг хойш нь татах үед Э.А хөлөөрөө жийж өшиглөсөн ба Б.Э-ийн хувцаснаас татаад тавихгүй байсан. Би “тавь”  гэж хэлээд түүний цээж рүү гараараа нэг удаа цохисон. Би Б.Э-ийг татаж машинаас гаргах хооронд Б.Н бууж ирээд хэрүүл хийгээд, Б.Э машины шилийг гараараа цохиж хагалсан. Тэр үед би Б.Э-эг машинд суулгаад явсан. ...Б.Э-э машинаас буугаад шууд машины хаалгыг онгойлгоод Э.А-ыг гараад ир пизда минь гэж хэлээд, удалгүй тонгойгоод орсон, 30 орчим секундын дараа би очсон. Надад Э.А-ын толгой руу цохиж зодсон асуудал байхгүй. ...Би Э.А-т гинж байсныг хараагүй, гадаа харанхуй болсон байсан. Б.Э Э.А-тай маргалдаж байх үед Э.А машинаасаа гараагүй, гадаа гудамжинд зодоон болсон асуудал байхгүй...” /хх-ийн 23-24/ гэсэн,

 

Шинжээч Н.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Э.А-ын биед тархи доргилт, уруулын салстын язралт, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Э.А-ын цээж болон хөл хэсэгт ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй, түүнд учирсан гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарсан. ...Э.А-ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгднэ. Тийм учраас нэг хүн цохисон байх боломжтой. Хоёр хүн зэрэг дайрсан бол хоёр болон түүнээс дээш удаагийн үйчлэлээр гэмтэл үүсгэгдэнэ...” /хх-ийн 47-48/ гэсэн,

Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Б.Н-тэй утсаар холбогдож хүү өвдөөд хэд хонолоо, чи ирээд уулзаач гэсэн боловч ирээгүй, өмнөх өдөр нь машинаа түр өгөөч гэхэд завгүй гээд байсан болохоор нь Б.Н-тэй уулзая гэж бодоод ажлынх нь гадаа очсон. Б.Н ажлаасаа 22 цагийн үед гарч ирээд таксинд суугаад Дарь-Эх рүү явсан. Б.Н Дарь Эх рүү явж байгаад мэдэхгүй гудамжаар орсон, түүний машиныг Э.А бариад явж байснаа Б.Н-ийг суулгаад явсан. Тэр хоёр уг гудамжинд байх айл руу ороод нэг цаг орчмын дараа гарч ирсэн бөгөөд Э.А нилээн согтсон байдалтай, Б.Н өөрөө машинаа бариад Вива сити рүү явсан. Тэр үед нь мөн дагаж Вива сити хүртэл явсан. Тэгээд Вива сити хорооллын харалдаа төв зам дээр би машиных нь урдуур нь орж зогссон. Тэгээд би Э.А-ын сууж байсан талын хаалгыг онгойлгож, буулгаж ирэх гэсэн боловч бууж ирэхгүй гэдийгээд байсан. Тэр үед Б.Н биеэрээ Э.А-ын урдуур орж хэвтсэн, Э.А-ын нүүрэнд 2-3 удаа цохисон. Тэр үед Б.Б араас ирээд намайг хойш нь татсан боловч Э.А миний зүүн шанаа руу нэг удаа хальт цохисон, хувцаснаас зууралдсан. Тэр үед Б.Б тавиач гээд цээж рүү нь гараараа нэг удаа цохисон, өөр Э.А-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Би Э.А-ыг цохиж зодох санаагүй, ярилцья гэж бодож байсан юм. Гэтэл Б.Н түүнийг гаргахгүй өмөөрч дээр нь биеэрээ дарж хэвтээд байсан болохоор нь Б.Н-д гомдоод, уурандаа Э.А-ыг 2-3 удаа цохисон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...Би Э.А-ыг хүзүүндээ гинж зүүсэн байсныг хараагүй, Э.А тухайн үед машинаас буугаагүй, би гинжийг нь аваагүй учраас нөхөн төлөх бодолгүй байна...” /хх-ийн 21, 57/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12975 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Э.А-ын биед тархины доргилт, уруулын салстын язралт, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учиржээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдуулахгүй...”  /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч Б.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 29, 31/ зэрэг болно.  

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Б.Э 2017 оны 10 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Хүннү Молл” худалдааны төвийн автобусны буудлын орчим иргэн Э.А-ыг хамтран амьдарч байсан Б.Н-тэй хардан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.А-ын “...Б.Э эхлээд гараараа нүүр, чих, дагзруу цохисон. ...Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Нэг литрийн архийг найран дээр байсан хүмүүстэй хамт уусан, согтолтын хэмжээ бол гайгүй байсан. Б.Э, Б.Б нарыг архи уусан байсан эсэхийг мэдэхгүй байна...” /хх-ийн 17-18,45/ гэсэн,

Гэрч Б.Н-ийн “...2017 оны 10 дугаар сарын 12-ны орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү Молл” худалдааны төвийн урдуур явж байх үед нэг машин миний машины урдуур дараад зогссон. Тэр машинаас миний хамтран амьдарч байсан Б.Э бууж ирээд Э.А-ын сууж байсан талын хаалгыг онгойлгоод гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон, тэр үед нь би шууд Э.А-ын дээрээс биеэрээ дарж хэвтсэн. Б.Э-э Э.А-ыг машинаас гаргах гээд татаад, гараараар 2-3 удаа цохих гэж оролдсон ч онож цохиж чадаагүй. Б.Э-ийн араас хамт явж байсан найз Б.Б  ирээд Б.Э-эг салгах гээд татах үед би Б.Э-эг боль гэж хэлэхээр очсон. Намайг Б.Э-эг татах үед Э.А хөлөөрөө Б.Э-эг өшиглөх гээд жийсэн, тэр үед Б.Б түүний цээж рүү 1-2 удаа цохисон. ...Хэрэг гардаг өдөр би 13 цагийн үед Э.А-тай уулзахдаа гинж байсан эсэхийг анзаараагүй. Э.А гинжээ зарим үед цамцныхаа гадуур, зарим үед дотуур зүүсэн байдаг. Тухайн өдөр Э.А гинж зүүсэн эсэхийг би хараагүй. Хэрэг гардаг өдөр Э.А миний машинаас гараагүй хэрэв гинж тасарсан бол машин дотор байх ёстой, Э.А гинж алга болсон талаар тэр үед надад огт хэлээгүй, би цагдаагаас энэ талаар мэдсэн...” /хх-ийн 8-9, 46/ гэсэн ,

Гэрч Б.Б-ын “...Б.Э-э буугаад Б.Н-ийн машинд сууж байсан залуутай маргалдаж байснаа удалгүй цээжин хэсэг нь машины хаалганаас дотогш орсон. Тэр үед би Б.Э-эг хүн зодоод байна гэж бодоод араас нь очих үед Э.А жолоочийн хажуу талын суудал дээр хойшоо налсан, Б.Н Э.А-ын дээрээс хэвтсэн, Б.Э тэр хоёрын дээрээс цээжээрээ дарсан, нэг нэгнийхээ хувцаснаас дарсан байдалтай хэрүүл маргаан хийж байсан. Тэгээд Б.Э-эг хойш нь татах үед Э.А хөлөөрөө жийж өшиглөсөн ба Б.Э-ийн хувцаснаас татаад тавихгүй байсан. Би “тавь”  гэж хэлээд түүний цээж рүү гараараа нэг удаа цохисон. Би Б.Э-ийг татаж машинаас гаргах хооронд Б.Н бууж ирээд хэрүүл хийгээд, Б.Э машины шилийг гараараа цохиж хагалсан. Тэр үед би Б.Э-эг машинд суулгаад явсан...” /хх-ийн 23-24/ гэсэн,

Шинжээч Н.Энхбаярын “...Э.А-ын биед тархи доргилт, уруулын салстын язралт, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Э.А-ын цээж болон хөл хэсэгт ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй, түүнд учирсан гэмтлүүд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарсан. ...Э.А-ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгднэ. Тийм учраас нэг хүн цохисон байх боломжтой. Хоёр хүн зэрэг дайрсан бол хоёр болон түүнээс дээш удаагийн үйчлэлээр гэмтэл үүсгэгдэнэ...” /хх-ийн 47-48/ гэсэн,

Шүүгдэгч Б.Э-ийн “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ...би  Э.А-ын сууж байсан талын хаалгыг онгойлгож, буулгаж ирэх гэсэн боловч бууж ирэхгүй гэдийгээд байсан. Тэр үед Б.Н биеэрээ Э.А-ын урдуур орж хэвтсэн, Э.А-ын нүүрэнд 2-3 удаа цохисон. Тэр үед Б.Б араас ирээд намайг хойш нь татсан боловч Э.А миний зүүн шанаа руу нэг удаа хальт цохисон, хувцаснаас зууралдсан. Тэр үед Б.Б тавиач гээд цээж рүү нь гараараа нэг удаа цохисон, өөр Э.А-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Би Э.А-ыг цохиж зодох санаагүй, ярилцья гэж бодож байсан юм. Гэтэл Б.Н түүнийг гаргахгүй өмөөрч дээр нь биеэрээ дарж хэвтээд байсан болохоор нь Б.Н-д гомдоод, уурандаа Э.А-ыг 2-3 удаа цохисон. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ...Би Э.А-ыг хүзүүндээ гинж зүүсэн байсныг хараагүй, Э.А тухайн үед машинаас буугаагүй, би гинжийг нь аваагүй учраас нөхөн төлөх бодолгүй байна...” /хх-ийн 21, 57/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №12975 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Э.А-ын биед тархины доргилт, уруулын салстын язралт, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учиржээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  тогтонги алдуулахгүй...”  /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-ын биед тархины доргилт, уруулын салстын язралт, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 250.000 төгрөгийг хүлээн авсан, монетон гинжийг нэхэмжлэхгүй, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд мэдэгдсэн /хх-ийн 79, 81/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.

                                   

Шүүхээс Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Тухайн хэрэг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар шүүгдэгч мэдүүлэх бөгөөд прокурорын 2017 оны 84 дугаартай тогтоол /хх-ийн 65/, 350 дугаартай яллах дүгнэлтийн /хх-ийн 66-69/ тэмдэглэх болон тогтоох хэсэгт хэрэг гарсан өдрийг 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэж буруу бичсэнийг тэмдэглэж байна. Энэ талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч техникийн шинжтэй алдаатай бичсэн талаар тайлбарласан, прокурорын энэ алдаа нь хэргийн зүйлчлэл болон бусад нөхцөл байдалд нөлөөлөхгүй, шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тэмдэглэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Б.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Э.А гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Х овогт Б-ын Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1710007810238 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР