Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 424

 

С.Ч-гийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ

аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                   Х.Батсүрэн,

Шүүгчид:                                  Л.Атарцэцэг

                                                Г.Банзрагч,

                                                П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                        Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:       Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах”,

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0442 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч С.Ч, түүний өмгөөлөгч Г.А, Хариуцагчийн өмгөөлөгч Л.С нар.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Чгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай С.Ч-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ч-г түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ч-гийн хууль бусаар ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 3 сарын цалин 3.027.417 / гурван сая хорин долоон мянга дөрвөн зуун арван долоон / төгрөгийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0442 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ч-ийн “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Б-ны давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс С.Ч-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Б-д холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221 дугаартай магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч тус шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр нь нэхэмжлэгчийн буюу засаг даргын орлогчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуулийг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан ба харин давж заалдах шатны шүүх нь хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх эрхийг үгүйсгэсэн нь доорхи хуулийн заалтуудтай зөрчилдсөн гэж үзэж байна.

5. Төрийн алба бол хэн нэгэн албан тушаалтаны эрх хэмжээгээ дур зоргоороо хэтрүүлэн хэрэглэдэг хувийн байгууллага биш юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрх нь Монгол улсын иргэн бүрт бий.

6. ...Засаг даргын орлогч нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар улс төрийн албан тушаалтанд хамаарах ба энэ албан тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуупиар тогтоосон болзол, журам шалгуурын дагуу сонгогддог болон сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах мөн тэдгээрийн бүрэн эрхийх нь хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаалтанд хамаарч байгаа юм.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын гол агуулга бол Засаг дарга нь өөрийн орлогчийг дур мэдэн хувийн сонирхолоор авч мөн халах нь өөрийнх нь эрх хэмжээнийх нь асуудал юм гэж үзэж байна. Хэрвээ шүүх магадлалд дурьдсанчлан улс төрийн албан тушаалтанг ажилд томилохдоо хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгоно гэж тодорхойлсон юм бол ажлаас чөлөөлөхөд ямар хууль журам баримтлах эсэх талаар тодорхой дүгнэлтийг өгөөгүй байна.

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зуйпийн 29.2 дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан ба энэ нь Засаг даргад олгогдсон бүрэн эрхийг зөвхөн хуулинд нийцүүлэн эдлүүлэх шаардлагыг тавьсан болохоос бус өөрийн орлогчийг зөвхөн хувийн шалтгаанаар шалтаглан удаа дараа халж байгаа нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдаж байгаа гэж үзэхээр байна.

9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт...3асаг даргын орлогчийг тухайн хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцөх талаар тусгасан ба хэрэгт авагдсан нотлох баримтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Засаг даргын саналыг хурлаар хэлэлцээд дэмжээгүй гэсэн хариуг өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил болон үр дүнгийн талаар хуралдаж түүнийг хариуцагчийн тайлбарласан шиг ямар нэгэн алдаа зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй болох нь хурлын тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа юм. Харин ч эсрэгээрээ Засаг дарга нь хурал дээр үндэслэлтэй тайлбар хэлэхийн оронд “ажлаас халж байгаа асуудал нь бид хоёрын хувийн асуудал, нам хамаагүй гэж хэлсэн нь төрийн албан хаагчийн ёс зүйд байхааргүй үйлдлийг гаргасан байна.

10. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 1.14 -т ...улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал 6 4 дэх хэсэгт...улс төрийн албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр уг албан тушаалаас өөрчлөгдвөл энэ зүйлийн 6.1.14-т заасан ажилтан чөлөөлөгдөнө гэдгийг нарийвчлан заасан ба Засаг даргын орлогч нь энэ заалтанд хамааралгүй албан тушаалтан учраас заавал Засаг даргынх нь бүрэн эрхийх нь хугацаанд ажиллаж, чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь магадлалын хянах хэсэгт.. зөвшилцөх гэдэг нь эрх бүхий этгээдэд бичгээр мэдэгдэж бичгээр хариу авснаар зөвшилцсөнд тооцох бөгөөд заавал нэгдсэн саналд хүрсэн байхыг шаардахгүй ...гэж үзсэн ба хууль санаачлагч ямар учраас хамааралтай захиргааны бусад байгууллагатай \ИТХ\ заавал зөвшилцөхийг шаардаад байгаа, Засаг дарга бүрэн эрхээ хэтрүүлж хэрэглэхийг хязгаарлаж хяналт тавиулах утга бүхий байна гэдгийг дүгнэсэнгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвшилцөлийг зөвхөн хуулийг хэрэгжүүлэх билэгдлийн төдийгөөр ойлгож нэгдсэн саналд хүрсэнгүй гэж шууд үзэж халж байгаа нь ойлгомжгүй байна.

12. Монгол Улсын хуулинд сумын Засаг даргын орлогчийн эрх зүйн байдлыг дээрхи заалтуудаас өөрөөр нарийвчлан зохицуулсан харилцаа байхгүй ба Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т ...улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө...11.6..төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэсний дагуу маргааныг эдгээр хуулийн дагуу шийдвэрлэх үндэслэл бий болж байгаа юм.

13. Хариуцагч нь нэхэмжлэгчийг өмнө нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас халж байсан ба Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр буцаж ажил үүргээ гүйцэтгэхээр болсон ба хариуцагч нь шүүхийн шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарны 24-ний өдөр биелүүлж ажилд авсан.

14. Нэхэмжлэгч нь энэ ажилласан 5 сарын хугацаандаа өөрт ногдсон ажил үүрэг болон Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлж тайлан мэдээгээ хавсаргаж байсан талаарх баримтууд хэрэгт байгаа болно.

15. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай “С.Ч-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг үндэслэл болгосон холбогдох хуулийн заалтууд нь ойлгомжгүй байна.

16. Нэгдүгээрт, Хариуцагч нь нэхэмжлэгчийг улстөрийн албан тушаалтан учраас төрийн жинхэнэ албан хаагчийн статус үйлчлэхгүй гэсэн хэрнээ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, мөн хуулийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 ...хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халж байгаа нь шүүхэд гаргасан тайлбартай нь нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай захирамж нь С.Ч-г ажлаас чөлөөлөөд байгаа юм уу ажлаас халаад байгаа юм уу тодорхойгүй байна.

17. Хоёрдугаарт, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай “С.Ч-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн гол үндэслэл нь 2017 оны үр дүнгийн гэрээний дүгнэлтээр “Хангалтгүй” гэсэн үнэлгээ авсан гэж үзсэн ба Засаг дарга нь хариуцагчтай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр болгосон нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Нэхэмжлэгч өмнө нь халагдсан болон дахин ажилд орсон хугацаагаа тооцоод хагас жил хүрэхгүй хугацаанд ажилласан байхад гэрээг бүтэн жилээр дүгнэсэн.

18. Гуравдугаарт, Талуудын хооронд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хамтран ажиллах гэрээ хийгдсэн ба энэ гэрээнд заагдсан ажил үүргийг нэхэмжлэгч нь хангалттай биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан ажлын тайлангаар нотлогдсон ба үүнийг хариуцагч үгүйсгэж нотлоогүй байна.

19. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Б нь нэхэмжлэгчид удаа дараа хууль болон ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй үүргийг өгдөг байсан ба 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн тэмдэглэл дээр Засаг дарга нь ...Тохижилт үйлчилгээний албаны дарга ажлаа өгөөд явсан, тэгээд Ч-г хий гэтэл үгүй гэсэн гэж хэлдэг ба гэтэл эсрэгээрээ 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Тохижилт үйлчилгээний албыг өөрчлөн байгуулах тухай тогтоолд иргэдээс сонгон шалгаруулж Засаг дарга өөрөө томилохоор болсон байдаг. Нэхэмжлэгчийн хувьд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчоор өмнөх Засаг даргын үед ч ажиллаж байсан ба үүрэгт ажлаа хуулийн дагуу хийж гүйцэтгэн ямар нэгэн алдаа зарчил гаргалгүйгэзр ажилласаар ирсэн. Энэ байдлууд болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шүүх зөв дүгнэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

20. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

21. Нэхэмжлэгч С.Ч нь “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Засаг дарга П.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр намайг чөлөөлөх тухай саналаа сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн боловч Тэргүүлэгчдийн олонхи нь намайг ажлаас чөлөөлөхийг дэмжихгүй гэсэн хариу ирүүлсэн байтал ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл...” гэж маргажээ.

22. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаар захирамжаар, Засаг даргын орлогч С.Ч “ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан ажлаа хийж гүйцэтгэдэггүй, өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэн, ажил хэргийн шаардлага тавихад эсэргүүцдэг, 2017 оны үр дүнгийн гэрээний дүгнэлтээр “хангалтгүй” гэсэн үнэлгээ авсан нь цаашид хамтран ажиллах боломжгүй байгаа, мөн холбогдох хуульд заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд бичгээр санал тавьж, бичгээр хариу авч зөвшилцсөн” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасантай нийцсэн байна.

23. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2-т сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь улс төрийн албан тушаалд хамаарах бөгөөд уг албан тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд нь үйлчлэх албан тушаал байхаар, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т сумын Засаг дарга нь нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд тухайн орлогчийг томилж, чөлөөлөх эрхийг сумын Засаг дарга хэрэгжүүлэхээр, ингэхдээ тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн байхыг тус тус зааж хуульчилжээ.

24. Тодруулбал, сумын Засаг даргын орлогч нь сонгуулийн үр дүнд томилолтын журмаар, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд үйлчилж ажиллах албан тушаалтан бөгөөд түүнийг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг сумын Засаг даргад хуулиар олгосон, энэхүү эрхийг Засаг дарга хэрэгжүүлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөхийг хуулиар зохицуулсан байна. 

25. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд сумын Засаг дарга нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 585 тоот албан бичгээр, сумын орлогч дарга С.Ч-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар зөвшилцөх тухай саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн байх ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаар хуралдаанаар саналыг авч хэлэлцэхэд Тэргүүлэгчдийн олонхи нь дэмжээгүй талаарх хариуг Засаг даргад ирүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд сумын орлогч дарга С.Ч-г ажлаас чөлөөлөх талаар бичгээр мэдэгдэж, хариу авсан байх тул хариуцагчийг “зөвшилцөн чөлөөлөх” хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.   

26. Мөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Ч нь сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа, улс төрийн албан тушаалтны хувьд сумын Засаг даргад бүрэн эрхийнх нь хугацаанд үйлчлэх байтал Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй эсэргүүцдэг, өөрт нь даалгасан үүргийг бүрэн биелүүлдэггүй, өөр бусдад дамжуулан хариуцуулдаг, сумын Засаг даргатайгаа албан бичгээр харилцдаг зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байх тул хариуцагчаас “цаашид хамтран ажиллах боломжгүй” гэж үзэж, хуульд заасан шаардлага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

27. Иймд, давж заалдах шатны шүүхийн “...анхан шатны шүүх ...улс төрийн албан тушаалтан болох “сумын Засаг даргын орлогч”-ийг албан тушаалаас чөлөөлөх хуульд заасан болзол, шалгуурын хүрээнд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх байтал “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэдэг үр дүнгийн гэрээ”-тэй холбогдуулан дүгнэлт хийсэн, ийнхүү дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөрүүтэй, буруу дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

28. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0442 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.               

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                                    Б.МӨНХТУЯА