Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 12

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

                                                                                     Хэргийн индекс :159/2018/0002/3

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Иргэн С.Чойсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох 

“Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох,, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Амартүвшин

Хариуцагч: П.Батсайхан

Хариуцагчийн өмгөөлөгч: Л.Сарангуа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар: Э.Сувд  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь :

Нэхэмжлэгч иргэн С.Чойсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар овогтой Чойсүрэн нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчоор 2012 оноос эхлэн ажиллаж ирсэн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, хуулийн дагуу алба ажлаа гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл 2017 оны 01-р сарын 18-ны өдрийн Б/02 дугаартай Сэлэнгэ аймгийн Аптанбулаг сумын Засаг даргын захирамж гарч намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тус ажлаас чөлөөлсөн захирамжийг эс зөвшөөрч миний бие нь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж байсан. Тус тоотод улс төрийн албан тушаал нь ... салбар зөвлөлд хамаарахгүй тул хуулийн байгууллагаар шийдвэрлүүл гэсний дагуу тус шүүхэд хандсан. Шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаснаар Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 14 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар болсон. Гэвч энэ өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар намайг хохироосон. Энэ талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд удаа дараа хандсаны эцэст 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажилд авах тушаал гарч ажилдаа эргэн орсон. Сумын засаг дарга П.Батсайхан нь намайг ажилд авсан өдрөөс эхлэн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ажлын болон албан тушаалын дарамт үзүүлсээр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлсөн тул тус шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12-р сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг баримталсан ба уг заалт нь хуулиндаа ... сум дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх ... гэж зааж өгсөн байна. Гэтэл Засаг дарга П.Батсайхан нь 2017 оны 11-р сарын 09-нд намайг чөлөөлөх тухай саналаа сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд оруулсан боловч Тэргүүлэгчдийн хуралдаанаар олонхи нь ажлаас чөлөөлөхийг дэмжээгүй гэж хариуг хүргүүлсэн байтал захирамж гаргаж намайг чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

Мөн уг захирамжны гол үндэслэл нь: 2017 оны “Үр дүнгийн гэрээ”-ний дүгнэлтээр хангалтгүй 35% үнэлгээ авсан нь цаашид хамтран ажиллах боломжгүй гэж байгаа нь хууль, журмаа биелүүлээгүй худал хэлж хууран мэхэлсэн үйлдэл гэж үзэж байна. Мөн үр дүнгийн гэрээг ямар нөхцөлөөр дүгнэсэн, ямар ажлуудыг хангалтгүй хийсэн гэдэг нь тодорхойгүй байхад хувийн байдлаар энэ асуудалд хандаж байна. Анх 2017 оны 01-р сарын 18-ны өдөр намайг ажлаас халчихаад сүүлд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ажилд авах тушаал гарч ажилдаа эргэн орсон байхад үр дүнгийн гэрээг дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна. Уул нь бид аль аль нь нэг нам учраас энэ асуудлыг хуулийн зохицуулалтаас гадна нам дотроо хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байтал огт дурдаагүй,

 Монгол Ардын намын дүрмын 1 дүгээр зүйлийн 1.3-т: Монгол Ардын Нам Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг чандлан сахиж хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана гэж заасан байна. Дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг үндэслэн Монгол Ардын Намын Бага хурлын 2015 оны 04 дүгээр тогтоолоор “Хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам” батлагдсан байдаг. Энэхүү журмын 5.9-т Сум, дүүргийн Засаг даргын орлогчид нэр дэвшүүлэхдээ сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчтэй зөвшилцсөн саналыг намын хорооны дарга намын хорооны хуралдаанд хэлэлцүүлж, тогтоол гарган, сум дүүргийн ИТХ дахь намын бүлэгт чиглэл өгнө гэж заасныг Засаг дарга намын хорооны даргад мэдэгдээгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэдийгээр Засаг дарга ... хуралтай зөвшилцөж Засаг даргын орлогчийг чөлөөлөх эрхтэй боловч ямар үндэслэл шалтгаанаар намайг чөлөөлөх ёстой болсон талаархи тайлбарыг албан ёсоор өөрөөс нь авмаар байна.

Тухайн захирамжид дурьдсан хуулийн зүйл заалт нь намайг ажлаас халах үндэслэл биш байх тул Засаг даргын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах /Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар/ нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сумын Засаг даргын орлогч асан С.Чойсүрэнгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

            1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 болон 31.1.2-т зааснаар сумын Засаг дарга нь өөрийн орлогчийг Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх бүрэн эрх олгогдсон байдаг.

            Энэ хуулийн 3.1.2-т заасны дагуу Засаг даргаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 585 дугаар албан бичиг явуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 105 дугаар албан бичиг ирүүлэн зөвшилцсөн болно.

            2.Монгол Улсын Дээд шүүхийн “Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 1996 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар тогтоолын 1.4-т ...Зөвшилцөнө... гэдгийг бичгээр танилцуулан түүний саналыг бичгээр авна хэмээн ойлгоно”, 5-д “...зөвшилцөх... гэдэг нь бичгээр мэдэгдэж бичгээр хариу аван санал солилцох журмаар явагдана”, 6-д “...зөвшилцөж томилно... гэдгийг бичгээр мэдэгдэж түүний саналыг бичгээр авч томилохыг ойлгоно...”, 9-д “...харин хуульд заагаагүй бусад тохиолдолд заавал нэгдсэн саналд хүрэхийг шаардахгүй”, 11-д “...хэрэв хууль тогтоомжид тусгайлан заагаагүй бол зөвшилцлийг энэ тогтоолд заасны дагуу явуулах бөгөөд харин зөвшилцлийг биечлэн уулзаж явуулсан бол зохих журмын дагуу тэмдэглэл хөтөлсөн байна”. “Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан ...зөвшилцөх... тухай ойлголт зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр заагаагүй бол түүнийг энэ тайлбарын дагуу адилаар ойлгож явуулж байхаар тогтоосугай...” гэж тус тус заасан байна.

            С.Чойсүрэнг ажлаас чөлөөлөх талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй хийсэн зөвшилцөл нь Улсын Дээд шүүхийн дээрх заалтуудад бүрэн нийцэж байх  тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

            Түүнчлэн С.Чойсүрэнг өмнө нь 2017 оны 1 дүгээр сарын 18-нд ажлаас чөлөөлөх үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй биечлэн зөвшилцөж тэр нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байсныг хүсч байна.

            3.Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар сумын Засаг даргын орлогч нь сонгуулийн үр дүнд, Засаг даргаар томилогдож, Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд санаа зорилго нэгтэй байж, тусалж дэмжин эзгүй үед нь орлон ажиллах улс төрийн албан тушаалтан билээ.

            Засаг даргын орлогч С.Чойсүрэн нь ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан ажлаа хийж гүйцэтгэдэггүй, өгсөн үүрэг даалгаварыг үл биелүүлэн, ажил хэргийн шаардлага тавихад “ажлын байрны дарамт үзүүллээ” гэх мэтээр эсэргүүцдэг, улмаар 2017 оны “үр дүнгийн гэрээ”-г дүгнэхэд “Хангалтгүй” /35 хувь/ үнэлгээ авсан нь цаашид хамтран ажиллах боломжгүй байгаа бөгөөд энэ талаар С.Чойсүрэнг ажлаас чөлөөлсөн захирамжид тодорхой дурдсаны гадна түүний хариуцсан ажил үүргийн үр дүнгийн талаар С.Чойсүрэнг ажлаас чөлөөлсөн захирамжид тодорхой дурдсаны гадна түүний хариуцсан ажил үүргийн талаарх дараах баримт, үйл ажиллагаагаар батлагдах болно.

            1/ Ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчиж Алтанбулаг сумын Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн төслийг боловсруулж гаргаагүй.

            2/ Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2/457 тоот “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөө” хүргүүлэх тухай тоотын биелэлтийн хэрэгжилт, биелэлтийг хангах ажлын тайланг хугацаанд нь хүргүүлж ажиллахыг үүрэг болгосныг хугацаанд нь хариу тайлан явуулаагүй.

            3/ 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5/181 тоот аймгийн Хөрөнгө оруулалт бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Эрдэнэгэрэлийн албан тоотын дагуу өгөгдсөн аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот албан даалгаварыг биелүүлээгүй.

            4/ Сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 412 тоотыг биелүүлээгүй.

            5/ 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 369 тоот албан даалгаварын дагуу ямар ч ажил зохион байгуулаагүй, биелүүлээгүй.

            6/ 2017 оны 08 дугаар сарын 18-нд Төв зам, салбар зам дагуух гэрлүүдийн лампыг сольж асаах ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө биелүүлэх, 2017 оны 09 дүгээр сарын 01-нд байгаль хамгаалагч нартай хамтран хөрөө рамд шалгалт хийх үүргийг биелүүлээгүй.

            7/ Ажлын байрны тодорхойлолт ... “Ажлын байрны үндсэн зорилт”-ын 4 дүгээр зүйл мөн 3 дугаар зүйлийн 3.2-т заагдсан тохижилт үйлчилгээний ажлыг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллана” гэсэн заалтыг биелүүлээгүй.

             4.Сумын Засаг даргын орлогч нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т зааснаар улс төрийн албан тушаалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуульд өөрөөр заагаагүй бол уг хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөхөөр заасан, нөгөөтэйгүүр С.Чойсүрэн нь төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэх талаар Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасан зөрчлүүдийг бодитой гаргасан учраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хуулийн эдгээр заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

            5.Сумын Засаг даргын орлогч нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар сонгуулийн үр дүнд томилогддог улс төрийн албан тушаал учраас түүнийг ажлаас чөлөөлсөн нөхцөлд төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн нэгэн адил гомдол гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг тэмдэглэхийг хүсч байна.

            6.Төрийн албан хаагчийн ажилд томилох, ажлаас чөлөөлөхтэй холбогдсон харилцаа нь холбох хууль тогтоомжоор зохицуулагддаг бөгөөд түүнийг аливаа нэг намын дүрмээр зохицуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

            Иймд С.Чойсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бодлоор улс төрийн албан тушаалтан гэдэг нь ард түмнээс сонгуулийн үр дүнгээр сонгогдож, бүрэн эрхийн хугацаанд ажилладаг албан тушаал юм. С.Чойсүрэн нь ард түмнээс сонгогдож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн болоогүй юм. Намын квотоор сонгогдож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн болсон юм. Дараа нь Засаг даргын орлогчоор 4 жил ажилласан юм. С.Чойсүрэн нь өнгөрсөн жилийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар намаас тойрог авч оролцоод сонгогдож чадаагүй унасан. Энэ бол нэгдүгээрт намын нэр хүндийг унагаж байгаа асуудал, хоёрдугаарт С.Чойсүрэн нь намын нэрээр 4 жил орлогч дарга хийчихээд иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд сонгогдож чадаагүй нь 4 жилийн хугацаанд хэрхэн ажиллаж байсныг дүгнэсэн ард түмний дүгнэлт болсон гэж үзэж байна. Орлогч даргын ажлыг зөвхөн Засаг дарга нь дүгнэнэ. Сумын Засаг дарга нь орлогч даргыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөж томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй юм. С.Чойсүрэн нь өмнөх Засаг даргын орлогч даргаар 4 жил ажилласан. Дараагийн сонгуулиар сумын Засаг даргаар миний бие томилогдоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн орлогч даргыг ажлаас нь чөлөөлөх захирамж гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд сонгогдсон албан тушаалтныг сумын Засаг даргын орлогчоор томилох нь зүйтэй гэж үзээд намын бүлгийн санал оруулснаар Халзангийн Отгонжаргалыг сумын Засаг даргын орлогч даргаар томилж ажиллуулсан. Сумын Засаг даргын хувьд намын бүлгийн саналаас зөрөх эрх надад байхгүй. С.Чойсүрэнг ажлаас нь чөлөөлөхдөө иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөж тушаал гаргасан. “Зөвшилцөх” гэдэг талаар Улсын дээд шүүхийн тайлбар байдаг.

С.Чойсүрэнг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 болон 31.1.2-т зааснаар сумын Засаг дарга нь өөрийн орлогчийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөнө гэж заасан. Засаг даргаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 585 дугаар албан бичиг явуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 105 дугаар албан бичиг хүргүүлэн зөвшилцсөн. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар сумын Засаг даргын орлогч нь сонгуулийн үр дүнд, Засаг даргаар томилогдож, Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд санаа зорилго нэгтэй байж, тусалж дэмжин эзгүй үед нь орлон ажиллах улс төрийн албан тушаалтан гэж заасан байдаг. С.Чойсүрэн нь ажил үүргийн хувьд миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, шаардлага тавихад ажлын байрны дарамт үзүүлсэн зэрэг шалтаг тавьж биелүүлдэггүй. С.Чойсүрэнг ажлаас чөлөөлөх тухай захирамжинд ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлээ тодорхой зааж өгсөн. Сумын Засаг даргын орлогч нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т зааснаар улс төрийн албан тушаалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуульд өөрөөр заагаагүй бол уг хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөхөөр заасан, нөгөөтэйгүүр С.Чойсүрэн нь Төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэх талаар Төрийн албаны хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасан зөрчлүүдийг бодитой гаргасан учраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө хуулийн эдгээр заалтыг баримталсан.  Сумын Засаг даргын орлогч нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар сонгуулийн үр дүнд томилогддог улс төрийн албан тушаал учраас түүнийг ажлаас чөлөөлсөн нөхцөлд төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн нэгэн адил гомдол гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Төрийн албан хаагчийн ажилд томилох, ажлаас чөлөөлөхтэй холбогдсон харилцаа нь холбогдох хууль тогтоомжоор зохицуулагддаг бөгөөд түүнийг аливаа нэг намын дүрмээр зохицуулах хууль зүйн үндэслэлгүй болно гэж үзэж байна.

Иймд С.Чойсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцлаа. С.Чойсүрэнд үүрэг даалгавар өгөхөд өөрөө гүйцэтгэхээс зайлсхийж хэн нэгэнд үүрэг даалгаврыг шилжүүлж ажлыг хийдэг. Засаг даргын орлогчийн хийх ажлыг ажлын байрны тодорхойлолт болон хамтран ажиллах гэрээнд зааж өгсөн байдаг. Засаг даргын орлогч дарга нь тохижилт, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажлыг, орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж буй ажлыг хариуцан, хяналт тавьж ажиллана гэж заасан. Харин шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргасан нотлох баримтад С.Чойсүрэнд би албан тоотоор өмнөх ажлын үр дүн биелэгдээгүй байна, тус ажлыг яаралтай биелүүлнэ үү гэсэн үүрэг өгсөн байхад Засаг даргын Тамгын газрын дарга Янжиндуламд шилжүүлж үүрэг өгсөн байсан. Засаг даргын Тамгын газрын дарга нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтан дээр захиалагч байна гэсэн үүрэгтэй болохоос тухайн ажлыг хариуцуулж гүйцэтгүүлдэг албан тушаалтан биш юм. Тэгэхээр С.Чойсүрэн нь энэ мэтчилэн үүрэг даалгаврыг бусдад шилжүүлж, зайлсхийдэг үйлдэл нь тодорхой харагдаж байна. Эргээд Засаг даргын орлогч даргад шаардлага тавихад би энэ үүргийг гүйцэтгэх үүрэггүй, хуульд заасан үүргээ гүйцэтгэнэ гэх мэтчилэн тайлбар тавьж үүрэг, даалгаврыг гүйцэтгэхээс татгалздаг. Засаг дарга, Засаг даргын орлогч нь хоорондоо албан бичгээр үүрэг даалгавар өгч, харилцан ажил үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь төрийн ажлыг гүйцэтгэхэд хүндрэлтэй байна. Дээрх асуудалтай холбогдуулан нэг жишээ хэлэхэд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэх үүргийг сумын Засаг даргаас Засаг даргын орлогч даргад даалгахад сумын Засаг даргын Тамгын газарт үүргийг шилжүүлсэн, мөн Дархан-Сэлэнгийн цахилгаан, шугам сүлжээний газарт гэрэлтүүлгийн засварын ажлыг гүйцэтгэхийг үүрэг болгож албан тоот явуулж шийдвэрлэсэн байдаг. Харин Дархан-Сэлэнгийн цахилгаан, шугам сүлжээний газраас төлөвлөгөөт өвлийн бэлтгэл ажлын хүрээд засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байгаа тул сумаас ирсэн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0404 тоот албан бичгийн дагуу гудамжны гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх боломжгүй байна гэсэн албан бичгээр хариу ирүүлсэн. Эрчим хүчний тухай хуулиар хангагч, хэрэглэгч гэж байдаг. Хангагч тал нь эрчим хүчээр хангана, хэрэглэгч тал нь хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг төлөх үүрэгтэй байдаг байхад С.Чойсүрэн нь гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг Цахилгаан, шугам сүлжээний газарт даалгаж байгаа асуудал нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна. С.Чойсүрэн нь энэ мэтчилэн ажил, үүргийг гүйцэтгэж байгаа нь хамтарч ажиллахад бэрхшээлтэй байдаг юм.

Мөн Засаг даргын орлогч дарга ажлын хэсгийн ахлагчаар томилогддог. Ажил үүргийн хувиараар мал тооллогын ажлын хэсгийг хариуцан ажилласан. Аймгийн Засаг даргаас “Хариуцлага тооцох тухай” Алтанбулаг, Цагааннуур, Түшиг сумын мал тооллогын дүнг хугацаа хэтрүүлж ирүүлсэн, хуурамч тоо ирүүлсэн тул дээрх сумдын мал, тэжээвэр амьтдын хашаа, худгийн тооллогын ажлын хэсгийн ахлагч нарт холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл оногдуулж, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор хариу ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирсэн. Дээрх байдлуудыг харгалзан үзээд мөн ажил үүргийн хуваарь болон хамтран ажиллах гэрээний дагуу ажил үүргийг гүйцэтгэдэггүй гэсэн үндэслэлээр С.Чойсүрэнг ажлаас халсан юм гэв. 

ҮНДЭСЛЭХ  нь :

Нэхэмжлэгчээс 1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн  Б/48 дугаартай захирамжийг хүчингүй болгох 2. ажилд эгүүлэн тогтоолгох 3. ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах /Шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар/ 4.нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах  гэж  нэхэмжлэлийн шаардлагаа  тодорхойлжээ.

            Нэхэмжлэгч нь албан ажлаар ОХУ-д томилолтоор ажиллаж байгаа талаарх Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3/260 тоот албан бичиг болон хөтөлбөрийг шүүх хуралдаанд ирүүлсэн өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг албан ёсоор гаргаагүй боловч шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлт болон хэрэгт цугларсан нотлох баримт  бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

           Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэх  нь зүйтэй байна гэж үзлээ.

             С.Чойсүрэн өмнө нь түүнийг ажлаас үндэслэлгүй халсныг тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын  2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/27  дугаартай захирамж / 1-р хавтаст хэргийн  49 дүгээр хуудас /-аар   Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчийн ажилд эргэн оржээ. 

               Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга нь маргаан бүхий  2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “С.Чойсүрэнг ажлаас чөлөөлөх тухай” Б/48  дугаартай захирамж /1 дүгээр хавтаст хэргийн 3/-аар нэхэмжлэгч С.Чойсүрэнг “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудад зааснаар сонгуулийн үр дүнд Засаг даргаар томилогдож Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд санаа зорилго нэгтэй байж,тусалж дэмжин эзгүй үед нь  орлон ажиллах, улс төрийн албан тушаалтан байтал ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан ажлаа хийж гүйцэтгэдэггүй өгсөн үүрэг даалгаварыг үл биелүүлэн  ажил хэргийн шаардлага тавихад “ажлын байрны дарамт үзүүллээ” гэх мэтээр эсэргүүцдэг улмаар 2017 оны “Үр дүнгийн гэрээ “-ний дүгнэлтээр “Хангалтгүй” /35 хувь/ үнэлгээ авсан нь цаашид хамтран ажиллах боломжгүй байгаа мөн холбогдох хуульд заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд бичгээр санал тавьж бичгээр хариу аван “Зөвшилцсөн” гэх үндэслэлээр  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.12, 11 дүгээр зүйлийн 11.3, 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1,25.1.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Чойсүрэнг  уг ажил, албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэжээ.

         Маргаан бүхий захиргааны актад заасан С.Чойсүрэнгийн гаргасан гэх зөрчил тус бүрт дүгнэлт хийж үзвэл:

         1. 2017 оны “Үр дүнгийн гэрээ“-ний дүгнэлтээр “Хангалтгүй” /35 хувь/ үнэлгээ авсан гэх үндэслэлийн тухайд :

          Нэхэмжлэгч С.Чойсүрэнгийн эрхэлж байсан албан тушаал нь “сумын Засаг даргын орлогч” буюу  Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар  төрийн улс төрийн албан тушаалтан бөгөөд сонгуулийн үр дүнд сонгогдож, томилолтын журмаар ажилладаг, тэдгээрийн бүрэн эрх, түүний баталгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдсан байна

            Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга, сумын Засаг даргын орлогч С.Чойсүрэн нарын хооронд  2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “ Хамтран ажиллах гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 50-56/ -г байгуулжээ.

           Уг  гэрээнд  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын хүлээх үүргийг 2-ын 1-ээс  4-д  сумын Засаг даргын орлогчийн хүлээх үүргийг 3-ийн 1-ээс 6-д тус тус тусгасан байна. Хамтран ажиллах гэрээний 4.1-т Гэрээний биелэлтийг улирал бүрээр гаргаж дараа сарын 05-ны дотор  хавсралт нэг бүрээр гаргаж гэрээний үүргийн гүйцэтгэлийг тайлагнах бөгөөд жилийн эцсийн гүйцэтгэлийг тухайн оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тайлагнаж үнэлж дүгнүүлэхээр тусгасан байна.

             Гэтэл сумын Засаг дарга хамтран ажиллах гэрээг үнэлж дүгнэлгүйгээр төрийн  жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэдэг  үр дүнгийн гэрээг С.Чойсүрэнтэй 2017 оны 12 дугаар сарын  10-ны өдөр  байгуулж  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Хангалтгүй” /35 хувь/ үнэлгээ  өгч дүгнэсэн  болох нь  хууль бус  байна.

          2.  Ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан ажлаа хийж гүйцэтгэдэггүй өгсөн үүрэг даалгаварыг үл биелүүлсэн гэх үндэслэлийн тухайд дараах үйл баримт нөхцөлүүд тогтоогдож байна.Үүнд :

              а.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчийн ажлын байрны тодорхойлолт / 1 дүгээр хавтаст хэргийн 31-34/-ыг тус сумын Засаг даргын Тамгын газрын ТЗХЭЗ-н мэргэжилтэн Р.Батзаяа 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр боловсруулан Засаг даргын орлогч С.Чойсүрэнд танилцуулан сумын Засаг даргаар батлуулан баталгаажуулсан  байна.

            Тус сумын Засаг даргын орлогчийн ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны зорилго нь :” Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх замаар Засаг даргын үр нөлөөтэй, үр ашигтай тасралтгүй хэвийн жигд ажиллагааг хангах”-аар, 4-ын 2-т Алтанбулаг сумын  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулан  ИТХ-аар батлуулж биелэлтийг гаргана гэж  тус тус заажээ.

           Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Долоодугаар хуралдаанаараа 1.Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт явц 2. Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах гэх зэрэг нийт  8 асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд нэхэмжлэгч С.Чойсүрэн байлцан сумын Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлуулах талаар танилцуулан тайлбарлан оролцсон зэрэг нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн  155-166/ -д тэмдэглэгдэж, бичигдсэн мөн Алтанбулаг сумын Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн төсөл / 2 дугаар хавтаст хэргийн     /-ийг  нэхэмжлэгч нь  нэгтгэж боловсруулан сумын Засаг даргаар гарын үсэг зуруулан баталгаажуулан хүргүүлсэн болох нь тус тус нотлогдож байна.

          б. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь бүх сумдын Засаг дарга нарт  2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2/457 дугаартай албан  тоот болон  “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний сумдад нийтлэг  хамаарадтай болон нэр заагдаж орсон заалтуудын жагсаалт” зэргүүдийг тус тус хүргүүлжээ. Тус тоотын дагуу аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг  Алтанбулаг суманд хэрхэн биелүүлсэн талаархи тайланг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан хөтөлбөрийн биелэлтийн тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 188-228/  болон  гэрч  Д.Хишигбат / 1 дүгээр хавтаст хэргийн 180-181/-ын  “ 2017 оны эцсээр  Алтанбулаг сумаас тухайн тоотын дагуу хариу тайлан ирүүлсэн боловч суманд нэр заагдаж орсон болон  нийтлэг хамааралтай заалтуудын дагуу тайланг ирүүлээгүй” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хугацаанд нь хариу тайлан хүргүүлээгүй гэдэг нь  тогтоогдохгүй байна..

            в. аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот албан даалгаварыг биелүүлээгүй гэх тухайд: Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого,төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Эрдэнэгэрэл  нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 5/181 тоот албан бичиг / 1 дүгээр хавтаст хэргийн 17/  болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар “ 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” албан даалгавар / 1 дүгээр хавтаст хэргийн 18-21/ зэргийг  Сэлэнгэ аймгийн бүх сумдын Засаг дарга нарт хүргүүлжээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогч С.Чойсүрэн нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 428 тоот албан бичгээр /2 дугаар хавтаст хэргийн 11-22/  тус сумын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг хүргүүлсэн болох нь гэрч  А.Эрдэнэгэрэл /2 дугаар хавтаст хэргийн 9/-ийн. шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул албан даалгаварыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

            г.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг  сумын Засаг дарга нь Засаг даргын орлогч дарга С. Чойсүрэнд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 412 дугаартай албан   / 1 дүгээр хавтаст хэргийн 21/ “ Төв зам дагуух гэрлүүдийн ажлыг сольж асаах ажлыг хийж гүйцэтгэх талаар ... өгсөн үүрэг биелэгдээгүй байна.Уг ажлыг яаралтай хийж гүйцэтгэхийг мэдэгдье”  гэсэн тоотыг өгчээ.Нэхэмжлэгч С.Чойсүрэн нь 412 тоотын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ү.Янжиндуламд 426 дугаартай албан тоот / 2 дугаар хавтаст хэргийн /- оор “сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайн эвдэрсэн замын зураг дээр төсөв гаргаж захиалагч талаас тендер яаралтай зарлаж хуулийн дагуу ажлыг хийж гүйцэтгэхийг даалгаж шийдвэрлэсэн байх тул уг даалгаварыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

              Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д зааснаар сум, дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчдтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх эрх сумын Засаг даргад олгогджээ.                      

          Сумын Засаг дарга нь Засаг даргын орлогч С.Чойсүрэнг ажлаас чөлөөлсөн захирамжийг гаргахын өмнө 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 585 дугаар /1 дүгээр хавтаст хэргийн 42/-тай албан бичгийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлснийг Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн  / 1 дүгээр хавтаст хэргийн 43-46/ хуралдаанаар хэлэлцээд олонхийн саналаар ажлаас нь чөлөөлөхийг дэмжээгүй тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга нь  2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 105 дугаар/ 1 дүгээр хавтаст хэргийг 42 /-тай албан бичгээр “...олонхи нь ажлаас чөлөөлөхийг дэмжээгүй тул хариуг үүгээр хүргүүлж байна” гэсэн хариу хүргүүлснийг сумын Засаг дарга  хүлээн авч “Зөвшилцсөн “ гэж үзээд нэхэмжлэгчийг  ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт цугларсан  нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай “ С.Чойсүрэнг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Чойсүрэнг түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг  сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн  тогтоож.  ажилгүй байсан хугацааны цалинг  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг  сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

            Төрийн албаны тухай  хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...олгоно” гэж тус тус заажээ. Энэхүү хуулийн заалт нь ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд хэрэгжих учиртай юм.

            Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч С.Чойсүрэн нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын орлогчоор 6 сарын хугацаагаар түр томилогдон  ажиллаж байгаа тул томилогдсон өдрийг хүртэлх цалинг нэхэмжилж байна гэсэн тул  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.Чойсүрэнгийн нэг сарын дундаж цалинг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан тодорхойлолт / 1 дүгээр хавтаст хэргийн  67/-ыг үндэслэн бодож  2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 3 сар  ажилгүй байсан хугацааны цалин 3.027.417 / гурван сая хорин долоон мянга дөрвөн зуун арван долоон / төгрөгийг  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг  сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгох нь зүйтэй байна. 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

         1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн   29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Чойсүрэнгийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/48 дугаартай “ С.Чойсүрэнг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Чойсүрэнг түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг  сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

          2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Чойсүрэнгийн хууль бусаар ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 3 сарын цалин 3.027.417 / гурван сая хорин долоон мянга дөрвөн зуун арван долоон / төгрөгийг  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг  сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг даалгасугай.

              3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг 0000100131400941 тоот дансанд  хэвээр үлдээж,  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газраас 70.200 /далан мянга хоёр зуун /  төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  шүүхийн  шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгчид  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.БУРМАА