Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гялаан овогт Л-гийн Э-д холбогдох 1735001540090 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1980 оны 8 дугаар сарын 01-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух, Гялаан овогт Л-гийн Э. регистрийн дугаар: ОК80080115.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Н.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Л.Э орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт орчиндоо аюул учруулж болох амьтан /нохой/-ыг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Н.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Н “2017 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө 09 цаг 40 минутын орчимд сургууль орох гээд Энхээ гэдэг айлын хажуу талын замаар явж байтал тэдний шар халтар нохой над уруу чиглэж ирж байхаар нь би нохойгоо аваарай гэж орилсон чинь нөгөө нохой миний баруун гарын шуу дээрээс хазаад намайг газарт унагасан. Тэр үед Э ирж нохойгоо авч уяад намайг босгож авсан. Тухайн үед би өөрөө босож чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09-р тал/, гэрч Д.О-ын “2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 09 цаг 30 минутын орчимд ажил дээрээ ажлаа хийж байтал манай нөхөр Л.Э над уруу утсаар холбогдож “Манай нохой хүн хазчихлаа, Хазуулсан хүн эмнэлэг дээр байна. Чи эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр очиход манай нохойд хазуулсан хүн ирээгүй байсан ба 10 цагийн үед манай нохойд хазуулсан Н.Н эгч ирсэн юм. Бид нар хамт эмчид үзүүлэхэд яаралтай аймаг яв гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр аймаг явах унаа олж өгсөн. Н аймаг ороод түргэн тусламжийн эмчид үзүүлээд нарийн шинжилгээнд яаралтай ор гэж хэлсэн тул би аймаг уруу маргааш өдөр нь явсан. Тэгтэл Н.Н эгчийн нуруу хугарсан байна гэсэн хариу гарсан. Тэгээд Н эгчийг би хувийн Жаргалан гэдэг эмнэлэгт 8 хоног эмчлүүлсэн. Манай нохойд Н эгч хазуулсан учраас Н эгчийн шинжилгээнд оруулсан болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эм тарианы мөнгө нийт 370.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, гэрч С.П-ийн “Би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 10 цагийн үед Эын гэрийн гаднаас модны үрдэс ачих гэж байтал тэдний гэрийн хажуугаар автомашины замаар явж байсан Н эгчийг Э-ын шар халтар нохой очоод хазсан юм. Тэр үед Н эгч газар унасан. Тэгэхэд Э нохойгоо авч уяад Н эгчийг очиж босож авсан. Н эгч үрүү анх нохой дайрах гээд гүүж байхад Э нохойгоо барьж чадаагүй юм. Тэгээд би Н эгчийг гэрт оруулаад дараа нь эмнэлэг хүргэж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/, шүүгдэгч Л.Э-ын “2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 08 цагийн үед эхнэр О-ыг ажилд нь хүргэж өгөөд гэртээ ирсэн. Тэгээд нохойгоо уяах гэхэд байгаагүй удалгүй манай нохой гэрийн гадна гүйж ирсэн. Тэр үед би боорцог өгөөд нохойгоо барих гэхэд зугатаад гэрийн хажууд байрлалтай машины замаар явж байсан эмэгтэй хүнийг хазаад урагшаа унагасан юм. Тэр үед би гүйж очтол манай нохой дахин дайрах гэхээр нь урьдуур орж нохойгоо барьж авсан. Зам дээр унасан хүнийг босгох гэхэд нуруугаар хатгаад байна гэхээр нь би сугадаж босгоод гэр үрүүгээ авч оруулж гараас нь гарч байсан цусыг цэвэрлэж бинтээр боож өгөөд гадна Б гэдэг залуугийн машинаар Н эгчийг эмнэлэгт хүргэхэд аймаг уруу яаралтай явуул гэсэн тул эхнэрээ дагуулж явуулсан. Би буруугаа ойлгож гэмшиж байна. Одоогийн байдлаар эмчилгээнд 370.000 төгрөг гарсаныг төлж өгсөн” гэх мэдүүлгүүдээ нотлогдож тогтоогдсон байна.

 Шүүгдэгч Л.Э-ын нохойд хазуулсаны улмаас хохирогч Н.Н бие махбодид цээжний 12 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун шуунд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Энэ гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 663 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-р тал/-ээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Л.Э-ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Хохирогч Н.Н хохиролд 200.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

2. Шүүгдэгч Л.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Л.Э орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Э нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажлгүй болох нь Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35-р тал/-оор тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Э орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хохирогчид яаралтай тусламж үзүүлж хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов. 

Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гялаан овогт Л-гийн Э-ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Н 200.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

            5. Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэгэлсүгэй.

           

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ