Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 01

 

Л.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгчид Б.Дамба, Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, прокурор П.Удвал, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолтой, Л.Э-д холбогдох эрүүгийн 1735001540090 дугаартай хэргийг хохирогч Н.Н-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, Өндөрхангай сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Г овогт Л-ийн Э нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овогт Л-ийн Э-ыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20,15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Н давж заалдах гомдолдоо: “....Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээ хүүгээ сургуулиас авч эмнэлэгт үзүүлэх гэж яваад Л.Э-ын нохойнд хазуулж биедээ бэртэл авсан. Нэгдсэн эмнэлгээр үзүүлэхэд миний биед цээжний 12 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун шуунд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцралттай гэсэн гэмтэл учирсан. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэлтэй гаргасан. Нэгдсэн эмнэлэгээс намайг Улаанбаатар хот явж даруй нарийн шинжилгээнд орж үзүүлэх шаардлагатай гэсэн зөвлөгөөг өгсөн. Биеийн байдал муу, мөнгөгүй учраас одоо болтол Улаанбаатар хот явж чадаагүй Л.Э-д хандаж Улаанбаатар хот явж нарийн шинжилгээнд орох шаардлагатай надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд танд 500.000 төгрөг өгье гэж худлаа хэлсэн. Дараа нь намайг шүдлэн адуу авах уу гэж асуусан. Удалгүй дахиад үхэр өгье гэсэн тэгэхээр би үхэр адуугаар яах вэ, надад мөнгө хэрэгтэй байна яагаад гэвэл Улаанбаатар хот явах тул гэхэд Л.Э нь танд өгөх мөнгө байхгүй ээ хоёулаа шүүхээрээ асуудлаа шийдвэрлүүлье гэж хэлсэн. Миний бие Л.Э-аас 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би хөдөлмөрийн чадвараа алдсан учраас нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Нохойг орой тавьж, өглөө уядаг хууль дүрэм байгаа миний бие гомдолтой байна. гэжээ

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутагт Н.Нг хазаж, улмаар түүний биед “цээжний 12 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун шуунд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Н.Н-гийн “ 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 09 цаг 40 минутын орчимд сургууль орох гээд Энхээ гэдэг айлын хажуу талын замаар явж байтал тэдний шар халтар нохой над руу чиглэж ирж байхаар нь би нохойгоо аваарай гэж орилсон чинь нөгөө нохой миний баруун гарын шуу дээрээс хазаад намайг газарт унагасан. Тэр үед Энхээ ирж нохойгоо авч уяад намайг босгож авсан “ гэх мэдүүлэг,

Гэрч Д.О-ын “ 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байтал манай нөхөр Л.Э над руу утсаар холбогдож “Манай нохой хүн хазчихлаа. Хазуулсан хүн эмнэлэг дээр байна. Чи хүрээд ир“ гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр очиход манай нохойд хазуулсан хүн ирээгүй байсан ба 10 цагийн үед нохойд хазуулсан Н.Н эгч ирсэн юм. Бид нар хамт эмчид үзүүлэхэд яаралтай аймаг яв гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр аймаг явах унаа олж өгсөн. Н.Н гуай аймаг ороод түргэн тусламжийн эмчид үзүүлээд нарийн шинжилгээнд ор гэж хэлсэн тул би аймаг маргааш өдөр нь явсан. Тэгтэл Н.Н эгчийн нуруу хугарсан байна гэсэн хариу гарсан. Тэгээд Н.Н эгчийг би хувийн Жаргалан гэдэг эмнэлэгт 8 хоног эмчлүүлсэн. Эм тарианы мөнгө нийт 370000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

Гэрч С.П-ийн “...Л.Э-ын гэрийн гаднаас үртэс ачих гэж байтал тэдний гэрийн хажуугаар автомашины замаар явж байсан Н.Н эгчийг Л.Эын шар халтар нохой очоод хазсан юм” гэх мэдүүлэг,

Шинжээч эмчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 663 дугаартай “ Н.Н-гийн бие махбодид цээжний 12 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун шуунд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл учирсан байна. Энэ гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Н.Н-гийн өвчний түүх зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хавтас хэрэгт бүрдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлагдсан шүүхийн шийдвэрт эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдохгүй байна.

Хохирогч Н.Н-гийн “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцсан. Би Л.Эын нохойд хазуулж биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авсан. Нэгдсэн эмнэлэгээр орж үзүүлэхэд Улаанбаатар хот явж нарийн шинжилгээнд орох шаардлагатай гэсэн тул 2000000 төгрөг нэхэмжлэж байна. Шүүх хуралд бие муу учраас очиж чадаагүй ба шүүх Л.Энхбатын хэргийг хүчингүй болгосон байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү“ гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Л.Эыг орчиндоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад хохирогч Н.Н нь 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн боловч хохиролын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байх ба анхан шатны шүүхээс хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд хохирогч нь баримтаа бүрдүүлэн хохирлоо гаргуулах боломжтой байна

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Нгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Н-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

Н.МӨНХЖАРГАЛ