Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 447

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.Э*******

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*******, Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:"...Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт, сурталчилгаа олон нийттэй харилцах албаны дарга Д******* овогтой Э******* миний бие Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 тоот "Д.Э*******ыг Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж Төрийн албаны зөвлөлд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4-т заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь 30 хоногийн дотор тус гомдлыг хянан шийдвэрлэж хариу өгөх байсан болавч хариу өгөөгүй, хугацаа сунгасан тухай мэдэгдэл мөн хүргүүлээгүй салбар зөвлөлд шилжүүлэв гэсэн албан бичиг ирүүлсэн болно.

Иймд миний бие Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу “Нийгмийн   даатгалын    ерөнхий    газрын   даргын    үүргийг   түр    орлон гүйцэтгэгчийн  2016  оны   01   дүгээр  сарын  25-ны  өдрийн   Б/20  тоот "Д.Э*******ыг  шилжүүлэн  ажиллуулах  тухай"  тушаалыг  хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Удаа дараа ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ярьж байна. 2011-2013 онд дандаа A үнэлгээтэй хөдөлмөрийн гэрээгээ дүгнүүлж байсан. Өмнөх онуудад би дандаа нэгжийн даргаар ажиллаж байх үед сөрөг хандаж байсан. Б.М******* нь тамгын газрын даргаар ирснээс хойш өмнөх нэгжийн даргаар ажиллаж байх хугацаанд тааламжгүй харилцаатай байснаас үүдэн надад сөрөг хандаж байсан. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэгт холбогдуулж хэлэхэд 2014-2015 онд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан төсөв хүнд байсан. Гэвч би энэхүү сургалт сурталчилгааны ажлаа хангалттай хийж ирсэн. Ажил үүргийн хувьд хангалттай гүйцэтгэж байсан гэж үзэж байгаа.

 Үр дүнгийн гэрээг дүгнэсэн асуудлын хувьд харандаагаар 91.2% гэж дүгнэсэн асуудлыг огт хэлэлцэхгүй байна. Хариуцсан мэргэжилтэн өмнөх заалтуудыг уншаад хууль журмын дагуу өгөх үнэлгээнүүдийг тавьсан. Өмнөх ажлуудыг уншиж танилцсан эсэх нь тодорхойгүй хэрнээ Б.М******* дарга хувийн үзэмжээр 62.1% гэсэн дүнг тавьсан гэдэг нь миний оронд найзыгаа томилсноос харагдана. Хувийн ашиг сонирхлын үүднээс буюу ажлын байр гаргаж найзыгаа оруулах зорилготойгоор намайг ажлаас чөлөөлсөн гэж хардаж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг тушаалын утгыг ойлгохгүй байгаа шинжтэй үндэслэлийг мушгин гуйвуулж байна. Сэлгэн ажиллуулна гээд ажиллах албан тушаалыг нь тодорхой заагаагүй байгаа. Сүүлийн хэдэн жил ийм мэт асуудал маш их гарч байгаа. Дандаа Ерөнхий газар, Нийслэлийн мэдэлд гээд хаана ч ажилд авдаггүй. Залхтал нь 3,4 сар явуулаад, нэхэмжлэл гаргах хугацаа нь дууссаны дараа хаядаг асуудал төрийн албанд нийтлэг болсон. “Төрийн албаны тухай” хуулийн 22.2-ийг үндэслэсэн. Үүнд “зөвшөөрсөн” гэдгийг “албан тушаалтны шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүй төрийн албан хаагчийн өөрийнх нь хүсэл зоригоо илэрхийлэхийг хэлэх бөгөөд зөвшөөрөл нь бичгэн хэлбэртэй байна.” гэж Монгол улсын Дээд шүүхийн тогтоолд тайлбарласан. Мөн сэлгэн ажиллуулах гэдгийг албан тушаалын ангилал зэрэглэл цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр албан тушаалыг тодорхой заасан адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлэн томилохыг ойлгоно гэсэн байдаг. Гэтэл сэлгэн орох албан тушаалыг заагаагүй. Нийслэлд сургалт сурталчилгааны мэргэжилтэн ганцхан байдаг бөгөөд ТЗ-5-аар цалинждаг” гэжээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт, суртачилгаа олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан Д.Э*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Нийгмийн даатгалын газарт мэргэжлийн дагуу ажлын байраар хангахыг үүрэг болгосон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны.өрийн Б/20 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн гаргасан нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д " хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх,   албан  тушаалаас бууруулах,   өөр  албан  тушаалд  шилжүүлэх,   сэлгэн ажиллуулах,  шагнаж урамшуулах,  сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, тур чөлөөлөх, халах" гэсэн заалт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д "Агентлагийн   дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана" гэж заасантай нийцэж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь нэхэмжлэгч Д.Э*******ыг шилжүүлэн ажиллуулах тухай 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг гаргасан нь Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 4.4-д " Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ" гэж заасантай нийцэж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М******* нь нэхэмжлэгч Д.Э*******ад шилжүүлэн ажиллуулах тухай хэлэхэд ямарч татгалзсан хариу өгөөгүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-д "хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн бол хэлцлийг амаар хийсэнд тооцно" гэж  заасны дагуу уг хэлцлийг тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэстэй байна.

Түүнчлэн Д.Э******* нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-д заасны дагуу татгалзсан хариу өгөх хугацаа хангалттай байхад ямар ч хариу өгөөгүй нь шилжүүлэн ажиллуулах асуудлыг зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна. Нийслэлийн   Нийгмийн   даатгалын   газарт   Д.Э*******ыг   шилжүүлэн ажиллуулахад харилцан амаар тохиролцсон нь Төрийн  албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно" гэсэн заалттай нийцэж байна. Иймд нэхэмжлэгч Д.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-дэх "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэсэн заалтыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үр дүнгийн гэрээний дүгнэлт дээр дараагийн шатны даргын тэмдэглэл гээд анхан шатны захирагчийн дүгнэсэн үнэлгээг хэрэв зөвшөөрөхгүй бол зөвшөөрөхгүй гэсэн тэмдэглэлээ дарж, үндэслэлээ бичээд 62.1D гэснийг өөрчлөх ёстой байсан. Энэ үнэлсэн үнэлгээ нь Тамгын газрын даргын үнэлсэн цэвэр ажил хэрэгтэй холбоотой үнэлгээ. Хувийн таарамжгүй байдлаас шалтгаалж муу гэх үнэлгээг ямар ч төрийн албан хаагч хийхгүй. 62.1D гэсэн үүнэлгээг зөвшөөрсөн нь 2015.12.17-ны өдөр н.Уртнасан нь ерөнхий газрын дарга байхдаа гарын үсгээ зурж, тамгаа дарсан учраас хүчин төгөлдөр болоод явж байсан. Хугацааг нь сайн санахгүй байна гэж н.Болормаа гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байсан. Энэ бол он гарсны дараа буюу албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа 80B сайн гэсэн үнэлгээг тавьсан байдаг. Үндэслэлээ бичих эрхгүй байсан учраас тайлбараа бичээгүй хоосон үлдээсэн. 80 сайн гэсэн үнэлгээ дээрээ улсын ерөнхий байцаагчийн тамгыг дарсан нь үнэлгээг дүгнэх журамд нийцэхгүй байгаа учир 62.1D дүнгээр Д.Э******* нь ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан, хариуцлага тооцох, ажлын байрыг солих гэсэн дүгнэлтийнхээ дагуу шилжүүлэн ажиллуулах тушаал гарсан. Асуудал нь тушаал яагаад ингэж гарсан юм гэдэгт биш энэ хүн удаа дараа ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан учир халах ёстой байтал яамнаас наадах хүнээ өөрчилж тушаалыг нь гаргаарай гэх байдал үүссэн хандлагаар, өөрөө ч халъя гэдэг байсан гэж хүлээн зөвшөөрч, нотлоод байна. Тийм учраас ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас шилжүүлэн ажиллуулсан 22 дугаар зүйлд заасныг үндэслэж байгаа нь буруу биш. Зайлшгүй албан ажлын шаардлагаар өөрт нь санал дэвшүүлж, тохиролцоод , нөгөө ажил нь болохоо байгаад зэрэг зохицуулалтад 22 дугаар зүйлийг хэрэглэдэггүй юм байна. Мөн “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8.3.5-д үндэслэн тушаалаа гаргасан нь хуульд нийцсэн. “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хууль нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын барих гол хууль   учраас энэ хуулийнхаа заалтыг барьсан. 

Д.Э******* дарга маш хангалтгүй тайлбар хийж байна. Өөрөө ямар ч буруугүй маш сайн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Бусад нь бүгд буруутай гэж ярьж байна. Ингэж ярьж болохгүй. Мөн хувийн таарамжгүй харилцаа гэдгээ нотолж чадахгүй байна.

Нийслэлийн нийгмийн даатгалын газрын албан тушаалыг Нийгмийн даатгалын ерөнхий газар заах эрхгүй. Маш олон албан тушаалтныг зохицуулж байгаа зохицуулалтыг хийх гаргалгаа нь байж байхад яагаад ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулж, сэлгэн ажиллуулах тушаал шийдвэр гаргаж болохгүй. Хамгийн ноцтой нь Нийслэлийн нийгмийн даатгалын газрын ажлыг зааж өгч явуулах ёстой байсан гэж байна. Үгүй. Нийслэлийн нийгмийн даатгалын газарт ийм эрх хэмжээ байхгүй. Нийслэлийн нийгмийн даатгалын газар энэ тушаалыг аваачиж өгсөн байдаг. Үүнээс тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болно. Өгчхөөд ямар албан тушаалд тавих уу гэж н.Золжаргал даргатай уулзахад ажил нь байгаа, харин ажилдаа ирээгүй тасалсанд тооцож бичилт хийж шүүхэд өгнө гэсэн. Бид цалин хөлсийг нь бууруулахгүй ажилд нь авчих гэхээр өөрөө эвлэрэхгүй байгаа. Тиймээс шүүхийн шийдвэрийг сонсъё. Гагцхүү ажил нь бэлэн гэж байгаа. Өнөөдөр буцаад ажилдаа орох боломжгүй. Учир нь хэлтэст нь бүтцийн өөрчлөлт орсон. Мөн дээр нь ажилдаа хариуцлагагүй хүнийг буцаад ажилд нь авч ажил үүрэг гүйцэтгүүлэх боломжгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Д.Э*******ын “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгын ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.17, 4.18 дахь заалтыг тус тус үндэслэн тус газрын Тамгын газрын Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны дарга Д.Э*******ыг үүрэгт ажлаас нь  чөлөөлж, Нийслэлийн нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдэлд шилжүүлжээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий акт болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...ажил үүргээ хангалттай гүйцэтгэж байсан...саналыг бичгээр аваагүй... албан тушаал, цалингийн зэрэглэлийг бууруулах ёсгүй...шилжүүлэн очих албан тушаалыг заагаагүй” гэж, хариуцагчаас “...албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн...шилжүүлэн ажиллуулах талаар өөртэй нь амаар тохиролцсон...” гэж тус тус мэтгэлцэж байна.

Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай журмын 4.4-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”  гэж тус тус зааснаас үзвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М******* нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалыг орлон гүйцэтгэх явцад ажилтныг шилжүүлэх ажиллуулах тухай тушаал гаргасан нь түүний эрх хэмжээнд хамаарч байна. 

Тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/4352 дугаар албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас Д.Э*******ыг шилжүүлэн ажиллуулахдаа түүний саналыг авсан эсэх талаар тайлбар холбогдох баримтыг шаардсаны дагуу хариуцагчаас ирүүлсэн нэмэлт тайлбарт Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны дарга Д.Э*******ыг албан үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас үр дүнгийн гэрээгээ хангалтгүй дүгнүүлсэн талаар дурдаж, дээрх шалтгаан нөхцөл нь Д.Э*******ыг шилжүүлэн ажиллуулах үндэслэл болсон гэж тайлбарлаж байна. 

Хавтаст хэрэгт авагдсан Д.Э*******ын 2015 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн тайлангаас үзэхэд гэрээний 4.1 дэх хэсэгт нийт оноог 91.2 болон 62.1 гэж, 6.2 дахь хэсэгт дараагийн шатны даргын үнэлгээ хэсэгт 62.1 болон 80.0 гэсэн 2 өөр үнэлгээ тавигдсан байх бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн гэрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Л.Болормаагийн  “...62.1 гэсэн дүнг Д.М******* дарга тавьсан, 80 гэсэн үнэлгээг дараагийн шатны дарга болох Ц.Уртнасан дарга тавьж байцаагчийн тамгаа дарсан...” гэсэн мэдүүлэг болон Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэх аргачлалын 6.2-т “Хэрэв дараагийн шатны дарга менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй  байвал “Зөвшөөрөхгүй” гэсний дараахь нүдэнд тэмдэглэнэ.Энэ тохиолдолд дараагийн шатны дарга менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй  байгаа үндэслэл, өөрийн үнэлгээг бичнэ. Энэхүү үнэлгээ нь гэрээний биелэлтийн эцсийн үнэлгээ болно” гэж заасан зэргээс үзвэл Д.Э*******ын үр дүнгийн гэрээг дүгнэж 80 гэсэн үнэлгээг тавьсан дараагийн шатны дарга болох Ц.Уртнасангийн үнэлгээ нь үр дүнгийн гэрээний эцсийн үнэлгээ байхаар байна. Энэ тохиолдолд Д.Э*******ыг үр дүнгийн гэрээгээ хангалтгүй дүгнүүлсэн гэж үзэх үндэслэлгүй буюу ажил албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан гэж үзэх боломжгүй.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Д.Э*******ыг шилжүүлэн ажиллуулахаар тохиролцсон талаарх баримт авагдаагүй, тохиролцсон эсэх нь хангалттай нотлогдохгүй байхын дээр албан ажлын зайлшгүй шаардлагатай байсан нь тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгон, Д.Э*******ыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, сурталчилгаа олон нийттэй харилцах албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлхи ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 4558546 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгасугай

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН