Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2016/0543

 

Иргэн Д.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Д.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 447 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, иргэн Д.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Эрдэнэбатыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны дундаж цалин олговорт 4558546 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, С.Мяндасмаа нар давж заалдах гомдолдоо: “Иргэн Д.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 447 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан эрхийн хүрээнд давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрт “... Д.Эрдэнэбатын үр дүнгийн гэрээг дүгнэж 80 гэсэн үнэлгээг тавьсан дараагийн шатны дарга болох Ц.Уртнасангийн үнэлгээ нь үр дүнгийн гэрээний эцсийн үнэлгээ байхаар байна” гэсэн нь “Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (Үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журам”-ын 5.2-д “Хэрэв дараагийн шатны дарга ерөнхий менежер, эсхүл менежерийн өгсөн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг бичнэ” гэж заасантай нийцэхгүй байгаа бөгөөд Д.Эрдэнэбатын 2015 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийн баталгаажуулалт дээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан зөвшөөрч гарын үсэг зурсан боловч ажлаа өгсний дараа өөрчлөлт оруулж шууд үнэлгээг 80 болгож улсын ерөнхий байцаагчийн хувийн тэмдэг дарж, өөрийн засч өөрчилсөн үнэлгээний үндэслэлийг бичээгүй байгаа нь дээрх журмын заалтыг ноцтой зөрчсөнийг шүүгч анхааран үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Шүүгч шийдвэртээ “Д.Эрдэнэбатыг үр дүнгийн гэрээгээ хангалтгүй дүгнүүлсэн гэж үзэх үндэслэлгүй буюу ажил албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан гэж үзэх боломжгүй” гэсэн нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга нь 62.1 гэсэн үнэлгээ өгч, Д.Эрдэнэбатын Үр дүнгийн гэрээний биелэлтийн үндэслэл гэдэгт: “Ажил хийх сахилга идэвхи сул, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажлын бүтээмж муу” гэж тэмдэглээд Үр дүнгийн гэрээний 5.2-д “Гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний санал” гэсэн хэсэгт:

  • Ажил хийх санаачлага идэвхи сул, ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажлын бүтээмж муу;
  • Хариуцлага тооцох, эсвэл ажлын байрыг солих;
  • Мэргэжил ур чадварын сургалтанд хамрагдах шаардлагатай гэж дүгнэснээр үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Түүнчлэн Тамгын газрын даргаас ийнхүү дүгнэсэн үнэлгээ нь Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (Үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журмын 4.1-д “... эсвэл “D” буюу “Дутагдалтай”, “E” буюу “Хангалтгүй” үнэлгээ өгсөн бол үндэслэлээ бичнэ” гэж заасантай нийцэж тодорхой бичсэн байгаа нь нэхэмжлэгч Д.Эрдэнэбатыг албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсныг нотолж байна.

Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч Д.Эрдэнэбатыг шилжүүлэн ажиллуулахаар тохиролцсон талаарх баримт авагдаагүй” гэсэн нь Д.Эрдэнэбатын Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга Д.Золжаргалтай уулзаж тушаалаа өгсөн үйлдлээр үгүйсгэгдэж байгааг  шүүгч анхааран үзээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн заалтыг шүүгч зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын үр дүнгийн гэрээний үнэлгээний талаар гэрч Л.Болормаа “... 80 гэсэн үнэлгээг дараагийн шатны дарга Ц.Уртнасан тавьж байцаагчийн тамгаа дарсан” гэж гэрчилсэн нь албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа үнэлгээг өөрчилж, Улсын ерөнхий байцаагчийн тэмдэг дарсан нь хувь хүний үнэлгээ гэж үзэх үндэстэй байгааг анхааран үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасныг шүүгч зөрчсөн байна.

Иймд иргэн Д.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 447 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Д.Эрдэнэбатыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/20 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.17, 4.18-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын мэдэлд шилжүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Д.Эрдэнэбатыг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/20 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцээгүй байна. Тодруулбал,

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.17-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтална”, 4.18-д “Ажилтан нь өөр ажилд томилогдох, шилжүүлэхэд өөрийн саналыг илэрхийлэх эрхтэй” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн нөхцөлд ажилтантай тохиролцсоны үндсэн дээр өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болохоор байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Д.Эрдэнэбатыг Нийслэлийн нийгмийн даатгалын газарт шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага гараагүй байх ба шилжүүлэх талаар түүнтэй урьдчилан тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагчаас “...нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь ажлаа хийдэггүй, цаг ашиглалт муу, төрийн жинхэнэ албан хаагчийн үүргээ биелүүлдэггүй, Төрийн албаны тухай хууль болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмыг удаа дараа зөрчиж байсан...” гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий Б/20 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэж нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн захиргааны акт байх тул шүүх энэ талаарх нотлох баримтыг үнэлэх шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Д.Эрдэнэбат нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар буюу тушаалд заагаагүй шалтгаан, үндэслэлээр маргаж буй нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэх бөгөөд хариуцагчийн “маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч Д.Эрдэнэбатад түүнийг шилжүүлэн ажиллуулах ажлын зайлшгүй шаардлага гарсан талаар танилцуулж, харилцан тохиролцсон” гэх тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...шүүх нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах тушаал гаргах болсон талаарх хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Мэндбаярын тайлбарыг үнэлээгүй...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

Ийнхүү албан ажлын зайлшгүй шаардлага гараагүй, ямар албан тушаалд шилжүүлэн ажиллуулах нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч Д.Эрдэнэбаттай тохиролцолгүйгээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаал нь төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, сурталчилгаа олон нийттэй харилцах албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                     ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА