Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1627

 

 

 

 

 

 

 

 

 

 

“АНДХОГ ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01308 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “АНДХОГ ББСБ” ХХК-ийн хариуцагч Т.О-, Т.Э- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 22 724 570 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Э-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ш, хариуцагч Т.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага хариуцагч эгч дүүс болох Т.О-, Т.Э- нартай 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг сарын 3.8%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн барьцааны гэрээгээр хариуцагч Т.О-ийн өмчлөлийн Ү-2201051909 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт /18105/, 32 дугаар байрны 5 тоотын 38.4 м.кв хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн төлбөрөөс 100 000 төгрөг, хүүд 3 494 859 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1165 төгрөг, нийт 3 596 024 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссанаас хойш огт төлөлт хийгээгүй, төлүүлэх талаар бид удаа дараа арга хэмжээ авсан, утсаар ярьсан, төлөх тал дээр маргадаггүй, харин өөр нэг объект зарж үүргийн гүйцэтгэлийг хангана гэдэг боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Мөн бид нэхэмжлэл гаргахын тулд хавсаргасан баримтуудаа нотариатаар батлуулж 20 800 төгрөгийн зардал гаргасан. Иймд хариуцагч нараас 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 14 900 000 төгрөг, хүү 7 344 438 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүү 459 332 төгрөг, нотариатын зардалд 20 800 төгрөг, нийт 22 724 570 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.О-, Т.Э- нараас 21 946 119 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АНДХОГ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 778 451 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.О-, Т.Э- нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “АНДХОГ ББСБ” ХХК-д барьцаанд байгаа, хариуцагч Т.О-ийн өмчлөлийн Ү-2201051909 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт /18105/, 32 дугаар байрны 5 тоотын 38.4 м.кв хоёр өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “АНДХОГ ББСБ” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 341 772 /271 572+70 200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.О-, Т.Э- нараас 337 880 /267 680+70 200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АНДХОГ ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Т.Э- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үнийн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно” гэж заасан. Ийм учраас 15 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг 3.8 хувиар тооцож, үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт 3 596 024 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл 15 000 000-3 459 375.09 төгрөг хасагдаж, 11 540 624.91 төгрөг үлдсэн, зээлийн хүүгээс 3.8 хувиар бодож, 136 648.91 төгрөгийг хасагдсан. Үндсэн зээл, зээлийн хүүг 6 сар төлсөн, мөн Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс зээл тооцохгүй байх шийдвэр гаргасан байх тул 2 сар хасч, 7 сараар тооцож, /11 540 624.91 х 3.8%=438 543.74 х 7сар/-ын 3 069 806.18 төгрөг, 19 хоног /438 543.74:30=146 181.24 x19/-ийн 277 744.36 төгрөг нийт 3 347 550.54 төгрөгийн зээлийн хүү үлдсэн. Нэмэгдүүлсэн хүүг шүүхээс хянан тогтоосноор 459 332 төгрөг гэж шүүхээс хянан тогтоосныг зөвшөөрч байгаа. Нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 15 347 507.45 төгрөг /11 540 624.91+3 347 550.54+459 332/-ийг хариуцагч Т.О-, Т.Э- нар төлөхийг зөвшөөрнө.

Хариуцагч Т.Э-ийн нөхөр 2 дахь удаагаа тархины цус харвалтын улмаас биеийн байдал болон амьдралд нь хүнд нөхцөл үүсч, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай болж, хариу тайлбарыг бичгээр өгч чадаагүй, боломжгүй үедээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ББСБ-ийн захиралтай яриулж байсан, хөдөөнөөс ирээгүй үед буюу 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт нөхрөө рашаан уулгах, хануулах эмчилгээнд явсан үеэр хурал товлогдож, шуудангаар зөвхөн Т.О- гарын үсэг зурж, гардаж авсан, мөн хариуцагч Т.О-, Т.Э- нар өөр, өөр хаягт амьдардаг зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.3, 77.6 дахь заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Т.Э- намайг тус хэргийг шийдвэрлэх шүүх хуралд мэтгэлцэх зарчмаар оролцуулах боломжийг олгож, хэргийг анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “АНДХОГ ББСБ” ХХК-ийн хариуцагч Т.О-, Т.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 22 724 570 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилжээ.  

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь 15 000 000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийг хүүгийн хамт хуваарийн дагуу буцаан төлөхөөр, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч Т.О-ийн өмчлөлийн Ү-2201051909 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт /18105/, 32 дугаар байрны 5 тоотын 38,4 м.кв 2 өрөө орон сууцыг зээлийн үүрэгт барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх3-8/ Талууд гэрээ байгуулагдсан, зээлдэгч зээлийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч “АНДХОГ ББСБ” ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Т.О-т 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 5 318 866 төгрөг, 9 681 334 төгрөгөөр хоёр хувааж нийт 15 000 000 төгрөгийг шилжүүлснийг зээлдэгч хүлээн авсан, харин зээлийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн нь тогтоогдсон байна.  

 

Зээлийг төлүүлэх талаар нэхэмжлэгч талаас гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар утсаар ярих, биечлэн уулзах зэргээр шаардаж байсан гэх тайлбарыг хариуцагч нар үгүйсгээгүй, зээл төлөлтийн тооцооллоос үзвэл 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй  байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хариуцагч Т.О-, Т.Э- нар нь үндсэн зээлд 100 000 төгрөг, хүүд 3 494 859 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1165 төгрөг тус тус төлсөн зээлийн тооцооллыг хариуцагч баримтаар няцаагаагүй.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн хувийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гардан авч, мөн өдөр эрх, үүрэг тайлбарласныг баталгаажуулж гарын үсгээ зурсан байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн эсхүл хүлээн зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа шүүхэд 14 хоногийн дотор ирүүлээгүй байна.

 

            Шүүх 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Т.О-, Т.Э- нарт түүнчлэн оршин суугаа хаягаар нь шуудангаар хүргэсэн байх бөгөөд мөн өдөр хариуцагч Т.Э-ийн 99008714 дугаарт залган шүүх хуралдааны товыг мэдэгдсэн талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагджээ. /хх32-33, 35/

 

Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад шүүхэд хүрэлцэн ирээгүй, ирж чадаагүй ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар баримт хүсэлт ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журамд нийцнэ. Иймд шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх хариуцагч Т.Э-ийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Т.О-, Т.Э- нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 21 946 119 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “АНДХОГ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 778 451 төгрөг, мөн нэхэмжлэгчид 20 800 төгрөгийн хохирол учирсан байдал баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Түүнчлэн, хариуцагч Т.О-, Т.Э- нар нь зээлийн гэрээний дагуу 21 946 119 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Т.О-ийн өмчлөлийн Ү-2201051909 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт /18105/, 32 дугаар байрны 5 тоотын 38.4 м.кв хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2020/01308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 088 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ