Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар Дугаар 182/ШШ2020/01308

 

 

 

 

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2020/01308

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт байрлах, АНД  хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК /цаашид АНДХОГ ББСБ ХХК гэж товчилно, 5979714/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух, С овогт Т.О  /УХ69/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух, С овогт Т.Э  /УШ66/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 22,724,570 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага хариуцагч эгч дүүс болох Т.О , Т.Э  нартай 2018.09.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын 3,8%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөн 2018.09.21-ний өдрийн барьцааны гэрээгээр хариуцагч Т.О ийн өмчлөлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт /18105/, 32 дугаар байрны 5 тоотын 38,4 м.кв хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2020.03.21-ний өдөр дууссан. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн төлбөрөөс 100,000 төгрөг, хүүд 3,494,859 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1165 төгрөг, нийт 3,596,024 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссанаас хойш огт төлөлт хийгээгүй, төлүүлэх талаар бид удаа дараа арга хэмжээ авсан, утсаар ярьсан, төлөх тал дээр маргадаггүй, харин өөр нэг объект зарж үүргийн гүйцэтгэлийг хангана гэдэг боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Мөн бид нэхэмжлэл гаргахын тулд хавсаргасан баримтуудаа нотариатаар батлуулж 20,800 төгрөгийн зардал гаргасан байдаг. Иймд хариуцагч нараас 2020.04.15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 14,900,000 төгрөг, хүү 7,344,4387 төгрөг, 2020.02.01-ний өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүү 459,332 төгрөг, нотариатын зардалд 20,800 төгрөг, нийт 22,724,570 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийг төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч АНДХОГ ББСБ ХХК нь хариуцагч Т.О , Т.Э  нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон хохиролд 22,724,570 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Т.О , Т.Э  нар нь АНДХОГ ББСБ ХХК-тай 2018.09.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 3,8%-ийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар зээлж авсан байх бөгөөд, 2018.09.21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч Т.О ийн өмчлөлийн Ү-2201051909 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт /18105/, 32 дугаар байрны 5 тоотын 38,4 м.кв хоёр өрөө орон сууцыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дурдсан зээл болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд болжээ.

 

Нэхэмжлэгч АНДХОГ ББСБ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Т.О т 2018.09.21-ний өдөр 5,318,866 төгрөг, 9,681,334 төгрөгөөр хоёр хувааж нийт 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Т.О , Т.Э  нар нь тус гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээний хугацаанд үндсэн зээлд 15,000,000 төгрөг, хүүд 7,216,833 төгрөг, нийт 22,216,833 төгрөг төлөх үүрэгтэй байжээ.

 

Дээрх үүргээс хариуцагч Т.О , Т.Э  нар нь үндсэн зээлд 100,000 төгрөг, хүүд 3,494,859 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1165 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд 2019.04.25-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, уг төлбөрийг төлүүлэх талаар нэхэмжлэгч талаас гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар утсаар ярих, биечлэн уулзах зэргээр шаардаж байсан, харин хариуцагч нар нь зээл төлөх үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу заасан хугацаанд бүрэн төлж дуусгах байтал уг үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээлийн график зөрчигдсөн, зээлийн гэрээний хугацаа 2020.03.21-ний өдөр дуусчээ.

 

Дурдсан үйл баримтууд нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, зээл, хүү, авлагын дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”,

452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”,

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, 30 дугаар зүйлийн 1-д “зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ”,

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 153.4-т “барьцааны эрх нь үндсэн шаардлага, түүнтэй холбоотой бусад дагалдах эрх болон энэ хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимд нэгэн адил хамаарна”,

158 дугаар зүйлийн 158.1-д “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”, 158.2-т “үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ”,

174 дүгээр зүйлийн 174.1-д “ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй”, 41.2-т “энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Иймд нэхэмжлэгч АНДХОГ ББСБ ХХК-нд зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 5.1.4, барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар зээлийн төлбөрийг болон барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Харин хариуцагч Т.О , Т.Э  нар нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 158 дугаар зүйлийн 158.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар зээлийн төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч АНДХОГ ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,724,570 төгрөгийг 2020.04.15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 14,900,000 төгрөг, хүү 7,344,4387 төгрөг, 2020.02.01-ний өдрийг хүртэл нэмэгдүүлсэн хүү 459,332 төгрөг, нотариатын зардалд 20,800 төгрөг гэж задлан тайлбарлав.

 

Шүүх дээрх тооцооллыг хууль болон гэрээнд заасны дагуу нягталж үзвэл:

1.үндсэн зээлийн үлдэгдэл 14,900,000 төгрөг.

2.зээлийн хүү 2019.04.25-ны өдрөөс 2020.04.15-ны өдрийг хүртэл 11 сар /14,900,000 * 3,8% = 566,200 * 11 сар/-ын 6,228,200 төгрөг, 19 хоног /566,200 : 30 = 18,873 * 19 хон/-ийн 358,587 төгрөг, нийт 6,586,787 /6,228,200+358,587/ төгрөг.

3.нэмэгдүүлсэн хүү 1,317,357 /6,586,787 * 20%/ төгрөг байх боловч, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэмэгдүүлсэн хүүг 459,332 төгрөг гэж тооцлоо.

Нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 21,946,119 /14,900,000+6,586,787+459,332/ төгрөг болов.

 

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч нараас нотариатын зардалд 20,800 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд, тэдний зээл төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буруутай байдлаас шалтгаалж шүүхэд нэхэмжлэл гаргаж, холбогдох баримтуудыг нотариатаар батлуулан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар өөрөөсөө зардал гаргасан байх боловч Нотариатчдын танхимын 2020.04.13-ны өдрийн 20,800 төгрөгийн баримт, нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг 2020.04.14-ний өдөр нотариатаар батлуулсан байдал нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байх тул Нотариатчдын танхимын 2020.04.13-ны 20,800 төгрөгийн баримтыг үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй болно.

 

Хариуцагч Т.О , Т.Э  нар нь 2020.04.29-ний өдөр нэхэмжлэлийг гардан авч, эрх, үүрэг танилцсан, 2020.05.13-ны дотор нэхэмжлэлийн талаарх тайлбар, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн байх боловч ямар нэгэн тайлбар, холбогдох баримтуудыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй, тэдний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар хариуцагч Т.О , Т.Э  нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч Т.О , Т.Э  нараас нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 21,946,119 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АНДХОГ ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 778,451 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч тал зээлийн тооцооллыг буруу хийсэн, мөн нэхэмжлэгчид 20,800 төгрөгийн хохирол учирсан байдал баримтаар тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Т.О , Т.Э нар нь зээлийн гэрээний дагуу 21,946,119 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Т.О ийн өмчлөлийн Ү-2201051909 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт /18105/, 32 дугаар байрны 5 тоотын 38,4 м.кв хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.

 

Шүүхээс хариуцагч Т.О , Т.Э нарт шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн, түүнчлэн оршин суугаа хаягаар нь шуудангаар хүргэсэн байх бөгөөд хариуцагч нар нь хурлын тов мэдсэн, хүлээн авсан байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Т.О , Т.Э  нараас 21,946,119 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АНД  хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 778,451 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.О , Т.Э  нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч АНД  хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК-нд барьцаанд байгаа, хариуцагч Т.О ийн өмчлөлийн            Ү-2201051909 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт /18105/, 32 дугаар байрны 5 тоотын 38,4 м.кв хоёр өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч АНД  хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 341,772 /271,572+70,200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.О , Т.Э  нараас 337,880 /267,680+70,200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АНД  хөрөнгө оруулалтын групп ББСБ ХХК-нд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА