Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1626

 

 

 

 

 

 

 

 

 

 

“АК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01309 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “АК” ХХК-ийн хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гаргасан барилгын ажилд зарцуулагдаагүй 68 689 467 төгрөг, гэрээ цуцалснаас үүдэн гарсан хохирол 111 418 602 төгрөг, нийт 180 108 069 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“АК” ХХК нь Сүхбаатар дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 21 давхар оффис үйлчилгээний зориулалттай “Altanjoloo Tower” төслийн барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр “М” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг ханган ажиллахад талууд хоорондын хүлээх үүрэг хариуцлагын гэрээг тус тус байгуулсан. Захиалагч тал “М” ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу гэрээний урьдчилгаа төлбөр 422 385 600 төгрөгийг шилжүүлснээс 349 585 600 төгрөгийг барилга угсралтын ажлын урьдчилгаанд, 72 800 000 төгрөгийг ХАБЭА-н зардалд тус тус тооцож, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “М” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Барилгын ажлын бэлтгэл ажил графикт хугацаанаас хоцорч төлөвлөсөн хугацаандаа хийгдээгүй барилгын ажил удаашралтай явагдаж байгаа зэрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, гэрээний 11.2-т заасны дагуу гэрээг цуцалж, акт үйлдэж баталгаажуулсан. Ийнхүү гэрээ цуцалсантай холбогдуулан “М” ХХК-ийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 200 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 100 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 162 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт 422 385 600 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан бөгөөд барилгын ажлыг бүхэлд нь эхлүүлэхтэй холбоотойгоор үйл ажиллагаанд 122 385 600 төгрөгийг зарцуулсан талаар дурдсан ба “АК” ХХК-ийн зүгээс уг үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бидний тооцооллоор 53 695 533 төгрөгийн ажлыг “М” ХХК гүйцэтгэн 68 689 467 төгрөгийг барилгын ажилд зарцуулаагүй гэж үзэж байна. Гүйцэтгэгч “М” ХХК нь гэрээгээр хүлээх үүргээ гүйцэтгээгүй хугацаа алдсанаас талуудын хооронд байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлах нөхцөл байдал үүсч, “АК” ХХК-д дараах хохирол учраад байна. Үүнд: барилгын ажилд ашиглах авто краны суурийг буруу гaзаp цутгаж, угсарсан бөгөөд үүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтаас буулгах мэдэгдэл өгсөн учраас уг суурийг ашиглах боломжгүй болж, краны суурийн ажилд захиалагчаас зарцуулсан материал, ажлын хөлсний зардал 56 459 332 төгрөг, “М” ХХК гэрээний дагуу хугацаандаа гүйцэтгээгүйгээс хөрсний дулаалгын ажил хийх шаардлага үүсч дулаалгын хучилтын ажилд 54 959 270 төгрөгийн зардал тус тус гарсан. Иймд барилгын ажилд зарцуулагдаагүй 68 689 467 төгрөг, гэрээ цуцалснаас үүдэн гарсан хохирол 111 418 602 төгрөг, нийт 180 108 069 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, дүгнэлт гаргуулсныг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Барилгын ажилд зарцуулагдсан гэх 122 385 600 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтийн дагуу 17 210 597 төгрөгийг хасаж, үлдэгдэл 105 175 003 төгрөгийг барилгын ажилд зарцуулаагүй гэж үзэж байгаа тул барилгын ажилд зарцуулагдаагүй 68 689 467 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 36 484 936 төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээ цуцалснаас үүдэн гарсан хохирол 111 418 602 төгрөг нийт 216 593 005 төгрөгийг хариуцагч “М” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд “АК” ХХК нь манай компанид холбогдуулан барилгын ажилд зарцуулаагүй гэх 68 689 467 төгрөг, крантай холбоотой гарсан зардал гэх 56 459 332 төгрөг, дулаалгын ажлын зардал гэх 54 959 270 төгрөг нийт 180 108 069 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Дээрх шаардлагаа нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 36 484 936 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 216 593 005 төгрөг гаргуулах болгон нэмэгдүүлсэн. Хариуцагчийн зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай хоёр компанийн хооронд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 18/05 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. Энэхүү гэрээний дагуу манай компани “АК” ХХК-ийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21 давхар оффис үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Талуудын хооронд хийгдсэн гэрээ 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурагдсан хэдий ч “М” ХХК-ийн зүгээс барилгын ажлыг хурдан шуурхай явуулах үүднээс 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн барилгын талбайд бэлтгэл ажлыг ханган ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу харилцан тохиролцож гэрээ цуцалсны дараагийн өдөр хүртэл ажиллаж өдөр тутмын тайланг хөтөлж байсан. Барилгын талбайд 50 гаруй хоног ажиллаж хөрсний ус зайлуулах шугам хоолойг суурилуулж холболтыг хийсэн, хөрсний нуралтаас хамгаалах бүхий л ажлыг хийж гүйцэтгэсэн, кран суурилуулах ажлыг хийсэн зэрэг багагүй хэмжээний ажил хийж гүйцэтгэн барилга угсралтын ажлыг цаашид хэвийн явуулах бүхий л бэлтгэл ажлыг хангаж эдгээр ажилтай холбоотой бараа материалыг худалдан авах, өөрийн бусад барилгын талбайгаас бараа материал татах, ажилтнуудын түр байр байршуулах зэрэгт 200 гаруй сая төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр шинжээчийн гаргасан дүгнэлтийг үндэслэсэн байх бөгөөд уг дүгнэлт бодит байдалд нийцээгүй, хийж гүйцэтгэсэн ажлыг бодитоор тогтоогоогүй, ажилчдын цалин хөлсийг зөв тооцоогүй учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Манай зүгээс шинжээчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дахин шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 129 955 803 /нэг зуун хорин есөн сая есөн зуун тавин таван мянга найман зуун гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 86 637 202 /наян зургаан сая зургаан зуун гучин долоон мянга хоёр зуун хоёр/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1 058 490+340 375/ нийт 1 398 865 /нэг сая гурван зуун ерэн найман мянга найман зуун жаран тав/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 807 729 /найман зуун долоон мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгчийн төлсөн 2 574 950 /хоёр сая таван зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийн 60 хувь болох 1 544 970 /нэг сая таван зуун дөчин дөрвөн мянга есөн зуун дал/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч У.Б давж заалдах гомдолдоо:

... Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 18/05 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “М” ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21 давхар оффис үйлчилгээний барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар захиалагч болох “Алтанжолоо констаркшн” ХХК нь барилгатай холбоотой бүхий зөвшөөрлийг авах, мөн батлагдсан зураг төслөөр гүйцэтгэгчийг хангах үүрэг хүлээсэн. Мөн гэрээний хавсралтаар ч уг үүргийг хүлээсэн болох нь тогтоогдоно.

Мөн гэрээний гол нөхцөлийг гэрээний 2.1-т тодорхойлсон бөгөөд үүнд 28 000 м.кв талбай бүхий барилгыг нэгж талбайн үнэлгээг 130 000 төгрөгөөр тооцож нийт 3 640 000 000 төгрөгөөр 21 давхар барилгыг барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болно. Гэрээ байгуулж ажлын талбайг хүлээн авах үед манай компанид батлагдсан барилгын зураг төсөл, мөн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг танилцуулж хүлээлгэн өгөөгүй байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр буюу гэрээ цуцлахад ч уг зөвшөөрөл, зураг төсөл бэлэн болоогүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Хот байгуулалт хөгжлийн газраас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд тус газраас ирүүлсэн баримтаар “АК” ХХК нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу гэрээ цуцалснаас 34 хоногийн дараа авсан болох нь нотлогддог. Гэтэл нэхэмжлэгч “Алтанжолоо констаркшн” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зураг төслөө батлуулах, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ аваагүй байж манай компанийг хугацаандаа үүргээ биелүүлэхгүй байна гэж дүгнэн гэрээг цуцалсан нь болоод шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй болох нь дээрх баримтаар тодорхой нотлогдож байгаа болно. Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад манай зүгээс гаргасан хүсэлтийн дагуу барилгын зураг төсөлтэй холбоотой баримтыг холбогдох газруудаас гаргуулах хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн баримтаас үзвэл барилгын зураг төсөл 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дүгнэлт гаргасан болох нь нотлогддог. “М” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу нэхэмжлэгчээс 422 385 600 төгрөгийг хүлээн авсан бөгөөд гэрээ цуцалсан дараа 300 000 000 буцаан “АК” ХХК-д шилжүүлэн өгсөн бөгөөд зөрүү дүн болох 122 385 600 төгрөгийг 2018 оны 8 дугаар сараас гэрээ цуцлагдсан хүртэл хугацаанд талбайд зарцуулсан бөгөөд энэ талаарх тооцоо баримтаа шүүхэд болон нэхэмжлэгчид хүргүүлсэн болно. Манай компанийн зүгээс барилгын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж дуусгана гэсэн итгэл үнэмшилтэй байсан бөгөөд бодит байдал дээр 122 385 600 төгрөгөөс илүү хэмжээний зардал гаргасан болохыг хэрэгт хавсаргасан баримт, мэргэжлийн үнэлгээчний гаргасан дүгнэлтээс тодорхой харагдаж байгааг шүүх огт анхаарч үзээгүй болно. Хөрсний дулаалга хийхтэй холбогдон гарсан хохирол гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс дүгнэхдээ бүрэн хэмжээгээр хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэхдээ гаргуулна гэх өрөөсгөл дүгнэлтийг хийж байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээг огт судлаагүйг харуулж байгаа болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад суурийн дулаан тусгаарлалт буюу хөрсний дулаалгын ажлыг талууд нэмэлт гэрээ байгуулж хийж болох бөгөөд төсөвт уг зардал тусаагүй болохыг баталгаажуулсан. Нөгөө талаар нэхэмжлэгч нь барилгын суурийн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээ цуцлагдах үед газар шорооны ажил нь дуусаагүй байсныг дурдах нь зүйтэй. Барилгын зураг төсөл эцэслэн батлагдаагүй, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл гараагүй, нэхэмжлэгч газар шорооны ажлаа хийж дуусаагүй байхад барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй учраас энэхүү дулаалгын ажилд төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “АК” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажилд зарцуулагдаагүй 68 689 467 төгрөг, гэрээ цуцалснаас үүдэн гарсан хохирол 111 418 602 төгрөг, нийт 180 108 069 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд зарцуулагдаагүй үндэслэлээр 36 484 936 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж, нийт 216 593 005 төгрөг болгосныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “АК” ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 21 давхар оффис үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр “М” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 18/05 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-8-32/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг ханган ажиллахад талууд хоорондын хүлээх үүрэг хариуцлагын гэрээ /хх-33-42/-г тус тус байгуулж, гэрээний гол нөхцлүүдийг харилцан тохиролцож тогтоосон, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг талуудад үүсчээ.

 

Захиалагч “АК” ХХК нь ажлын хөлсний урьдчилгаанд 422 385 600 төгрөгийг шилжүүлснээр ажил гүйцэтгэгч “М” ХХК гэрээнд заасан ажлыг хийж эхэлсэн, эргийн бэхэлгээ, хөрсний ус зайлуулах, газар шорооны ажлыг хийж гүйцэтгэх явцад захиалагч компани 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 46 дугаар албан бичгээр барилгын бэлтгэл ажил графикт хугацаанаасаа хоцорч, төлөвлөсөн цаг хугацаандаа хийгдэхгүй байгааг болон хүн хүчний дутагдалтай байдал зэргээс гүйцэтгэлийн ажил удаан явагдаж байгааг сануулсан байна. /хх-44/

 

Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээний 11.2-т заасан үндэслэлээр гэрээнээс татгалзахаа мэдэгдсэнийг гүйцэтгэгч компанийн Гүйцэтгэх захирал У.Баатар хүлээн авч гарын үсэг зурсан ба уг актаар “М” ХХК нь урьдчилгаа төлбөр, хохирлыг тооцоо нийлснийг үндэслэн буцааж төлөх, буруу суурилуулсан, бүрэн бус краныг буулгаж тээвэрлэхээ илэрхийлсэн байна. /хх-43/

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар захиалагч гэрээнээс хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд хэргийн дээрх нөхцөл байдлаас үзвэл гэрээний үүрэг  хугацаандаа графикийн дагуу хийгдэхгүй байгаа зөрчлийн талаар ажил гүйцэтгэгчид мэдэгдсэн ч зөрчил арилаагүй тул  захиалагч “АК” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан байх бөгөөд учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь урьдчилгаанд хүлээн авсан 411 385 600 төгрөгийн 300 000 000 төгрөгийг гэрээ цуцалсантай холбоотойгоор нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, талууд 122 385 600 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн хэд нь бодитойгоор зарцуулагдсан, буцаан төлөх төлбөр хэд болох талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд нийт 53 695 533.80 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн тооцоолол гаргаж, 68 689 467 төгрөгийг зарцуулагдаагүй гэж буцаан гаргуулахаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлээр шаардсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан тул хийгдсэн ажилд бодитоор гарсан зардлыг тогтоолгохоор нэхэмжлэгчээс хүсэлт гаргасны дагуу шүүхээс томилогдсон шинжээч нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын зардлыг 17 210 597 төгрөг гэж тодорхойлсон тул буцаан гаргуулах мөнгөн дүнг 36 484 936 төгрөгөөр нэмэгдүүлж, 105 174 403 төгрөгийг ажилд зарцуулагдаагүй гэж буцаан шаардана гэжээ.

 

Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтэд ажлын хөлсийг дутуу тооцсон гэж марган, дахин шинжээч томилуулж, нэмэлт шинжилгээ хийлгэхээр шүүхэд хүсэлт гаргасныг шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, зардлын талаар тодруулах боломжтой гэж шийдвэрлэн хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь шинжээч дүгнэлт гаргахдаа “Алтан жолоо тауэр” барилгын эргийн бэхэлгээний ажлыг газар дээр нь очиж үзэн батлагдсан зурагтай нь тулгаж, хэмжилт хийсэн, хэмжилт хийх үед захиалагч болон гүйцэтгэгч талын төлөөлөл байлцсан байна. Түүнчлэн ажлын тоо хэмжээг болон ажиллах хүчний зардлыг тооцож гаргахдаа ажлын зурагтай нь тулгаж, Барилгын ажлын тоо хэмжээ зохиох аргачилсан заавар, /БД81-101-01 Нэмэлт БД 81-101-01*/14 болон Барилгын төсөв зохиох дүрэм, Барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрөгдсөн Estimator pro программыг ашигласан, шинжээч нар анхан шатны шүүх хуралдаанд оролцож, өөрсдийн гаргасан дүгнэлтийн талаар тайлбарлажээ.

 

Шинжээч шүүгчийн тавьсан асуултын хүрээнд зөвшөөрөгдсөн заавар аргачлал, программаар бодит ажлыг зурагтай нь тулган хэмжиж, зарцуулсан зардал, ажиллах хүчний зардлыг тооцож гаргасан байх тул дүгнэлтийг буруу, бодитоор хийсэн ажилд үндэслэгдээгүй гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан 137 000 000 төгрөгийн зардлын тухай баримт нь  мэргэшсэн төсөвчний хийсэн төсөв болохоос хийсэн ажлыг бодит байдалд хэмжиж, зурагтай нь тулган гаргасан бодит зардлын үндэслэлийг нотлох баримт биш байна. Нэг талын уг баримтыг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр шүүх гарсан зардлыг шүүхийн журмаар томилогдож, хийсэн ажлыг газар дээр нь тухайн үед нь үзэж, хэмжиж хийсэн  шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 105 174 403 төгрөгийг ажилд зарцуулагдаагүй гэж буцаан шаардсаныг үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Гэрээ цуцалснаас үүдэн гарсан хохирол 111 418 602 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд барилгын ажилд ашиглах краныг суурилуулахдаа суурийг буруу цутгаж, угсарсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгаж тогтоон, буулгах мэдэгдэл өгсний дагуу буулгаж, өөр газар суурилуулсны зардалд 56 459 332 төгрөгийг болон хөрсний дулаалга хийхэд 54 959 270 төгрөгийг захиалагч буюу “Алтанжолоо корпораци” ХХК гаргасан талаарх тооцооллыг шүүхэд баримтаар гаргажээ. /хх-52/ Хариуцагч “М” ХХК нь хохирлын хэмжээг ийнхүү тодорхойлсныг баримтаар няцаагаагүй.

 

Дээрх 2 ажлыг дахин болон нэмж хийж гүйцэтгэсэн нь дан ганц ажил гүйцэтгэгчийн буруугаас болсон гэж үзэхээргүй, ажлыг дахин хийх, хугацаа хойшилсон зэрэгт захиалагч талын ажлын зааварчилгаа дутуу байсан, гарч болох эрсдэл магадлалыг бүрэн төлөвлөж, ажлын зураглалд тусгаагүй байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02-07-025/815 тоот албан шаардлага, Барилгын хөгжлийн төвийн ажлын хэсгийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтэд заагдсан гэж дүгнэн хохирлын 40 хувийг өөрт нь хариуцуулж, хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан үнэлж, ажил гүйцэтгэгчийн буруу, дутуу хийсэн ажлыг засч, нэмж гүйцэтгэхэд зардал гаргасан нь тогтоогдсон боловч ийнхүү буруу, дутуу хийсэн нь захиалагчийн ажлын зааварчилгаа бүрэн биш, урьдчилан төсөөлж, болзошгүй нэмэлт ажлыг төлөвлөөгүй байсан нь нөлөөлсөн гэж дүгнэн хариуцагчаас гаргуулахаар шаардсан нийт хохирлын хэмжээг 40 хувиар бууруулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар шаардаж буй нийт 216 593 005 төгрөгийн хохирол нь гэрээний аль нэг тал буюу дан ганц ажил гүйцэтгэгчийн үүргийн ноцтой зөрчлөөс шалтгаалан бий болсон гэж үзэхээргүй байх тул 40 хувийг ажил гүйцэтгэгчид хариуцуулахгүйгээр, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасныг зөрчихгүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01309 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 807 730 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ