Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00800

 

“А ж к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01309 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1626 дугаар магадлалтай,

“А ж к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М г з г г к” ХХК-д холбогдох

Барилгын ажилд зарцуулагдаагүй 105,174,403 төгрөг, гэрээ цуцалснаас үүдэн гарсан хохирол 111,418,602 төгрөг, нийт 216,593,005 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч У.Баатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Л.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.С-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “А ж к” ХХК-аас хариуцагч “М г з г г к” ХХК-д холбогдуулан барилгын ажилд зарцуулагдаагүй 105,174,403 төгрөг, гэрээ цуцалснаас учирсан хохирол 111,418,602 төгрөг, нийт 216,593,005 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01309 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т заасныг баримтлан хариуцагч “М г з г г к” ХХК-аас 129,955,803 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Алтанжолоо констракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 86,637,202 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,058,490+340,375/ нийт 1,398,865 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 807,729 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгчийн төлсөн 2,574,950 төгрөгийн 60 хувь болох 1,544,970 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1626 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01309 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч У.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасны дагуу холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

4.1. Талуудын хооронд 2018.08.24-ны өдөр 18/05 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “Монгол 333 корпорац” ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21 давхар оффис үйлчилгээний барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар захиалагч болох “А ж к” ХХК нь барилгатай холбоотой бүхий зөвшөөрлийг авах, мөн батлагдсан зураг төслөөр гүйцэтгэгчийг хангах үүрэг хүлээсэн. Мөн гэрээний хавсралтаар ч уг үүргийг хүлээсэн болох нь тогтоогдоно. Мөн гэрээний гол нөхцөлийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д тодорхойлсон бөгөөд үүнд 28000 м.кв талбай бүхий барилгыг нэгж талбайн үнэлгээг 130,000 төгрөгөөр тооцож нийт 3,640,000,000 төгрөгөөр 21 давхар барилгыг барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болно.

4.2. Гэрээ байгуулж ажлын талбайг хүлээн авах үед манай компанид батлагдсан барилгын зураг төсөл, мөн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг танилцуулж хүлээлгэн өгөөгүй байсан бөгөөд 2018.10.08-ны өдөр буюу гэрээ цуцлахад ч уг зөвшөөрөл, зураг төсөл бэлэн болоогүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Хот байгуулалт хөгжлийн газраас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд тус газраас ирүүлсэн баримтаар “А ж к” ХХК нь Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2018.11.12-ны өдөр буюу гэрээ цуцалснаас 34 хоногийн дараа авсан болох нь нотлогддог. Гэтэл нэхэмжлэгч “А ж к” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зураг төслөө батлуулах, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээ аваагүй байж манай компанийг хугацаандаа үүргээ биелүүлэхгүй байна гэж дүгнэн гэрээг цуцалсан болоод шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй болох нь дээрх баримтаар тодорхой нотлогдож байгаа болно. Мөн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад манай зүгээс гаргасан хүсэлтийн дагуу барилгын зураг төсөлтэй холбоотой баримтыг холбогдох газруудаас гаргуулах хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн баримтаас үзвэл барилгын зураг төсөл 2019.05.30-ны өдөр дүгнэлт гаргасан болох нь нотлогддог.

Энэ бүхнийг Барилгын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байх бөгөөд гүйцэтгэгч нь барилгыг батлагдсан зураг төсөлгүйгээр, эсхүл барилгын ажлын зөвшөөрөл авалгүйгээр эхлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд уг үүргийг “А ж к” ХХК нь хүлээсэн болохыг энд дахин дурдах нь зүйтэй.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талууд гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан 6 үндэслэлийг дурдаж гэрээ дүгнэсэн акт үйлдсэн, энэ талаар маргаагүй гэх өрөөсгөл дүгнэлтийг хийсэн. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад гэрээ дүгнэсэн актыг үйлдэх үед талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож гэрээг цуцалж байгааг ярилцсан бөгөөд бичгээр гарын үсэг зурах үед нэхэмжлэгч талаас уг актыг танилцуулж гарын үсэг зуруулсан. Манай компанийн зүгээс гэрээний 11.2-т заасан зөрчлийн алийг нь ч гаргаагүй, нэхэмжлэгч талаас гэрээ цуцлах санаачилга гаргасан хэдий ч ямар нэгэн алдаа дутагдлын талаар танилцуулсан зүйл байхгүй учир тухайн үед асуудлыг эвийн журмаар шийдвэрлэж байна гэж ойлгосон болно. Гэтэл “А ж к” ХХК нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан мэтгэлцээний үед гэрээний 11.2-т заасан зөрчлийн алийг нь гаргасан болохыг тодорхой баримтаар тайлбарлахыг нэхэмжлэгчээс тодруулсан боловч нэхэмжлэгчийн зүгээс манай компанийг хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй учраас цуцалсан гэх тайлбарыг хийж мэтгэлцсэн болно.

Манай компанийн зүгээс хугацаандаа ажлаа хийхийн тулд барилгын батлагдсан зураг төсөл, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч өгөх захиалагчийн үүрэг биелэгдэх ёстой гэдгийг энэ дахин дурдая.

4.4. “Монгол 333 корпорац” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу нэхэмжлэгчээс 422,385,600 төгрөгийг хүлээн авсан бөгөөд гэрээ цуцалсны дараа 300,000,000 төгрөгийг буцаан “А ж к” ХХК-д шилжүүлэн өгсөн бөгөөд зөрүү дүн болох 122,385,600 төгрөгийг 2018 оны 8 дугаар сараас гэрээ цуцлагдсан хүртэл хугацаанд талбайд зарцуулсан бөгөөд энэ талаарх тооцоо баримтаа шүүхэд болон нэхэмжлэгчид хүргүүлсэн болно. Манай компанийн зүгээс барилгын ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгэж дуусгана гэсэн итгэл үнэмшилтэй байсан бөгөөд бодит байдал дээр 122,385,600 төгрөгөөс илүү хэмжээний зардал гаргасан болохыг хэрэгт хавсаргасан баримт, мэргэжлийн үнэлгээчний гаргасан дүгнэлтээс тодорхой харагдаж байгааг шүүх огт анхаарч үзээгүй болно.

Нэхэмжлэгчээс манай компанийг хугацаандаа ажлаа хийхгүй байсан гэх тайлбар нь мэтгэлцээний явцад болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн үгүйсгэгдэж байгаа бөгөөд манай компанийг гэрээний 11.2-т заасан зөрчлүүдийн алийг нь гаргасан болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй бөгөөд угаасаа нотлогдохоор зөрчил гаргасан зүйлгүй болно.

4.5. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтээс холбогдох хэсгийг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан байна. Манай компанийн зүгээс уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй болохоо илэрхийлж удаа дараа дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж байсан боловч шүүхээс огт хүлээн аваагүй болно. ИХШХШТХ-ийн 47 дугаар зүйлд хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилохоор зохицуулсан. Хариуцагчийн зүгээс удаа дараа хүсэлт гаргасаар байтал шүүгч нь үндэслэлгүйгээр хүлээн аваагүйгээр барахгүй гомдол гаргах эрхгүй гэсэн захирамжийг гаргасаар ирсэн болно. Шинжээчийн дүгнэлт нь бүрэн дүүрэн биш гэдгийг шинжээч нар нь шүүх хуралдаанд оролцохдоо хүлээн зөвшөөрсөн. Шинжээч нар нь зөвхөн тухайлсан ажлын нэр дурдаж түүнийг төсвийн программд оруулах замаар дүгнэлт гаргасан бөгөөд манай компанийн зүгээс тухайн талбайд хэдэн хүн ажиллаж байсан, ямар хэмжээний зардал гаргасан, ямар ажил хийсэн талаар огт тодруулга хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хариуцан гүйцэтгэх ажлууд хийгдээгүй, холбогдох зөвшөөрөл, бичиг баримт бэлэн болоогүй байгааг огт анхаарч үзэлгүй дүгнэлт гаргасан. Бидний зүгээс шинжээчийн дүгнэлтээ гаргахдаа ашигласан тоо хэмжээ нь илт дутуу болохыг холбогдох нотлох баримтаа шүүхэд гарган өгч дүгнэлтийг үгүйсгэн мэтгэлцэж оролцсон болно.

Шүүхээс шинжээчийн дүгнэлтийг шийдвэртээ дурдсан боловч яг юуг шийдвэрлэх зорилгоор хэрэглэсэн, түүндээ ямар дүгнэлт өгч байгаа нь ойлгомжгүй хохирол, талуудын үйлдлийн талаар, түүний шалтгаант холбооны талаар харгалзан үзэх ёстой гэж байгаа нь хэт ойлгомжгүй, маргаан бүхий харилцааг бүрэн ойлгоогүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд нягтлан үзэж хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас үнэлээгүй болохыг харуулж байгаа юм.

4.6. Хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримттай холбогдуулан нэхэмжлэгч компанийн талбай хариуцсан инженер болон менежерийг гэрчээр асуулгах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүхээс огт хүлээн аваагүй юм. Энэ нь хариуцагчийн ИХШХШТХ-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тайлбараа нотлох, мэтгэлцэх зэрэг эрхээ эдлэх боломжийг үгүйсгэн хэт нэг талыг барьж асуудалд хандаж ирсний нэг илрэл гэж үзэж байна. Эдгээр гэрчүүд нь барилгын талбайд ямар ажил хийж гүйцэтгэсэн, манай компанийн хэчнээн хүн ажиллаж байсан, хэдийн хэмжээний бараа материал татаж ажиллаж байсан зэрэг ач холбогдол бүхий асуултад хариулт өгөх боломжтой этгээдүүд байсан болно.

Энэ бүх ажиллагааг шүүхээс бүрэн гүйцэд хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой талаас үнэлээгүй улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй бөгөөд манай компани хийж гүйцэтгэсэн ажилдаа багадсан санхүүжилтийг авч үлдсэн боловч буцаан төлж илүү их хохирол хүлээхээр болсон нөхцөл байдал үүссэн болно.

Энэ талаар маш тодорхой дурдаж холбогдох баримтад үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт болон гаргасан тайлбар, холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн.

4.7. Шүүхээс крантай холбоотой асуудлаар дүгнэлт хийж манай компанийг буруутгасан байна. Гэтэл бодит байдал дээр краныг бүрэн гүйцэд угсарч дуусаагүй, кран угсрах тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь дөнгөж ажлаа хийж эхэлж байтал мэргэжлийн хяналтын байцаагч нь иргэний мэдээллээр ирж акт тавьсан бөгөөд краныг бүрэн угсарч шалгуулж зөвшөөрөл авах хэмжээнд хүрээгүй байсан болно. Нөгөө талаар краны суурийг буруу хийсэн гэх үндэслэлийг нэхэмжлэгч ярьдаг боловч суурийн ажилтай холбоотой технологийн болон бусад стандарт норм дүрэм зөрчсөн зүйл огт байхгүй, нөгөө талаар нэхэмжлэгч нь краны суурийн газар шорооны ажлыг хийж “Эрдэнэ дрийлэнг” ХХК-аар тухайн сууринд өрөмдлөг хийлгэж байршлыг нь тогтоож өгсөн. Үүнтэй холбоотой сууринд орсон арматур, бетон зуурмагийг нэхэмжлэгч захиалж авсан бөгөөд хариуцагчийн зүгээс ажлыг нь хийж гүйцэтгэсэн болно. Энэ бүхнийг тайлбарласаар байтал шүүхийн зүгээс хэт өрөөсгөл дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.

4.8. Хөрсний дулаалга хийхтэй холбогдон гарсан хохирол гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс дүгнэхдээ бүрэн хэмжээгээр хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэхдээ гаргуулна гэх өрөөсгөл дүгнэлтийг хийж байгаа нь талуудын хооронд байгуулсан гэрээг огт судлаагүйг харуулж байгаа болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралтад суурийн дулаан тусгаарлалт буюу хөрсний дулаалгын ажлыг талууд нэмэлт гэрээ байгуулж хийж болох бөгөөд төсөвт уг зардал тусаагүй болохыг баталгаажуулсан. Нөгөө талаар нэхэмжлэгч нь барилгын суурийн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээ цуцлагдах үед газар шорооны ажил нь дуусаагүй байсныг дурдах нь зүйтэй.

Барилгын зураг төсөл эцэслэн батлагдаагүй, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл гараагүй, нэхэмжлэгч газар шорооны ажлаа хийж дуусаагүй байхад барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй учраас энэхүү дулаалгын ажилд төлбөр нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй болно.

Дээр дурдсан гомдлын агуулгыг нэгтгэн дүгнэвэл: Талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг дан ганц Иргэний хуулийн холбогдох зүйлээр тайлбарлан дүгнэж байгаа нь өрөөсгөл бөгөөд Барилгын тухай хуулиар талуудын хооронд үүссэн харилцааг нарийвчлан зохицуулсан байхад уг хуулийг анхан болон давж заалдах шатны шүүх огт анхаарч хэрэглээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор нэхэмжлэгч тал огт хангаагүй болохыг холбогдох баримтаар нотолсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим нь хариуцагч талд хамаарах үүрэг бус бөгөөд тусгайлан гэрээний үндсэн дээр зардлыг хэмжээг тохиролцон хийхээр гэрээнд тусгасныг шүүхүүд зөв дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, талуудын буруутай үйлдлийг ямар үндэслэлээр 60:40 гэж хуваарилж байгаа нь ойлгомжгүй, холбогдох баримтад үндэслээгүй, хууль зүйн хувьд ямар үндэслэлээр тодорхойлсон ойлгомжгүй байдлаар хэргийг шийдвэрлэсэн, ИХШХШТХ-ийн 47 дугаар зүйлд тусгай мэдлэг шаардах асуудлаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилохтой холбоотой заалтыг үндэслэн хариуцагч талаас шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, нэмэлтээр дүгнэлт гаргуулах хүсэлтүүдийг удаа дараа хэрэгсэхгүй болгон хариуцагчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүйн улмаас тэгш байдлаар мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэргийн талаар бодит байдлыг мэдэж байгаа нэхэмжлэгч талын ажилтан нарыг гэрчээр дуудах хүсэлтийг хариуцагчийн зүгээс шүүхэд удаа дараа гаргасан боловч шүүхээс огт хүлээн авалгүйгээр шийдвэрлэсэн зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болохыг нотолж байгаа болно.

Ийнхүү шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчийн гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа хүлээн аваагүй, гэрч асуулгах хүсэлтийг удаа дараа хүлээн авалгүйгээр хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг авагдсан баримтыг үнэн зөв үнэлээгүй, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн хэдэн хэдэн шаардлагыг тус бүрд нэг бүрчлэн дүгнэлт өгөлгүйгээр 60:40 гэсэн хувь хэмжээг гаргаж үндэслэлгүй байдлаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан, яг ямар зөрчил гаргасан нь нотлогдохгүй байхад хариуцагчийг буруутгаж байгаа болон гэрээгээр хариуцагчийн хариуцах ёсгүй ажилтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн зэргийг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

6. Зохигч 2018.08.24-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч “Монгол 333 корпорац” ХХК Сүхбаатар дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт баригдах 21 давхар оффис, үйлчилгээний зориулалттай “Altanjoloo Tower” төслийн барилгын ажлыг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу өөрийн хөрөнгө, багаж, машин, техник хэрэгсэл, ажиллах хүчийг ашиглан чанарын өндөр түвшинд, алдаа дутагдал, биет байдлын доголдолгүй хийж гүйцэтгэх, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч “Алтанжолоо констракшн” ХХК барилга барих зөвшөөрөлтэй, экспертизээр батлагдсан ажлын зургаар хангаж, барилын ажлын санхүүжилтийг гэрээнд заасан хуваарийн дагуу хийх, гэрээт ажлыг актаар хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ.

Гэрээний дагуу захиалагч урьдчилгаа төлбөр 422,385,600 төгрөгийг шилжүүлсэн, гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэж эхэлсэн боловч 2018.10.08-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, гэрээг цуцалж, акт үйлдэж баталгаажуулсан байна.

Гэрээ цуцлагдсантай холбогдуулан гүйцэтгэгч буюу хариуцагч урьдчилгаа төлбөрөөс 300,000,000 төгрөгийг захиалагчид буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “...урьдчилгаа төлбөрөөс үлдсэн 122,385,600 төгрөгөөс 17,210,597 төгрөгийг гүйцэтгэсэн ажилд зарцуулсан тул үлдэгдэл 105,175,003 төгрөгийг, автокраны суурийг буруу газар цутгаснаас краны суурийн ажилд захиалагчаас зарцуулсан 56,459,332 төгрөг, ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйгээс дулаалтын хучилтын ажилд 54,959,270 төгрөг зарцуулсан тул нийт 216,593,005 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...гэрээ цуцлах хүртэл ажил 45 хоног үргэлжилсэн, энэ хугацаанд захиалагч барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл, батлагдсан зургийг гаргаж өгөөгүй байсан тул барилгын бэлтгэл ажил, краны суурийн бэхэлгээний ажлууд хийгдэж байсан. Бид барилгыг барьж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байсан тул Барилгын норм дүрмийн дагуу үйлдвэрийн талбайн ажлын хэсэг, ажлын байрны зохион байгуулалттай холбоотойгоор түр барилга байгууламж, нойл, цэвэр усны хангамж, дэд бүтэц, гэрэлтүүлэг, камержуулалт, хашааг шинээр барьж, хуучин дулааны шугамыг зайлуулж ажилласан. Энэ хугацаанд 200 сая төгрөгийн ажил хийсэн. ...Талууд тохиролцож гэрээг цуцалсан тул гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс гэрээ цуцлагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, хариуцагчаас 129,955,803 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн зөв боловч хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, зохигчийн маргаж буй үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

9. Хариуцагчийн төлөөлөгч У.Баатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхээр буцааж өгнө үү...” гэжээ. /тодорхойлох хэсгийг 4-т тусгагдсан/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 25 дугаар зүйлийн 25.1.3-т хэргийн оролцогч гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах... хүсэлт гаргах эрхтэй, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт ...ыг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж, 168 дугаар зүйлийн 168.1.7-д энэ хуулийн 38.6-л заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж тус тус зохицуулжээ.

Хэрэгт цугларсан баримтаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээ харилцан адилгүй тогтоогдсон байна.

Тухайлбал нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг 53,695,533 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тодорхойлсон, Барилгын хөгжлийн төв шүүгчийн захирамжид заагдсан ажлын үнэлгээг 17,21,597 төгрөгөөр тогтоосон бол хариуцагчийн хүсэлтээр тэргүүлэх төсөвчин Р.Амгалан 137,046,385 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Хариуцагчаас шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч,”...дүгнэлт хийсвэр байдлаар дутуу гаргасан, дүгнэлтэд ашигласан тоо хэмжээ бодитоор хийсэн ажлын гүйцэтгэлтэй зөрүүтэй гарсан...” гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх 2019.08.20-ны өдрийн 09226 дугаартай захирамжаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй үндэслэлээр хангахаас татгалзсан байна.

Үүний дараа хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын өдөр тутмын тайлан, түүний хувь хэмжээ, материалын болон ажиллах хүчний зардлыг нотолсон баримтаа ирүүлж, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх 2019.11.20-ны өдрийн 13028 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзахдаа “...шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан шинжээчдийн аль нэгийг шүүх хуралдаанд оролцуулж, шаардлагатай зүйлийг асуултаар тодруулах ажиллагааг хийж хэргийг шийдвэрлэнэ...” гэх үндэслэл заажээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ.

Хариуцагч нь шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, үнэн зөв болох нь эргэлзээтэй үндэслэлээр дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байхад шүүх өмнө гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж, дүгнэлтийг тодруулахаар хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй, хуулиар хүлээсэн нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн дээрх алдаа шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-г зөрчсөн байна.

11.  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж, учирсан хохирлоо нэхэмжилсэн бол хариуцагч нь талууд харилцан тохиролцож гэрээг цуцалсан, гэрээ цуцлагдсанд хариуцагч буруугүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх гэрээ цуцлагдсанд хариуцагчийг дангаар буруутай гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн атлаа хохирлыг 60 хувиар хариуцуулах болсон үндэслэлээ тодорхой заагаагүй нь шүүх шийдвэрийн үндэс болсон баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах хуулийн шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцээгүй гэж үзнэ.

12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засуулалгүйгээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/01309 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1626 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч У.Б-ын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М г з г г к” ХХК-аас 2020.08.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 807,730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД