Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 411

 

Г.У-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                      Л.Атарцэцэг

                                       Г.Банзрагч

                                       Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Маргаж буй 28 м.кв газрыг Г.Унадад өмчлүүлэхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0455 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 221/МА2018/0486 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-н өдрийн 128/ШШ2018/0455 дугаар шийдвэрээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 20 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.4, 32 дугаар зүйлийн 32.1.3-т заасныг тус тус баримтлан Г.У-ийн гаргасан “маргаж буй 28 м.кв газрыг Г.У-д өмчлүүлэхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0486 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0455 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 20 дугаар зүйл, 31 дүгээр зүйлийн 31.1.4, 32 дугаар зүйлийн 32.1.3-д заасныг” гэснийг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт түүнчлэн Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Бэлчээр нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэж зааснаас үзвэл хариуцагч нь тусгай хэрэгцээнд авсан газраас зохих хэсгийг буцаан олгох хуулиар хүлээсэн үүрэггүй, хэрэгт авагдсан Авто замын газрын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 5/1236 тоот албан бичиг нэхэмжлэгчид 28 м.кв газрын өмчлөх эрхийг зайлшгүй олгох эрх зүйн баримт бичиг болж чадахгүй.” гэжээ.

4. Маргаж буй 28 м.кв газар нь авто замын зурваст ороогүй, машин болон явган хүний замтай давхцал байхгүй, нэхэмжлэгч Г.У-ийн өмчилж буй 134 м.кв газартай хил залгаа, байршлын хувьд бусад этгээд эзэмшиж ашиглах боломжгүй.

5. Нөгөө талаас уг газрыг Авто замын трассын байршлыг тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай Нийслэлийн засаг даргын захирамжаар Нийслэлийн Авто замын газарт эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмшигч байгууллага буюу Авто замын газрын 5/1236 тоот албан бичигт 28 м.кв газар нь одоо байгаа авто замын трасст ороогүй талаар дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл маргаж буй 28 м.кв газрыг тусгай хэрэгцээнд авсан боловч зориулалтынх нь дагуу ашиглаагүй гэсэн үг юм.

7. Нэхэмжлэгч Г.У нь 2016 оноос эхлэн Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох зүйл хэсэгт заасан бичиг баримтын бүрдүүлбэрийг ханган маргаж буй 28 м.кв газрыг өмчилж авах өргөдөл хүсэлт гомдлоо Сонгинохайрхан дүүргийн газрын алба, дүүргийн засаг дарга, нийслэлийн Газрын алба, нийслэлийн Засаг даргад өгсөн.

8. Хариуцагч тал эдгээр нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудыг цуглуулах үүргээ шүүх биелүүлээгүй. Үүнийг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эс үйлдэхүй гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний өөрчлөлт оруулсаныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.3-т зааснаар иргэний өмчийн газрыг бүхэлд нь, эсвэл түүний зарим хэсгийг “улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих” тусгай хэрэгцээг үндэслэн төрөөс нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болохоор заасан, энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч Г.Уранцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагаан 12 дугаар гудамжны 37а тоот хаяг дахь 372 м.кв газрын хэсэг буюу 238 м.кв газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь нийслэлийн Авто замын газраас хэрэгжүүлж буй Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх өргөтгөл, шинэчлэлийн 4.6 км авто замын зурвас газарт орсон, Г.У нь уг газрыг чөлөөлж, нөхөх олговрыг авсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Үүнээс үзвэл, улсын тусгай хэрэгцээг үндэслэн төрөөс нэхэмжлэгч Г.У-ийн өмчилсөн 238 м.кв газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авсан тул уг газрын хувьд газар өмчлөгчийн эрх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т “хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр” гэсэнд хамаарч дуусгавар болсон, нэгэнт өмчлөх эрх дуусгавар болсон газрын хэсэг буюу 28 м.кв газрыг “...авто замын зурваст  ороогүй, өмнө нь өмчилж байсан, хэн нэгэн эзэмших, ашиглах боломжгүй ” гэдгээр үүнд авсан нөхөх олговрыг буцааж өгөх замаар “өмчилж авах эрх” нэхэмжлэгчид шууд үүсэхгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийн дээрх зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэжээ.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн “...одоо байгаа замын трасст ороогүй 28 м.кв газрын нөхөн олговорт авсан мөнгийг төлөөд өөрийн өмчлөлд авч болох эсэх...” талаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан, нийслэлийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08/5273 дугаартай албан бичгээр “...238 м.кв газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авсан, газрын мэдээллийн санд 134 м.кв газрыг бүртгэх боломжтой”-г мэдэгдсэн, энэ тохиолдолд, нэхэмжлэгчийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан газар өмчилж авахтай холбогдсон баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн” гэж үзэхгүй.

13. Үүний зэрэгцээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан, нэхэмжлэгч өөрт нь “газар өмчилж авахтай холбоотой өргөдөл хүсэлт баримт” байсан бол үүнийгээ шүүхэд гаргаж өгөөгүй нь буруу, гаргах боломжгүй байсан тохиолдолд эх сурвалжийг заан түүнээс гаргуулах хүсэлт гаргаагүйгээс үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...маргаж буй газрыг өмчилж авах өргөдөл хүсэлтээ... өгсөн, хариуцагч эдгээр баримтыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх цуглуулаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Түүнчлэн, маргаан бүхий 28 м.кв газрын хувьд “авто зам” баригдаагүй боловч Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд Нийслэлийн авто замын газраас явуулсан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 5/1236 дугаартай албан бичигт “... уг газрыг авто замын трасст ороогүй, Хот, тосгоны барилгажилт норм, дүрэм БНбД 30-01-04-ийн дагуу авто замын хяналтын зурваст хамаарч байгаа”-г дурджээ.

15. Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д “...“хяналт тавих зурвас газар” гэж авто замын зурвас газрын хязгаараас үл хамааран зорчигчийн үзэгдэх орчныг хязгаарлаж байгаа болон авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажил, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай газрыг” ойлгохыг, 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу “хяналт тавих зурвас газар” нь авто замын бүрэлдэхүүний хэсэг байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...28 м.кв газрыг тусгай хэрэгцээнд авсан боловч зориулалтынх нь дагуу ашиглаагүй,... бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

16. Иймд, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд үлдсэн 134 м.кв газар, нөхөх олговор авч хариуцагчид эргүүлэн өгсөн 28 м.кв газрын хамт 162 м.кв газрын кадастрын зургийг нийтэд нь хийлгүүлэн газрын мэдээллийн санд өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасныг 28 м.кв газрын хувьд бүртгэх боломжгүйг мэдэгдсэн хариуцагчийн үйл ажиллагааг хууль бус эс үйлдэхүй гэж үзэхгүй, энэ маргааны тухайд нэхэмжлэгч нь 28 м.кв газрыг өмчлөх эрхийг дахин олж авахын тулд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан нөхцөл, журмыг баримталж холбогдох хүсэлт, өргөдлөө шийдвэрлүүлэх боломж байгааг шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой дурджээ.

17. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхийн нэхэмжлэлийг хангуулахаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0486 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                     Ч.ТУНГАЛАГ