Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1620

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ТТДС” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01785 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ТТДС” ХХК-ийн хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийн үнэ 402 800 000 төгрөг, газрын төлбөрт төлсөн 16 778 666 төгрөг, шинжээчийн хөлс 5 385 600 төгрөг буюу нийт 424 964 266 төгрөг гаргуулах үндсэн, хамтран ажиллах гэрээнээс учирсан хохиролд 675 074 381 төгрөг, шинжээчийн хөлсөнд урьдчилан төлсөн 10 000 000 төгрөг буюу нийт 685 074 381 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбартаа:

Нэхэмжлэгч нь ажилтнуудын орон сууц захиалан бариулахаар “Ш” ХХК-тай 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээг Улсын Дээд шүүхийн тогтоолоор “Хамтран ажиллах гэрээ” гэж тогтоосон. Тус гэрээгээр манайх газраар хөрөнгө оруулж, хариуцагч нь 108 айлын орон сууцны санхүүжилтийг гаргахаар тохиролцсон. Тус гэрээний 1.2-т заасны дагуу 2003 онд барилгын ажил эхлүүлэхээр тохирсон бөгөөд барилгыг хэзээ дуусгах талаар гэрээнд тодорхой заагаагүй. Үүнийг шалтаг болгож хариуцагч үүргээ биелүүлэхээс зайлсхийдэг. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчдийн үйлдэл, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлаж болдог. “Ш” ХХК болон тус барилгаас орон сууц захиалсан нэр бүхий 25 иргэд нарын хооронд байгуулсан гэрээг үзэхэд хариуцагч уг барилгыг 2005 оны 12 дугаар сар, 2006 оны 1 дүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар үүрэг хүлээсэн нь нотлогддог тул хугацааг гэрээний хугацаа гэж тайлбарлаж болно. Гэтэл “Ш” ХХК нь гэрээнд гарын үсэг зурснаас хойш 9 жилийн дараа буюу 2012 онд барилгын ажлыг дуусгасан нь “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч нь 2007 онд барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө манайд мэдэгдэхгүйгээр хятад иргэн Лиу Жүнтэй энэхүү 108 айлын орон сууцны 1-10 давхар хүртэл барилгын ажилд бэлнээр 700 000 ам.долларын санхүүжилт хийхээр үүрэг авсан. “Ш” ХХК бусад этгээдтэй ийнхүү хамтран ажиллах болсон талаар ТТК-д мэдэгдээгүй, тул дараах хууль ба гэрээний заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд 2003 оны хамтран ажиллах гэрээний 3.2-т заасан барилгын ажлыг өөрийн хөрөнгө болон багаж хэрэгсэл, хүн хүчээр биечлэн гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэснийг, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар заавал биечлэн гүйцэтгэх зохицуулалтыг, мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна гэдгийг, түүнчлэн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт “талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэж заасныг тус тус зөрчсөн. 2008 он гэхэд 10 давхар барилгын ажлын гүйцэтгэл нь дөнгөж 5 давхартаа хүрсэн бөгөөд талуудын хураамжийн үр дүнд үүссэн дундын өмч болох уг барилгыг хариуцагч манай өмч гэсэн тул ТТК нь 2008 оны 5 сард “Ш” ХХК-д холбогдуулан шүүхэд гэрээнээс татгалзах, газар эзэмших эрхээ сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо барилга нь 4 давхар хүртэл баригдсан, барилгын ажил хийгдэж байгаа, ТТК-ийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй, иймд гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, барилгын ажил дуусаагүй байсныг үндэслэн “Ш” ХХК гэрээний 3.4-т-заасан үүргээ ирээдүйд биелүүлэх боломжтой гэж шүүхээс үзсэн. 2012 оны эхээр барилга бүрэн баригдаж дууссан, дотор заслын ажил хийгдэх үед “Ш” ХХК-ийн захирал нартай 2-3 удаа ярилцахад орон сууц бүгд захиалж дуусаагүй, 2012 оны үнээр буюу 1 150 000 төгрөгөөс 10 хувиар хөнгөлөлттэй орон сууц худалдан ав гэж байсан. Ийнхүү хариуцагч гэрээний 3.4-т зааснаар 2003 оны үнээр орон сууц өгөхөөс татгалзсан тул ТТК нь орон сууцны оронд газар эзэмших эрхийн үнийг гаргуулах талаар хэд хэдэн санал гаргасан ч мөн адил үр дүнд хүрсэнгүй. Гэрээний 6.1-д заасанчлан барилгын ажил дууссаны дараа орон сууцнуудыг ашиглалтад хүлээлгэн өгөх, мөн 2008 оны шүүхийн 719 дугаар шийдвэрийн дагуу коллежийн багш нарт орон сууц олгох үүргийг барилга баригдсаны дараа биелүүлэх боломжтой гэж дүгнэснийг үндэслэн манайх 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр орон сууцыг хөнгөлөлттэй нөхцлөөр хүлээлгэн авах 5 багш ажилтны өргөдөл, жагсаалтыг хүргүүлсэн боловч хариу авч чадаагүй. Иймд 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандаж, коллежийн 5 багш ажилтанд 2003 оны зах зээлийн үнээс 10 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцож орон сууц худалдахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч шүүх хуралдаанд анх өгч байсан тайлбараа үгүйсгэн 2012 оны 3 дугаар сарын 19 өдөр 5 багш ажилтны жагсаалт ирэхэд байр захиалаад дууссан шалтаг зааж үүргээ биелүүлэхээс зайлсхийдэг. Ийнхүү Хамтын ажиллагааны зорилго нэгэнт хэрэгжих боломжгүй болсноос үүдэн нэхэмжлэгч Иргэний хуулийн 480.1.4, 480.2.1, 225.1-д заасан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, 227.1-д заасны дагуу учирсан хохиролд газар эзэмших эрхийн үнэ 402 800 000 төгрөг, 2003 оноос эхлэн газрын төлбөрт төлсөн 16 778 666 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 5 385 600 төгрөг, нийт 424 964 266 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч тус газрын ашигтай чанарыг ашигласан бөгөөд түүнийгээ Монгол хятадын хамтарсан компанид хөрөнгө оруулах хэлбэрээр 630 000 ам.доллараар үнэлсэн байна. 630 000 доллар нь гэрээ байгуулсан өдрийн МБ-ны ханшаар 1187.1 төгрөгөөр тооцвол 747 873 000 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгчийн шаардаж буй 402 800 000 төгрөг бол хариуцагчийн үнэлгээтэй харьцуулахад хамаагүй бага байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.4-т Гүйцэтгэгч нь “Техник технологийн коллеж” ХХК-аас олгосон зөвшөөрлийг үндэслэн байр худалдан авах хүмүүсийн жагсаалтад бичигдсэн тодорхой тооны иргэдэд орон сууцнаас одоогийн зах зээлийн үнээс 10 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч барилга угсралтын ажил явагдаж дуусах хүртэл байр худалдан авах хүмүүсийн жагсаалтыг ирүүлээгүй байсан нь гэрээнд заасан өөрийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний үндсэн зорилго нь нэхэмжлэгч ашиг олох бус нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт баригдсан барилгаас өөрийн ажилтнуудад гэрээ байгуулах зах зээлийн үнээс 10 хувь хямд орон сууц авах боломжийг олгосон нөхцөл юм. Энэхүү нөхцлийг ашиглан нэхэмжлэгч өнөөдөр газар эзэмших эрхээ үнэлэн 402 800 000 төгрөгийг ашиг гэж нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасны дагуу ашгийг хураамжид төлсөн хэмжээгээр хувь авахаар шаардаж байгаа бус маргаантай байгаа уг тохиолдолд оруулсан хураамжаа шаардаж байгаа болон газраа үнэлэн худалдаж буй хэлбэр болж байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч хэдийгээр хуульд заасны дагуу газар эзэмшиж байгаа хэдий ч эзэмшлийн газар нь төрийн өмч болохын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан үзэхэд өмчлөгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэх байдлыг хамтад нь авч үзэх шаардлагатай. Нэхэмжлэгч шүүхэд анх 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримттай танилцахад нэхэмжлэлд гарын үсэг зурсан Б.Ганбат нь тухайн үед нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа:

Баянгол дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт “Ш” ХХК нь үйлчилгээний төв, гарааш бүхий 108 айлын орон сууцны барилга барихаар хариуцагчтай гэрээ байгуулж, барилга угсралтын ажил эхэлсэн ч нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй, холбогдох бичиг баримтыг бүрдүүлээгүй, барилга угсралтын ажилд зориуд саад учруулж барилгын ажлыг саатуулсан. 2007 онд БНХАУ-ын иргэн Лиу Жунтай Хөрөнгө оруулах ба хамтран барилга барих үйл ажиллагааны гэрээ байгуулж 5 давхар хүртэл барилга угсралтын ажлыг хийсэн ч нэхэмжлэгч 30 гаруй хамгаалалтын албаны хүмүүсийг хүчээр оруулж, барилгын машин техник орох, гарах хаалгыг төмөр бетон хавтангаар таглан хааж ямар ч боломжгүй болгож барилга угсралтын ажлыг бүрэн зогсоосон. Энэ байдлууд нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 719 тоот шийдвэрээр нотлогдох ба хятадын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа зогсоож үүнээс болж барилгын ажил бүрэн зогссон. Манайд орон сууц захиалсан нэр бүхий 25 иргэн захиалгаа буцааж хохирол төлсөн, захиалсан байраа хямдруулж авснаас шалтгаалж хохирол үүссэн тул хариуцагч 674 074 381 төгрөгийн хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

2008 онд шүүхэд нэхэмжлэл гаргах үед “Ш” ХХК нь талуудын хураамжаар баригдсан барилгыг өөрийн өмч мэт байр суурь илэрхийлж байсан тул нэхэмжлэгч өөртөө туслах зорилгоор 2008 онд шүүхэд хандаж, барилгын ажлыг саатуулах арга хэмжээ авсан. Иймд нэхэмжлэгчээс барилгын ажлыг зогсоосон арга хэмжээ нь Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу буруутай гэж үзэхгүй. Лиу Жуны төлөөлөгч 2012 онд шүүхэд тайлбар гаргахдаа ТТК болон гүйцэтгэгч компанийн хооронд газрын асуудлаар маргаан гарсан тул Лиу Жун уг барилгын санхүүжилтийг зогсоосон гэж мэдүүлж байгаа нь “Ш” ХХК хятад хөрөнгө оруулагчийг газрыг өөрийн эзэмшлийн мэтээр хууран мэхэлсний улмаас барилгын ажил зогссоны нотлох баримт юм. “Ш” ХХК нь ТТК-той хамтран ажиллаж байгаа талаар буйгаа хятад иргэнд таниулаагүй тул бусад этгээдтэй орсон тэрхүү харилцаанаас үүсэх эрх, үүргийг зөвхөн өөрөө хариуцах ёстой. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлдээ ТТК-ийн зүгээс барилгын ажил зогсоосон гэх үйлдэл болон нэр бүхий 25 иргэний захиалгаа буцааснаас болон захиалсан байраа хямдруулж авснаас үүссэн хохирол хоорондын шалтгаант холбоог нотолж чадаагүй. Хэрэв нэр бүхий 25 иргэн гэрээ цуцалсанд ТТК-ийг буруутай гэж үзвэл тэгвэл эдгээр иргэд барилгын ажил зогсоосон гэх ТТК-ийн үйлдлийн дараа буюу 2008 онд 6 дугаар сард гэрээг цуцлах ёстой. Гэтэл эдгээр иргэдийн ихэнх нь буюу 18 иргэн анхны байгуулсан ОСХХАГ-ээг цуцлах хүсэлтийг 2005 оноос хойш илэрхийлж, урьдчилгаа төлбөрийг 2005 оноос хойш буцаан авч эхэлсэн нөхцөл байдал нь “Си эс ай аудит” ХХК-ийн дүгнэлтэд хавсаргасан төлбөрийн баримтуудаар нотлогддог. Дээрх дүгнэлтэд хавсаргасан Э.Мөнхзулын гаргасан ОСХХАГэрээг цуцлах тухай 2005 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн өргөдөл, Н.Гантөмөр гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрийг буцаан авсан тухай баримт, Л.Цэрэндолгор 2004 оны гэрээг цуцалсан тухай баримт, үүнээс өмнө урьдчилгаа төлбөрийг буцаан авсан тухай баримтууд, мөнгө буцаан авах тухай хүсэлт, Ц.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа байр ашиглалтад орохгүй байсан тул 2005 онд гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцааж авах хүсэлт гаргасан, Б.Бота 2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилгаа төлбөрийг буцааж олгох тухай гэрээ, Б.Баярсайхан 2004 онд гэрээ байгуулж, 2006 оны 01 дүгээр сард орон сууц хүлээн авахаар тохиролцсон боловч барилга ашиглалтад орохгүй байсан тул 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өмнөх гэрээг цуцалсан. Харин хямдруулж авсан гэх бусад 7 иргэн нь ТТК-ийн барилгын ажилд саад болсон гэх үйлдлээс хойш 3, 4 жилийн дараа буюу 2011, 2012 онд анхны гэрээг цуцалж, шинээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсныг хариуцагч мөн адил тайлбарлаж чадаагүй. Эдгээр иргэд анх ОСХХАГ-ээ байгуулахдаа 1 м.кв-ыг 227-300 ам доллараар тохиролцсон. Энэ нь тухайн үеийн ханшаар 263 000–340 000 төгрөгийн хооронд байна. П.Нарантуяа шүүхэд Л.Алтанхуяг нь 2012 онд анхны гэрээг шинэчлэх шаардлагатай гэж хэлж байсан тул 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин гэрээ байгуулсан гэсэн тайлбарладаг. Ингэхдээ нэг м.кв 227.5 ам доллар буюу 263 000 төгрөгөөр тохиролцсоныг цуцалж, нэг м.кв 1 170 000 төгрөгөөр тооцсон. Л.Цэрэндолгор 2004 оны 7 дугаар сарын 28-нд ОСХХАГ-ээг хариуцагчтай байгуулахдаа 49 тоот орон сууцны талбайн нэгж үнийг 270 ам доллар буюу тус өдрийн МБ-ны 1190 төгрөгийн долларын ханшаар 321 000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Хариуцагч гэрээг 2007 онд цуцалсны дараа 2012 оны 05 дугаар сарын 30-нд тус орон сууцыг Б.Уранболорт худалдахдаа нэг метр квадратыг 1 800 000 төгрөгөөр зарсан. Иймд иргэд байраа хямдруулж авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Үүнээс гадна ихэсгэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Хамтран ажиллах гэрээнээс учирсан хохиролд 675 сая гаруй төгрөг гаргуулах гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Сөрөг нэхэмжлэлдээ хариуцагч хохирол гаргуулах шаардлага гаргасан, үүнийгээ ямар хуулийн заалтын дагуу шаардаж байгаа нь тодорхой бус байна. Хохирол гэдэгт хэвшсэн нийтлэг утгаар хэн 1 этгээд ямар 1 үйлдлийн үр дүнд өөрийн амьжиргааны зүйлээр, өмч хөрөнгөөр хохирол амсахыг ойлгодог. Харин хамтын үйл ажиллагааны үр дүнд боссон 108 айлын орон сууцны барилга нь хариуцагчийн өмч бус, дундын өмч хөрөнгө тул Шинэ дэлхий ХХК дундын өмчийг худалдсанаар түүнд хохирол үүссэн гэх маргаан утгагүй юм. Шинжээч нар ч гэсэн удаа дараа хариуцагчид хохирол учраагүй гэж дүгнэдэг. Түүнчлэн хариуцагч хохирол гаргуулах шаардлага гаргасан атал хариуцагчид үүссэн алдагдлыг манайхаас гаргуулахаар нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Хамтран ажиллах гэрээний дагуу гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд ашиг алдагдлыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцахыг хуульд зохицуулсан. Илүү их хэмжээний хувь нэмэр оруулсан этгээд илүү их хэмжээний ашиг авахаас гадна илүү их хэмжээний алдагдлыг хүлээх ёстой. Барилгын практикт дээрх тохиолдлуудыг авч үзэхэд газраар хөрөнгө оруулалт хийсэн тал нь барилгын санхүүжилт хийж буй талтай тохиролцохдоо ашиг алдагдлаа 50:50 хуваадаг. “Ш” ХХК нь манай газрыг өөрийн эзэмшлийн гэж хятад иргэнд үнэмшүүлсэн тул уг газар ба суурийн ажил хийгдсэн хэсгийг 700 000 ам.долларын хөрөнгө оруулсан мэтээр үнэлүүлж, улмаар ашиг алдагдлаа 50:50 хувиар тохирсон. Харин нэхэмжлэгч болон Шинэ дэлхий ХХК нарын хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч ашиг олох зорилготой бол нэхэмжлэгчийн зорилго нь 5 багш ажилтанд орон сууц хүлээлгэн өгөх зорилготой байсан. Эдгээр 5 орон сууц нь барилгын нийт 108 орон сууцнаас зөвхөн 4,8 хувийг эзлэх бөгөөд хариуцагч уг хувийг коллежийн багш нарт хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан борлуулах үүрэг авсан. Үүнээс үзэхэд эдгээр 5 орон сууц нь ТТК-д хуваарилагдах ашиг биш, ашиг тохиролцоогүй тул алдагдлыг хариуцуулах нь зохимжгүй байна. Иймд аливаа ашиг алдагдлын тооцоолол үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1-д заасныг баримтлан “Ш” ХХК-аас 424 964 266 төгрөг гаргуулан “ТТДС” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар хамтран ажиллах гэрээнээс учирсан хохиролд 685 074 381 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2 242 150 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2 242 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 3 533 371 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.А давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд анх шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх энэ байдлыг хяналгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн, процессын ажиллагааг явуулсан, Э.Э-, Б.Х- нарт итгэмжлэл олгосон итгэмжлэлийг үндэслэн Э.Э- нь 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд өөрчилж өөрчлөгдсөн гэх шаардлагын хүрээнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь хууль бус юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо нэхэмжлэгч газраар хөрөнгө оруулж, хариуцагч нь санхүүжилтийг гаргахаар тохиролцсон, ашиг олох зорилгыг хэрэгжүүлэх шинжийг агуулж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүргийн хүлээхээр зохицуулсан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлсон хэдий ч зохигчдын хооронд 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр хариуцагч “Ш” ХХК-ийн 108 айлын орон сууцны барилга барих, хариуцагч нь нэхэмжлэгчийн заасан тодорхой тооны ажилтанд гэрээ байгуулах үеийн зах зээлийн үнээс 10 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдах үүргийг хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээнд заасан энэ үүргээ тухайн цаг хугацаанд орон сууц хөнгөлөлттэй үнээр авах багш, ажилтнуудын нэрсийг бүрэн ирүүлээгүй тул хариуцагч арга буюу хөрөнгө босгож барьсан барилгыг худалдан борлуулсны үндсэн дээр банкнаас авсан зээлийг төлж барагдуулсан юм. Гэрээний үндсэн зорилго нь ашиг олох бус нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт баригдсан барилгаас өөрийн ажилтнуудад хөнгөлөлттэй үнээр орон сууц захиалгын гэрээ байгуулах, зах зээлийн үнээс 10 хувь хямд орон сууц авах боломжийг ажилтнуудад олгосон, нэхэмжлэгч талаас 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр шаардлага хүргүүлж байснаас өөрөөр 5 багш, ажилтны жагсаалтыг гаргаж өгөөгүй харин “Техник технологийн коллеж”-ийн ажилтан П.Н нь 2003 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр №02/03 дугаар “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж байрнаас 3 өрөө 94 м.кв талбайтай байрыг хөнгөлөлттэй үнээр худалдаж авсан ба Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар гэрээнээс татгалзах эрхгүй, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь тухайн газар дээр барилга баригдсанаар хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдсэн харин орон сууцыг биет байдлаар авах боломжгүй болсныг гэрээний зорилго биелэгдэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй ба нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр буюу газрын үнэ шаардах эрхгүй бөгөөд харин 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №023/03 дугаар “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гэрээгээр талууд тохиролцсон ашгаа шаардах боломжтой юм.

Газар нь өнөөдрийг хүртэл төрийн өмчийн газар төдийгүй Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмшигч газрын төлбөрийг гэрээний үндсэн дээр төлөх үүрэгтэй ба барилгажсан газрын хэмжээнд нэхэмжлэгчээс тухайн орон сууцны ашиглалтын алба буюу СӨХ-д барилга барьсан газар, орчны газрыг шилжүүлэх үүргээ өнөөдрийг болтол нэхэмжлэгч тал биелүүлэхгүй байгаа төдийгүй “Ш” ХХК-д 4 000 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй, барилгажсан газрын талбайн хэмжээтэй байхад хэрэгт баримтаар авагдаагүй 4 000 м.кв газар эзэмших эрхийн үнэ нэхэмжилсэн үндсэн шаардлага, газрын төлбөр энэ хэмжээгээр төлсөн 16 778 666 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар тогтоолоор “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа албан ёсоор тодруулаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа ба шүүх хуралдааны явцад шүүхэд хандаж удаа дараа тайлбар гаргахад үндэслэл бүхий хариу өгөөгүй болно.

Хариуцагч “Ш” ХХК-ийн зүгээс 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч өнөөдрийг хүртэл сөрөг нэхэмжлэлтэй холбоотой ажиллагаануудыг явуулсан, шинжээч томилох, нотлох баримт гаргах зэрэг тодорхой ажиллагаа явуулж байсан хэдий ч сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш 5 жилийн дараа гэнэт хамааралгүй гэж үзэж байгаа нь эргэлзээтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуульд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “ТТДС” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийн үнэ 402 800 000 төгрөг, 2003 оноос эхлэн газрын төлбөрт төлсөн 16 778 666 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 5 385 600 төгрөг, нийт 424 964 266 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 675 074 381 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

“Техник технологийн коллеж” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 000 м.кв талбай бүхий газарт “Ш” ХХК нь хөрөнгөө гарган барилга барихаар харилцан тохиролцож, талууд 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 023/03 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ болох талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Уг гэрээгээр нэхэмжлэгч нь 4 000 м.кв газраа барилга барих зориулалтаар “Ш” ХХК-д өгөх, “Ш” ХХК нь хөрөнгөө гарган барилга барьж, 5 орон сууцыг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох үүргийг харилцан хүлээсэн, хариуцагч “Ш” ХХК дурдсан газарт барьсан барилгыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Техник технологийн коллежийн эзэмшил газарт нэгэнт барилга баригдсан, хариуцагч нь орон сууцыг бусдад борлуулж, барилга бүхэлдээ сууц өмчлөгчдийнх болсон тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн ч хариуцагч компани 5 орон сууцыг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр нэхэмжлэгч “ТТДС” ХХК-д олгох үүргээ биелүүлсэн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Хариуцагч нь хөнгөлөлт эдлэх ажилтны нэрсийн жагсаалтаа Техник технологийн коллеж гаргаж өгөөгүй гэх татгалзал нь үндэслэлгүй байна. Хэрэгт шинэ дэлхий ХХК-ийн барьж буй барилгад орон сууцны захиалга өгсөн, хөнгөлөлт эдлэх талаар мэдэгдэж байсан боловч өдийг хүртэл олгоогүй тул хөнгөлөлттэй үнээр нь сууц олгуулах агуулга бүхий багш ажилтан 5 хүн 2012 оны 3 дугаар сард бичгээр хүсэлт гаргаж байсан нь баримтаар авагджээ. /хх1-47-51/

 

Харин хэрэгт П.Н-д нэг орон сууцыг 21 385 ам.доллараар үнэлэн 35 хувийн хөнгөлөлт үзүүлсэн бичгийн гэрээ авагдсан, үүний 10 хувийн хөнгөлөлтийг зохигчдын гэрээгээр тохиролцсон хүрээнд үзүүлсэн гэвэл гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 3290 ам.доллар, тухайн үеийн /2012 оны/ долларын төгрөгтэй харьцах ханш 1182 төгрөгөөр тооцвол 3 889 827 төгрөг байна. Үүнээс өөр байдлаар хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зөрчсөн үндэслэлээр хамтран ажиллах гэрээнээс татгалзах үндэслэл бүрдсэн байна.

 

Гэрээнээс хуульд заасан үндэслэлээр татгалзаж байгаа тохиолдолд гэрээгээр шилжүүлсэн зүйлсийг харилцан буцаах үүрэг талуудад үүсэх боловч газрыг бодитоор буцаан авах боломжгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар 4 000 м.кв газрын зах зээлийн үнэ цэнийг шинжээчийн тодорхойлсноор 402 800 000 төгрөг гэж шаардсан нь үндэслэлтэй болно.

 

Харин нэг ажилтанд 3 889 827 мянган төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлснийг газрын үнэлгээнээс хасч тооцох нь хэргийн бодит байдалд нийцнэ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь шинжээчийн зардалд 5 385 600 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдож байх бөгөөд уг зардлыг хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэж  нэхэмжилснийг Иргэний 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч нь газрыг эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрээний үндсэн дээр хууль ёсоор эзэмшиж байгаагаа үндэслэн 2003 оноос хойш нийт 16 778 660 төгрөгийг газрын төлбөрт төлснийг газар эзэмшигчийн гэрээгээр хүлээсэн үүрэг гэж үзэх бөгөөд хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас уг хэмжээгээр зардал гаргасан гэж үзэхгүй, нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Техник технологийн коллеж” ХХК нь газрыг бүрэн чөлөөлж өгөөгүй, холбогдох баримтыг өгөхгүйгээр барилгын ажилд саад учруулснаас барилга барих ажил удааширч байр захиалсан нэр бүхий 24 иргэн байрны захиалгын гэрээгээ цуцалснаас манай компани хохирол төлсөн, уг хохирлын хэмжээ нь шинжээчийн дүгнэлтээр 675 074 381 төгрөг болсон, шинжээчийн ажлын хөлсөнд 10 000 000 төгрөг төлсөн гэж 685 074 381 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч “ТТДС” ХХК-ийн буруутай ажиллагааны улмаас буюу барилгын ажилд саад учруулсан, газрыг чөлөөлөөгүйгээс ажил удааширсан,  ашиглалтад орох хугацаа хойшилсон, энэ нь “Ш” ХХК-д орон сууц захиалагчийн гэрээ цуцлах үндэслэл болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.  Түүнчлэн гуравдагч этгээдүүдийн “Ш” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний тал болох захиалагчийн өмнө нэхэмжлэгч компани үүрэг хүлээгээгүй. Иймд гэрээ цуцлагдсанаас гарсан хохирол гэж нэхэмжлэгч “ТТДС” ХХК-аас 685 074 381 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхээр мэтгэлцсэн зохигчдын тайлбар, татгалзалд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, хамтран ажиллах гэрээнээс учирсан хохирол, шинжээчийн зардал нийт 685 074 381 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох, хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасанд нийцээгүйг дээрх байдлаар залруулсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

            Нэхэмжлэгч “Техник технологийн коллеж”-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурсан Б.Ганбатыг тус сургуулийг төлөөлөх эрхгүй этгээд гэж хуулийн этгээд өөрөө үгүйсгээгүй, түүнийг Гүйцэтгэх захирал болох талаарх тэмдэглэлийг улсын бүртгэлийн гэрчилгээнд 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн зэргээс үзвэл “ТТДС” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Нэхэмжлэгч “Техник технологийн коллеж” ХХК оноосон нэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ТТДС” ХХК болсныг дурдах нь зүйтэй.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “479.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.2” гэж нэмж, ““Ш” ХХК-аас 424 964 266 /дөрвөн зуун хорин дөрвөн сая есөн зуун жаран дөрвөн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан “ТТДС” ХХК-д олгосугай” гэснийг “Ш” ХХК-аас 404 295 773 /дөрвөн зуун дөрвөн сая хоёр зуун ерэн таван мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж, “ТТДС” ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 20 668 493 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Ш” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2 242 150 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2 242 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 3 533 371 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгосугай” гэснийг “нэхэмжлэгчээс төлсөн 2 242 150 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 3 533 371 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 2 179 428 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 243 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ