Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 20

 

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М- холбогдох эрүүгийн 1718000000191 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ма-  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч М- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 10-р багийн нутаг дэвсгэрт байрлах Рич зочид буудлаар үйлчлүүлээд гарахдаа тус буудлын 201 тоот өрөөнөөс иргэн С.Хишигжаргалын эзэмшлийн LG K-4 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 321.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М- нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 10-р багийн нутаг дэвсгэрт байрлах Рич зочид буудлын 201 тоот өрөөнөөс  иргэн С.Хишигжаргалын эзэмшлийн LG K-4 маркийн гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 321 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

 

            Шүүгдэгч М-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би Дарханд ирээд машинаа засварт өгөөд Отгонбаяр гэж найзындаа Мангиртад гэрт нь очиж архи ууж байгаад шөнө найзынхаасаа гарч яваад 380-н айлын Рич зочид буудалд шөнийн 3 цагийн орчим очиж буудалласан. Ингээд маргааш өглөө нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө босоод үлдсэн 2 пивоо уугаад өрөөгөө хүлээлгэж өгөх гээд буудлын ресепшин дээр очоод өрөөгөө хүлээж аваарай гэж хэлээд буцаад өрөөндөө орох гээд явж байхад хажуугийн өрөө онгорхой байсан. Намайг тэр өрөө рүү ороход орон дээр нь нэг гар утас байхаар нь авчихсан гэх мэдүүлэг,

   Хохирогч С.Хишигжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

            Би Рич зочид буудалд үйлчлэгч ажилтай. 2017 оны 11 дүгээр сарын 26-нд ажилтай байсан. Би буудлын өрөөнүүдийн цэвэрлэгээ хийгээд явж байсан. Би буудлын 2 давхарт 201 тоот өрөөг цэвэрлэж байсан. Өдөр 11 цаг өнгөрч байхад 202 тоот өрөөнд хоносон хүн надад өрөөгөө хүлээж аваарай гэсэн. Тэгээд би 202 тоот өрөөний эд зүйлийг бүртгэж хүлээж авсан. Тэр хүн өрөөгөө хүлээлгэж өгөөд явсан. Яг тухайн үед миний гар утас алга болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа буудлын хяналтын камер шүүж үзсэн чинь 202 тоотод хоносон хүн намайг өрөөг нь хүлээж авч байх үед миний цэвэрлэж байсан 201 тоот өрөөнд ороод гарсан бичлэг байсан. Би 201 тоот өрөөг цэвэрлэж байхдаа орон дээр нь гар утсаа тавьсан байсан. Тэгээд л 202 тоот өрөөнд хоносон Мартбаяр гэдэг хүн миний гар утсыг аваад явсныг мэдсэн. Яагаад Мартбаяр гэдэг хүн гэж мэдсэн гэхээр буудлын зочин хүлээн авагч дээр иргэний үнэмлэх гар утасны дугаараа бүртгүүлсэн байсан гэх мэдүүлэг /хх 19/,

 

   Рич зочид буудлын камерын бичлэг бүхий CD-г эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөн байцаагчийн тогтоол /хх 10/, СD бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 11/, эд мөрийн баримтаар М-аас хар өнгийн LG маркийн гар утсыг түр хураан авах мөрдөгчийн санал, хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл хх 12-14/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15/ , LG-К4 маркийн гар утсыг зах зээлийн зээлий үнээр 321 000 төгрөгөөр үнэлсэн тухай Капитал зууч ХХК-ны үнэлгээний тайлан /хх 26/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж 321 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 51-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож, хохирогч С.Хишигжаргалын мөрдөн байцаалтад өгсөн "би өөрийн гар утсаа буцааж авсан учраас гомдол санал нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

Шүүгдэгч М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдалтай холбоотой гэрч Э.Цэцэгдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн "Манай нөхөр Моностой Ерөө ХХК-нд механикжуулагч ажилтай. Бид хоёр 2007 онд гэр бүл болж байсан дундаасаа 3 хүүхэдтэй. Зан байдлын хувьд даруухан, дөлгөөн зантай, сайхан сэтгэлтэй, амьдарлын төлөө гэсэн сэтгэлтэй." гэх мэдүүлэг /хх 20/, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн засаг даргын тодорхойлолт /хх 38/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 39-42/ зэргээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 43-47-р хуудсанд авагдсан Цагдаагийн газрын иргэний мэдээллийн талаархи хайлтын системээс авсан захиргааны зөрчлийн талаарх мэдээллээс шүүгдэгч М- нь согтуугаар захиргааны зөрчил гаргасан байгааг үндэслэн түүнд тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.  

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Рич зочид буудлын камерын бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон Бямбацогтын Мартбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М- нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

            4.Шүүгдэгч М-ын 1 жил 6 сарын тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Рич зочид буудлын камерын бичлэг бүхий CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт  үлдээсүгэй.

 

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ