Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 1

 

Д.Э-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч Я.Туул

Шүүгчид Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор А.Оргилбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргалын даргалж 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 306 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э-ын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-гийн Э-ад холбогдох 1718002400102 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Д-гийн Э- /РД: ********** / нь  2017 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 02 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зулжавхлан” зочид буудалд хамт байсан найз Б.Б-тай үл ялих зүйлийн улмаас маргалдаж түүний төмсөгнөөс нь базаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.Э-ад холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэж, Д.Э-аас 599.000 төгрөгийн хохирол гаргуулан хохирогч Б.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Э- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогчоос уучлалт гуйж бид эвлэрсэн. Хохирол төлбөр эмчилгээний зардалд анхан шатны шүүх хуралдаанаас өмнө 280.000 төгрөг өгсөн, үлдэгдэл төлбөрийг тохирсны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 650.000 төгрөг нийт 930.000 төгрөг төлсөн. Би эхнэр болон 1-10 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Би “Хатадын ундарга” ХХК*-д жолооч ажилтай, сарын 600.000 төгрөгийн цалинтай. Анхан шатны шүүхээс ”...хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, орлого тодорхойгүй, хохирол бүрэн төлөгдөөгүй...” гэсэн үндэслэлээр торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Миний бие нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, бага насны 4 хүүхэдтэй, хохирол төлбөр бүрэн барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг хувийн байдлуудыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээгээр ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор А.Оргилбаяр гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Д.Э-ын үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байгаа учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 02:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Зулжавхлан” зочид буудалд өөрийн найз Б.Б-тай үл ялих зүйлийн улмаас маргалдаж улмаар түүний төмсөгнөөс нь базаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн бичсэн давж заалдах гомдлын “...эрхэлсэн тодорхой ажилтай, бага насны 4 хүүхэдтэй, хохирол төлбөр бүрэн барагдуулсан үйлдсэн хэргээ гэмшиж байгаа, хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлуудыг харгалзан торгох ялыг доод хэмжээгээр ялыг хөнгөрүүлж өгнө үү...”гэсэн үндэслэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Анхан шатны шүүх Д.Э-ад холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байх тул давж заалдах гомдолд дурдснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар солих хууль зүйн  үндэслэлгүй байна гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ                                           Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ