Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/1070

 

Д.Мэндсайханы нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 704 дүгээр шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Мэндсайханы нэхэмжлэлтэй,      

Хариуцагч Б.Гансүх,

Хариуцагч Б.Лхагвадулам,

Хариуцагч Т.Алтанцэцэг нарт холбогдох,

31.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Гансүхийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Гансүхэд намайг Замын-Үүдэд явж байхад зээл хаалгуулах ажил байна, мөнгө байна уу гэж утсаар ярихаар нь өөрийнх нь мэссэжээр өгсөн Төмөрбаатар овогтой Алтанцэцэгийн 5055382115 тоот дансанд 2014 оны 3 сарын 31-нд 20 500 000 төгрөг, мөн үүний адил 2014.04.10-нд Бадарч овогтой Лхагвадуламын 5046131310 тоот дансанд 10 000 000 төгрөг, мөн 2014.12.26-нд өөрт нь 500,000 төгрөг, нийт 31 000 000 төгрөг өгсөн юм. Өдийг хүртэл мөнгө өгөхийг шаардахаар элдэв шалтаг, зовлон ярьж бүр сүүлдээ ажлаасаа чөлөө аваад 2015.06.25-нд мөнгийг чинь үдээс хойш хийнэ гээд тэрнээс хойш утсаа авахгүй эхнэрээс нь асуухаар хөдөө явсан гээд байдаг. /Эхнэр нь ХААН банкны биржийн салбарт ажилладаг Мөнхтуул утас нь 99037188/. Би Б.Гансүхтэй 2013 оны 1 сард банкнаас зээл авч байхдаа танилцаж, өмнө нь надаас зээл авч байсан юм. Мөнгөө төлөхгүй байгаа тул хариуцагч Б.Гансүх, Т.Алтанцэцэг, Б.Лхагвадулам нараас 31 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Мэндсайханы эхнэр болох Б.Алтанцэцэгийн гуйлтаар /Мэндсайхан ахад чинь мөнгө байгаа надад өгөхгүй байна чамайг хэлэхээр өгнө гээд хэд хэдэн удаа гуйсан/ 2014.03.31-нд Төмөрбаатарын Алтанцэцэг 5055382115 тоот дансанд 20,5 сая төгрөг, 2014.04.10-нд Бадарчийн Лхагвадуламын 5046131310 тоот дансанд 10 сая төгрөгийг тус тус Д.Мэндсайхан шилжүүллээ, 500 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн гэсэн тэр мөнгийг би аваагүй. Д.Мэндсайханы нэхэмжлэлийг хүлээн авсаны дараа Д.Мэндсайханы эхнэр болох Батхуяг овогтой Алтанцэцэгт энэ тухай утсаар мэдэгдэхэд би ойлгож байгаа мөнгийг нь би авч хэрэглэсэн нь үнэн учир нөхөр болох Д.Мэндсайханаар гомдлыг буцааж татуулна, битгий санаа зов гэсэн хариу өгсөн. /Энэ ярианы бичлэгийг утсандаа бичиж авсан байгаа/. Дээрх байдлыг үндэслэн Б.Гансүх миний бие тухайн нэхэмжлэлийн асуудалд холбогдолгүй болох нь батлагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Лхагвадулам шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Лхагвадулам миний бие 2014.04.10-ны өдөр найз Б.Алтанцэцэгтэй ярьж 10 000 000 төгрөг авсан ба өдөрт нь буцааж өгсөн. Өгөхдөө Алтанцэцэгтэй яриад 2 дансруу хувааж хийсэн. Одоо Алтанцэцэг болон бидний хооронд ямар ч тооцоо өгч авах мөнгөний асуудал байхгүй болно гэжээ.

Хариуцагч Т.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2014.03.31-ний өдөр найз болох Б.Алтанцэцэг нь дансруу чинь мөнгө шилжүүлээд авчихъя гэхээр нь тэг гээд 03 сарын 31-ний 16 цаг 38 минутанд мөнгө орж ирээд 17 цагт ОК-ийн ХААН банкинд очиж мөнгийг нь Б.Алтанцэцэгт данснаасаа авч өгсөн болно. Бидний хооронд өөр мөнгөний асуудал байхгүй, 2014.03.31-ний өдөр 21,000,000 орчим төгрөгийг бэлнээр данснаасаа авч Б.Алтанцэцэгт хүлээлгэн өгсөн. Яг хэн гэж хүнээс мөнгө орж ирснийг ч мэдээгүй, Алтанцэцэг миний дансанд мөнгө орно, тэрийг бэлэн аваад өгчихөөрэй гэсний дагуу өгсөн. Б.Алтанцэцэг бид 2 харилцан мөнгө өгч авалцдаг. Одоо Б.Алтанцэцэг бид 2-ын хооронд ямар ч төлбөрийн тооцоогүй, Д.Мэндсайханы нэхэмжлээд байгаа мөнгийг Б.Алтанцэцэгт өгсөн болно. Ер нь Мэндсайханыг огт танихгүй, уулзаж ярилцаж үзээгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 704 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Д.Гансүхээс 31 000 000 төгрөг гаргуулах Д.Мэндсайхны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан Т.Алтанцэцэгээс 20.500.000 төгрөг,  Б.Лхагвадуламаас 3.700.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мэндсайханд олгож, нэхэмжлэлээс үлдэх 6 800 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэн байна. 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ...хариуцагч Б.Гансүхээс 31.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Мэндсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ...хариуцагч Б.Гансүхээс 30.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мэндсайханд олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хамтран хариуцагч Т.Алтанцэцэг, Б.Лхавгадулам нараас 31.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай ... гэж, 3 дугаар заалтыг хүчингүй болгож, 4 дүгээр заалтыг 3 гэж дугаарлан ... хариуцагч Т.Алтанцэцэгээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 20.500.00 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 260.450 төгрөг, хариуцагч Б.Лхавгадуламаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 3.700.000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 74.150 төгрөгийг тус тус гаргуулж ... гэснийг ... хариуцагч Б.Гансүхээс тэмдэгтийн хураамж 310450 төгрөг гаргуулж ... гэж, 5 дугаар заалтыг 4, 6 дугаар заалтыг 5 гэж дугаарлан тус тус өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдсан гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид Т.Алтанцэцэгээс төлсөн 260.450 төгрөг, Б.Лхавгадуламаас төлсөн 48.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус буцаан гаргуулж хариуцагч Т.Алтанцэцэг, Б.Лхавгадулам нарт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Гансүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Мэндсайханы эхнэр Б.Алтанцэцэг нь 2014.12.20-ны өдөр над руу утсаа яриад манай 2 найз зээлээ хаалгах гэсэн юм. Ахтай чинь яриахаар надад мөнгө өгөхгүй байна. Чамд болно өгнө гээд ярьсан. Тухайн үед би зөвшөөрөөгүй, олон заалгадаг байсан. Б.Алтанцэцэг намайг Д.Мэндсайханд битгий хэлээрэй гэсэн учир хэлээгүй, би ямар ч шан харамж аваагүй. Ингээд би надад Лхагвадулам, Алтанцэцэг гэдэг хүмүүсийн данс ирэхээр Д.Мэндсайханд өгч явуулсан. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй. Дараа нь Д.Мэндсайхан надруу залгаж мөнгөө өгөхгүй байна гэсэн хэлэхэд би мэдэхгүй танай эхнэр надаас гуйсан болохоор би хэлээгүй гэсэн. Гэтэл гэнэт 2 жилийн дараа надаас 31.000.000 төгрөг нэхэмжилж эхэлсэн. Энэ талаар би эхнэрт нь хэлэхэд Алтанцэцэг нэхэмжлэлийг татаж авна гэсэн, гэтэл Мэндсайхан би Алтанцэцэгээс салсан гэдэг. 2015 оны 2 сард би Мэндсайхан ахтай чинь учраа олсон, мөнгийг нь хүмүүсээс аваад өгнө санаа зоволтгүй гэхэд би учраа олсон байна гэж бодсон. Хэрэгт авагдсан баримтаар Алтанцэцэг мөнгийг авсан гэдэг нь нотлогдож байхад Мэндсайхан эхнэрээ хариуцагчаар татан оролцуулахгүй байгаа нь эргэлзээтэй. Түүнээс нэхэмжлэгч бид хоёрын дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Би Мэндсайханаас ямар нэгэн мөнгө гар дээрээ аваагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

                                                                    ХЯНАВАЛ :

Д.Мэндсайхан нь Б.Гансүх, Б.Лхагвадулам, Т.Алтанцэцэг нараас 31.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх Б.Гансүхэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Лхагвадулмаас 3.700.000 төгрөг, Т.Алтанцэцэгээс 20.500.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс 6.800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж Б.Гансүхээс 30.500.000 төгрөг гаргуулж,  Б.Лхагвадулам, Т.Алтанцэцэг нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Хариуцагч Б.Гансүхийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Гансүх нь Д.Мэндсайхантай харилцан тохиролцож 2014 оны 3, 4, 12 сард нийт  31.000.000 төгрөг зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон, нэхэмжлэлийн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 196, 211, 281 дүгээр зүйлд нийцжээ.  

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.

Д.Мэндсайхан нь Б.Гансүхтэй харилцан тохиролцсоны дагуу түүнд 31.000.000 төгрөг зээлүүлж, зээлдэгчийн хэлсэн дансанд мөнгийг шилжүүлсэн нь нотлогдож байх тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг Б.Гансүхээс шаардах эрхэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Гансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 дугаар сарын 22-ны төлсөн 305.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ