Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 147

 

Д.М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00250/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч     О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 704 дүгээр шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Д.М-ы нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Б.Г-, Б.Л-, Т.А- нарт холбогдох, 

          “31,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

          Хариуцагч Т.А-, түүний өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Б.Л- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Б.Л-, Т.А-, хариуцагч Б.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагч Т.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагч Б.Г-ийн өмгөөлөгч П.Буманзаяа, хариуцагч Т.А-ийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Г-эд намайг Замын-Үүдэд явж байхад зээл хаалгуулах ажил байна, мөнгө байна уу гэж утсаар ярихаар нь өөрийнх нь мэссэжээр өгсөн ******* овогтой ******* ******* тоот дансанд 2014 оны 3 сарын 31-нд 20 500 000 төгрөг, мөн үүний адил 2014.04.10-нд ******* овогтой *******ын ******* тоот дансанд 10 000 000 төгрөг, мөн 2014.12.26-нд өөрт нь 500,000 төгрөг, нийт 31 000 000 төгрөг өгсөн юм. Өдийг хүртэл мөнгө өгөхийг шаардахаар элдэв шалтаг, зовлон ярьж бүр сүүлдээ ажилаасаа чөлөө аваад 2015.06.25-нд мөнгийг чинь үдээс хойш хийнэ гээд тэрнээс хойш утсаа авахгүй эхнэрээс нь асуухаар хөдөө явсан гээд байдаг. /Эхнэр нь ХААН банкны биржийн салбарт ажилладаг ******* утас нь *******/. Би Б.Г-тэй 2013 оны 1 сард банкнаас зээл авч байхдаа танилцаж, өмнө нь надаас зээл авч байсан юм. Мөнгөө төлөхгүй байгаа тул хариуцагч Б.Г-, Т.А-, Б.Л- нараас 31 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г-ийг буруутгах зүйл байхгүй. Б.Г- нь ХААН банкны эрхлэгчээр ажиллаж байхдаа хүний зээлийг хааж өгөх зуучлалын үйл ажиллагаа хийж байсан нь харагддаг.

Тухайн өдөр Б.******* нь Б.Г-ийн явуулсан данс руу мөнгө шилжүүлсэн байдаг, иймд Д.М- Б.Г-тэй биш Б.Л-, Т.А- нартай зээлийн гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг Б.Л-, Т.А- нарын данс руу шилжүүлсэнээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогддог, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Өнөөдөр албан ёсны гэр бүлийг гэр бүл гэж үзнэ. Б нар нь гэр бүл байсан ч тус бүртээ тооцоотой, хуваарьт өмч гэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хувьд 20.500.000 төгрөгийг Т.А-ээс, 10.500.000 төгрөгийг Б.Л- нараас гаргуулахаар нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч Б.Г- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Д.М-ы эхнэр болох Б.******* гуйлтаар /******* ахад чинь мөнгө байгаа надад өгөхгүй байна чамайг хэлэхээр өгнө гээд хэд хэдэн удаа гуйсан/ 2014.03.31-нд *******ын Алтанцэцэг ******* тоот дансанд 20,5 сая төгрөг, 2014.04.10-нд *******ийн *******ын ******* тоот дансанд 10 сая төгрөгийг тус тус Д.М- шилжүүллээ, 500 000 төгрөгийг бэлнээр надад өгсөн гэсэн тэр мөнгийг би аваагүй. Д.М-ы нэхэмжлэлийг хүлээн авсаны дараа Д.М-ы эхнэр болох овогтой А-т энэ тухай утсаар мэдэгдэхэд би ойлгож байгаа мөнгийг нь би авч хэрэглэсэн нь үнэн учир нөхөр болох Д.М-аар гомдлыг буцааж татуулна, битгий санаа зов гэсэн хариу өгсөн. /Энэ ярианы бичлэгийг утсандаа бичиж авсан байгаа/. Дээрх байдлыг үндэслэн Б.Г- миний бие тухайн нэхэмжлэлийн асуудалд холбогдолгүй болох нь батлагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г-ийн өмгөөлөгч П.Буманзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн хувьд Б.Л- Т.А- нараас нэхэмжилнэ гэж ярьж  байна. Нэхэмжлэгч Д.М-, Б.Г- нар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281 дүгээр зүйлийн 281.4-т, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасан гэрээ байгуулагдаагүй. Мөн Д.М- Б.Г-ийг надаас мөнгө авсан гэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бол Т.А-ийн ХААН банкны дансанд 20.500.000 төгрөг, Б.Л-ын дансанд 10.000.000 төгрөг орсон нь тогтоогдож байгаа. Харин эргээд Д.М-д уг мөнгийг өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Иймд 31.000.000 төгрөгийг Д.М- нь Т.А-, Б.Л- нараас гаргуулах нь зөв тул Б.Г-эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Л- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Б.Л- миний бие 2014.04.10-ны өдөр найз хүүхэн Бтэй ярьж 10 000 000 төгрөг авсан ба өдөрт нь буцааж өгсөн. Өгөхдөө Алтанцэцэгтэй яриад 2 дансруу хувааж хийсэн. Одоо Алтанцэцэг болон бидний хооронд ямар ч тооцоо өгч авах мөнгөний асуудал байхгүй болно гэжээ.

Хариуцагч Т.А- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

2014 оны 3 сарын 31-ний өдөр найз болох Б нь дансруу чинь мөнгө шилжүүлээд авчихъя гэхээр нь тэг гээд 3 сарын 31-ний 16 цаг 38 минутанд мөнгө орж ирээд 17 цагт ОК-ийн ХААН банкинд очиж мөнгийг нь Бт данснаасаа авч өгсөн болно. Бидний хооронд өөр мөнгөний асуудал байхгүй, 2014.03.31-ний өдөр 21,000,000 орчим төгрөгийг бэлнээр данснаасаа авч Бт хүлээлгэн өгсөн. Яг хэн гэж хүнээс мөнгө орж ирснийг ч мэдээгүй, Алтанцэцэг миний дансанд мөнгө орно, тэрийг бэлэн аваад өгчихөөрэй гэсний дагуу өгсөн. Б бид 2 харилцан мөнгө өгч авалцдаг. Одоо Б бид 2-ын хооронд ямар ч төлбөрийн тооцоогүй, Д.М-ы нэхэмжлээд байгаа мөнгийг Бт өгсөн болно. Ер нь *******ыг огт танихгүй, уулзаж ярилцаж үзээгүй гэжээ.

Хариуцагч Б.Л-, Т.А- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.А- нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 20.500.000 төгрөг өөрийн дансанд нь орж ирсэнийг бэлнээр гаргаж Бт олгосон юм. Уг мөнгийг ямар утгатай мөнгө байсныг ойлгоогүй. Тухайн  өдөр  уг мөнгийг  Б  шаардаж  авсан байдаг. Б.Л-ын хувьд мөн тухайн өдөр дансанд нь 10.000.000 төгрөг орсон, уг мөнгийг Б.******* өөрийнх нь хүссэн данс руу шилжүүлсэн байдаг. Г.Болдхуягын данс руу 3.700.000, Б.******* данс руу 3.600.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Иймд Т.А-, Б.Л- нар нь Д.М-д төлөх төлбөр байхгүй. Тайлбартаа ч Б тухайн мөнгийг аваад тооцоогүй болсон гэдэг.

Тухайн өдөр 20.500.000 төгрөг, 10.000.000 төгрөгийг дансаар орж ирсэнийг бэлнээр гаргасан нь дансны хуулгаар харагдаж байгаа юм. Мөн Б ч миний авах ёстой мөнгө байсан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Б.Л-, Т.А- нар Д.М-тай зээлийн гэрээ хийгээгүй. Д.М- нь мөнгө шилжүүлэхдээ Т.А-, Б.Л- нараас авна гэж бодож мөнгийг шилжүүлж хийгээгүй. Эдгээр хүмүүсийн хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй байхад нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Б.Л-, Т.А- нартай зээлийн гэрээг бичгээр болон амаар байгуулаагүй. Өөрийнхөө танихгүй хүнтэй тооцоо хийнэ гэж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй юм. Д.М-аас Б.******* данс руу шилжиж орсон 20.500.000 төгрөг, Б.Л-ын данс руу орсон 10.0000 төгрөгийг буцаан өгсөн тул энэ хэрэгт Т.А-, Б.Л- нар нь холбогдолгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 704 дүгээр шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Гансүхээс      31 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Мэндсайхны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болож,

2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хамтран хариуцагч Т.А-ээс 20500000 төгрөг, хамтран хариуцагч Б.Л-аас 3 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, 6 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М-аас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 312,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.А-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 20500000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж  260,450 төгрөг, хариуцагч Б.Л-аас нэхэмжлэлийн шаардлагын хангандсан дүн болох 3 700 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 74150 төгрөгийг, 6800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох тэмдэгтийн хураамж 123 750 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.А- давж заалдсан гомдолдоо:

2014.03.31-ний өдөр миний найз болох Б нь чиний данс руу мөнгө шилжүүлээд авчихъя гэхээр нь зөвшөөрөөд тэр өдрөө 16.38 цагт миний дансанд 20,5 сая төгрөг орж ирээд Ок барны Хаан банкны данснаас 20,5 сая төгрөгийг бэлнээр авч Бт хүлээлгэн өгсөн, тухайн үед хэнээс ирсэн эсэхийг мэдээгүй, бидний хооронд иргэний хуулийн 281-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, Д.М- гэснийг танихгүй, уулзаж байгаагүй, найз Алтанцэцэгт туслаж байна гэж бодож байтал өрөнд унаж байгаад туйлын гомдолтой байна, дансанд мөнгө орсон, бэлнээр гарсан баримтуудыг өгсөөр байхад нотлох баримтыг үнэлэхгүй ор нэр төдий шийдвэр гаргасанд гомдолтой байна, *******д холбогдох 6.7 сая төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө миний яг адилхан хийсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгохгүйгээр төлүүлэх тухай илт хоорондоо зөрүүтэй шийдвэр гаргаж миний эрхийг зөрчсөн Б.******* гэрчээр өгсөн “Т.А-ийн дансанд манай нөхөр Д.М- 20.5 сая төгрөг хийж би бэлнээр авсан ямар нэгэн хохирол байхгүй би өөрийн биеэр хариуцана” гэж мэдүүлсээр байхад үнэлээгүй, шүүх хэтэрхий нэг талыг барьж, хууль буруу хэрэглэж, хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй хөнгөн хандсан гэж үзэж байна. Зах зээлийн нөхцөлд найз нөхөд бие биенийхээ дансыг ашиглаж мөнгө төгрөг өгч авах явдал өдөр тутамд байдаг. Иймд эрхэм шүүгч та бүхэн оюун ухаандаа тунгааж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.А-ийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид буюу хуульд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөөгүй байна гэж дүгнээд Т.А-ийн энэ үйлдлээр үүрэг гүйцэтгүүлэгч болох Д.М- ашиг олсон эсэх, зөвшөөрсөн эсэхийг нотолж чадаагүй тул үүргийг гүйцэтгэсэнд тооцох үндэслэлгүй, хүлээлгэн  өгсөн  гэх баримт  дахь 2014 оны 3 дугаар сарын 31 гэсэн хэсгийг өөр

балаар бичвэр хийгдсэн, мөн түүний ХААН банкны депозит дансны хуулгаар Б, Т.А- нарын хооронд мөнгөний гүйлгээ шилжүүлэг хийгдснээс үзэхэд аль төлбөрийг төлж байгаа нь тодорхойгүй байгаа тул дээрх нотлох баримтаар Д.Мөнхсайханд буцаан төлөх 20500000 төгрөгийг буцаан өгсөн гэх үндэслэлгүй байна гэж дүгнээд хариуцагч Т.А-ээс 20500000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Т.А- нь Д.М- болон Б.Г- нарын хэнийг нь ч таньдаггүй мөнгө төгрөг өгч авалцан, зээл чөлөөлдөг талаар ямар ч ойлголт байгаагүй, Т.А- нь Бтэй найз нөхдийн харилцаатай ба өмнө нь өөрийн дансаар мөнгө шилжүүлж өгч байсан, Т.А- нь Бээс хэзээ ч мөнгө зээлж байгаагүй энэ хоёрын хооронд ямар нэг тооцоо байхгүй ба энэ нь Б.******* хууль сануулсан баримт дээр гарын үсэг зурж, гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдоно. Ийнхүү хариуцагч Т.А-ээс Б 20 500 000 төгрөг хүлээн авсан талаар маргаагүй байхад “20500000 төгрөгийг буцаан өгсөн гэх үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Мөн хариуцагч Б.Г-ийн “Д.М-ы эхнэр болох Б.******* гуйлтаар /******* ахад нь мөнгө байгаа надад өгөхгүй байна чамайг хэлэхээр өгнө гээд хэд хэдэн удаа гуйсан./,... Бт энэ талаар утсаар мэдэгдэхэд би ойлгож байна мөнгийг нь авч хэрэглэсэн нь үнэн учир нөхөр болох Д.М-аар гомдлыг буцааж татуулна гэсэн” гэх тайлбар болон 21 500 000 төгрөгийг хүлээж авсан Б.******* гарын үсэг бүхий тэмдэглэлийн дэвтрийн хуудсаар Б.Г- зуучилж Д.М-ы шилжүүлсэн мөнгийг Д.М-ы эхнэр Б захиран зарцуулсан болох нь нотлогдож байна. Гэтэл Б.Г-ийн тайлбар, Д.М-ы “ ... би Гансүхэд Алтанцэцэгт мөнгө шилжүүлж болохгүй гэж хэлж байсан. Энэ мөнгө манай эхнэр бид хоёрын дундын мөнгө биш...” гэж шүүхийн  хэлэлцлэгт өгсөн тайлбар, Б******* “Д.М- миний нөхөр” гэж гэрчээр өгсөн мэдүүлэг, Дархан сумын 12 дугаар багийн засаг даргын ам бүлийн болон оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар Д.М-, Б нар нь эхнэр нөхөр болох нь нотлогдсон гэтэл шүүх “гэрлэлт бүртгэлгүй” тухай лавлагаагаар тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь мөнгө шилжүүлсэн өдөр буюу 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Д.М-, Б нарын гэр бүлийн баталгаа хүчинтэй байсан эсэх, энэ хоёр хүн хэзээ гэр бүлээ цуцлуулсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад ийнхүү дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг зөрчиж, нотлох баримтыг илт нэг талыг барин үнэлсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасныг баримтлан Д.М-ыг үүрэг гүйцэтгүүлэгч, Т.А-ийг үүрэг гүйцэтгэгч гэж үзэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид буюу хуульд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөөгүй байна, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч болох Д. ******* ашиг олсон эсэхийг нотолж чадахгүй байгаа тул 20 500 000 төгрөгийг буцаан өгсөн гэж үнэлэх боломжгүй байна гэж Т.А-, Д.М- нарын хооронд хэлцэл хийсэн мэтээр үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Учир нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл  /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж тодорхойлсноос харахад хэлцэл нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон хууль зүйн тодорхой үр дагавар бий болгоход чиглэгдсэн, эрх зүйн дагуу үйлдэл болох нь тодорхой байна.

Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ нь хоёр талын гэрээ тул гэрээний хоёр тал харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх учиртай. Гэтэл үүрэг гүйцэтгэгч гэх Т.А-ийн хувьд мөнгө зээлж авах хүсэл зориг байгаагүй, ийнхүү мөнгө зээлж авах хүсэл зоригоо нэхэмжлэгч Д.М-д илэрхийлээгүй тул нэхэмжлэгч Д.М-, хариуцагч Т.А- нарын хооронд хэлцэл, тэр тусмаа зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Өөрөөр хэлбэл нэг ч уулзаж байгаагүй хүмүүсийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн хариуцагч Б.Г-ийг зуучлагч гэж үзээд мөнгө төлөх хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл мөн л байхгүй байна. Учир нь нэг талаас Б.Г-, Б нар, нөгөө талаас Д.М- нарын хооронд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хууран мэхэлж хийсэн хэлцэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ үйл явдалд Б.Г- нь зуучлагчийн биш, харин Б.******* төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэсэн байдаг.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16 дугаар зүйлд “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийх төлбөр тооцооны харилцаанд төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагч оролцоно.” гэж заасныг зөрчин банкны ажилтан Б.Г-, Б нар нь хуйвалдан Т.А-ийг мэдээгүй байхад нь түүний дансанд мөнгө шилжүүлсний үр дагаврыг данс эзэмшигч хүлээх үндэслэл байхгүй.

Иймд нэг талаас эхнэр нөхөр хоёрын хоорондохи эд хөрөнгийн маргаан, хоорондын үл ойлголцол, нөгөө талаас нэхэмжлэгч Д.М-, Б.Г- нарын зээл чөлөөлдөг хамтын ажиллагааны хүрээнд Т.А-ийн дансыг ашиглан нөхрийнхөө мөнгийг эхнэр нь авчихсан үйлдлийн үр дагаварыг энэ үйл явдлын талаар ямар ч ойлголт байхгүй, ямар ч ашиг олоогүй этгээд болох Т.А- хариуцах нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Үндэслэлгүй хөрөнгөжих гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, зөрчилдөж байх тул Т.А-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Л- давж заалдсан гомдолдоо:  

Би найз Бээс мөнгө хэрэгтэй байна гэхэд, хүнээс асуугаад өгье гэсэн ба ХААН банкны салбарын эрхлэгч Б.Г-эд хэлж миний данс руу 10.0 сая төгрөг хийсэн. Тухайн үед Д.М-ы данснаас мөнгө шилжиж орсныг мэдээгүй байсан. Д.М- нь Т.А-ийн дансанд 20.5 сая төгрөг. миний дансанд 10.0 сая төгрөг тус тус шилжүүлсэн байдаг юм. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж Т.Аптанцэцэгээр 20.5 сая төгрөг, Б.Л-аар 3.7 сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үнэн бодитой, үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөнэ. Иргэний хуулинд гэрээг амаар болон бичгээр байгуулж болно, хүү тооцсон гэрээг бичгээр хийнэ гэж тодорхой заасан ба иргэн Д.М- Д.Гансүх нарын хооронд иргэний хуулийн 42.1-д зааснаар амаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба харин Д.М- бид нарын хооронд ямар нэг хэлцэл тохироо хийгдээгүй. Бидний хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй юм. Овоо босгоогүй байж шаазгай юунд суух вэ, гар гараа дагана ганзага гуяа дагана гэгчээр дээрх мөнгөн төлбөрийн асуудлыг зүй нь анх санаачилж сэдсэн, дансны дугаар өгч мөнгө шилжүүлсэн Б.Г- бүрэн хариуцах ёстой. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хоорондоо илт зөрүүтэй дүгнэлт гаргаж Б.Л-аар 6.7 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө яг адилхан үйлдлээр хийсэн 3.7 сая төгрөгийг 2014 оны холбогдох дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж авах ёстой байтал туйлын хариуцлагагүй хандаж, 2016 оны дансны хуулгыг ашиглан нотлох баримтыг дутуу үнэлэн буруу шийдвэр гаргасан байна. Мөн иргэн Д.М-ы гэр бүл Б.Аптанцэцэг нь шүүхэд: “иргэн Б.Л-аас мөнгө шилжсэн өдрийн маргааш нь эргүүлэн 2 дансаар шилжүүлэн авсан, ямар ч хохиролгүй, энэ асуудлыг би өөрөө хариуцана” гэж мэдүүлсээр байхад шүүх үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, шүүхийн шийдвэрт үүнийг тусгаагүй нь эргэлзээтэй юм, би өөртөө ашиг олох, Д.М-аас зээл авах санаа хүсэл зоригийн илэрхийлэл гаргаагүй, дансанд мөнгө орж ирсний маргааш Д.М-ы эхнэр Б болон Болдхуягийн дансанд шилжүүлсэн, хуульд заасан үүргээ гүйцэтгэсэн, иргэний хуулийн 492.2-д зааснаар надаас шаардах эрх хаалттай тул эрхэм шүүгч та бүхэн мэргэн оюун ухаандаа шүүн тунгааж үнэн зөв шийдвэр гаргана гэж итгэж энэхүү гомдлыг гаргав гэжээ.

            Нэхэмжлэгч Д.М-ы өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагч нар Д.М-аас дансаараа мөнгө шилжүүлж аваад бэлнээр гаргаж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа юм, Бт хүлээлгэн өгсөн гэх баримт засвартай тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, өмгөөлөгч Б.Цэрэнбат ам бүлийн тодорхойлолтыг хууль бусаар бүрдүүлж өгсөн гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.М- хариуцагч Б.Г-эд холбогдуулж зээлийн төлбөр 31.000.000 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч Б.Г- зээлийн 31.000.000 төгрөгийг би өөрөө аваагүй, түүний эхнэр Б.******* гуйлтаар Д.М-тай утсаар ярьж, Т.А-, Б.Лхавгадулам нарын дансанд 31.000.000 төгрөг шилжүүлэхийг хүссэн бөгөөд нэхэмжлэгч Д.М- тэдгээр дансанд 31.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би энэ нэхэмжлэлийн хариуцагч биш, нэхэмжлэгчийн эхнэр Б, түүний найз Т.А-, Б.Лхавгадулам нар энэ хэргийн хариуцагч тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Г-эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хамтран хариуцагч Т.А-, Б.Лхавгадулам нарыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй үед шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтаар хуульчилсан гэж дүгнээд Т.А-ээс 22.500.000 төгрөг, Б.Лхавгадуламаас 3.700.000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  6.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон хэргийн болсон үйл баримтаас дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, үйл баримтыг зөв тодорхойлоогүй, холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлаж, хэрэглэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  байна.

Анх хариуцагч Б.Г- нэхэмжлэгч Д.М-тай утсаар ярьж, түүнээс 31.000.000 төгрөг зээлүүлэхийг хүсч 2 дансны дугаар өгсөн, нэхэмжлэгч Д.М- хариуцагч Б.Г-ийн саналыг хүлээн зөвшөөрч, түүний өгсөн данснуудад 30.500.000 төгрөгийг 2 хуваан шилжүүлсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэж зааснаар зохигчдын хооронд гэрээ байгуулсанд тооцно.

Хэрэгт авагдсан талуудын тайлбар, тэдний тохиролцооны агуулгаас тэдний дунд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэхээр байна.

Хэргийн 47, 49 дүгээр талд авагдсан дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б.Лхавгадуламын ******* тоот дансанд 10.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Т.А-ийн ******* тоот дансанд 20.500.000 төгрөг тус тус шилжүүлснээр нэхэмжлэгч Д.М- хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

Хариуцагч Б.Г- зээлийн 31.000.000 төгрөгийн төлбөрийг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Б.Лхавгадулам, Т.А- нар хариуцна гэж маргаж байгаа нь нэхэмжлэгч Д.М-ы би Б.Г-ийн хүсэлтээр түүний өгсөн дансанд мөнгө шилжүүлсэн болохоос Б.Лхавгадулам, Т.А- бидний хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй гэсэн тайлбар, хариуцагч Б.Г-ийн 2 дансны дугаарыг би Б.*******д өгсөн гэсэн өөрийнх нь тайлбараар няцаагдаж байна.

Энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “ Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн... нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасантай нийцэж байна.

Энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь нэхэмжлэгчтэй хэлцэл хийсэн Б.Г- байх бөгөөд анхан шатны шүүхийн хариуцагч Б.Г-ийн өмчлөлд маргааны зүйл болж байгаа мөнгийг шилжүүлээгүй, хүлээлгэн өгөөгүй тул Б.Г- төлбөр хариуцах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй байна.

Хариуцагч Б.Г- нэхэмжлэгч Д.М-аас зээлсэн 31.000.000 төгрөгийг цаашид хэрхэн захиран зарцуулсан нь нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г- нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, энэ талаар нэхэмжлэгч Д.М- үгүйсгээгүй, маргаагүй болохыг, мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Д.М-, хариуцагч Б.Г- нарын овгийг Б, Д гэж өөр өөрөөр бичсэнийг дурьдаж байна.

Хамтран хариуцагч Б.Лхавгадулам, Т.А- нар өөрсдийн дансаар орж ирсэн 30.500.000 төгрөгийг ашиглаагүй, тэр өдөрт нь Бт бэлнээр гаргаж өгсөн нь гэрч Б.******* мэдүүлэг, хамтран хариуцагчдын шүүхэд гаргасан тайлбар, хэргийн 62 дугаар талд авагдсан баримт, 49, 66 дугаар талд авагдсан дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож, байх бөгөөд анхан шатны шүүх хамтран хариуцагч Б.Лхавгадулам, Т.А- нарыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж, төлбөрийг хариуцуулсан нь үйл баримт, цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын :

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “...хариуцагч Б.Г-ээс 31.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.М-ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” ... гэснийг

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар “...хариуцагч Б.Г-ээс 30.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хамтран хариуцагч Т.А-, Б.Лхавгадулам нараас 31.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” ... гэж,

3 дугаар заалтыг хүчингүй болгож, 4 дүгээр заалтыг 3 гэж дугаарлан “... хариуцагч Т.А-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 20.500.00 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 260.450 төгрөг, хариуцагч Б.Лхавгадуламаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 3.700.000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 74.150 төгрөгийг тус тус гаргуулж” ... гэснийг “... хариуцагч Б.Г-ээс тэмдэгтийн хураамж 310450 төгрөг гаргуулж” ... гэж,

5 дугаар заалтыг 4, 6 дугаар заалтыг 5 гэж дугаарлан тус тус өөрчилсүгэй.

           2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдсан гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид Т.А-ээс төлсөн 260.450 төгрөг, Б.Лхавгадуламаас төлсөн 48.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус буцаан гаргуулж хариуцагч Т.А-, Б.Лхавгадулам нарт олгосугай.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.        

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ 

                             ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                Л.АМАРСАНАА