Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 06

 

У.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч

  “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох

            иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/01328 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: У.Аын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох,

“Бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллагад даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 15.635.438 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, хариуцагчийн өмгөөлөгч Р.Н, нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч У.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие У.А нь РСЦ ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар тус байгууллагын Үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 02-р сарын 27-ны өдрийн Б/4 дугаартай тушаалаар тус компаний хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж ирсэн юм. Миний бие ажиллах хугацаандаа Монгол улсын Компаний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон компаний дотоод журмыг чанд баримтлан компаний засаглалыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлж алдагдлыг бууруулах гээд компаний үйл ажиллагааг /өөрийн хариуцсан үүрэгт ажлаа/ амжилттай сайн гүйцэтгэж ирсэн гэж үздэг. Гэтэл ажил олгогч байгууллага гүйцэтгэх захирал удирдлага солигдож шинэ гүйцэтгэх захирлын зүгээс ажлаа өг гэх шахалтыг үзүүлж эхэлсэн бөгөөд улмаар гүйцэтгэх захирлын 2018 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалаар ажилтан миний хөдөлмөрийн гэрээг цуцлаж үүрэгт ажлаас минь чөлөөллөө. Ажилтан би олгогч байгууллагадаа хандан Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу өөр бололцооны түвшингийн ажил надад санал болгоно уу гэх хүсэлтийг гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж ажилтан миний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчиж үүрэгт ажлаас чөлөөллөө гэж ажилтан би үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллага болох РСЦ ХХК-д даалгаж өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгч У.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар тус байгууллагын үйлдвэрлэл бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженер, мөн гүйцэтгэх захиралын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/4 дугаартай тушаалаар тус компанийн хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж ирсэн. Миний бие ажиллах хугацаандаа компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, болон компанийн дотоод журмыг чанд баримтлан компанийн засаглалыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх алдагдлыг бууруулах гээд компанийн үйл ажиллагааг өөрийн хариуцсан үүрэгт ажлаа амжилттай сайн гүйцэтгэсэн гэж үздэг. Ажил олгогч байгууллагын хууль зөрчиж гаргасан гүйцэтгэх захиралын 2018 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалыг хүчингүй болгож хангамжийн албаны даргын албан тушаалд нэхэмжлэгч намайг эргүүлэг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15.635.438 төгрөгийг гаргуулах, ажил олгогчид ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. ... “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Энхбат гэдэг хүн 06 дугаар сарын 10-ны үед ажилдаа эргүүлэн томилогдсон байдаг. Би түүнтэй нэг удаа л уулзсан. Намайг өрөөндөө дуудаад хангамжийн ахлах мэргэжилтэн Я.Оргил ажилдаа эргүүлэн тогтоогдсон учраас намайг ажлаа хүлээлгэж өг гэсэн. Тэгэхээр нь би Я.Оргилоос ажил аваагүй, ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, компанийн нийгэм эдийн засгийн байдлыг ийм түвшинд аваачсан учир ажлаа өгөхөөс татгалзахад н.Энхбат “Я.Оргил маргааш ажлаа авна, чи ажлаа хүлээлгэж өг” гэж хэлсэн. Гэтэл хүлээн зөвшөөрөхгүйг мэдсээр байж 6 ажил санал болгоход нь би хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Уртнасангийн Анхбаярын 2018 оны 07 сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. У.А нь РСЦ ХХК-д Хангамжийн ахлах инженерийн сул орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор батлагдсан компанийн дотоод зохион байгуулалтын бүтцийн дагуу 2018 оны 02 дугаар 27-ны өдөр Хангамжийн албаны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 09 сард тус албан тушаал дээр ажиллаж байсан Я.Оргил нь ажлаасаа захиргааны чөлөө авч суралцахаар явж түүний орон тоо суларч У.Аыг ажилд авсан. Гэтэл Я.Оргил нь суралцаж дуусаад анх ажиллаж байсан ажилдаа эргэн орох шаардлага тавьсан бөгөөд үүнтэй холбоотойгоор маргаан үүссэн тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр 2018 онь 04 сард шүүхэд хандан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн 142/ШШ2018/00573 дугаар шийдвэрийн дагуу Я.Оргил нь үндэслэлгүй ажлаас халагдсан бөгөөд түүнийг хуучин ажиллаж байсан албан тушаалд нь эргүүлэн томилох нь зүйтэй гэсэн утга бүхий шүүхийн шийдвэр гарсан тул компани шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.5-д зааснаар У.Аын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд хуульд зааснаар бололцооны өөр ажил санал болгосон боловч нэхэмжпэгч өөрөө үүнийг хүлээн зөвшөөреөгүй болно. Иймд нэхэмжлэгч У.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүхэд гаргасан тайлбартаа:

РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/275 дугаар тушаалаар иргэн У.Аыг тус компанийн Үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр туршилтын 3 сарын хугацаатай томилон, №3-28 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. РСЦ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн хуралдаанны 4 дүгээр тогтоолоор тус компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. РСЦ ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 02 сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар У.Аыг Хангамжийн албаны даргаар томилж, түүнтэй байгуулсан №3-28 дугаар хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгож, 2018 оны 03 сарын 07-ны өдөр У.Атай №3-38 дугаартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Гэтэл У.Аын томиогдсон ажил, албан тушаал буюу хангамжийн албаны даргын албан тушаалд 2017 оны 09 сард ажиллаж байсан Я.Оргил нь сургуульд сурахаар захиргааны чөлөөтэй байсан бөгөөд чөлөөний хугацаа дуусаж урьд эрхэлж байсан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах шаардлага тавьсан бөгөөд ажил олгогч ажилтан нарын хооронд маргаан үүсэж, Я.Оргил нь хуулийн дагуу тус компанийн хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэж, хэргийг 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00573 дугаар шийдвэрээр шийдвэрлэж Я.Оргилыг хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосон байдаг. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2018/00573 дугаар шийдвэрийн дагуу тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 21 -ний өдрийн Б/149 дүгээр тушаалаар хангамжийн албаны дарга У.Атай байгуулсан №3-38 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2018 оны 06 сарын 21-ний өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн Б/149 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/01328 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Аыг урьд эрхэлж байсан “РСЦ” ХХК-ийн Хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 15635438 /арван таван сая, зургаан зуун гучин таван мянга, дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч У.Ат олгож, нэхэмжлэлээс бололцооны дагуу өөр ажилд томилохыг хариуцагчид даалгах, өмгөөллийн хөлс 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан У.Аын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хурамж 306327 /гурван зуун зургаан мянга гурван зуун хорин долоо/ төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, Д.Нямсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч У.Аын шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах шаардлага буюу хүсэл зоригт шүүх дүгнэлт хийх шаардлагатай. Үүнд У.А ажлаас чөлөөлөгдөж, ажил үүргээ хүлээлгэн өгсний дараа 2018.06.21-нд компанидаа “...Хуулийн дагуу бололцооны ажилд томилж өгнө үү” гэж өргөдөл гаргасан, “Сул байгаа ажлын байр танилцуулах” гэж удирдлага цохсон /хэргийн 15-р тал/ байна. У.А 2018.07.18-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллага болох “РСЦ” ХХК-д даалгаж өгнө үү" гэж тодорхойлжээ. Тэрээр 2018.12.13-ны анхан шатны шүүх хурал, 2019.01.24-ний давж заалдах шатны шүүх хуралд энэ шаардлагаа дэмжиж оролцжээ. У.А 2019.09.06-нд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэн “РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018.06.21-ний Б/149 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хангамжийн албаны даргын ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15.635.438 төгрөгийг гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх” шаардлага гаргажээ. РСЦ ХХК болон тууний эрх залгамжлагч “Эрдэнэт уйлдвэр” ХХК-д У.Аын шаардаж байгаа ажлын байр буюу орон тоо байхгүй байхад түүнийг байхгүй орон тоонд тогтоосон шүүхийн шийдвэр нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шаардлагыг хангахгүйн дээр энэ талаарх нотлох баримтыг үнэлж чадаагүй байна. Г.Отгондорж хугацаатай гэрээний хугацаа дуусаж Хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж чөлөөлөгдсөн, түүний оронд У.Аыг 2017.12.20-нд Хангамжийн ахлах инженерээр 3 сарын хугаатай томилж 3-28 тоот хугацаатай гэрэээ байгуулсан, ТУЗ-өөс РСЦ ХХК-ийн 2018 оны зохион байгуулалт бүтцийг батлахдаа Хангамжийн албаны дарга гэдэг орон тоо баталсан тул У.Аыг 2018.02.27-ны Б/49 тоот тушаалаар уг ажилд томилж, 2018.03.07-нд 3-38 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Я.Оргил ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаж шүүхээр хэлэлцүүлсэн байхад шүүхийн 00573 тоот шийдвэрт тогтоох хэсэгт ахлах гэдгийг орхиж бичсэн алдаа гарсны хариүцлагыг РСЦ ХХК хүлээж, У.Аыг Хангамжийн албаны даргаар ажиллуулах үүрэг хүлээхгүй. Түүнчлэн Я.Оргил 00573 тоот шийдвэр хэрэгжсэнэс хойш дахин хөдөлмөрийн харилцаа нь хөндөгдсөн тул шүүхэд хандаж шүүхийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 00399 тоот шийдвэрээр түүний Хангамжийн албаны даргын ажлын байр нь баталгаажсан /хэргийн 2-р хавтас 11 дэх тал/ байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны 01328 тоот шийдвэрийг хүчингүй болгон, У.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу? гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч У.А РСЦ” ХХКомпанид холбогдуулан Бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компаний Хангамжийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 15.635.438 төгрөг, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хариуцагч “...шүүхийн шийдвэрийн дагуу Я.Оргилыг ажилд авсан тул нэхэмжлэгчийн хуульд заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн, өөр ажил санал болгосон боловч татгалзсан хариу өгсөн, одоо  орон тоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1., 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар У.Аыг урьд эрхэлж байсан “РСЦ” ХХК-ийн хангамжийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “РСЦ” ХХК-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 15.635.438 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас бололцооны дагуу өөр ажилд томилохыг хариуцагчид даалгах, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч У.А тус  компанид анх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/275 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай инженерийн ажилд томилогдсон, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад орон тооны бүтцийн өөрчлөлт орж улмаар   2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/4 дугаар тушаалаар Хангамжийн албаны даргын албан тушаалд томилогдож, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5., 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримталж анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн дээр тус компанид ажиллаж байсан Я.Оргилыг тус компанийн Хангамжийн албаны даргын албан тушаалд томилж, нэхэмжлэгч Анхбаярыг Хангамжийн даргын ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Анхбаяр  ажил олгогч  нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр цуцлагдаагүй ба харин ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчид бололцооны дагуу өөр ажил олгоогүй болох нь тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “РСЦ” ХХК нь “ЭҮ” ТӨҮГ-ийн Барилга засварын цехийн бүтэц орон тоонд орж өөрчлөгдсөнөөр нэхэмжлэгч Анхбаяр нь Хангамжийн даргын ажлыг хэнээс хүлээж авсан эсэх нь хамааралгүй болсон  гэж үзэхээр байна.

Хэдийгээр ажил олгогч нэхэмжлэгч Анхбаярт өөр ажил санал болгосон гэж тайлбарлаж байх боловч түүнийг ажилд томилсон тухай эрх зүйн акт гаргаагүй, тус компаний  бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн ч ажил олгогчийн гаргасан  хууль зөрчсөн шийдвэрийг эрх залгамжлан авсан этгээд  холбогдох хуульд нийцүүлэн  зөвтгөх боломжтой учраас нэхэмжлэгчид бололцооны дагуу өөр ажил өгөхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Хангамжийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2019/01328 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Аыг урьд эрхэлж байсан “РСЦ” ХХК-ийн Хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 15635438 /арван таван сая, зургаан зуун гучин таван мянга, дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч У.Ат олгож, нэхэмжлэлээс бололцооны дагуу өөр ажилд томилохыг хариуцагчид даалгах, өмгөөллийн хөлс 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Аыг бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогчид даалгаж, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 15.635.438 /арван таван сая, зургаан зуун гучин таван мянга, дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг хариуцагч “ЭҮ” ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч У.Ат олгож, нэхэмжлэлээс “РСЦ” ХХК-ийн Хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмгөөллийн хөлс 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236.127 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                    Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ