Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2019/01328

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2019/01328

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг,******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах *******-т холбогдох,

Бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллагад даалгах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 15.635.438 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, өмгөөллийн хөлс 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Улсын дээд шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие У.******* нь РСЦ ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар тус байгууллагын Үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 02-р сарын 27-ны өдрийн Б/4 дугаартай тушаалаар тус компаний хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж ирсэн юм. Миний бие ажиллах хугацаандаа Монгол улсын Компаний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон компаний дотоод журмыг чанд баримтлан компаний засаглалыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлж алдагдлыг бууруулах гээд компаний үйл ажиллагааг /өөрийн хариуцсан үүрэгт ажлаа/ амжилттай сайн гүйцэтгэж ирсэн гэж үздэг. Гэтэл ажил олгогч байгууллага гүйцэтгэх захирал удирдлага солигдож шинэ гүйцэтгэх захирлын зүгээс ажлаа өг гэх шахалтыг үзүүлж эхэлсэн бөгөөд улмаар гүйцэтгэх захирлын 2018 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалаар ажилтан миний хөдөлмөрийн гэрээг цуцлаж үүрэгт ажлаас минь чөлөөллөө. Ажилтан би олгогч байгууллагадаа хандан Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу өөр бололцооны түвшингийн ажил надад санал болгоно уу гэх хүсэлтийг гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзаж Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж ажилтан миний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчиж үүрэгт ажлаас чөлөөллөө гэж ажилтан би үзэж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогч байгууллага болох РСЦ ХХКомпанид даалгаж өгнө үү? гэжээ.

Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогч РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2018 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалыг хүчингүй болгож хангамжийн албаны даргын албан тугаалд У.*******ыг эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1202726 төгрөг x13 сар, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах, ажил олгогчид ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: Миний бие РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захиралын 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар тус байгууллагын үйлдвэрлэл бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженер, мөн гүйцэтгэх захиралын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/4 дугаартай тушаалаар тус компанийн хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж ирсэн. Миний бие ажиллах хугацаандаа компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, болон компанийн дотоод журмыг чанд баримтлан компанийн засаглалыг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх алдагдлыг бууруулах гээд компанийн үйл ажиллагааг өөрийн хариуцсан үүрэгт ажлаа амжилттай сайн гүйцэтгэсэн гэж үздэг. Гэтэл ажил олгогч байгууллагын гүйцэтгэх захирал солигдож, шинэ гүйцэтгэх захиралын зүгээс ажлаа өг гэх шаарлагыг тавьж эхэлсэн бөгөөд улмаар гүйцэтгэх захиралын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн Б/149 дугаар тугаалаар ажилтан миний хөдөлмөрийн гэрээг цуцалж үндэслэлгүйгээр үүрэгт ажлаа чөлөөлсөн. Би анх ажилд орохдоо н.Отгондорж гэх хүнээс ажил хүлээж авсан. Өөрөөр хэлбэл Я.Оргил гэдэг хүнээс ажил хүлээж аваагүй, огт танихгүй. Гэтэл ажил олгогч нь Я.Ориглыг ажилд нь эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан учраас ажлаа өг гэдэг шахалт үзүүлж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймд ажил олгогч байгууллагын хууль зөрчиж гаргасан гүйцэтгэх захиралын 2018 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалыг хүчингүй болгож хангамжийн албаны даргын албан тушаалд нэхэмжлэгч намайг эргүүлэг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15.635.438 төгрөгийг гаргуулах, ажил олгогчид ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. ... РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Энхбат гэдэг хүн 06 дугаар сарын 10-ны үед ажилдаа эргүүлэн томилогдсон байдаг. Би түүнтэй нэг удаа л уулзсан. Намайг өрөөндөө дуудаад хангамжийн ахлах мэргэжилтэн Я.Оргил ажилдаа эргүүлэн тогтоогдсон учраас намайг ажлаа хүлээлгэж өг гэсэн. Тэгэхээр нь би Я.Оргилоос ажил аваагүй, ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, компанийн нийгэм эдийн засгийн байдлыг ийм түвшинд аваачсан учир ажлаа өгөхөөс татгалзахад н.Энхбат Я.Оргил маргааш ажлаа авна, чи ажлаа хүлээлгэж өг гэж хэлсэн. Гэтэл хүлээн зөвшөөрөхгүйг мэдсээр байж 6 ажил санал болгоход би хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны ажилд томилуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлээд, давж заалдах шатны шүүх магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хяналтын шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүний дараа 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсөн. Үүнд өмнөх шаардлага хэвээр, нэмэгдүүлсэн шаардлага нь урьд ажиллаж байсан албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох, цалин хөлс бусад зардлыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан тухай нэхэмжлэлийн шаардлага явж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, багасгах, татгалзах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч талаас 4 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Үндэслэлтэй эсэхийг шүүх шийдэх байх. Нэгдүгээрт хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны ажилд томилохыг ажил олгогчид даалгах, эсвэл урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа юм. Түүнээс биш нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа асуудал биш юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан зүйл байхгүй байгаа. Харин 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын дээд шүүхээс энэ хэрэг буцаж ирэхээр нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нэмж өөрчилснийг шүүх хүлээж аваад хариуцагчид гардуулаад хариуцагч тал тайлбараа өгсөн явж байгаа. Тийм учраас өнөөдөр шүүх хуралдаанаар хэлэлцэгдээд явах боломжтой гэж харж байгаа. ... Өмгөөлөгч миний бие нэхэмжлэгч У.*******ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр анх хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалаар энэ байгууллагын хаалгыг татаж ажилд орсон байдаг. Ингээд ажиллаж байх хугацаандаа Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу өөрийн ажил үүргийг хэвийн бололцооны түвшинд гүйцэтгэж явсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зарим тайлбар дээрээс харагдаж байна. Харамсалтай нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/49 дугаартай тушаалаар У.*******ыг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхдөө байгууллагын удирдлага шинээр солигдсон, хоёрдугаарт Ү.Отгондорж биш Я.Оргилыг хангамжийн албаны даргын албан тушаалд биш, хангамжийн инженерийн албан тушаалд томилсон Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг үндэслээд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогчоос У.*******ыг ажлаас чөлөөлсөн. У.******* ажил олгогч байгууллагадаа хандсан. У.******* би Ү.Отгондоржоос ажил авсан, Я.Оргилоос аваагүй. Энэ шийдвэрээ эргэж хараач гэхэд авч хэлэлцээгүй. Энэ асуудал ийм дээрээ тулж байгаа бол намайг Хөдөлмөрийн тухай хуулиар бололцооны ажилд томилж өгөөч. Ажилтан миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөхөд хүрч байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу бололцооны ажил санал болгож өгөөч гэхэд ажил олгогч боломжгүй 6 төрлийн ажлыг санал болгоод орох боломжгүй гэхэд баяртай гэсэн байдаг. Би тэр 6 төрлийн ажлын байрыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулъя. Жолооч, авто краны жолооч, өрлөгчин, бетончин, цахилгаанчин, гагнуурчин гэж тусгай боловсрол шаардсан ажил мэргэжил санал болгосон. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хэлж байна. Миний ажиллаж байсан хэлтэст ийм орон тоо байхгүй гэж байна. Энэ нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулиар олгосон үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Хоёрдугаарт бололцооны ажил олгоогүй атлаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргахад үүнийгээ нотолж чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг бол урьд өмнө ажиллаж байсан орон тоон дээр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүн эргээд ажилдаа ороход тэр хүн үг дуугүй ажлаа өгнө гэсэн заалт. Улсын дээд шүүхийн тайлбарт У.******* Я.Оргилоос ажлаа авсан бол үг дуугүй ажлаа өгөөд бололцооны дагуу ажилд томилж өгөөч гээд эрхээ хамгаалуулаад явах ёстой. Хэргийн зангилаа нь У.******* Я.Оргилоос биш Ү.Отгондоржоос ажил авсанд байгаа. Тэгэхээр Я.Оргилоос У.******* ажил аваагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зохицуулалтыг ажил олгогч У.*******т хэрэглэнэ гэж. Тийм учраас ажил олгогчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг маш ноцтой зөрчиж энэ хүний эрх ашгийг хохироосон байна. Энэ хүн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 3 шатны шүүхээр яваад одоо болтол ажилдаа эргүүлэн тавигдаагүй байна. Хариуцагч талаас манайх бололцооны ажил санал болгосон гэдэг. Энэ бол миний өмнөх тайлбараар няцаагдана. Хоёрдугаарт Я.Оргилын асуудал шүүхийн шийдвэрээр ирсэн гэж байна. Шүүхийн дээр Я.Оргилыг хангамжийн албаны даргаар томил гэсэн үг өгүүлбэр байхгүй. Шүүхийн шийдвэрийн үг таслалыг бид биелүүлэх болохоос шүүх үүнийг шийдэх гэж байсан байна гэж ажил олгогч шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байгаа юм. Яаж харагдаж байна гэхээр инженерийн албан тушаалд томилж байхад даргын албан тушаалд тавьсан. Дараа нь хүсэлт гаргаад 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүгчийн захирамж гарсан. Энэ шүүгчийн захирамжийн талаар би Шүүхийн ерөнхий зөвлөлд асуудал тавина. Анхан шатын шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн. Энэ хүн Я.Оргилоос ажил аваагүй, Ү.Отгондоржоос ажил авсан байна гэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Гэхдээ Улсын дээд шүүх Я.Оргил, Ү.Отгондорж нар хэзээ ажилд орсон гарсныг тогтоо гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Энэ 3 шүүх нэг нэг нийтлэг үндэслэлээр дүгнэлт өгсөн байдаг. Энэ хөдөлмөрийн маргаан мөн үү мөн. Энэ маргааны улмаас У.*******ын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байна гэж дүгнэсэн байдаг. Гуравдугаарт хариуцагч байгууллага хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй, ажилтны эрх ашгийг хөндсөн гэж дүгнэсэн байдаг. Тэгэхээр би шүүхэд хариуцагч байгууллагын тушаалыг үндэслэлтэй гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Монгол улсын үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу бололцооны ажилд тавихыг хариуцагч талд даалгаж өгөх, хэрвээ дээрхи нөхцөл байдал агуулгын хувьд зөрчилтэй гэж үзвэл 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгөөч. Дараа нь шүүхийн шийдвэрийг хэн давуулан биелүүлээд байгаа асуудал яригдана. Гуравдугаарт У.******* 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 15.635.438 төгрөг, үүнийг задалбал нэг сарын цалин 1.202.726 төгрөгийг 13 сараар үржүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ бол зайлшгүй авах хохирол. Дээрээс нь энэ хүн өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд өмгөөллийн зардал 2.000.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт өгсөн байна. Ингээд нийт гарсан зардлыг хариуцагч байгууллагаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Дөрөвдүгээрт нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн датгалын шимтгэл тасалдаж зогссон. Үүнийг ажил олгогчид нөхөн бичилт хийлгэхийг шүүхээс даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн өмгөөлөгч 2 салаа зүйл байна гээд байх юм. Хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, татгалзах эрхтэй. Хэрхэн шийдэх нь шүүхийн асуудал. Энэ хэрэг дээр нэг хөдөлмөрийн маргаан, нэг ажилтны асуудал дээр дээд шүүх хүртэл яваад шүүхэд нөлөөлөх гэж тамгын хэлтсийн даргын хүүхэд нь хүртэл явсан байдаг. Энгийн нэгэн иргэний эрх ашгийг хамгаалж өгөхийг хүсч байна. ...Давхардуулахгүй 3 тайлбар хэлье. Нэгдүгээрт хариуцагч тал болон хариуцагчийн өмгөөлөгч нар бүрэн дүүрэн няцааж чадахгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгчтэй би санал нэг байна Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт бол урьд эрхэлж байсан албан тушаалд хамаарах заалт гэж хэлж байна. Яг тийм. Энэ бол У.*******т биш Я.Оргилд хамаарах заалт. Өөрөөр хэлбэл У.******* Ү.Отгондоржоос ажил авсан. Хоёрдугаарт бололцооны ажил гэдгийг ажил олгогч үүргээ биелүүлсэн гэж байна. Үүнийг 3 шатны шүүх бололцооны ажил биш, ажил олгогч үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэж байсан юм. У.******* надад ажлын байр бий болгож өгөөч гэж санал гаргахаас илүүтэйгээр ажил олгогч буюу хариуцагч байгууллага У.*******аа ийм ажил байна, цаашдаа бүтэц орон тоо бий болно, бид чамайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үүргээ биелүүлнэ гэсэн бол өөр хэрэг. Сантехникч хий, чадахгүй бол зайл гэж байгаа нь үүргээ биелүүлсэн гэж байгаа бол би та нарын өмнөөс ичнэ. Гуравдугаарт нэхэмжлэлийн шаардлага дээр Улсын дээд шүүх дүгнэлт өгөөгүй. Процесс дээр дүгнэлт өгсөн. Үүнийг зөв ойлгоорой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 болон 40 дүгээр зүйл дээр дүгнэлт өгсөн. Өөрөөр хэлбэл энэ хэрэг маргааныг шийдвэрлэхэд хэрэг маргааны гол үйл баримт болж байгаа Я.Оргил гэдэг хүн хэнээс хэзээ ажил авсан, Ү.Отгондорж гэж хүн байсан уу? үүнийг нотол гэсэн. Түүнээс биш хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаа зүйлээр дүгнэлт гаргаагүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* *******ын 2018 оны 07 сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. У.******* нь РСЦ ХХК-д Хангамжийн ахлах инженерийн сул орон тоонд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус компанийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор батлагдсан компанийн дотоод зохион байгуулалтын бүтцийн дагуу 2018 оны 02 дугаар 27-ны өдөр Хангамжийн албаны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 09 сард тус албан тушаал дээр ажиллаж байсан Я.Оргил нь ажлаасаа захиргааны чөлөө авч суралцахаар явж түүний орон тоо суларч У.*******ыг ажилд авсан. Гэтэл Я.Оргил нь суралцаж дуусаад анх ажиллаж байсан ажилдаа эргэн орох шаардлага тавьсан бөгөөд үүнтэй холбоотойгоор маргаан үүссэн тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр 2018 онь 04 сард шүүхэд хандан 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн 142/ШШ2018/00573 дугаар шийдвэрийн дагуу Я.Оргил нь үндэслэлгүй ажлаас халагдсан бөгөөд түүнийг хуучин ажиллаж байсан албан тушаалд нь эргүүлэн томилох нь зүйтэй гэсэн утга бүхий шүүхийн шийдвэр гарсан тул компани шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.5-д зааснаар У.*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд хуульд зааснаар бололцооны өөр ажил санал болгосон боловч нэхэмжпэгч өөрөө үүнийг хүлээн зөвшөөреөгүй болно. Иймд нэхэмжлэгч У.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн У.******* нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэдРСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн Б/149 дугаар тушаалыг хүчингүй болгож Хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15,635,438 төгрөг, өмгөөллийн зардал 2,000,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаарлагатай танилцаад, шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/275 дугаар тушаалаар иргэн У.*******ыг тус компанийн Үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр туршилтын 3 сарын хугацаатай томилон, №3-28 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. РСЦ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 218 оны 01 сарын 25-ны өдрийн хуралдаанны 4 дүгээр тогтоолоор тус компанийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. РСЦ ХХК-ийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 02 сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар У.*******ыг Хангамжийн албаны даргаар томилж, түүнтэй байгуулсан №3-28 дугаар хөдөлмөрийн гэрээг хүчингүй болгож, 2018 оны 03 сарын 07-ны өдөр У.*******тай №3-38 дугаартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байдаг. Гэтэл У.*******ын томиогдсон ажил, албан тушаал буюу хангамжийн албаны даргын албан тушаалд 2017 оны 09 сард ажиллаж байсан Я.Оргил нь сургуульд сурахаар захиргааны чөлөөтэй байсан бөгөөд чөлөөний хугацаа дуусаж урьд эрхэлж байсан ажилдаа үргэлжлүүлэн ажиллах шаардлага тавьсан бөгөөд ажил олгогч ажилтан нарын хооронд маргаан үүсэж, Я.Оргил нь хуулийн дагуу тус компанийн хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх иргэний хэрэг үүсгэж, хэргийг 2018 оны 05 сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00573 дугаар шийдвэрээр шийдвэрлэж Я.Оргилыг хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосон байдаг. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2018/00573 дугаар шийдвэрийн дагуу тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 21 -ний өдрийн Б/149 дүгээр тушаалаар хангамжийн албаны дарга У.*******тай байгуулсан №3-38 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2018 оны 06 сарын 21-ний өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн Б/149 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг 3 шатны шүүхээр яваад эцэст нь хүчингүй болж дахин шийдвэрлэгдэж байгаа хэрэг. Улсын дээд шүүхээс дахин шийдвэрлүүлэх болсон гол зүйл нь юу вэ гэхээр Я.Оргил гэж хүн ямар ажлын байртай байж байгаад шүүхээр эргүүлэн тогтоогдсон бэ? Энэ маргаж байгаа ажлын байр хэзээ бий болсон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдэхэд тодорхой биш байна гэсэн 3 агуулгатай дүгнэлт ирсэн. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж орж ирсэн гэж ойлгож байна. Тийм учраас талууд хүсэлт гаргахгүй хэрэг шийдвэрлэгдэж байна. Мэдээж Я.Оргил, Ү.Отгондорж, У.******* нарын ажлын байр зайлшгүй хөндөгдөнө. Я.Оргил анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ 2012 оноос хойш РСЦ ХХК-д ахлах инженерээр ажиллаж байсан. Я.Оргил нь барилгын чиглэлээр курст суухаар чөлөө аваад чөлөө сунгахгүй гэхээр тэгвэл намайг барилгын хэсэг рүү шилжүүлж өгөөч гэсэн боловч барилгын хэсэгт ирж ажиллаагүй гээд ажлаас нь халсан байгаа. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа намайг РСЦ ХХК-ийн хангамжийн ахлах инженерийн ажилд томилж, ажиллаагүй хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гэсэн шаардлагууд гаргаж шүүхээс 573 дугаартай шийдвэр гарсан. Үүнийг ажил олгогч нар юу гэж ойлгосон бэ гэхээр энэ хүнийг урьд ажиллаж байсан ажилд нь тогтоох ёстой юм байна гэж ойлгосон. 2018 онд 3 орон тоотой болж өөрчлөгдөж хангамжийн ахлах инженер гэсэн орон тоо хангамжийн дарга гэсэн орон тоо болж өөрчлөгдсөн. Энэ үед У.******* томилогдож байхад хангамжийн албаны дарга гэдэг албан тушаал төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдаагүй байсан. Хангамжийн албаны дарга гэсэн албан тушаал хэзээнээс мөрдөгдөж эхлэх ёстой гэхээр 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс мөрөдгдөж явах ёстой. Тэгэхээр У.*******ыг төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдаагүй байхад хангамжийн албаны дарга гэсэн албан тушаалд томилсон гэдэг нь хэргээс харагдана. Тэгээд У.******* ажиллаж байхад Я.Оргил шүүхийн шийдвэрээр ажилдаа тогтоогдоод орж ирсэн. Хангамжийн ахлах инженер гэсэн орон тоо хангамжийн дарга гэсэн орон тоо болсон тул үүнийг талууд ойлгож байсан учраас зөвшөөрөөд У.******* ажлаа өгсөн. Өгсөн өдрөө бололцооны ажилд томилж өгөөч гэсэн хүсэлт гаргасан бөгөөд дарга нь хүний нөөцийн менежерт төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдсан ажлын байр санал болго гээд дээр дурдсан ажлын байруудыг санал болгоход нэхэмжлэгч ажиллах боломжгүй гээд маргаан үүсээд явсан нь тодорхой байдаг. У.******* гэдэг хүн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр бололцооны дагуу ажилд томилж өгөөч гэсэн хүсэлт гаргаад явж байсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүдийг харахаар тэр хүсэлтүүдээ дэмжээд явж байсан. Улсын дээд шүүхийн 805 дугаар тогтоол дээрээс үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж харж байгаа. Ингээд хангамжийн албаны даргын албан тушаалд томилуулах тухай нэхэмжлэл орж ирж байгаа. Өнөөдөр тодруулахад хоёрдмол хариулт өгч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд тодорхой ажлын байр байж байж тэнд тодорхой этгээд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана гэсэн үг. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.2 гэсэн хоёр зохицуулалт хоёулаа ажилтан ажлын байрандаа буцаад ирсэн тохиолдол. Нэг нь нөгөө тогтоогдох ажил нь байхгүй болсон байвал өөр дүйцэх ажилд томилно гэсэн үг. 40.2 дахь хэсэг бол урьд авсан ажилд нь эргүүлэн тогтоох заалт бөгөөд тэр хооронд өөр хүн авсан байвал тэр хүний хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэсэн заалт. Өөр ажил гэж байгаа түүнээс тухайн ажил гэж заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тухайн ажилтай дүйцэх ажил, 40.2 дахь хэсэг бол өөр ажил олж өгөх гэж байгаа. Энэ бол маргаантай байсан асуудал л даа. Тэгээд 2006 оны Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолоор бололцооны ажил гэдгийг тухайн байгууллагын бүтцэд батлагдсан орон тоонд сул байгаа ажлын байрыг хэлнэ гэж энэ ойлголтыг нэг мөр болгосон. Би одоо нэхэмжлэгчийн санааг хангамжийн албаны дарга гэсэн орон тоо байхгүй юм чинь бололцооны ажил олгохыг хариуцагчаар даалгуулъя гэсэн агуулгатай юм уу гэж уншиж байна. Ажил олгогч үүргээ биелүүлсэн гэдэг нь тухайн үед байгаа ажлын байраа танилцуулсан. У.******* боломжгүй гэсэн. Өөр ажлын байр гаргах эрх байгууллагын захиргаанд байхгүй. Хэрвээ У.******* өөр орон тоо нэмж өгөөч гэсэн хүсэлт гаргасан бол гүйцэтгэх захирал нь төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулаад компанийн эрх зүйн хүрээнд шийдэгдэх асуудал байгаа. Тийм учраас байгууллага бололцооны ажил санал болгох үүргээ биелүүлсэн гэж үзэх бүрэн боломжтой. 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/150 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг барьж шийдсэн нь зөв. Ажил олгогч бололцооны дагуу ажил санал болгосон. Өөр ажил байгаагүй. У.******* орон тоо батлах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Хангамжийн ахлах инженер гэсэн ганцхан л орон тоо байгаа. Хэрвээ У.*******ын шаардлагыг хангах юм бол барилга засварын цехийн хангамжийн албаны дарга гэсэн орон тоо гаргах юм уу. Энэ чинь байгууллагын бие даасан хуулийн этгээдийн эрхэд халдаж болохгүй. Иргэний хууль болон компанийн хуульд зааснаар болохгүй. Тийм учраас У.*******т ажлын байр шаардах эрх байхгүй байна. Ажил олгогчийг ийм ажлын байр бий болгохыг даалгах боломжгүй. Өөр ажлын байр байхгүй учраас У.*******ын нэхэмжлэлийг хангах боломжгүй байна гэв.

Шүүхийн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.******* нь 2018 оны 07 сарын 20-нд харицагч РСЦ ХХК-д холбогдуулан бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг урьд эрхэлж байсан хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 15.635.438 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах тухай гэж нэмэгдүүлж өөрчилсөн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч РСЦ ХХК-ийн хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөж *******-ын ерөнхий захирлын 2019 оны 04 сарын 15-ны өдрийн А/244 дугаар, 2019 оны 07 сарын 26-ны өдрийн А/681 дугаартай тушаалуудаар РСЦ ХХК нь татан буугдаж, *******-ын Барилга засварын цех болсон байх тул тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 25-ны өдрийн 142/ШЗ2019/04593 дугаартай захирамжаар харицагчийг *******-аар сольж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч У.******* нь РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн Б/275 дугаартай тушаалаар компанийн Үйлдвэрлэлд бэлтгэх товчоонд хангамжийн ахлах инженерээр, мөн гүйцэтгэх захирлын 2018 оны 02-р сарын 27-ны өдрийн Б/49 дугаартай тушаалаар тус компанийн хангамжийн албаны даргаар тус тус томилогдон ажиллаж байсан байна./хэргийн 1 дүгээр хавтас 5-7, 8-11/

 

Ажил олгогч 2018 оны 06-р сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 37 дугаар зүйлийн 37.1.5, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00573 дугаартай шийдвэрт үндэслэн нэхэмжлэгч У.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ./хэргийн 1 дүгээр хавтас 13, 14, 24/

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00573 дугаар шүүхийн шийдвэрээр РСЦ ХХК-ийн хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон Я.Оргил нь РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн материал хангамжийн инженерээр томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байх бөгөөд ажиллаж байх хугацаандаа сургуульд суралцахаар болж байгууллагын захиргаанд хандан чөлөө хүсэж, түүнийг РСЦ ХХК-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/192 дугаартай тушаалаар Их барилгын хэсэгт засал чимэглэлчнээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дараа нь компанийн ерөнхий захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б/86 дугаар тушаалаар түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь халсан ба уг шийдвэрийг Я.Оргил эс зөвшөөрч шүүхэд гомдол гарган 2018 оны 05 дугаар 31-ний өдрийн 142/ШШ2018/00573 дугаартай шийдвэрээр түүнийг РСЦ ХХК-ийн хангамжийн инженерийн ажилд.эгүүлэн тогтоосон үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, энэ үйл баримтыг дахин тогтоох, нотлох шаардлагагүй байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн Б/150 дугаар тушаалаар Я.Оргилыг хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. / хэргийн 1 дүгээр хавтас 248-250, 2-р хавтас 10/

 

Нэхэмжлэгч У.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би Я.Оргилоос ажил хүлээж аваагүй, Ү.Отгондоржоос хангамжийн инженерийн ажлыг хүлээж авсан... гэж тайлбарласан ба Ү.Отгонждоржийг РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 09 сарын 29-ний өдрийн Б/193 тушаалаар хангамжийн инженерийн ажилд томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад түүнийг 2017 оны 12 сарын 18-ны өдрийн Б/271 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. / хэргийн 2-р хавтас 8,9/

 

Дээрх үйл баримтуудын цаг хугацааны хувьд дүгнэлт өгөхөд Я.Оргилыг хангамжийн инженерийн ажлаас чөлөөлсний дараа түүний ажиллаж байсан хангамжийн албаны инженерийн ажилд Ү.Отгондоржийг томилж, Ү.Отгондорж нь өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа нэхэмжлэгч Ц.*******ыг уг албан тушаалд томилсон ба У.******* нь хангамжийн албаны инженерийн албан тушаалд ажиллаж байгаад тушаал дэвшиж хангамжийн албаны даргын албан тушаалд томилогдсон байх ба Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2018/00573 дугаартай шийдвэрээр Я.Оргилыг хангамжийн инженерийн ажилд эгүүлэн томилсон байхад У.*******ыг ажлаас нь чөлөөлж Я.Оргилыг тус компанийн хангамжийн албаны даргын албан тушаалд томилсон нь үндэслэлгүй байна.

 

РСЦ ХХК-ийн бүтэц зохион байгуулалтын хувьд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд РСЦ ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 04 тоот тогтоолоор компанийн бүтэц зохион байгуулалтыг баталсан ба РСЦ ХХК-ийн хангамжийн алба нь хангамжийн албаны дарга-1, хангамжийн инженер 2-р зэрэглэл-1, материал тооцооны техникч-1 гэсэн 3 орон тоотой байсан ба Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2019 оны 07 сарын 26-ны өдрийн А/681 дугаартай тушаалаар РСЦ ХХК-ийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж Барилга засварын цех болгосон ба мөн Ерөнхий захирлын 2019 оны 04 сарын 15-ны өдрийн А/244 тоот тушаалаар Бүтцийн нэгжүүдийн зохион байгуулалтын бүтэц орон тоог баталж, Барилга засварын цехийн орон тоо 75 ажилтантай, өмнө нь байсан хангамжийн алба нь маркетинг, чанарын алба болж, уг алба нь маркетинг, зах зээл судалгааны мэргэжилтэн-1, хангамжийн инженер-1, чанарын мэргэжилтэн-1, инженер төсөвчин-2, нийт 5 орон тоотой болж бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдсөн байна.

 

Иймд ажил олгогч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг буруу хэрэглэж, нэхэмжлэгч У.*******ыг ажлаас үндэслэлгүй халж, түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ажлаас буруу халсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан үндэслэл бүрдээгүй байхад шүүхийн шийдвэрийг биелүүлж Я.Оргилыг ажилд эгүүлэн авахдаа түүнийг шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон буюу өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаал болох хангамжийн инженерийн албан тушаалд нь бус нэхэмжлэгч У.*******ын эрхэлж байсан хангамжийн албаны даргын албан тушаалд нэхэмжлэгчийг халж оронд нь томилсон РСЦ ХХКийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн Б/149 дугаартай шийдвэр хуульд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ажлаас буруу халсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан нөхцөл бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл Я.Оргил нь шүүхийн шийдвэрээр У.*******ын эрхэлж байсан хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилогдоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ... хангамжийн албаны дарга, хангамжийн албаны инженер гэх албан тушаалууд нэг албан тушаал юм, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхөд хангамжийн инженер нь хангамжийн албаны дарга болж өөрчлөгдсөн... гэх тайлбар нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлээс бололцооны дагуу өөр ажилд томилохыг ажил олгогчид даалгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч У.*******ыг урьд эрхэлж байсан РСЦ ХХК-ийн хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 сарын цалинг 1202726 төгрөгөөр, ажилгүй байсан 13 сарын хугацаагаар тооцож 15635438 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, дээрх олговроос ниймгийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардлыг өөрөө хариуцах үндэслэлээр өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 4, 12, 30-32, 247, 2 дугаар хавтасны 1-7-р талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй, хэргийн 1 дүгээр хавтасны 90-117 талд авагдсан баримтууд нь тухайн хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид /70200+236127/ 306327 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.*******ыг урьд эрхэлж байсан РСЦ ХХК-ийн Хангамжийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 15635438 /арван таван сая, зургаан зуун гучин таван мянга, дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулан нэхэмжлэгч У.*******т олгож, нэхэмжлэлээс бололцооны дагуу өөр ажилд томилохыг хариуцагчид даалгах, өмгөөллийн хөлс 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан У.*******ын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж, дэвтрүүдэд бичилт хийхийг хариуцагч *******азарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хурамж 306327 /гурван зуун зургаан мянга гурван зуун хорин долоо/ төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ