Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 339

 

Т.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Т.Н-гийн өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Нямхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярсайхан, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар магадлалтай, Т.Н-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, Г.Нямхүү нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эрэгтэй, 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Н-гаас 8,164,670 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-д олгож, нэхэмжлэлээс 1,728,480 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, Г.Батбаяр нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Н гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн миний өгсөн мэдүүлэг болон гэрч Э, А нарын өгсөн мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

1. Мөрдөн байцаагч М надаас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар зүйлчилж байгааг хэлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...мөрдөгч нь яллагдагчид өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана”, “гэрч өөрийнх нь эсрэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан  мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэх эрхүүдийг тайлбарлаж өгөөгүй мөртлөө “өгсөн” гэж гүтгэж, “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэхэд уурлаж, миний эрхийг зөрчиж хөтөлж мэдүүлэг авсан. Тухайн үед миний архи гараагүй, бие өвдсөн, сэтгэл санаа тогтворгүй, дарамтад орсон байсан. Тухайн мэдүүлгийг уншиж байтал байцаагч “үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж гарын үсэг зур” гэж хэлсэн тул сайн уншиж чадалгүй гарын үсгээ зурсан. Тийм мэдүүлгээр шүүх ялласан. Мэдүүлэг өгсний дараа би эмнэлэгт үзүүлж, шинжилгээнд өгнө гэж миний цуснаас авсан ч хэрэгт миний цусны бүлэг болон согтолтын зэргийг тодорхойлсон баримт байхгүй.

2. Хэрэг болох үед хэргийн газар байгаагүй Агийн мэдүүлгийг шүүх нотлох баримт болгосон. Би А-тэй уулзаагүй, юм яриагүй. Би хөл нүцгэн хүний бие рүү өшиглөж чадах уу.

3. Гэрч Э нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн өөрийн мэдүүлгийг “гуйвуулж бичсэн, уншаагүй гарын үсэг зурсан” гэж тайлбарлаж, шүүх хуралд өөрийн биеэр ирж өгсөн мэдүүлгийг онцлоогүй.

4. 2018 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 04 цагийн үед талийгаач Ц.М нь уурхайд байрлах гэртээ намайг унтаж байхад шалтаг шалтгаангүйгээр цохиж, хамраас цус гаргасан. Тэрээр гэрээс гараад буцаж орж ирээд ялих ялихгүй зүйлээр шалтаглан зодож, орон дээрээс татаж унаган дээрээс дэвсэж, толгой руу паркетэн шалаар цохиж, намайг “ална” гэж цохиж эхэлсэн. Би Мын дээрэнгүй, харгис үйлдлийн улмаас биеэ хамгаалах үүднээс түүнд хариу эсэргүүцэл үзүүлж, бид хоёр дээр доороо орж зодолдсон. М надаас том биетэй учраас миний дээр гарч миний хоолойг бооход би амь тэмцэж, гэдэс рүү нь хоёр хөлөөрөө жийж өшиглөсөн. Бид хоёрыг зодолдож байхад Э “одоо та хоёр боль” гэж салгахад М ор налаад суусан. Түүнээс хойш бид хоёр зодолдоогүй. Надад түүнийг алах санаа байгаагүй. Гэтэл намайг Мыг санаатай алсан болгож байна. Намайг гэртээ харьж унтсанаас хойш 04 цаг хүртэл М хаана, хэнтэй явсныг мэдэхгүй, надаас өөр хүнтэй зодолдсон байж болох юм.

5. Энэ хэргийн улмаас талийгаачийн ар гэрт учирсан хохирлыг тооцохдоо санхүүгийн анхан шатны баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцсон нь буруу юм. Учир нь, хохирогчийн талаас гаргасан баримт нь талийгаачийн ажил явдалд оролцсон хүний бензин, шуудангийн зардал, “Барс” худалдааны төвийн зарим баримт нь тамга, тэмдэггүй, өгсөн хүний нэр, эд зүйлийн нэр, лангууны дугаар зэргийг давж заалдах гомдолд тусгасан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрлээгүй хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Иймд надад холбогдох хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү, Г.Батбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүхийн эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гомдлыг гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд тодорхойлох хэсэгтээ “Т.Н-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Т.Н-г унтаж байхад хохирогч М орж ирэн “Жонш ялгагч бацаануудад доошоо орлоо гөлөг чинь” гэж хэлэн хамар луу нь цохиж цус гарган, мөн дахин орж ирэхдээ “чамайг өмгөөлж залуучуудтай хэрүүл хийлээ” гэж хэлэн орноос татаж унаган харилцан зодолдож үйл явц өрнөж, үргэлжилсэн бөгөөд түүний эхлэл нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс болсон байна. Энэ нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэх хэдий ч түүний амь насыг хохироосныг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Т.Н-гийн үйлдэл нь гэрч Э, А нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Т.Н-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд шинжээчийн 41,41/1,102 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч Т.Н- нь довтолгоо дууссан хойно дээрх үхэлд хүргэх гэмтлийг хохирогчид учруулсан байх тул гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй юм. Шинжээчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүрэгтэй танилцаж шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан дүгнэлт гарган түүнийгээ анхан шатны шүүх хурал дээр тайлбарласан учраас шинжээчийн дүгнэлтүүдийг хууль ёсны нотлох баримт гэж үзэв.

Мөрдөгчөөс шүүгдэгч Т.Н-г гэрчээр 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, яллагдагчаар 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тус тус мэдүүлэг авахдаа хуульд заасан эрхүүдийг тайлбарлаж өгсөн боловч түүний зүгээс өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгөх, эрхээ эдлэх талаар хүсэлт гаргаагүй, мөн хуурч мэхлэн мэдүүлэг авсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зөвхөн 8-15 жилийн хорих ялтай хэрэг байх бөгөөд үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “шүүгдэгчийг заавал өмгөөлөгчөөр хангах тухай” зохицуулалт хамаарахгүй юм. Мөрдөгч гэрч Э-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус хэрцгий харьцаж мэдүүлэг авсан” гэх байдал нотлогдохгүй байна. Иймд өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй гэжээ.

Өмгөөлөгч нарын хувьд Т.Н-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хэргийн нөхцөл байдал: Тухайн үед хэргийн газарт байсан эрүүл саруул цорын ганц гэрч болох С.Э-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Нгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Т.Н-д ял оногдуулсан талаар өмгөөлөгчийн дүгнэлт тухайн хэргийн нөхцөл байдлыг гэмт хэрэг гарах үед яг хажууд нь байсан эрүүл саруул ганц гэрч болох Э шүүхийн хэлэлцүүлэгт болсон асуудлыг үнэн зөв хэлсэн.

Мөн шүүгдэгч Т.Н бүх асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөв ярьсан юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь анх цагдаагийн мөрдөгч Манлайбаярын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг зөрчиж авсан, Т.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийг, мөн хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч Этой бусад хэлбэрээр хүнлэг бус харьцаж авсан мэдүүлгүүдийг, мөн гэрч А-гийн “хэрэг болсны дараа түүнд Т.Н- “талийгаач намайг зодохоор би 2 өшиглөсөн” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг яллах нотлох баримтаар үнэлэн Т.Н-д бусдыг санаатай алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар 10 жил хорих ял шийтгэж байгаа нь гэмт хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн гэх үндэслэлтэй байна.

Учир нь, М нь 2 удаа ёс бус авирлаж Т.Н-г зодож түүний эрх чөлөөнд халдсан бөгөөд түүнийг 2 дахь удаагаа зодсон үйлдлийг Т.Н- эсэргүүцэж үйлдэл үзүүлсэн байдаг энэ үйлдэл дундаа ямар ч тасралтгүйгээр үргэлжлэн явагдаж дууссан бөгөөд М-ын довтолгоо дууссан хойно ямар ч үйлдэл хийгээгүй талаар хэргийн газар байсан цорын ганц гэрч Э мэдүүлдэг. Шүүгдэгч Н ч мэдүүлдэг юм. Шүүх яллах нотлох баримтаар дүгнээд байгаа гэрч Агийн мэдүүлэг нь шууд бус нотлох баримт бөгөөд үүнийг шүүгдэгч Н нь одоо “би түүнд тэгж хэлээгүй” гэж үгүйсгэж байгаа нь уг мэдүүлэг нотлох баримтын чанараа алдаж байгаа. Шинжээч эмчийн дүгнэлт бол гэмт хэргийн нөхцөл байдлын талаар гаргаж байгаа дүгнэлт биш, зөвхөн талийгаач Мын биед ямар ямар гэмтэл үүссэн, энэ гэмтлүүд ямар гэмтэл болох, үхэлд хүргэсэн гэмтлийг тогтоож өгдөг болохоос биш хэргийн нөхцөл байдлыг тогтоож өгдөггүй.

Иймд өмгөөлөгчийн хувьд хэргийн нөхцөлд дүгнэлт хийхэд тухайн үед талийгаач М нь архи уусан хүнд согтолттой үедээ Т.Н-г “ална” гэж дайрч хүнд гэмтэл уруулж болохуйц гарт тааралдсан зүйлийг барин цохиж зодсон аюултай довтолгоо юм. Түүний эсрэг хийсэн Т.Н-гийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь өөрийн амь нас эрүүл мэндэд халдсан аюултай довтолгооноос өөрийгөө хамгаалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэж үзэж байна.

Энэ хэргийг мөрдөгч шалгахдаа мөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн тухайд: Цагдаагийн мөрдөгч Манлайбаяр нь анх удаа Т.Н-г гэрчээр асуухдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэрч өөрийнх нь эсрэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл мэдүүлэг өгөхөөс татгалзаж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй. Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “бүх насаар нь хорих ял оногдуулж болох хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчиж яллагдагч Т.Н-гаас гэрчээр, яллагдагчаар тус бүр нэг удаа мэдүүлэг авсан. Энэ нь одоо шүүхэд түүнийг яллах нотлох баримт болж байгаа, мөн гэрч Э-ын мэдүүлгийг засварлаагүй орхисон нь мөн хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдаас хүнлэг бус, харьцаж мэдүүлэг авсан байдаг юм. Энэ нь мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Т.Н-г өмгөөлөгчгүйгээр яллагдагчаар байцаасан нөхцлийг үгүйсгэхдээ “Т.Н-д холбогдох хэргийн зүйл анги нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг 8-10 жилийн ялтай тул үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “шүүгдэгчийг заавал өмгөөлөгчөөр хангах тухай заалт хамаарахгүй” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл нь хүний амьд явах эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт хамаарагддаг бөгөөд бусдыг санаатай алах гэмт хэрэг. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт бүх насаар нь хорих ял оногдуулж болохыг хуульчилж өгчээ. Үндсэн хуульд зөвхөн хууль тайлбарлах эрхийг Улсын дээд шүүхэд олгосон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нь өөрт хуулиар олгоогүй эрхийг эдэлж тайлбарлаж байгаа нь хууль зөрчиж байна. Тэр өдөр талийгаач М нь шөнө гэрт орж ирэхдээ хүмүүстэй муудалцсан талаараа хэлсэн байхад үнэхээр тэнд байсан залуучуудтай муудалцсан талаар мөрдөгч нэг ч хүнээс асууж тодруулаагүй. Мын биед үүссэн олон тооны шарх гэмтлийн заримыг нь магадгүй өөр хүмүүстэй муудалцаж байхдаа ч учруулсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд миний үйлчлүүлэгчид хардалт төрүүлдэг.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг дутуу хэрэгжүүлсэн гэх дүгнэлтэд хүргэж байна.

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж нотлох баримт шинжлэн судлах явцад өмгөөлөгч Г.Нямхүүгийн зүгээс хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх, хасуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авсан мөртлөө шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3, мөн хуулийн 16.12 дугаар зүйлийн 1, 15.1 дүгээр зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 1, 16.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх гэрч Эын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг ноцтой зөрүүтэй, мөн хохирогчийн талаас гаргаж өгсөн санхүүгийн баримтууд нь өгсөн, авсан хүний гарын үсэг зурагдаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан санхүүгийн анхан шатны бүрдүүлбэр хангаагүй баримт байна гэх талаар өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байсан бөгөөд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо энэ талаар дурдаад байхад аль ч шүүх нь өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Э, шүүгдэгч Н нарын өгсөн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн тогтоолд заасан  дүгнэлт нь хэргийн бодит нөхцөлд нийцээгүй гэж үзэх хуульд заасан үндэслэл бий болж байгаа юм. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн бол улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолын тодорхойлох хэсэгт заагаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэлээр шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийг ноцтой зөрсөн гэх үндэслэлд хүрч байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр Т.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү хэлсэн саналдаа “...Хэргийн талаар үнэн зөвийг нь шүүх хуралдаанд дээр хэлнэ шүү” гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд цагдаагийн мөрдөгч Манлайбаярын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан Т.Н-гийн анхны мэдүүлэг, мөн гэрч Этой хүнлэг бус харьцаж авсан мэдүүлэг, гэрч Агийн “хэрэг болсны дараа түүнд Т.Н- “талийгаач намайг зодохоор би 2 өшиглөсөн” гэх мэдүүлгүүдийг яллах нотлох баримтаар үнэлэн Т.Н-д бусдыг санаатай алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар ял шийтгэж байгаа нь гэмт хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. М нь Т.Н-г зодож, сүүлдээ “ална” гээд боосон байгаа юм. М Т.Н-г бооход доороос нь дээш хөлөөрөө өшиглөж холдуулсан үйлдлийг хавтаст хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, гэрэл зургийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлогдог. Хэргийн нөхцөлд дүгнэлт хийхэд тухайн үед талийгаач М нь архи уусан, хүнд согтолттой үедээ Т.Н-г “ална” гэж дайрч хүнд гэмтэл учруулж болохуйц гарт тааралдсан зүйлийг барин цохиж, зодсон аюултай довтолгоо хийсэн юм. Түүний эсрэг хийсэн Т.Н-гийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь өөрийн амь нас эрүүл мэндэд халдсан аюултай довтолгооноос өөрийгөө хамгаалсан аргагүй хамгаалалт гэж үзэж байна. Анх удаа Т.Н-г гэрчээр асуухдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “гэрч өөрийнх нь эсрэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл мэдүүлэг өгөхөөс татгалзаж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” байтал өмгөөлөгчгүй мэдүүлэг авснаар зогсохгүй түүнийг хууран мэхлэх замаар мэдүүлэг авсан. Тэгээд энэ мэдүүлэг нь яллах талын нотлох баримт болсон. Мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “бүх насаар нь хорих ял оногдуулж болох хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүдийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн заалтуудыг зөрчиж яллагдагч Т.Н-гаас гэрчээр, яллагдагчаар тус бүр нэг удаа мэдүүлэг авсан. Энэ нь шүүхэд түүнийг яллах нотлох баримт болж байгаа, мөн гэрч Эын мэдүүлгийг засварлаагүй орхисон нь мөн хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдаас хүнлэг бус харьцаж мэдүүлэг авсан гэж үзэж байна. Энэ нь мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмын дагуу нотлох баримтаар тооцохгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Т.Н-г өмгөөлөгчгүйгээр яллагдагчаар байцаасан нөхцлийг үгүйсгэхдээ “Т.Н-д холбогдох хэргийн зүйл анги нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8-аас 10 жилийн ялтай хэрэг тул үүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “шүүгдэгчийг заавал өмгөөлөгчөөр хангах тухай заалт хамаарахгүй” гэсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл нь хүний амьд явах эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт хамаарагддаг бөгөөд бусдыг санаатай алах гэмт хэрэг. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт бүх насаар нь хорих ял оногдуулж болохыг хуульчилж өгчээ. Үндсэн хуульд зөвхөн хууль тайлбарлах эрхийг Улсын дээд шүүхэд олгосон байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нь өөрт хуулиар олгоогүй эрхийг эдэлж хууль тайлбарлаж байгаа нь хууль зөрчиж байна. Тухайн өдөр талийгаач М нь гэрт шөнө орж ирэхдээ хүмүүстэй муудалцсан талаараа хэлсэн байхад үнэхээр тэнд байсан залуучуудтай муудалцсан эсэхийг мөрдөгч нэг ч хүнээс асууж тодруулаагүй. Мын биед үүссэн олон тооны шарх гэмтлийн заримыг нь магадгүй өөр хүмүүстэй муудалцаж байхдаа ч учруулсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд миний үйлчлүүлэгчид энэ талаар  хардалт төрдөг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг дутуу хэрэгжүүлсэн гэх дүгнэлтэд хүргэж байна. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж нотлох баримт шинжлэн судлах явцад миний зүгээс хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх, хасуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авсан мөртлөө шийдвэрлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрч Эын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг ноцтой зөрүүтэй, мөн хохирогчийн талаас гаргаж өгсөн санхүүгийн баримтууд нь өгсөн, авсан хүний гарын үсэг зурагдаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан санхүүгийн анхан шатны бүрдүүлбэр хангаагүй баримт байсан. Т.Н-гийн ар гэрээс сайн дураараа 5,000,000 төгрөгийг хохиролд өгсөн бөгөөд шүүгдэгч амь хохирогчийг санаатай алаагүй талаар дурддаг. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо энэ талаар дурдаад байхад аль ч шүүх нь өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Э, шүүгдэгч Н нарын  мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж байгаагаа дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл бий болж байгаа юм. Мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн бол улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолын тодорхойлох хэсэгт заагаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Т.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр хэлсэн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, шүүх хуралдаан 2 талын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтооно гэсэн журмыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Энэ нь хэргийг шийдвэрлэхэд ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна. Гэрч мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд хоёр янзаар мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй боловч шүүх хуралдаанд хууль сануулж өгсөн мэдүүлгийг үнэлээгүй нь шүүх дотоод итгэл үнэмшлээр хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт хийх зарчим мөн адил алдагдсан. Тухайн үхэлд хүргэсэн гэмтэл яг ямар үед үүссэнийг шалгаж тогтоогоогүй. Анхан шатны шүүх “довтолгоон төгссөний хойно шүүгдэгч үйлдэл хийхэд хохирогч амь нас хохирох гэмтлийг авсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэдгийг үгүйсгэсэн. Гэрч Э-ын анхны мэдүүлэгт “Мын довтолгоон дууссаны дараа шүүгдэгч дээрээс нь дэвсэж уг гэмтлийг учруулсан” гэдэг боловч шүүхийн хэлэлцүүлэгт М нь Т.Н-гийн хоолойг боож цохих, хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа үйлдлээ тасралтгүй үргэлжлүүлэх явцад түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор доороос нь өшиглөсөн үйлдлийн улмаас хавирга нь хугарч хохирогчийг үхэлд хүргэсэн нь тогтоогдож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан аргагүй хамгаалалтын шаардлагыг хангаж байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алсан” гэмт хэрэг гэж зүйлчилсэн нь буруу бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан довтолгоон үргэлжилж байгаа, төгсөөгүй үед хийгдсэн үйлдэл юм. Энэ талаар гэрч Э мэдүүлсэн. Шүүх хуралдаанд шүүгч нар гэрч Э-оос “...мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн үү, одоо хуралдаанд өгч байгаа мэдүүлэг үнэн үү” гэхэд “Байцаагч миний үгийг буруу тэмдэглэсэн, ...одоо энэ өгч байгаа мэдүүлэг үнэн” гэж хэлдэг. Тэгэхээр шүүх хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Гэмт хэрэг гарах шалтгаант холбоо, үйлдлийг тодруулсан бол энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх боломжтой байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийг баримтлан гэрч Э-ын мэдүүлгийг үнэлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар аргагагүй хамгаалалт гэж үзээд Т.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг хэлсэн саналдаа “...Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар аргагүй хамгаалалт гэдэг боловч шүүгдэгчийн мэдүүлгээр энэ нь няцаагдаж байгаа юм. Довтолгоо төгссөний дараа хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй. Энэ хэргийг аргагүй хамгаалалт гэхээсээ илүү амь хохирогчийн 13 хавирга хугарсан байдаг учраас амь хохирогчийг зовлон шаналалд оруулж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан алсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг шалгуулахаар прокурорт хүсэлт гаргаж байсан. Иймд дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдэж анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид аргагүй хамгаалалт гэж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байгаа юм. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Т.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Т.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Уулбаян сум, 4 дүгээр багийн нутаг “А О” гэх газарт байрлах уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “И А Т” ХХК-ийн ажилчдын байранд хохирогч Ц.М нь согтуугаар маргаан үүсгэж, улмаар цохиж зодоход нь харилцан зодолдож, түүний хэвлийн тус газар үсэрч өвдөглөсний улмаас Ц.М-ын биед “хэвлийн хөндийн битүү гэмтэл, нойр булчирхайн задрал, няцралын улмаас хурц цус алдалт” бүхий гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас Ц.М нас барсан,

Дээрх гэмтлээс гадна хохирогч Ц.М-ын биед “дагзны хуйхны язарч урагдсан шарх, хуйхан дорхи цус хуралт, баруун чамархайн гавлын булчингийн цус хуралт, баруун 2, 3, 4, 5, 6, 8, зүүн 1, 4, 5, 6, 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, баруун 9, зүүн 10, 11 дүгээр хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун, зүүн талын дотор ханын тархмал цус хуралт, хэнхэрцгийн баруун талын гадна ханын цус хуралт, ходоодны ар хана, сэмж чацархайн цус хуралт, баруун бөөрний өөхөн ислэг, гялтан хальсны цус хуралт, хамарт, зүүн хацарт, баруун мөрөнд, баруун бугалганы урд дунд хэсэгт, баруун алганы ар хэсэгт, хэвлийн дээд хэсэг аюулхайн орчимд, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, урд дунд хэсэгт, зүүн тохойд, зүүн шууны гадна дунд хэсэгт, зүүн алганы ар хэсэгт, баруун даланд цус хуралтууд, баруун шанаанд, баруун чихний доод дэлбэнд, баруун гарын алганы ар хэсэгт, хэвлийн баруун хэсэгт хөх махнаас доош 21см-т, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн шууны ар дунд хэсэгт, гадна доод хэсэгт, сарвууны ар хэсэгт зулгаралтууд, духны баруун дээд хэсэгт зулгарсан шарх, зүүн хацар, шанаа, хоёр гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан бөгөөд хохирогч Ц.М нь нас барахдаа хүчтэй зэргийн согтолттой байсан нь тогтоогджээ.

Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байснаас гадна, амь хохирогчийг баруун талаараа хэвтэж байхад нь биеийн зүүн хэсэг, хавирга орчимд нь үсэрч хоёр өвдгөөр өвдөглөх үед цээж болон хэвлийн хөндийн гэмтлүүд үүсэх боломжтой,

талийгаачийн биед учирсан нийт гэмтлүүд мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн нь тусгай мэдлэг бүхий шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүх шүүгдэгч Т.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж, гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Т.Н нь зориуд төлөвлөсөн бус тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ц.М-ын Т.Н руу дайрч зодсон хууль бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 2 нөхцөл байдал тогтоогдсон байх бөгөөд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жил хорих ялыг тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 8 жил болгон хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс үзэхэд, амь хохирогч Ц.М нь илтээр давамгайлж Т.Н-гийн амь нас, эрүүл мэндийн эсрэг халдсан байдал нотлогдоогүй, Ц.М-ын биед учирсан олон тооны гэмтлүүдийг аргагүй хамгаалалт хэрэглэж учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Т.Н-гийн биед зулгаралт, няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирснаас гадна Т.Н нь өөрийнх нь эсрэг чиглэсэн Ц.М-ын халдлага дууссан, үргэлжлээгүй байхад өөрийгөө хамгаалах хүслээр бус харилцан зодолдож, хүч хэрэглэх явцдаа Ц.М-д амь насанд аюултай гэмтэл учруулж, үхэлд хүргэсэн байна.

Мөн Ц.М нь Т.Н-гийн хоолой дээрээс дарж байхад Т.Н доороос нь цохих, өшиглөх байдлаар хохирогчид учирсан нийт 14 хавирга буюу олон тооны хавирганы хугарлыг үүсгэх боломжгүй талаарх шинжээчийн тайлбар, мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Т.Н-гаас гэрчээр мэдүүлэг авч, улмаар анхан шатны шүүх уг мэдүүлгийг гэм бурууг тогтоосон нотлох баримтын үндэслэл болгосон нь хууль зөрчсөн байна.

Мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Ийнхүү мөрдөгч гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан үйлдлийг яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, “мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн”-д тооцох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Т.Н-г гэрчээр байцаасан байцаалт, мэдүүлгийг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этгээд тодорхойгүй байгаа үед ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” болохыг тусгайлан тайлбарлах учиртайг мөрдөж ажиллах, үүнд хуульд заасан үүргийн хүрээнд хяналт тавьж ажиллаж байхыг мөрдөгч, прокурор нарт анхааруулах нь зүйтэй байна.

Т.Н-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэхгүйгээр бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нотлогдсон гэж үзнэ.

Гэрч С.Э-ыг мөрдөн байцаалтын шатанд эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдоогүй бөгөөд энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт цуглараагүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийн учирсан шинж байдалтай тохирсон байх тул гэрч С.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Т.Н-д оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар магадлалд

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-г 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН