Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2016/0519/З |
Дугаар | 593 |
Огноо | 2016-08-24 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 593
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Мягмаржав,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан хугацааны дараалсан 5 жилийг улсад нийт ажилласан хугацаанд оруулан тооцож 41 жил, 1 сар /36.1+5/ жил болгож, тэтгэврийн нэмэгдэл олгохыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасны дагуу тэтгэврийн алданги 1.005.699 төгрөгийг нөхөн төлүүлэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мягмаржав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөрбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мягмаржав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Миний бие 1967 оноос 2003 оныг дуустал Нислэгийн цаг уурын төвд синоптик инженерээр ажилласан. Синоптик инженер гэдэг нь цаг уурын урьдчилсан мэдээг зохиодог бөгөөд энэ нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаардаг.
Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр 1997 онд 55 настайдаа тогтоолгох эрхтэй байсан боловч үргэлжлүүлэн ажиллаж, 2003 онд 61 настайдаа тэтгэврээ тогтоолгож, улсад нийт 36 жил 1 сар ажил ажилласан.
Хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан учраас тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох хүсэлтийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан боловч Нийгмийн даатгалын байцаагч н.Мөнх-Эрдэнэ Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаар тушаал хүчингүй болсон тул хортой нөхцөлд ажилласан нэмэгдлийг олгох боломжгүй гэж худал хэлж, хууран мэхэлж, тэтгэврийг тогтоосон. Сүүлд нь судалж үзэхэд 78 дугаар тушаал нь хүчингүй болоогүй, хүчин төгөлдөр үйлчилж байгааг мэдсэн.
Миний бие 1967-2003 он хүртэл тасралтгүй ажилласан тул 1991 онд батлагдсан Тэтгэврийн тухай хууль, 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиуд надад аль аль нь үйлчлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан 5 жилийг тэтгэвэр нэмэгдүүлэх хугацаанд оруулж тооцоогүй нь маргаан гарах үндэслэл болж байна. Надтай адилхан синоптик инженерээр ажилласан С.Оюунд хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан 5 жилийг нь улсад нийт ажилласан хугацаанд нь оруулан тооцож, тэтгэврийн нэмэгдлийг олгосон байх тул хуулиар энэ нь надад мөн адил үйлчлэн ёстой.
Миний бие 50 настайдаа тэтгэвэр авах эрх үүссэн боловч ажил, мэргэжлээс шалтгаалж, ажлаас гаргадаггүй байсан нь миний буруу биш, 1991 оны Тэтгэврийн тухай хуулийн 15, 49 дүгээр зүйлд заасан журмаар тэтгэврийг бодож, хортой нөхцөлд ажилласан 5 жилийг улсад ажилласан 36 жил, 1 сар дээр нэмж, нийт 41 жил 1 сар болгож, тэтгэврийн нэмэгдэл олгохыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү.
Мөн улсад ажилласан 41 жилийг 75 хувиар тооцож, 82160 төгрөг байх ёстой. Гэтэл бууруулан 69 хувиар тооцож, тэтгэврийг 75587 төгрөгөөр тогтоож, 6573 төгрөгөөр дутуу бодож хохироосон тул Иргэний хуулийн тавин хоёрдугаар бүлэгт заасны дагуу алданги 1.005.699 төгрөгийг шүүхийн журмаар нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөрбуян нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Мягмаржав нь 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 36 жил, 1 сар, 19 өдөр Нислэгийн цаг уурын төвд синоптик инженерээр ажилласан байх бөгөөд 1997 онд 55 настайдаа 1967-1997 онд ажилласан хугацаагаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар тэтгэвэр тогтоолгох өргөдлөө нийгмийн даатгалын байгууллагад гаргаж, тэтгэвэр тогтоолгох боломжтой байсан боловч үргэлжлүүлэн ажиллаж 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж, 1998-2003 оны хоорондох таван жилийн /60 сар/ цалинг сонгон, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.
Тухайн хүн тэтгэвэр авах хүсэлт, өргөдлийг хэзээ гаргана, тэр цагаас тэтгэвэр авах эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд Д.Мягмаржав нь 2003 онд 61 настайдаа тэтгэвэр авах хүсэлт гаргасан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэн Д.Мягмаржавын нийт ажилласан 36 жил, 1 сар, 19 өдрийг 69.125 хувиар тооцсон. 1998-2003 оны хоорондох таван жилийн цалингийн тодорхойлолтоор дундаж цалин 575747 төгрөг /Засгийн газрын 15 дугаар тогтоолын дагуу индексжүүлсэн/ бөгөөд Засгийн газрын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай холбогдох тогтоолуудаар тус тус нэмж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 441704 төгрөгийн тэтгэвэр авч байна.
Нэхэмжлэгч Д.Мягмаржав нь хуучин Тэтгэврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг хэрэглээгүйн улмаас эрх ашиг зөрчигдсөн гэдэг боловч тухайн хуулийн насны нэмэгдэл гэх 1 хувь нь одоогийн үйлчилж буй хуулиар 1.5 хувь болж нэмэгдсэн нь хэрэгжээд, Д.Мягмаржавын тэтгэврийг 69 хувиар тооцож олгосон.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан 5 жилийн нэмэгдлийг нийт ажилласан хугацаанд нэмц тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мягмаржав 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 36 жил 1 сар Нислэгийн цаг уурын төвд “синоптик инженер”-ээр ажиллаж байгаад 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байна. Ингэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг 1998 оноос 2003 оны хоорондох дараалсан 5 жилийн цалингийн дунджаар тодорхойлуулан, 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 93.444 төгрөгийн тэтгэвэр авахаар тогтоожээ.
Д.Мягмаржаваас дээрх тогтоосон тэтгэврийг нийт 12 жил /зохих нэмэгдлүүдийн хамт/ авсан байх бөгөөд 2015 онд дээрх тогтоогдсон тэтгэврийг эс зөвшөөрч “...Тэтгэврийн хуулийн 15 дугаар зүйлийн “Насны тэтгэврийн нэмэгдэл”-д заасны дагуу миний хортой нөхцөлд ажилласан 5 жилийг улсад ажилласан нийт хугацаанд оруулан тооцож 41 жил, 1 сар /36.1+5/ болгохоор байхад энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйгээс тэтгэврийг 75 хувиар биш 69 хувиар бууруулан бодсон тул энэ хугацаанд дутуу авсан тэтгэврийн алданги нийт 1.005.699 төгрөгийн нөхөн авах эрхтэй” гэсэн үндэслэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлөөс гомдлыг хянан шалгаад 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар албан бичгээр “... таны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэврийг тогтоон олгосон нь зөв байна” гэсэн хариу өгч, Д.Мягмаржаваас захиргааны хэргийн шүүхэд хандсан байх тул урьдчилан шийдвэрлэх журмыг хангасан гэж үзэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хянаад дараах үндэслэлээр Д.Мягмаржавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Д.Мягмаржав нь “БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай” БНМАУ-ын Бага хурлын тогтоол , БНМАУ-ын Дээд шүүхийн 1991 оны “БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн зарим зүйлийг тайлбарлах тухай” 1 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “насны хувьд хөнгөлсөн 5 жилийг улсад ажилласан нийт хугацаанд оруулан тооцож насны тэтгэврийг тогтоохдоо Тэтгэврийн хуулийн 15 дугаар зүйлийг хэрэглэсэн бол хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан хугацааны дараалсан 5 жилийг улсад ажилласан нийт хугацаанд оруулан 41 жил, 1 сар /36.1+5/ жил болгох бөгөөд тэтгэврийн нэмэгдэл олгох ёстой байсан. Тэтгэвэр бодох хувь 75 байхыг 69 хувиар бууруулан бодсоны улмаас бага тэтгэвэр тогтоогдсон” гэж маргажээ.
Тэтгэврийн хуулийн “Хөдөлмөрийн нөхцөлөөр насны тэтгэвэр тогтоох” тухай 10 дугаар зүйл болон “Тэтгэвэр бодох” тухай 49 дүгээр зүйл , “БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн зарим зүйлийг тайлбарлах тухай” БНМАУ-ын Дээд шүүхийн 1991 оны 1 дүгээр тогтоолын 9 , 20 дахь заалтууд нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврийг тогтоох, түүний хувь хэмжээг бодохдоо зөвхөн тухайн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргагч иргэний хүсэлтийг үндэслэсэн байхаар заасан бөгөөд БНМАУ-ын Бага Хурлын “БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай” 33 дугаар тогтоолын 6-д заасанчлан хуулийн дээрх заалт нь “1991 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр насны тэтгэвэр тогтоолгосон боловч ... үргэлжүүлэн ажилласан эрэгтэйчүүдэд 60 нас хүртэлх, эмэгтэйчүүдэд 55 нас хүртэлх ажилласан жилийг нь нийт ажилласан хугацаанд тооцож насны тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн 15 дугаар зүйлийг “Насны тэтгэврийн нэмэгдэл” гэснийг хэрэглэж байсугай” хэмээн “1991 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр насны тэтгэвэр тогтоолгосон” байх гэсэн тусгайлсан нөхцөлийг тогтоосон байна. Харин энэ үед Д.Мягмаржав нь хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох насны шаардлагыг хангаагүй, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй байна.
1994 оны 06 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг батлан, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр 1990 онд батлагдсан Тэтгэврийн хууль хүчингүй болсон.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн “тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох...” тухай 15 дугаар зүйлийн 6 дахь заалт болон түүнийг үндэслэн гарсан Монгол Улсын Засгийн газрын 1995 оны “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох хөдөлмөрийн нөхцөлийн тухай” 59 дүгээр тогтоол, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1995 оны “Жагсаалт батлах тухай” 78 дугаар тушаалаар батлагдсан хөдөлмөрийн /“газрын дор” болон “хортой”, “халуун”, “хүнд”/ нөхцөлийг харгалзан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох тухай зохицуулалтуудад даатгуулагчийн ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох тухай ямар нэгэн зүйл, заалт тусгагдаагүй, харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “хугацаанаас өмнө тэтгэвэр тогтоолгох эрх”-ийг баталгаажуулсан хэм хэмжээг агуулсан байна.
Д.Мягмаржав дээрх журмын дагуу 1997 онд 55 насандаа хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан 1967 оноос 1997 он хүртэл хугацаагаараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч тэрээр тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаагүй буюу үргэлжлүүлэн ажиллан, 2003 онд 61 настайдаа тэтгэвэр тогтоолгосон болох нь нэхэмжлэгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 217779 дугаартай Д.Мягмаржавын тэтгэврийн хувийн хэрэг болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.
БНМАУ-ын Тэтгэврийн хууль, БНМАУ-ын Бага хурлын 1990 оны “БНМАУ-ын Тэтгэврийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай” 33 дугаар тогтоол, БНМАУ-ын Дээд шүүхийн 1991 оны “БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн зарим зүйлийг тайлбарлах тухай” 1 дүгээр тогтоол болон 1994 оны 6 дугаар сард Монгол Улсын Их Хурлын баталсан Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд хөдөлмөрийн нөхцөлийг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох тухай зохицуулалт нь ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох бус харин хөдөлмөрийн тодорхой нөхцөлд ажилласан эрэгтэй 60 наснаас өмнө, эмэгтэй хүн 55 наснаас өмнө тэтгэвэрт гарах эрхийг баталгаажуулсан зохицуулалт байх бөгөөд нэхэмжлэгчийн улсад ажилласан 36 жил 1 сарыг бүрэн тооцож, тэтгэврийг тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлага болох “...Тэтгэврийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хортой нөхцөл ажилласан 5 жилийг улсад ажилласан нийт хугацаанд оруулан тооцох ёстой” гэсэн шаардлагыг үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
3. Тэтгэвэр бодох хувийг 75 хувь байхыг 69 хувиар бууруулан бодсон хийгээд тэтгэврийн алданги 1.005.699 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.Мягмаржав улсад нийт 36 жил 1 сар ажиллан, 2003 онд 61 насандаа тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаж, 1998-2003 оны дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлсийн дунджаар тэтгэвэр тогтоолгосон байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-т “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно” хэмээн тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Мягмаржавын өндөр насны тэтгэврийн хэмжээ, нэмэгдлийг тогтоохдоо түүний улсад ажилласан 36 жил 1 сарыг бүрэн тооцож, нийт 69.125 хувиар тэтгэврийн хэмжээг тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "хөдөлмөрийн хөлс" гэх/-ын 45 хувиар тогтооно”, 2-т “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж заасны дагуу бодсон байх бөгөөд Улсын Их Хурлын 1997 онд баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “1995 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаар бодож шинэчлэн тогтоосугай” гэж заасантай тус тус нийцэж байна.
Өөрөөр хэлбэл Д.Мягмаржавын хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан хугацааг улсад ажилласан хугацаанд нэмж тооцох хуулийн зохицуулалт байхгүй тул түүний улсад ажилласан нийт хугацааг 36 жил 1 сараар тооцон, тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний нэмэгдэл олгосон нь хуульд заасан журмын дагуу тэтгэвэр, тэтгэмж авах нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “...Хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан байх хугацааны дараалсан 5 жилийг улсад нийт ажилласан хугацаанд оруулан тооцож 41 жил, 1 сар /36.1+5/ жил болгож, тэтгэврийн нэмэгдэл олгохыг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах, Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасны дагуу тэтгэврийн алданги 1005699 төгрөгийг нөхөн төлүүлэхийг дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” тухай Д.Мягмаржавын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.1 дэх зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА