Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 0607

 

 

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0607

     Улаанбаатар хот

 

 

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Д.О-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Анхан шатны шүүх шийдвэртээ: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.10-т заасныг тус тус баримтлан Д.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан  “Баянзүрх дүүрэг, 1 хороо, Денверийн гудамжинд байх Голден вилл хотхоны 105 дугаар байрны 306 тоот орон сууц, С-12 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Д.О-ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бусад тооцож, уг орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр Д.О-ыг бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Миний төлөөлүүлэгч Д.О нь ЭЭЖК ХХК-тай 2010 оны 07 сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 1 хороо, Голден Вилл хотхоны 105 дугаар байрны 306 тоот орон сууц, С-12 авто зогсоолын хамт худалдаж авсан. Өнөөг хүртэл 7 жил энэ байрандаа оршин сууж амьдарч байгаа боловч эд хөрөнгийнхөө хууль ёсны өмчлөгч болж чадахгүй хохирч явна.

Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болох нь ЭЭЖК ХХК-ийн 2012 оны 09 сарын 20-ны өдөр УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргаж өгч байсан тодорхойлолтоор нотлогдоно. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хийлгэхэд шаардлагатай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авсан барилга байгууламжийн албан ёсны хаяг, бусад шаардлагатай баримтуудыг ЭЭЖК ХХК хүлээлгэн өгч байсан. Эдгээр баримтууд бүгд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

Ингээд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 12/6984 дугаартай албан тоотоор 105 дугаар байр нь “З” банк болон “Х” банк, ЭЭЖК ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд барьцаалагдаж бүртгэгдсэн тул салгаж хувь хүн дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан албан бичгээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан гэсэн хариуг өгсөн.

Дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд хандсан боловч гуравдагч этгээдийн төлбөр дутуу төлсөн гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хангаж шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Хяналтын шатны шүүхийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 55 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаасан бөгөөд худалдан авсан орон сууц, авто зогсоолын төлбөр тооцоог төлсөн төлөөгүй гэх эсрэг тэсрэг үйл баримтыг эргэлзээгүй нотлоогүй, гуравдагч этгээдийн өгсөн тайлбарт үндэслэн захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл болоогүй асуудлыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэдэг үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзсэн.

Ингээд манай зүгээс худалдан авсан 105 дугаар байрны 306 тоот орон сууцны төлбөр төлсөн банкны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг бүрдүүлж, худалдан авсан орон сууцны төлбөр тооцоог бүрэн төлсөн, өмчлөгч гэдгээ нотолсоор байхад нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлж өмчлөгч гэдгээ тогтоолгох ёстой гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өгсөн ямар ч нотлох баримтгүй тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь нэхэмжлэгч талд хохиролтой байна.

Миний төлөөлүүлэгч Д.О ЭЭЖК ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг 2010 оны 07 сарын 07-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээ байгуулагдаж, төлбөр тооцоо төлөх үед 105 дугаар байрны 306 тоот орон сууц барьцаалагдаагүй байсан нь хавтас хэргийн 69, 70 дугаар хуудсанд байгаа нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд орон сууцны төлбөрийг 2010 оны 07 сарын 07-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болохыг ЭЭЖК ХХК нь тодорхойлж, тооцоо нийлсэн баримт үйлдэж өгч байсан. Энэхүү баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

Ийм учраас нэхэмжлэгч тал маргаж буй орон сууцыг 60 хувийн гүйцэтгэлтэй барьцаанд байхад нь худалдан аваагүй бөгөөд энэ талаар мэдэх боломжгүй. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн зээлийн болон барьцааны гэрээг харахад ЭЭЖК ХХК нь зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг банкинд барьцаалсан байхад нэхэмжлэгчийн шаардлагад байгаа 100 хувийн гүйцэтгэлтэй 105 дугаар байрны 306 тоот орон сууцыг барьцаалсан гэж үзээд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2, 20.1.4 дэх хэсгийн баримтлан шийдвэр гаргаад байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс өөрийн худалдан авсан орон сууц, автогзогсоолыг банкны барьцаанд барьцаалагдсан гэж үзэхгүй байгаа.

Мөн анхан шатны шүүх гуравдагч этгээд “З” банкны эрх хүлээн авагчийг шүүхэд авчирч барьцааны гэрээ дуусгавар болсон эсэх талаар тодруулаагүй, нэхэмжлэгчийн зүгээс асууж тодруулах зүйл байсан. Учир нь анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэлд гуравдагч этгээд ЭЭЖК ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.А-ийн өгсөн барьцааны гэрээ дуусгавар болсон талаар мэдүүлэг байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч энэ талаар үгүйсгээгүй, гагцхүү барьцаа дуусгавар болсон талаар албан бичиг ирээгүй, эсхүл шүүхээр шийдвэрлэгдээд нэг тогтоол гарсан байдаг гэсэн тодорхойгүй зүйлүүд шүүх хурал дээр ярьсан. Энэ үүднээсээ Зоос банкны эрх хүлээн авагчийг хуралд зайлшгүй оролцуулах шаардлагатай байсан.

Хэрэв барьцааны гэрээ дуусгавар болоод энэ талаар барьцаалагч, барьцаалуулагч нараас бүртгэлийн байгууллагад албан бичиг ирээгүй бол, хэрэв барьцааны гэрээ дуусгавар болсон талаар шүүхийн ямар нэг тогтоол, шийдвэр хүчин төгөлдөр байгаа бол нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлэх, багасгах, өөрчлөх ёстой байсан боловч энэ байдлыг анхан шатны шүүх тодруулаагүй.

Гуравдагч этгээд хэрэв нэхэмжлэгчийг байрны төлбөр дутуу төлсөн гэж үзээд маргаж байгаа бол 2010 оноос хойш 7 жилийн хугацаанд ямар нэг нэхэмжлэл гаргах боломжтой байсан энэ эрхээ эдлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно үндэслэлгүй тайлбар хийж иргэдийг хохироож байгааг шүүх харгалзаж үзээгүй, гуравдагч этгээдийн өгсөн тайлбараар хэргийг иргэний хэргийн шүүх рүү шилжүүлж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүх бидний худалдаж авсан 105 дугаар байрны 306 тоот орон сууцыг ямар үндэслэлээр, ямар нотлох баримтыг үндэслэн “З” болон “Х” нэртэй гадаадын банкны барьцаанд барьцаалагдсан байна гэж үзээд байгаа нь ойлгомжгүй үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

           Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.О-аас “Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Денверийн гудамжинд байх Голден вилл хотхоны 105 дугаар байрны 306 тоот орон сууц, С-12 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Д.Отгонзулыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бусад тооцож, уг орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр Д.О-ыг бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Иргэн Д.Б маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг “ЭЭЖК” ХХК-аас 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 55,181 ам.доллар төлж, 2008 оны 08 дугаар сарын 28-ны 41,884 ам.долларыг төлж нийт 97,065 ам.доллараар худалдан авсан нь нотлогдсон байх бөгөөд Д.О нь Д.Б-ээс дээрх орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдан авч 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах” гэрээг өөрийн нэр дээр шилжүүлжээ. Энэ талаар анхан шатны шүүх “улсын бүртгэлийн Ү-2204020093, 000007610 дугаар гэрчилгээ бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцааны бүртгэлд 2010 оны 09 дүгээр сард бүртгүүлсэн гэдэг нь “Х” банк, “З” банк, “ЭЭЖК” ХХК-ийн хамтарсан албан тоот /хх 1-р хавтас 69-р хуудас/, “З” банкны албан тоот /хх 1-р хавтас 70-р хуудас/, хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдов” гэж үндэслэлтэй дүгнэсэн байна.

“ЭЭЖК” ХХК нь маргаан бүхий орон сууц, авто зогсоол хамаарах Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж 15/5 бүхий 6305,64 м.кв 60 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020093 дугаарт бүртгүүлж, улмаар Зоос банктай байгуулсан 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 297 дугаар “Зээлийн гэрээ”, 2007 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 340 дүгээр “Барьцааны гэрээ”, 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 398 дугаар “Зээлийн шугамын гэрээ”-ний дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2010 онд бүртгүүлжээ.

Нэхэмжлэгч Д.О нь “ЭЭЖК” ХХК-тай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден вилл” хотхоны 105 дугаар байранд 3 өрөө орон сууц болон С-12 авто зогсоолыг 2008 онд хийгдсэн орон сууц захиалгаар бариулах гэрээг нэр сольж байгуулах[1] замаар 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Д.Б-ээс худалдан авсан байна. Өөрөөр хэлбэл 306 тоот орон сууц, С-12 тоот авто зогсоол нь 2008 онд Д.Б-т /сүүлд шилжүүлэн авсан Д.О-д/ өмчлөх эрх нь шилжсэн хойно 2010 онд бүртгүүлсэн барьцааг үндэслэн Д.О-ын /Д.Б/-ын өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Голден вилл хотхоны Денверийн гудамж, 105 дугаар байрны 306 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр хандахад Баянзүрх дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтэс маргаан бүхий орон сууц, авто зогсоол нь 60 хувийн гүйцэтгэлтэйгээр “ЭЭЖК” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Зоос банк болон Хана банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн ерөнхий газрын албан бичгүүдийн дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул нэхэмжлэгч Д.О-ын нэр дээр салган бүртгэх боломжгүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.

Хариуцагч бүртгэхээс татгалзсан үндэслэлээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 11/11253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/9693, 2/10559, 2013 оны 2/2931, 2/2236, 2014 оны 2/1449, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 10/5-701 албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн гэжээ. Гэтэл дээрх албан бичгүүд нь 60 хувийн гүйцэтгэлтэй барилгад хамаарах бөгөөд 100 хувийн гүйцэтгэлтэй, 106 дугаар байрны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн “ЭэЖК” ХХК-д хамаарах үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шалтгаанаар 2008 онд үүссэн Д.Б /Д.О/-ийн өмчлөх эрхийг 2009 онд түдгэлзүүлэх боломжгүй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” гэх заалтууд нь зөвхөн зээлийн барьцаанд хамаарах 60 хувийн гүйцэтгэлтэй барилгад хамаарах юм.

Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэгчээс мэдүүлэг гаргах үед уг барилгын улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийгдсэн байсан ... уг барилгыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь “ЭЭЖК” ХХК-ийн өмчлөлд анх бүртгэж, улмаар бүртгэлийг хүчингүйд тооцсон шийдвэр гараагүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шилжүүлэн өөрчлөхөд эрх, ашиг нь хөндөгдөх гуравдагч этгээд Зоос банкны зөвшөөрлийг хавсаргаагүй, тусгай тэмдэглэгээг өөрчлөх үндэслэл арилсан талаар баримтыг мөн хавсаргаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл хуулийн хэм хэмжээнд нийцсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Д.О-ын Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден вилл”  хотхоны 105 дугаар байрны 306 тоот орон сууцыг өмчлөх эрх нь “ЭЭЖК” ХХК барьцааны бүртгэл хийлгэхээс өмнө буюу гуравдагч этгээд “Зоос банк” болон “Хана” банкны барьцааны эрхээс цаг хугацааны хувьд түрүүлж үүссэн болох нь тогтоогдож байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүрэг, 1 хороо, Денверийн гудамжинд байх Голден вилл хотхоны 105 дугаар байрны 306 тоот орон сууц, С-12 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Д.Отгонзулыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бусад тооцож, уг орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр Д.О-ыг бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ