Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 11

 

 “Х- банк” ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Г.С,

З.Б нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/01362 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч: “Х- банк” ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Г.С, З.Б нарт холбогдох,

            “Зээлийн төлбөр 20.798.382.57 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

            Хариуцагч З.Бын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Заяацэцэг, хариуцагч Г.С, З.Б, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

            Нэхэмжлэгч Х- банк ХХК-ийн Орхон салбарын захирал Б.Норовсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Зээлдэгч Г.С, З.Б нар нь Х- Банкны Орхон салбарын Оюут тооцооны төвөөс 2017 оны 11-р сарын 17-ны өдөр ЗГ201743293514 тоот зээлийн гэрээ байгуулан 19,600,000 /Арван есэн сая зургаан зуун мянга/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 %-ийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч Г.С, Д.Бадамзул нар нь 2018 оны 09-р сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээний 2.4.1 дахь заалт /Зээлийн төлбөрийг Хавсралт 1-ээр “ Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь ”-ийн дагуу төлнө/ гэсэн заалтыг удаа дараа зөрчсөн байна. Банкнаас зээл төлөхийг удаа дараа шаардаж 2019 оны 05 сарын 14, 2019 оны 06 сарын 05-ны өдрийн зээл буцаан дуудах мэдэгдэл бичгээр өгөхөөр холбогдож уулзаж байснаас гадна Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчих тохиолдол бүрт таньд амаар сануулж байсан хэдий ч 2019 оны 10-р сарын 01-ний өдрийн байдлаар та зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 385 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч нар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ201743293514 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 2,774,757.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,760,394.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135,355.64 төгрөг, нийт 5,670,507.28 төгрөг төлсөн байна. Иймд үндсэн зээл 17,401,242.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,261,784.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135,355.64 төгрөг, нийт 20,278,382.57 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Г.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Г.С миний бие З.Бтай амьдарч байхдаа Х- банкнаас 19,500,000 төгрөгийн зээл авч, 17 сая хүртэл төлж байгаад ажилгүйдлийн улмаас төлж чадалгүй жил болсон. Батлан даагч нь З.Б байв. Одоогоор ажил олдохгүй байна. 2018 онд З.Бтай гэр бүлээ цуцлуулж, 2 охиныг авч явсан. Тэр үед нь битгий яваа үр хүүхдээ бод, намайг бас бодолдоо та нарыг явчихаар би хэцүүднэ сэтгэлийн тэнхээгүй тэгээд ажлаас гаргуул яана, тэгэхээр цалингийн зээл өндөр байгаа батлан даагч нь хэцүүднэ ш дээ гэхэд тэр ямар хамаатай юм бэ салдагаараа сална, чи ажлаасаа гарвал хохьчино, тэр өрийг чинь би төлчихнө гээд байсан. Одоо төлөх юм байгаа биз гэж бодож байна. Миний хувьд зээл төлөх байтугай өөрийгөө яая гэж л амьдарч байна. З.Б ч сайн мэдэж байгаа. Одоо амьдарч байгаа рашаантын 2-43 тоот хашаа, байшин аав, ээж, дүү нарын нэр дээр байдаг. Аав минь өнгөрөөд жил гаран болж байна. Ээж, дүү нар аавын гал голомтыг юу гэж чиний нэр дээр болгож чамд өгдөг юм бэ, тэр хүний амьдралаар тоглосон батлан даагч нь банкны дотоод журмаараа өөрөө төлнө биз гэдэг. Би ч тийм бодолтой байгаа. Гэхдээ тогтмол ажилтай болчихвол төлнө гэсэн бодолтой байдаг. Суурин ажил хайж байгаа гэжээ.

            Хариуцагч З.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            З.Б миний бие Х- банкны нэхэмжлэл бүхий зээлийн өр төлөх тухай бичигтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн төлбөрт нийт 21.060.324.48 төгрөгийг төлөх боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. Учир нь миний бие Г.Стэй 2006 онд анх танилцаж, 2013 онд гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2 охин төрсөн. ГОК-д ажиллаж байх үедээ анх Х- банкнаас 10 гаруй сая төгрөгний зээл авсан. Тухайн үед гэр бүлийн хүн гэдгээрээ би батлан даагч хийж байсан. Энэ зээлийг ямар зүйлд зарцуулсан бэ гэвэл, Г.Сгийн ярьснаар бол, 2008 онд Эрдэнэт амьдрал ХХК-д ажиллаж байх үедээ компанийнхаа нэгэн тоног төхөөрөмжийг хулгайд алдаж, өндөр төлбөртэй болсон, шүүх хурал хүртэл хийсэн, төлбөр төлөх шаардлагатай байна гэж байсан. Тийм учраас 2008 онд алдагдсан тэр багажны төлбөрийг төлөх гэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж 2014 онд зээл авсан тул дээрхи зээлийн төлбөрийг төлөх тухай шаардлагыг миний бие төлөх боломжгүй, үндэслэлгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1069 дугаар шийдвэрээр Г.С бид хоёрын гэрлэлтийг албан ёсоор цуцалсан. Шүүхээс насанд хүрээгүй 2 охиныг маань миний асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Г.С нь ажилгүй байгаа нэрээр 2 хүүхдийнхээ тэтгэлэгийг төлөхгүй байгаа нь үнэн болно. Тэр ч байтугай шүүхээс тогтоосон улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг ч төлөөгүй байгаа болно. Иймд Г.Сгээс хүүхдүүдийнхээ тэтгэлэгийг авах авлагатай болохоос биш, түүний өмнөөс зээлийг нь төлөх ямар ч үндэслэл, боломж байхгүй байна. Миний хувьд өөрөө цалингийн зээлтэй амьдарч байна. Сард 180,000-200,000 төгрөгний зээлийн төлөлттэй байдаг төрийн албан хаагч хүн. Үндсэн цалингийн хэмжээ төрийн байгууллагын албан хаагч тул амьжиргааны өдөр тутмын хэрэглээндээ л хүрэх төдий байдаг. 2 охины хувцас, хунар хичээлийн хэрэгсэл, хоол хүнс, дугуйлан секцийн үнэ төлбөр гээд бүх зүйлийг өөрийнхөө л цалингаар зохицуулж байгаа тул дээрх зээлийг төлөх боломжгүй байна. Мөн гэр бүл цуцлуулснаар 2 охины хамт айлын хажуу өрөөнд түр амьдарч байгаа тул байрны мөнгө, цахилгаан, ус, дулааны мөнгөө хувааж төлдөг тул цалингаас өөр орлогогүй учраас зээл төлөх боломжгүй. Г.Стэй ханилан хамт амьдарч байх хугацаандаа миний өөрийн гэсэн хамааралтай эд хөрөнгө, материалаг зүйлийг энэ хүн дур зоргоороо олон удаа үрэн таран хийж шамшигдуулсан байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Х- банкнаас авсан 19,600,000 төгрөгний цалингийн зээл нь шугам зээл юм. 2017 оны 04 дүгээр сард мөн зээлэн дээрээ нэмж зээл авч, 6,500,000 төгрөгөөр Приус-20 маркийн машин худалдаж авсан. Жил гаруй машинаа унаад 2018 оны 08 дугаар сард 7.000.000 төгрөгөөр зарж, борлуулсан. Энэ үед би шүүхэд гэр бүлээ цуцлуулахаар өргөдлөө өгөөд эвлэрүүлэн зуучлалын 3 сарын хугацааг бидэнд өгсөн үе байсан. Шүүхээр гэр бүлээ цуцлуулсан шийдвэрт эд хөрөнгийн маргаангүй гэж тусгагдсан байгаа. Угаасаа ч бидний өмчлөлд гэр, хашаа, байшин газар гээд үл хөдлөх хөрөнгө огт байхгүй. Харин Г.С цалингийн зээлээр авч, миний нэр дээр байсан Приус 20 маркын машиныг зарсан 7,000,000 сая төгрөгийг дундын өмч гэж өөрсдөө үзээд 4 хүндээ хувааж 4,500,000 төгрөгийг бид гуравт өгсөн нь үнэн болно. Энэ мөнгийг 2 охиныхоо хадгаламжинд хийсэн. Өөр ямар ч эд хөрөнгө, өв залгамжлал 2 охинд минь байхгүй, өгөөгүй. Дээрхи зээлийн төлбөрүүдийн зарцуулалт нь Г.Сгийн өөрийн буруутай үйлдлээс шалтгаалсан, архи ууж согтуурсан үедээ хохирол учруулснаас үүдэн эд хөрөнгийн хохирол, эдийн засгийн хохирол учраас миний хувьд дээрх зээлээс өөртөө ашигласан, өөртөө зарцуулсан явдал огт байхгүй гэжээ.

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/01362 дугаар шийдвэрээр:

            Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зааснаар хариуцагч Г.С, З.Б нараас үндсэн зээл 17.401.242.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.261.784.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135.355.64 төгрөг, нийт 20.278.382.57 төгрөгийг гаргуулан Х- банкны Орхон салбарт олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 261.941 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 261.941 төгрөг гаргуулан Х- банкинд олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч З.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

            Орхон аймгийн Х- банкны Орхон тооцооны төвөөс 2017.11.17 ны өдөр 19.600.000 төгрөгийн цалингийн зээл авсан ба уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан гэж уг цалин хөлсний зээлийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайн зээлийг нөхөр авахдаа өмнө ажиллаж байсан компанид 2008 онд өрд орж шүүхийн шийдвэрээр өр төлөх болосн учир 2014 онд 12.000.000 төгрөг орчим цалингийн зээл анх авч байсан ба энэ 2008 онд өрд орох үед би хамт байгаагүй. Уг зээлээ нэмэгдүүлэн хамгийн сүүлд өөртөө автомашин худалдан авсан . Учир нь уг зээлийг ийм байдлаар нэмэгдүүлэн авахад хүүхдүүд болон бидэнд мөнгө өгч байгаагүй. Байнга архи уусан биднийг хүчирхийлдэг байсан бөгөөд үргэлж өрд орсон гэж тайлбар гаргаж, цалингаа бидэнд зарцуулж байгаагүй ба зарим зээлийг би огт мэдэхгүй зээл байсан. Иймд тухайн цалингийн зээлээс гэр бүлдээ захиран зарцуулсан бол би төлнө. Гэтэл би болон хүүхдүүд маань огт хэрэглээгүй зээл билээ. Харин сүүлд нэмж зээл авах үед би гарын үсэг зурсан ба энэ үед бидний гэр бүлийн амьдрал тогтоворгүй болсон тус тусдаа амьдралтай болсон байсан учир 2018 он гаргаад би гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгч байсан. Өмнө мөн 2016 онд гэрлэлт цуцлуулах өргөдлөө өгч байсан. Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Г.С бөгөөд түүнийг зээл авсныг сүүлд баталж би гарын үсэг зурж байснаас миний нүдэнд үзэгдэж харагдсан мөнгө байгаагүй. Би огт аваагүй мөнгө билээ. Гэрлэлтийн баталгаатай эхнэрийн хувьд гарын үсэг зур гэсэн. Гэтэл түүний өрөндөө болон автомашин худалдан авахад зарцуулсан мөнгийг би төлөх үндэслэлгүй. Гэрлэлт цуцлуулахдаа өөрөө автомашин болон гэр орноо аваад үлдсэн ба хүүхдүүд болон бидэнд юу ч өгөөгүй. Учир тухайн хашаа байшин нь түүний аавын нэр байсан учир маргаан үүсгэх боломжгүй болж, одоо Г.С амьдарч байгаа билээ. Гэтэл шүүх хуралдаан дээр намайг орой гэрээ, автомашинаа авсан мэт худал ярьж шийдвэр гаргуулахад шүүх бодит байдлыг зөв дүгнэж шийдвэрлээгүй. Цалингийн зээл надтай хамт амьдарч байхдаа хэдий хэмжээний зээл авсныг ялгаж шийдвэр гаргаагүй. Г.С нь хүүхдийн тэтгэвэр төлөхгүй гээд одоо хүртэл төлөөгүй атлаа унах унаа орох орноо өөртөө үлдээж, хувиараа ажил эрхэлж байна. Үүний дээр аваагүй мөнгөө худлаа хэлэн хуваалгаж шийдвэр гаргуулж байгаад гомдолтой байна. Хэргийн бодит байдалд тухайн зээлийг би огт аваагүй бөгөөд тухайн зээлээ төлж байна гээд бидэнд цалингаа зарцуулж байгаагүй. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.22 ны өдрийн 142/ШШ2019/01632 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Х- банк” ХХК-ийн Орхон салбар хариуцагч Г.С, З.Б нарт холбогдуудан “Зээлийн гэрээний төлбөр 20.798.382.57 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Г.С “...тус банкнаас зээл аваад төлж чадаагүй, эхнэр З.Б гэрлэлт цуцлуулах үед би төлнө гэж хэлж байсан, одоо ажилгүй болсон тул зээл төлөх боломжгүй” гэх, хариуцагч З.Б “...өмнө өр төлбөрт ороод зээл авсан байсан, энэ зээлнээс би мөнгө аваагүй, би зээлийг төлж чадахгүй, Г.С өөрөө хариуцаж төлөх ёстой” гэх тайлбар тус тус гаргажээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нар гэр бүл байхдаа Х- банкны Орхон салбараас 19.600.000 төгрөгийн зээл авч үндсэн зээл 17.401.242.87 төгрөг, зээлийн хүү 3.261.784.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 135.355.64 төгрөг нийт 20.798.382.57 төгрөгийн зээлийн өр төлбөртэй ба гэрлэлтээ цуцлуулах үедээ эд хөрөнгө болон зээлийн төлбөрийн талаар маргаан үүсгээгүй байна.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хуульд нийцэж байгаа боловч зохигчид тус тусдаа амьдарч байгаа, зээлийн төлбөрийг хэн хэн нь төлөхгүй гэж маргаж байх тул зээлийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хувааж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хариуцагч З.Бын гаргасан “... тухайн зээлийг би огт аваагүй бөгөөд тухайн зээлээ төлж байна гээд бидэнд цалингаа зарцуулж байгаагүй, зээлийн төлбөрийг төлөх боломжгүй ...” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

            Иймд давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/01362 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг “...Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, зааснаар хариуцагч Г.С, З.Б нараас үндсэн зээл 17.401.242.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.261.784.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135.355.64 төгрөг, нийт 20.278.382.57 төгрөгийг гаргуулан Х- банкны Орхон салбарт олгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., зааснаар хариуцагч Г.Сгээс 10.399.191 төгрөг, З.Баас 10.399.191 төгрөг тус тус гаргуулж Х- банкны Орхон салбарт олгосугай...” гэж,

            Шийдвэрийн 2 дугаар заалтыг “... Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 261.941 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 261.941 төгрөг гаргуулан Х- банкинд олгосугай...” гэснийг “... Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 261.941 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сгээс улсын тэмдэгтийн хураамж 181.337 төгрөг, З.Баас улсын тэмдэгтийн хураамж 181.337 төгрөг тус тус гаргуулж Х- банкны Орхон салбарт олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч З.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 261.941 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                                                                                        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ