Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 27

 

М.С- нэхэмжлэлтэй,

хариуцагч Л.Э, Л.У

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01545 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.С- нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.Э, Л.У нарт холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1.600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Л.Уийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.С ажил дээрээ байтал 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Л.У нь нөхөртэйгөө хамт ирсэн. Хэрчсэн гурилын цех ажиллуулж байгаа 400 гаруй мянган төгрөгтэй гараад хүүхдийн хичээлийн хэрэглэл бэлдээд, та бараагаа зээлээр өгч байгаач, би 10 хоноод тооцоо хийгээд байна гэж хэлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 01-нд /13/ бараагаа буулгаж өгсөн 30-нд тооцоо хийнэ гээд хийгээгүй. Утсаа авдаггүй, санаатайгаар залилан хийж санхүүгийн хямралд оруулж байна гэж бодож байна. Мөнгөө шүүхдээд аваарай, би төлж чадахгүй гэсэн. Ууганцэцэг, Энхнаран барааны 1 313 000 төгрөг, алданги 10 хувь 280 000 төгрөг, таксины мөнгө 27 000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Тогтсон хугацаа өнгөрч, өөрсдөө зөвшөөрсөн учраас 1 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Л.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М.С- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах тайлбарыг гаргаж байна. Би өөрийн төрсөн дүү болох Л.Э бид хоёр 2019 оны 8 дугаар сараас "ЭКО" нэртэй цехийг ажиллуулж төрөл бүрийн ногооны зууш, хэрчсэн гурил зэргүүдийг хийж эхэлсэн. Энэ хугацаандаа гурилын бөөний цэгүүдээс гурил зээлээр аваад тохирсон хугацаандаа төлбөрөө төлдөг байсан. Дүү Л.Э 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар нэртэй 5 тонн гурилыг М.Сос авсан. М.Сос авсан гурил хөхрөөд байсан учир хагасыг нь буцааж өгөөд 1.613.000 төгрөгийн тооцоо үлдсэн бөгөөд би 2019 оны 10 сард 300 000 төгрөгийг өгөөд 1.313.000 төгрөгийн тооцоо үлдсэн. Энэ тооцоог Энхнаран хийхээр болсон юм. М.Сос авсан гурилаа буцааж өгсөн учир "Алтан тариа" ХХК-ийн гэрээт борлуулагчаас 2019 оны 09 дүгээр сарын 11-нд 3 тонн гурил авсан. Энэ 3 тонн гурилын нийт үнэ 2.880.000 төгрөг болсон бөгөөд энэ тооцоог би ганцаараа өгч тооцоогоо дуусгасан учир М.Согийн нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй. М.С 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Л.Этай тооцоог хийж дуусгахаар тохиролцсон тохироо байгаа юм. Тэр тохироогоороо мөнгөө нэхэж авна биз дээ. Би жирэмсэн одоо ажил хийж чадахгүй биеийн эрүүл мэндийн байдлыг маань дүү Л.Э маш сайн мэдэж байгаа шүү дээ. Иймд М.Согийн Л.У надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг надаас биш Л.Эгаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт М.С, Л.Э 2-ын хооронд хийгдсэн тооцоог үндэслэнэ үү... гэжээ.

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Лутбаатар овогтой Энхнаран энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, сайн мэдэхгүй учир энэ нэхэмжлэлээс нэрээ хасуулж хариуцлага хүлээхгүй болохоо тайлбар бичиж өглөө гэжээ.

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01545 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.У, Л.Э нараас тус бүр 656.500 төгрөг гаргуулан М.Сд олгож, нэхэмжлэлээс 287.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 17.979 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.У шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний төрсөн дүү Л.Э бид хоёр хамтарч ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр салцгаасан. Л.Э тухайн үед хэрчсэн гурилын машин 2 ширхэг, гурил хайрагч 1 ширхэг, гурилын ууран жигнүүр 1 ширхэг, гурил зуурагч 1 ширхэг нийт 5 ширхэг тоног төхөөрөмжийг аваад явахдаа М.Сд өгөх учиртай байсан 1.013.000 төгрөгийг төлөхөөр болсон юм. Би М.Сд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 300.000 төгрөг ажил дээр нь очиж өгсөн. Энэ 300.000 төгрөгийг хасаж тооцоогүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас надаас авсан 300.000 төгрөгийг хасаж, үлдэх 356.600 төгрөгийг Л.Эгаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.С хариуцагч Л.Э, Л.У нарт холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1.600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хариуцагч Л.У, Л.Э нараас тус бүр 656.500 төгрөг гаргуулан М.Сд олгож, нэхэмжлэлээс 287.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.У, Л.Э нар нэхэмжлэгч М.Сос 2019 оны 09 дүгээр сард гурил, ургамлын тос худалдан авч улмаар барааны үлдэгдэл үнэ 1.313.000 төгрөгийг төлөөгүй болох нь зарлагын падан, бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зохигчын гаргасан тайлбараар тогтоогдсон байна.

Шүүх хариуцагч Л.У, Л.Э нарыг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, татгалзлаа нотлож чадаагүй гэсэн дүгнэлт хийж нотлох чиг үүргийг хариуцагч нарт хүлээлгэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Талууд “бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.-д заасны дагуу бэлэн мөнгөөр төлөх болон хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, төлбөл зохих хүүгийн талаар харилцан тохиролцоогүй байх тул шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Л.У худалдан авсан барааны үнээс 300.000 төгрөг төлсөн болох нь нотлогдохгүй байх тул түүний гаргасан гаргасан “би М.Сд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 300.000 төгрөг өгсөн. Энэ 300.000 төгрөгийг хасаж тооцоогүйд гомдолтой байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Уийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Уийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Л.Уийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 20.479 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ