Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 32

 

А.Бгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Ат

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/01514 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Бгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.А, С.Д нарт холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний төлбөр 38.285.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрчулуун, хариуцагч С.Д, Б.А, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.А нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн ил уурхайд ажилтай, эхнэр С.Д нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Петушки гуанзанд ажилтай. Эдгээр хүмүүс нь 2017 оны 11 дүгээр сард утсаар ярьж махыг чинь борлуулж өгье гэж тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 28-нд ниссан кондр 78-90 ӨВА машины жолооч н.Өлзийбаатар дараахь махыг тээвэрлэж авч явсан. Үүнд үхэр 3 ширхэг 381кг 5000 төгрөг, 1.905.000 төгрөг, хонь 174 ширхэг 4,739 кг-4000 төгрөг = 18.956.000 төгрөг, ямаа 148 ширхэг 2,708 кг 3000 төгрөг = 8.124.000 төгрөг, нийт 28.985.000 төгрөг. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 21-нд эхнэр С.Д нь хадам ах н.Пүрэвдоржтой очиж хонь 100 ширхэг 1800кг 6.300.000 төгрөг, ямаа 100 ширхэг 1200кг 2500 төгрөг 3.000.000 нийт 9.300.000 төгрөг. Эдгээр хүмүүс нийт 38.285.000 төгрөгний мах борлуулж өгнө гэж залилан аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул хохирлыг маань барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А, С.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би мах борлуулж өгнө гэсэн зүйл огт байхгүй. 2017 онд намар над руу залгаж мах борлуулах хэрэгтэй байна гэхэд нь эндэхийн мах говийн махыг бодвол том байдаг. Маш их мах орж ирж байгаа, өөрсдөө ирж зарахгүй бол бид чадахгүй байх гэдгийг хэлсэн. 2017 оны 11 дүгээр сард ажлаас ирэхэд С.Баярсүрэнгийн хүү, болон дүү мөн жолооч манайд ирчихсэн байсан. Аав чинь ирээгүй юм уу гэхэд ирээгүй, аав буулгаад хэвэг ачаад ирээрэй гэсэн, хэвэг олдох болов уу гэхэд өнөөдөр бүтэхгүй, маргааш бол гээд хонуулсан. Өглөө нь хагас сайн өдөр байсан учраас том ах Пүрэвдоржийн машинд махыг шилжүүлэн буулгасан. 3 үхэр, хонь, ямааг хэвэг ачих болсон чинь бэлэн мөнгөгүй, мах нь тийм хурдан зарагдахгүй учраас эргэж мах борлуулна, ирнэ гээд явсан. Би туслая гээд хүн амьтанд үзүүлсэн боловч үнэтэй байна. Мөн буруу хөлдөөсөн байна. Их туранхай юм гээд голоод авахгүй байна гэдгийг нь хэлж өөрсдөө ирж борлуулах хэрэгтэй байна. Би ах дүү нартаа говийн мах гэдгээр нь шилж арай гайгүй жинтэй махыг 4000 төгрөгөөр 10 хонь өгсөн. Гадуур сураглахад хонь 25 кг-аас дээш нь 2800-3200 ямаа 1000-2000 төгрөгийн хооронд байна гэдгийг нь маш гэдгийг нь маш тодорхой хэлсэн. Энд тийм ханштай байна шүү гэдгийг нь С.Баярсүрэнгийн хүү бол маш сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл үндсэн махаа хотод борлуулж чадахгүй наад руу чинь ачдаг юм бил үү голоод авахгүй байна гэж утсаар ярихад нь хүртэл энд мах чинь гологдоод байна хэрэггүй байх гэдгийг удаа дараа хэлсэн. Махаа зориулалтын биш саванд буулгасан учраас харлаж, хатах гээд байсан учраас Баярсүрэнд хэлээд зах зээлийн үнээр нь хонь 2800-3100 төгрөгөөр цөөхөн хэдийг н.Нараа гэх эгчид өгсөн, 2800 төгрөгөөр Өлзий гэх хүүхэд 30 ширхэг хонь өгсөн. Ямааг нь туранхай гэж найгүй учраас шилж 2000 төгрөгөнд 40 ширхэгийг н.Нараа эгчид өгч үлдсэн бүх ямааг н.Пунцаг, н.Янжмаа нарт өгсөн. Тэгээд өөрсдөө хөдөөнөөс ир гээд ирж чадахгүй боллоо. Хэвэг өвс хэрэгтэй гээд болохгүй болохоор нь Эрдэнэтэд тухайн үед хэвэг 13,500 төгрөг байсан, өөрсдөө ч мэдэж байгаа. А.Бгийн 100 ширхэг буудай буюу 2,500 тн хэвэг, өвс нэг бүрийн үнэ нь 10000 төгрөгөөр бодож 100 ширхэг өвс, мөн дээр нь зарахаар 15 тн хэвэг, Баянтээгийн нүүрс ачих хово автомашинаар мөн ах Пүрэвдорж нарыг хөлслөн маш их цастай учраас замдаа сууж маш их зардал чирэгдэл болж хүргэж өгч, зарах хэвэгнийхээ оронд хэвэг зах зээлийн ханш нь 14000 төгрөг байсан учраас тэр ханшаар нь мах сольж авчирч байсан. Би энэ сайн мэдэхгүй, мөн гурил 13000 төгрөгөөр 50 ширхэг шуудай өгч явуулсан. Дээрээс нь эхнэр С.Д нь 6 сая төгрөг шилжүүлэн авсан байсан. Түүгээр нь А.Б мах авч өгсөн. Маш туранхай мах өгч явуулсан байсан. Энэ хүнийг бодолгүй зөвхөн өөрийнхөө ашгийн төлөө тэр хол газар бөөн зардал чирэгдэл болж явуулсан байдаг. Зах зээлийн ханшаар махыг чинь өгсөн мөнгө төгрөгөөр авч чадахгүй байна гэж хэлсний дагуу С.Баярсүрэн авгайтай хавар 6 дугаар сард ирсэн. Тэгээд н.Пунцаг, н.Янжмаа нартай уулзуулаад бид энэ хүмүүст өгсөн. Та хоёр өөрсдөө очиж уулз гээд дагуулж очсон байдаг. Бүр цагдаагийн хэлтэс дээр очиж хүртэл уулзсан. Тухайн үед өргөдлөө өгчих зах зээлийн ханшийн судалгаа хийгээд тогтоодог гэж хүртэл хэлж өгч байсан. Энэ бүгдийг мэдсээр байж зориуд үнийн хөөрөгдлөөр үнэлж биднээс маш их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид бол өөрсдийн зөвшөөрөлөөр л зуучилж өгсөн. Одоо хүртэл тэр хүмүүсээс мөнгө нэхээд аваад өгчих гэхээр та нарын мах юм уу хүний махны мөнгө нэхлээ гээд өгдөггүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/01514 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Б.А, С.Д нараас 32.985.000 төгрөг гаргуулан А.Бд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 9.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч А.Бгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 349.375 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 322.875 төгрөг гаргуулан А.Бд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

С.Д би 2019 оны 12 дугаар сарын 13-нд эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд хурлд өөрийн биеэр оролцох боломжгүй байснаас эмнэлгийн магадлагаа болон хүсэлтээ ирүүлсэн боловч хуралдаан болсон байна. Иймээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.А, С.Д нараас 38.285.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.А, С.Д нар 2017 оны 11 дүгээр сард утсаар ярьж махыг чинь борлуулж өгье гэж тохирсны үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 28-нд 3 үхрийн мах 381 кг, 174 хонины мах 4739 кг, 148 ямааны мах 2708 кг, нийт 28.985.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 21-нд 100 хонины мах 1800 кг, 100 ямааны мах 1200 кг, нийт 9.300.000 төгрөг нийт 38.285.000 төгрөгийн үнэ бүхий махыг өгч явуулсан гэсэн шаардлага гаргасан ба хариуцагч нар зарж борлуулж өгье худалдаж авъя гэж яриагүй, бид хүмүүст өгч зуучилж өгсөн гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх хариуцагч нар нэхэмжлэгчээс мах худалдан авч борлуулан дундаас нь мөнгө олох зорилготой байсан нь тогтоогдсон гэж үзэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар Б.А, С.Д нараас 32.985.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Д нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад эхлэх шүүх хуралдаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд ирүүлсэн гэх боловч хэрэгт түүний хүсэлт авагдаагүй, эмнэлгийн магадлагаа дангаараа хэрэгт авагдсан байх ба шүүх хариуцагч С.Дг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн, хариуцагч С.Дг хүндэтгэн үзэх шалтгаантай байхад хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, шүүх хуралдаанд оролцох, хэргийн оролцогчтой мэтгэлцэх эрхийг хангаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хэргийн шийдвэрлэлтэнд дүгнэлт хийх боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2019/01514 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 322.900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                        С.УРАНЧИМЭГ