Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 142/шш2020/00547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээллтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А,

Хариуцагч: С.Д нарт холбогдох

38285000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Давж заалдах шатны шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагч С.Д-, Б.А-, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ц-, гэрч Ц.Я, З.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Адъяасүрэнбатаар нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ил уурхайд ажилтай, эхнэр Д- нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Петушки гуанзанд ажилтай. Эдгээр хүмүүс нь 2017 оны 11 дүгээр сард утсаар ярьж махыг чинь борлуулж өгье гэж тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 28-нд NISSAN КОНДР 78-90 ӨВА машины жолооч Өлзийбаатар дараахь махыг тээвэрлэж явсан. Үүнд үхэр-3 ширхэг-381 кг*5000 төгрөг=1905000 төгрөг, хонь-174 ширхэг-4739 кг*4000 төгрөг=18956000 төгрөг, ямаа-148 ширхэг-2708 кг*3000төгрөг= 8124000 төгрөг, нийт 28985000 төгрөг. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 21-нд эхнэр Д- нь хадам ах Пүрэвдоржтой очиж хонь-100 ширхэг-1800кг*3500 төгрөг=6300000 төгрөг, ямаа-100 ширхэг-1200 кг*2500 төгрөг=3000000 нийт 9300000 төгрөг. Эдгээр хүмүүс нийт 38285000 төгрөгний мах борлуулж өгнө гэж залилан аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул хохирлыг маань барагдуулж өгнө үү. ... Хариуцагч нар мах борлуулж өгье дундаас нь хэдэн төгрөг харна гэж утсаар ярьж тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 11 сарын 28-нд манай хүү Мөнх-Өлзий миний төрсөн дүү Төмөрбаатар, жолооч Өлзийбат 3 махыг авч ирж өгсөн. Тэгэхэд тэд нар бүгдээрээ тэр ачааны машин дээрээс Пүрэвдоржийн бүхээгтэй машинд нэг бүрчлэн хиллээд талы нь ачсан байсан. Тэр бүхээгтэй машинд 176 хонины мах орсон гэсэн. Нийт хонины мах нь 4 тонн 739 кг, нийт ямааны мах нь 2 тонн 708 кг, үхрийн мах нь 380 кг болсон гэж байсан. Үхрийн махыг 5000 төгрөгөөр, хонины махыг 4000 төгрөгөөр, ямааны махыг 3000 төгрөгөөр борлуулж өгнө гэж тохиролцсон байсан. Тохиролцсон үнээрээ бодохоор 28.985.000 төгрөг болж байсан. Тэр Пүрэвдоржийн ачааны машинд талыг нь ачаад талыг нь нэг агуулахад буулгасан гэж манай хүү хэлсэн. Тэгээд 2018 оны 01 сар гаргаад дахиад мах авах хэрэгтэй байна, наагуур чинь мах олдох уу? гэж утсаар ярьсан. Тэгэхдээ өвс тэжээл авч очьё, би бас өвс тэжээл хэрэгтэй гэж энэ 2-луу ярьсан. Өвс тэжээл авч очих гэсэн чинь мөнгө байдаггүй, түрүүний махны мөнгөнөөс орж ирээгүй хүмүүст тараагаад өгсөн гэхээр сумын төв рүү хадам ээж рүүгээ 4.000.000 төгрөгийг өгч явуулаад Д-гийн данс руу ярьж байгаад хий гэсэн чинь Д-тай яриад Эрдэнэбилэг гэдэг хүний данс руу хийлгүүлсэн байсан. Д-, өөрийнх нь хүү, Пүрэвдорж нар 2018 оны 01 сарын 17, 18-ны үед хово машин дагуулж очсон, тэр хово машинд 400 уут буюу 10 тонн хивэг байсан, Пүрэвдоржийн ачсан 100 боодол өвснөөс 70 боодлыг авч үлдсэн. Д- маргааш нь буцаж ирээд мах олж өгөөч гээд би 3 хүнд хэлсэн байсан. Баянхонгор аймгийн Богд сумын иргэн Гансүх гээд манай баз, С.Базар, Ц.Батболд гэж манай найзууд энэ 3 хүнээс Д-г дагуулж очоод мах авч Пүрэвдоржийн машинд ачиж өгч, нийтдээ тэр 3 хүний махны мөнгө 9.300.000 төгрөг болсон. Маргааш нь дагаж очоод сум руу орж гарал үүслийн бичгийг янзалж өгөөд байж байтал, сум дээрээс Д- 2 билүү 3 хүнээс машин дүүрэхгүй байна гээд мах авсан. Гэтэл манай баз болон хоёр найз махныхаа мөнгийг нэхээд болохгүй болохоор нь 9.300.000 төгрөгийг би өөрөөсөө барагдуулсан. Ачиж ирсэн өвс, тэжээл буюу 400 шуудай уут хивэгийг 13.000 төгрөгөөр бодоод 5.200.000 орчим төгрөг болсон, 70 боодол өвсийг тэр үед өвс 1 ширхэг нь 10.000 төгрөг гэж байсан ингээд бодохоор 700.000 төгрөг болсон. 9.300.000 төгрөгийн хагаст нь өгөөд, үлдсэнийг нь өөрөөсөө гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хурал дээр 28.985.000 төгрөг дээр өөрөөсөө шилжүүлсэн 4.000.000 төгрөг нэхэмжилж авчихвал болно гэсэн байр суурьтай байсан. Гэтэл махыг зарж борлуулчихаад мөнгөө өгөхгүй утсаа авахгүй, сүүлдээ утас нь ч холбогдохгүй болсон. Ингээд 2019 оны 08 сарын эхээр гэрт нь очсон чинь хүүхэд нь байсан, аав ээж нь байгаагүй С.Д-тай ярьж ажил дээр нь очиж уулзсан боловч хэд хоног хүлээж бай гээд мөнгө төгрөгний боломжгүй байхаар нь аль юм болгон хүлээх вэ гээд шүүхэд өргөдөл өгсөн гэв.

 

Хариуцагч Б.А-, С.Д- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би мах борлуулж өгнө гэсэн зүйл огт байхгүй. 2017 онд намар над руу залгаж мах борлуулах хэрэгтэй байна гэхэд нь эндэхийн мах говийн махыг бодвол том байдаг. Маш их мах орж ирж байгаа, өөрсдөө ирж зарахгүй бол бид чадахгүй байх гэдгийг хэлсэн. 2017 оны 11 дүгээр сард ажлаас ирэхэд С.Б-гийн хүү болон дүү мөн жолооч манайд ирчихсэн байсан. Аав чинь ирээгүй юм уу гэхэд ирээгүй, аав буулгаад хивэг ачаад ирээрэй гэсэн, хивэг олдох болов уу гэхэд өнөөдөр бүтэхгүй маргааш бол гээд хонуулсан. Өглөө нь хагас сайн өдөр байсан учраас том ах Пүрэвдоржийн машинд махыг шилжүүлэн буулгасан. 3 үхэр, хонь, ямааг хивэг ачих болсон чинь бэлэн мөнгөгүй, мах нь тийм хурдан зарагдахгүй учраас эргэж мах борлуулна, ирнэ гээд явсан. Би туслая гээд хүн амьтанд үзүүлсэн боловч үнэтэй байна, мөн буруу хөлдөөсөн байна, их туранхай юм гээд голоод авахгүй байна гэдгийг нь хэлж өөрсдөө ирж борлуулах хэрэгтэй байна. Би ах дүү нартаа говийн мах гэдгээр нь шилж арай гайгүй жинтэй махыг 4000 төгрөгөөр 10 хонь өгсөн. Гадуур сураглахад хонь 25 кг-аас дээш 2800-3200, ямаа 1000-2000 төгрөгийн хооронд байна гэдгийг нь маш тодорхой хэлсэн. Энд тийм ханштай байна шүү гэдгийг нь С.Б-гийн хүү бол маш сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл үндсэн махаа хотод борлуулж чадахгүй наад руу чинь ачдаг юм бил үү голоод авахгүй байна гэж утсаар ярихад нь хүртэл энд мах чинь гологдоод байна хэрэггүй байх гэдгийг удаа дараа хэлсэн. Махаа зориулалтын биш саванд буулгасан учраас харлаж, хатах гээд байсан учраас Б-д хэлээд зах зээлийн үнээр нь хонь 2800-3100 төгрөгөөр цөөхөн хэдийг н.Нараа гэх эгчид өгсөн, 2800 төгрөгөөр Өлзий гэх хүүхэнд 30 ширхэг хонь өгсөн. Ямааг нь туранхай гэж найгүй учраас шилж 2000 төгрөгөнд 40 ширхэгийг н.Нараа эгчид өгч үлдсэн бүх ямааг н.Пунцаг, н.Янжмаа нарт өгсөн. Тэгээд өөрсдөө хөдөөнөөс ир гээд ирж чадахгүй боллоо, хивэг өвс хэрэгтэй гээд болохгүй болохоор нь Эрдэнэтэд тухайн үед хивэг 13,500 төгрөг байсан, өөрсдөө ч мэдэж байгаа. А.Б-гийнд 100 ширхэг буудай буюу 2,500 тн хивэг, өвс нэг бүрийн үнэ нь 10000 төгрөгөөр бодож 100 ширхэг өвс, мөн дээр нь зарахаар 15 тн хивэг, Баянтээгийн нүүрс ачих хово машинаар мөн ах Пүрэвдорж нарыг хөлслөн маш их цастай учраас замдаа сууж маш их зардал чирэгдэл болж хүргэж өгч, зарах хивэгнийхээ оронд хивэг зах зээлийн ханш нь 14000 төгрөг байсан учраас тэр ханшаар нь мах сольж авчирч байсан. Мөн гурил 13000 төгрөгөөр 50 ширхэг шуудай өгч явуулсан. Дээрээс нь эхнэр С.Д- нь 6 сая төгрөг шилжүүлж авсан байсан. Түүгээр нь А.Б- мах авч өгсөн. Маш туранхай мах өгч явуулсан байсан. Энэ хүнийг бодолгүй зөвхөн өөрийнхөө ашгийн төлөө тэр хол газар бөөн зардал чирэгдэл болж явуулсан байдаг. Зах зээлийн ханшаар махыг чинь өгсөн мөнгө төгрөгөө авч чадахгүй байна гэж хэлсний дагуу С.Б- авгайтайгаа хавар 6 дугаар сард ирсэн. Тэгээд н.Пунцаг, н.Янжмаа нартай уулзуулаад бид энэ хүмүүст өгсөн. Та хоёр өөрсдөө очиж уулз гээд дагуулж очсон байдаг. Бүр цагдаагийн хэлтэс дээр очиж хүртэл уулзсан. Тухайн үед өргөдлөө өгчих зах зээлийн ханшийн судалгаа хийгээд тогтоодог гэж хүртэл хэлж өгч байсан. Энэ бүгдийг мэдсээр байж зориуд үнийн хөөрөгдлөөр үнэлж биднээс маш их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид бол өөрсдийн зөвшөөрлөөр л зуучилж өгсөн. Одоо хүртэл тэр хүмүүсээс мөнгөө нэхээд аваад өгчих гэхээр та нарын мах юм уу хүний махны мөнгө нэхлээ гээд өгдөггүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчийн тэмдэглэлийн дэвтэр үнэн зөв гэж бодож байна. Бид бол шүүхэд бодит байдлыг тайлбарлах үүрэгтэй. Хонины махны хувьд энэ дээр хамгийн бага 12 кг-тай хонины мах 7 ширхэг, 13 кгтай-6 ширхэг, 14 кгтай-23 ширхэг, 15кг-29 ширхэг, 16 кгтай-40 ширхэг, 17 кгтай-31 ширхэг, 18 кгтай-33 ширхэг, 19 кгтай- 15 ширхэг, 20 кгтай -15 ширхэг, 21 кгтай-19 ширхэг, 22 кгтай-15 ширхэг, 23 кгтай-5 ширхэг, 24 кгтай-10 ширхэг, 25 кгтай-4 ширхэг, 26 кгтай-4 ширхэг, 27 кгтай-2 ширхэг, 29 кгтай-1ширхэг, эдгээр хонины мах дунджаар18 кгтай байсан. Ямааны хувьд тухайн дэвтэрт тэмдэглэснээр тоолоход 177 ямаа байгаа, хамгийн бага жин нь 8 кгтай-3 ширхэг, 9 кгтай-10 ширхэг, 10 кгтай-19 ширхэг, 11 кгтай-56 ширхэг, 12 кгтай-28 ширхэг, 13 кгтай-16 ширхэг,14 кгтай-13 ширхэг, 15 кгтай-9 ширхэг, 16 кгтай-16 ширхэг, 17 кгтай-6 ширхэг, 18 кгтай-3 ширхэг, 19 кгтай-7 ширхэг, 20 кгтай-2 ширхэг, 21 кгтай-3 ширхэг, 22 кгтай-2 ширхэг байсан. Ингээд ямааны дундаж 10,5 кг гарч байгаа. Д-, Мөнх-Өлзий гэдэг 2 хүний тэмдэглэл дээр зөрүүтэй байдаг. Гэрчээр Мөнх-Өлзийг асуусан, энэ миний дэвтэр биш байна, худлаа дэвтэр байна гэж хэлсэн. Тэгээд шүүхэд гэрчээр асуухад бид 2-ын бичсэн тэмдэглэл яг таг таарч байсан, ямар нэгэн зөрүү гарч байгаагүй гэж хэлсэн. Шүүх асуухад 174 ширхэг хонь гэдэг бол машинд ачсан хонины тоо юм. 4739 кг гэдэг нь зөв, 2708 кг гэдэг ямааны ерөнхий жин байгаа юм гэж хэлсэн. Хариуцагч нарын гаргаад байгаа нотлох баримт, паданыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, ИХШХШТХ-ийн 44.4-т заасныг зөрчиж байна. Баталгаажуулсан ямар нэг баримт сэлт байхгүй. Шүүхээс олон удаа энэ хүнийг энэ зүйл чинь дутуу байна, болохгүй байна гэж дуудсан. Шар падан бол байгууллага аж ахуй нэгжийн нябо бүртгэлийн дотоод баримт хэрвээ та тэр падааныг өгч байгаа бол тухайн байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлээр баталгаажуулж нотлох хэрэгтэй тийм нотлох баримт байхгүй гэв. Энэ хүний нотлох баримтаар гаргаад байгаа дэвтрүүд бол үндсэн нотлох баримт, манай үйлчлүүлэгчийг Өвөрхангайгаас онлайнаар гэрчийн мэдүүлэг авсан байсан. Мөн шүүхэд гаргаж өгсөн тэжээлийн баримтуудыг нотлох баримт гэж үзэхэд үндэслэлгүй. Энэ бүхнийг шүүх хянаж үзээсэй гэж хүсэж байна. Энэ хүний бичсэн тэмдэглэл дээр 2 тонн гаруй хонины мах, 1 тонн гаруй ямааны мах гэж бичсэн байсан. Тэгэхэд нийт 7, 8 тонн мах ирсэн нь дэвтэр дээрх тэмдэглэлээр нотлогдоод байгаа. Мөн та дэвтэр дээрх тэмдэглэлийг ганцаараа бичээгүй, та хоёр зэрэг бичсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Энэ хүний тэмдэглэлийн дэвтэрт 100-ны 50 хувь нь бичигдсэн, зарим тоо цифрүүд тэмдэглэл дээрээ огт байгаагүй. Нэхэмжлэгч тухайн үед зуд турхан болно гээд тодорхой тооны малыг хариуцагч нартай ярьж тохиролцон зах зээлийн хэрэгцээнд зориулаад борлуулна гэж наашаа ачуулсан нь нотлогдож байгаа. Ирсэн махыг нэхэмжлэгчийн өөрийнх нь өмч гэдэг нь малынх нь А дансаар нотлогдож байгаа, мөн цагдаагийн байгууллагаас энэ махыг хулгайн мах биш байна гэдгийг нотлоод байгаа. Тэр агуулах савыг хариуцагч өөрөө бэлдэж зарж борлуулсан учир Б-гийн өмчлөлөөс гарсан, харин та үүнд тохирсон үнийг төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэх ёстой. Таны хүлээж авсан мах 11, 12 сард харлаж, өмхийрнө гэсэн зүйл байхгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгч А.Б-д 28.285.000 төгрөгийн, 259 хонины 4739 кг мах, 177 ямааны 2708 кг мах түүний үнэ өртгийг та төлөх ёстой. Энэ бүгд нотлогдож байна. Иймд гэрээний гол нөхцөлийг талууд тохиролцсон Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

 

 

Хариуцагч Б.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 сард ажлаас ирэхэд манай хашаанд ачааны машин ирсэн байсан. Тэгтэл нэхэмжлэгчийн хүү Мөнх-Өлзий, төрсөн дүү Төмөрбаатар, жолооч Өлзийбат гэж 3 хүн ирсэн байсан. Махыг чинь борлуулж өгье, махаа надад өг гэж огт хэлээгүй. Мөн үхрийн мах 5000 төгрөгөөр, хонины махыг 4000 төгрөгөөр, ямааны махыг 3000 төгрөгөөр зарж борлуулъя гэж утсаар ярьж тохиролцсон зүйл огт байхгүй. Би Булган аймгийн Орхон сумаас тосож аваагүй, намайг тосож авсан гэж худал мэдүүлсэн байсан. Орхон аймгийн Их залуу багийн самбарын хажуудах Хангай дэлгүүр дээр зогсож байгаад С.Д- руу утсаар ярьж танайх хаана вэ гэж асуусан, тэгэхээр нь манай эхнэр таксигаар тосож очоод хашаандаа аваачсан байсан. Харин надруу залгаад мах борлуулах хэрэгтэй байна гэсэн. Бид нар машинаас махыг буулгах үед махны чанар байдлын хувьд голдуу туранхай, буруу хөлдөөсөн байсан. Тэгээд яахуу ийхүү болж хадгалах савгүй болж би Б-гийн хүүхдийг дагуулаад ахындаа очсон. Б-гийн хүү нь байгаа юмаа, жаахан ачаатай ирсэн, танай машиныг манай хашаанд тавиад хойд талын машины бүхээгийг махны амбаар хийж ашиглая гээд хашаандаа авчирч махыг буулгасан. Мах буулгахад жолооч дээрээс нь махыг авч өгч, нэг бүрчлэн жинлэх хэрэгтэй болж Д- жинлээд цувааг бичсэн. Төмөрбаатар бид 2 хиллэж, харин тэдний хүү Мөнх-Өлзий хиллэсэн махыг хонь ямаагаар нь ялгаж хураасан. Нийтдээ 174 ширхэг хонины мах-2 тонн, 826 кг, 148 ширхэг ямааны мах-1860 кг, 3 ширхэг үхрийн мах-380 кг байсан. Малын мах чинь ер нь туранхай буруу хөлдөөсөн байна гэдгийг Мөнх-Өлзий, Төмөрбаатар, Б- нарт хэлсэн. Дахиж мах авчирж нийлүүлж зараад хивэг, тэжээл авна гэсэн. Тэгээд гэрт нимгэн 12 хуудастай дэвтэр өгөөд энэ мах тэдэн кг болсон цувааг бичээд аав ээждээ очиж үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд өөрсдөө ирж борлуулна гээд 10 гаруй хоноход нэг ч хүн ирээгүй, тэгээд залгахад бид нар очих боломжгүй байна, өвс тэжээл хэрэгтэй боллоо гэж хэлсэн. Нэгэнт хол газраас зарлага гаргаад ирсэн яана гээд байж байсан чинь Б- залгаад наана чинь борлуулахаас өөр аргагүй боллоо, Орхон аймагт байгаа зах зээлийн ханшаар худалдах зөвшөөрлийг Б- өөрөө өгсөн. Өвс хэрэгтэй байна, хүн очих боломжгүй гээд би махыг борлуулж туслая гээд махны ченжид хандсан. Мах борлуулснаас 174 ширхэг хонины махнаас Нараа гэж хүнд 53 ширхэг хонины мах 877кг*2200 төгрөгөөр бодоод 2 сая төгрөг болсон, Сүлд дэлгүүрийн Өлзий гэж хүнд 36 ширхэг хонины мах 545 кг*2800 төгрөгөөр бодоод 1.526.500 болсон, 2 хоногийн дараа Нараа гэж хүн дахиж ирээд 52 ширхэг хонины мах 859кг*2500 төгрөгөөр бодоод 2.147.500 төгрөг болсон, ойр орчны таньдаг хүмүүстээ 10 мах борлуулсан 178кг*4000 төгрөгөөр бодоод 712.000 төгрөг болсон. Сүлд дэлгүүрийн Өлзий гэж хүн дахиж ирээд 19 мах 280кг*3100 төгрөгөөр бодоод 868.000 төгрөг, манайх 4 хонины мах авсан 61кг*4000 төгрөгөөр бодоод 244.000 төгрөг болсон. Ингээд нийт 174 ширхэг хонины мах нь 2 тонн 800 кг болсон. Уг махыг борлуулахад 7.498.000 төгрөг болсон. 148 ширхэг ямааны махнаас Пунцаг гэж хүнд 102 ширхэг 1 тонн 400 кг болж*2000 төгрөгөөр бодоод 2.800.000 төгрөг болсон. Нараа гэж хүн 36 ширхэг 366кг*1500 бодоод 549.000 төгрөг болсон. Ингээд нийт 148 ширхэг ямааны махнаас 138 ширхэг махыг борлуулж 1766 кг болж 3.349.000 төгрөг болсон, үлдсэн 10 ямааны мах 91 кг болж борлогдохгүй үлдсэн учир шулж зах дээр аваачиж борлуулсан. 3 үхрийн мах 2 үхрийн махыг Нараа гэж хүнд 261кг*3700 бодоод 965.000 төгрөг, Б-д хэлсэн 1 үхрийг би өөрөө авч хүнсэндээ хэрэглэсэн 120кг*3700 бодоод 440.000 төгрөг болсон. Ингээд 3 үхрийн мах нийлээд 1.409.000 төгрөг болсон. Нийт бүх малын мах 12.526.000 төгрөг болсон. Өвс тэжээл Алтан тошлой ХК-нд 12 сарын 25-нд 150 уут хивэг, 1 шуудай нь 40 кгтай, 6тонн, 1 уут нь 13.000 төгрөгийн үнэтэй нийт 1.950.000 төгрөг болсон. Малын тэжээлийн гурил 50 уут, 40 кг-р савлагдсан, 20 тонн 1.000.000 төгрөг болсон. 12 сарын 23-нд дахиад 150 уут хивэг 40 кг-аар савлагдсан 6 тонн, 1.950.000 төгрөг болсон. Малын тэжээлийн гурил нь 37 уут, 1500 кг 750.000 төгрөг болсон. Алтантошлой ХК-иас нийтдээ 300 уут хивэг 12 тонн, 88 уут гурил 6005 тонн, нийтдээ 5.650.000 төгрөгийн үнэтэй малын өвс тэжээл авсан баримт байна. Хишиг гурил ХК-иас 01 сарын 12-нд 80 уут хивэг, 2 тонн, 840.000 төгрөг, 1 уут нь 10.500 төгрөгийн үнэтэй 1 сарын 15-нд 300 уут хивэг 7 тонн, 500 кг 3.300.000 төгрөг. Ингээд нийт 9 тонн 500 кг хивэг 4.140.000 төгрөг болсон. Өвсийг хувь хүнээс худалдаж авсан. 100 боодол пирээс 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 80 боодол пирээс Б-гийнд очсон. Орхон аймгийн фондоос 47 уут хивэг, 1 уут хивэг нь 8000 төгрөг үнэтэй байсан. Нийтдээ 10.681.000 төгрөгийн өвс, тэжээл, хивэг Б-гийх руу явуулсан. Тээврийн зардал хоол-800.000, 8407 ОРА машины ирэх очих зардал 2.500.000 төгрөг өгсөн, түлш хийхэд 250.000 төгрөгийн зардал гарсан. Ингээд нийтдээ тээврийн зардал 3.550.000 төгрөг болсон гэв.

 

Хариуцагч С.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 сард Б- над руу залгасан. Тэгэхэд мах бэлдэж байгаа, энэ жил зуд болно гээд нэлээн хэдэн мах бэлдчихлээ, наагуур чинь мах хэдтэй байна гэж асуусан, тэгэхэд би мах борлуулах зав байхгүй өөрсдөө ирж борлуулвал юу юм гэхээс гэж хэлсэн. 11 сарын сүүлээр би ажил дээрээ байж байхад Б- надруу залгаад Орхон аймаг руу ороод ирлээ, та тосоод авах уу, танай гэр хаана билээ гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад таксидаж очоод Хапитатын самбарын хажууд мах ачсан том цагаан машин байсныг тосож аваад гэртээ аваачаад хоол унд хийж байтал манай нөхөр ирсэн. Тэгээд нэхэмжлэгчийн хүүхдээс одоо энэ махыг чинь яах билээ гэхэд аав буулгаад оронд нь хивэг ачаад ир гэсэн. Өлзий махыг дээрээс буулгаж өгөөд Төмөрбаатар, манай нөхөр хоёр зөөгөөд үлдсэн махыг нөхрийнхөө найзруу ярьж гражид нь аваачиж буулгасан. Орой нь хивэг ачна гээд судалсан чинь 13.500 төгрөг гэж байсан. Тэгээд бэлэн мөнгө байгаа юм уу гэсэн чинь байхгүй гэсэн. Бид нарт өгөх мөнгө байхгүй учраас хивэг зөрүүлээд ачих ямар ч боломжгүй байсан. Хэдэн тонн хивэг авах ёстой юм бэ гэсэн чинь 10 тонн хивэг гэсэн. Тэгээд 2,3 хүнд ийм мах байна гээд хэлсэн чинь ирж харчихаад голоод явсан. Би гуанзанд ажилладаг, манайх дарга нарынхаа ууцыг чанадаг. Тэгээд би даргадаа хэлээд говиос ирсэн мах байгаа юмаа борлуулах гэж байгаан гэсэн чинь аваад ир гээд аваачиж үзүүлэхэд шууд голсон. Мах авдаг хүмүүстэй уулзаад Нараа гэж хүн хамгийн түрүүн 53 ширхэг хонины 877 кг махыг ирж авсан. Сүлд дэлгүүрийн эзэн Өлзий гэж хүн эхнэртэйгээ ирж 36 ширхэг хонины махыг авсан. Дараа нь Сүлд дэлгүүрийн эзэн дахин ирээд арай гайгүй гээд 19 хонины махыг 3100 төгрөгөөр бодож авсан. Ингээд бүх хонины махыг Нараа, Өлзий гэсэн хүмүүст борлуулж өгсөн. Ямааны махыг Пунцаг, Нараа гэсэн 2 хүн л авсан. Урд өдөр нь надруу яриад өвс тэжээл маш их хэрэгтэй байна гэж хэлсэн. Өвс тэжээл бэлэн болчихлоо хүнээс авахаар ярьчихлаа хамгийн гол нь хашаан дотроо буулгачихаар болжмор шаваад хадгалахад хэцүү байна, хэзээ ирэх вэ гэхэд Богд орчихоод буцаад үлдсэн махыг аваад очно гэж ярьсан. Хамгийн түрүүнд 23-нд Алтантошлойгоос гурилыг авч хашаандаа буулгасан. Хишиг гурилаас 80 шуудайг л буулгасан. Хойшоо фондоос очиж 47 хивгээ авсан. Тэгээд Алтантошлойгийн нягтлан руу ярьж нийт 300 уут хивэг, гурил нь болхоор малын тэжээл энэ аягүй сайн гээд 3,5 тонн хивэгтэй Пүрэвдорж ахаар зөөлгөөд хашаандаа аваачиж буулгасан. Тэгээд гэртээ ороод Б-гийн хүүхэдтэй ярихад хотод махаа борлуулах гээд ирсэн чинь голоод авдаггүй. Эрдэнэт рүү аваад очдог юм билүү гэхээр нь үгүй ээ, түрүүний ирсэн махнуудыг чинь үзүүлсэн бүгд гологдоод зарж чадахгүй байна гэсэн чинь за, за би эргээд аавтай яръя гээд үдээс хойш надад 500.000 төгрөг шилжүүлсэн. Та энэ мөнгийг хивэгний мөнгөнд шилжүүлчихээрэй гээд хэлсэн. /Би бэлэн мөнгө байхгүй болохоор хивэгийг чинь авч чадахгүй байна гэж хэлсэн/ Дээр нь 80 уут гурилыг 10.500 төгрөгөөр 840.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд Б-гийн хүүхэд болон Өлзий жолоочтой ярихад дахиж очиж чадахааргүй боллоо гэхээр нь би Б- рүү ярихад бид нар эндээс явж чадахааргүй боллоо, үнэ хөлс зардал бүх юмаа хасаад та нар аваад ирээч, зөрүүлээд би мах өгч явуулъя гэж хэлсэн. Би амралтаа аваад Б- рүү яриад Пүрэвдоржийн машин дээр яагаад ч багтахгүй, унаа олдохгүй байна, яах уу гээд хэлсэн чинь Өвөрхангай Баян тээл 2-ын хоооронд нүүрс зөөдөг ховоны жолооч байгаа, би холбоод өгөх үү гэхээр нь тэгээч гээд Отгонбаяр гэж ховоны жолоочтой уулзахад миний машин дээр хэд л бол хэдэн тонн орно, нүүрс зарж ирээд энд борлуулчихдаг учраас нэг талдаа гарах түлшний мөнгө 800.000 төгрөгийг л өгчих гэсэн. Тэгээд мөнгийг өгөөд 15-ны өдөр Хишиг гурилын цехээс очиж хивэгээ ачаад, дээр нь 100 боодол өвс ачихад манай хашаанд байсан тэжээлийн тал нь үлдээд, Булган дээр уулзъя гээд ховогоо түрүүлж явуулсан. Өөрийн машин дээр үлдэгдэл тэжээлийг ачаад явсан, замдаа маш их цастай байсан учраас саатаж, цас ухаж, маргааш нь Б-гийнд очсон. Очиход хово машин нь тэжээлээ буулгаад явсан байсан. Өвс тэжээлээ тоолж авсан биздээ гэтэл тоолоогүй хөмрүүлээд хаясан байсан, дор хаяж л 10 гаруй шуудай хивэг, өвс хийссэн, тэрийгээ хасуулна гээд эхнэр нь тэгсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ, маш их зардал болж өчнөөн зүдэрч байж авч ирж байгаа ш дээ гэсэн. Тэгээд очиход мах бэлэн байна гэсэн боловч нэг ч мах байгаагүй, яагаад гэвэл би машин хөлсөлж ийш тийшээ яваад байхаар зардал дандаа надаас гарч байгаа. Очоод эргэнэ гэж бодсон боловч эргээгүй тэнд очиж 7 хоносон. Энэ өвс тэжээлийг авахад өөрөөсөө 2,3 сая төгрөг гаргасан. Ингээд эвлэрлийн гэрээ хийгээд хүнээс 6.000.000 төгрөг авсан. Тэгээд наашаа буцаж ирэх гээд тооцоогоо хийхэд чи бид хоёрын хооронд 800.000 төгрөгийн зөрүү гарлаа, чи очоод над руу шилжүүлчихээрэй гэсэн, би шилжүүлж чадаагүй. 6.000.000 төгрөг авсан хүн рүүгээ яриад мах ирсэн гэхэд ирж үзээд юу яриад байгаа юм бэ? би чамайг ийм мах авчир гэж мөнгө өгсөн юм уу гэж уурласан. Ингээд Пунцаг, Янжмаа 2 луу яриад ирээд шилээд 30 хонь гарах юм уу даа тийм л юм байна гээд 10 ямаа л авсан. Тэгээд үлдсэнийг хүмүүс авч ирж 1 махыг 3000 төгрөгөөр шулуулж, бүгдийг нь шулаад хамгийн анхны махыг 23-нд сүүлийн махыг 27-нд хүргэж өгсөн. Арван хэдэн сая төгрөгийн махнаас өнөөдөр 4 сая гаруй төгрөгийг л авсан. Махнаас ямар ч ашиг хараагүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаас нь эхлээд ярья, энэ хэрэгт А- гэж хүнийг хариуцагчаар татаж 38.285.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл байгаа. Нэхэмжлэгч хариуцагч нарт 2 удаа мах өгсөн гэж бичсэн. Нэгдүгээрт 2017 оны 11 сарын 28-нд мах өгсөн, хоёрдугаарт 2018 оны 01 сарын 21-нд хариуцагчийн эхнэр Д- хадам ах Пүрэвдоржтой очиж авсан мах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Эхний удаа буюу 2017 оны 11 сард авчирч өгсөн махны үнэ 28.985.000 төгрөг, 2 дахь удаа Д-гийн очиж авсан махны үнэ 9.300.000 төгрөг, нийлээд 38.285.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Үүнээс 9.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан. Нэхэмжлэлийн үндсэн үнийн дүн болох 28.985.000 төгрөгийн хүрээнд бид асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлийг задлаад үзэхээр үхэр 3ш-381кг*5000 төгрөгөөр бодоод 1.905.000 төгрөг, хонь 174ш-4739кг*4000 төгрөгөөр бодоод 18.956.000 төгрөг, ямаа 148ш-2708кг*3000 төгрөгөөр бодсон нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Энэ нэхэмжлэлийн шаардлага хэрхэн яаж нотлогдож байгаа талаар үнэлэлт дүгнэлт өгнө гэж бодож байна. 3 ширхэг үхэрийн хувьд кг, тоо ширхэг дээр маргадаггүй хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг. Хонь, ямааны махны тоо, жин дээр маргаан гардаг. 174 ширхэг хонь, 148 ширхэг ямаа гэж нэхэмжлэлийн шаардлага дээр тусгасан байдаг. Тэгвэл 174 ширхэг хонь гээд байгаагаас 1 хонины махны гулуузын дундажийг гаргаад үзэхээр 27.2 кг, ямааны махны дундаж 18.2 кг болж байгаа. Энэ дундаж үнэлгээ нотлогдох ёстой. Нэхэмжлэгч тал үүнийгээ юугаар нотлож байна вэ гэхээр гэрчийн мэдүүлэг, хар данс /гаргаж өгч байгаа ногоон дэвтэр/, энэ дээр цуваа гэж байгаа. Энэ цувааг тэмдэглэл хөтөлсөн гэрчээр тайлбарлуулъя эсүл нэхэмжлэгчээр тайлбарлуулая гэдэг хүсэлт тавихад нэхэмжлэгч түрүүчийн шүүх хуралдаан дээр би энэ тэмдэглэлийг бүрэн дүүрэн мэдэж байгаа тайлбарлаж чадна гэдэг хариултыг өгсөн учраас нэхэмжлэгчээр тайлбарлуулъя гээд сая асуулт асуугаад тайлбарлууллаа. Тэгэхэд энэ дэвтэр хариуцагч нарт хүлээлгэж өгсөн махны цуваа мөн гэж байна. Энэ дэвтэр мөн бол мах гээд ямаа гээд цувуулсан үнийн цуваа байгаа, энэ үнийн дүн дээр дунджаар 27.2 кг-аас дээш хонины гулуузын цуваа байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 3 ширхэг байна гэж гаргаж байна. Харин ямаа гэсэн цуваа дотор 18.2 кг-аас дээшээ гарсан жинтэй гулууз 7 ширхэг байна. Ингээд үзэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг кг, жин яаж юугаар нотлогдож байгаа нь нотлогдохгүй байна. 174 ширхэг гулууз махыг хэдэн кг-аар бодож өгсөн бэ, өөрсдийнх нь оруулж ирж байгаа нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл энэ цуваа нь дундажаар 27 кг болвол талаас илүү нь 27 кг-аас дээш жинтэй байж байж энэ дундаж нь гарна, хариуцагч нар шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл хамгийн гол нь шинжээчийн дүгнэлт кг-аар гарсан. Тэгэхээр зэрэг бид нар кг-ийг тодорхойлж нэхэмжлэгч нар нотлож байж хариуцагч нар түүнийг няцаахгүй байж байж энэ нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй. Гэтэл энэ хонь ямааны махны кг нь нотлогдоогүй байгаа учир энэ нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Талууд аль аль нь цувааг хөтөлсөн гэж ярьж байна. Бараа таваар хүлээж авч байгаа бол хүлээж авсан болон хүлээлгэн өгсөн баримтууд хэрэгтэй. Гэтэл ерөөсөө тийм юм хийж байгаагүйн хор уршиг нь одоо илэрч байна. Мах авсан гэдгээ хариуцагч нар хүлээн зөвшөөрөөд хэдэн кг гэдэг дээрээ хүлээн зөвшөөрдөггүй. Янжмаа гэж гэрч бол би 2017 оны сүүлээр ямааны жижгэвтэр нугалаад хөлдөөсөн дунджаар 13-14 кгийн жинтэй гулууз махыг худалдаж авсан, 1кг-ийг нь 1800-2000 төгрөгөөр авсан, хэдэн кг мах авснаа санахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр зэрэг ямааны махны үнэ ханшийг махны ченж нар тодорхой багцаа гаргадаг. Ингээд махны үнийг мэдээд авчихаж байгаа юм. Тэгэхээр гэрчийн мэдүүлэг дээр говийн мах хангайн махыг бодвол жин жижигхэн байдаг гэсэн. Нэхэмжлэгч 174 биш ч байсан юм шиг 200 гаран хонь байгаа ч юм шиг ингэж яриад байгаа, үүнийгээ тодорхой болгох ёстой. Нэхэмжлэл өөрөө тодорхой байх ётой, энэ нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй болоод нэмэгдээгүй, харин нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. 11 сарын 28-нд өгсөн нэхэмжлэлийн шаардлага хэвэндээ байгаа. Хивэг өгөхөд гарсан 4.000.000 төгрөгийг хариуцагч нь хүлээдэг боловч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдагдаагүй. 28.985.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл үнэлгээчний үнэлгээ нэхэмжлэгчийн үнэлгээнээс өндөр гарсан. Хэрэв тэгж нэхэх байсан бол нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж түүндээ таарсан тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Төмөрчулуун өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр Д-г хариуцагчаар татсан гэдэг. Хариуцагчаар татах эсэх асуудал нь нэхэмжлэгчийн эрх хэмжээний асуудал. Гэхдээ Д- бол хариуцагч биш. Өвс тэжээл аваачиж өгсөн тухай асуудал байдаг тэр баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж ярьж байна. Өөрөө хэлбэл е баримт байх ёстой гэж байна. Д-гийн гарын үсэгтэй эх баримтууд байгаа. Хишиг гурил тэжээлийн үйлдвэр буюу Эрдэнэт фүүдс компаниас шүүхийн журмаар гаргаж авч шүүхэд хүргүүлсэн ийм баримт бий, тэрийг хуулбар үнэн даруулаад хэрэгт хавсаргасан байгаа. Алтан тошлой ХК-ийн баримт эх хувиараа байгаа. Хэрэв энэ баримтыг хуурамч гэж үзэж байгаа бол шалгуулах тухай хүсэлтийг гаргаж болох байсан. Итгэлт эстимейтийн үнэлгээ нь нэхэмжлэгчийн үнэлгээнээс өндөр гарсан, нилээн төөрөгдөлтэй гарсан гэж үзэж байна. Пүрэвдорж гэрчээр мэдүүлсэн. Тэгэхдээ 2 машин явсан. Нэг нь хово ховонд ачсан хивэгийг гидэрдээд буулгасан. 10.000.000 гаран төгрөгийн хивэг өвсийг аваачиж өгсөн гэж хариуцагч маань ярьдаг. Үүнийг Б- гуай хүлээн зөвшөөрсөн. Түрүүчийн анхан шатны шүүх хуралдаан дээр манайд 100 боодол өвс, 11 тонн хивэг буулгаж өгсөн гэдэг. Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр 100 боодол өвс, 10 тонн хивэг, өнөөдрийн шүүх хуралдаан дээр 70 боодол өвс, 10 тонн хивэг гээд хэлдэг. 1кг хивэг-13.000 төгрөгийн ханштай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Малын махыг худалдаж авсан, борлуулсан гэрээ байгуулагдсан гэж ярьдаг энэ бол борлуулалтын гэрээ юм. Хэдэн төгрөгөөр мал мах зарна гэж тохиролцсон талаар юм байхгүй, 2 талын мэдүүлэг эрс тэс зөрүүтэй. Тэгэхээр Иргэний хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл нотлогдоогүй, нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ингээд үзэхэд 28.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч Б.А-т холбогдуулан 38285000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.А нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ил уурхайд ажилтай, эхнэр Д- нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Петушки гуанзанд ажилтай. Эдгээр хүмүүс нь 2017 оны 11 дүгээр сард утсаар ярьж махыг чинь борлуулж өгье гэж тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 28-нд NISSAN КОНДР 78-90 ӨВА машины жолооч Өлзийбаатар дараахь махыг тээвэрлэж явсан. Үүнд үхэр-3 ширхэг-381 кг*5000 төгрөг=1905000 төгрөг, хонь-174 ширхэг-4739 кг*4000 төгрөг=18956000 төгрөг, ямаа-148 ширхэг-2708 кг*3000төгрөг= 8124000 төгрөг, нийт 28985000 төгрөг. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 21-нд эхнэр Д- нь хадам ах Пүрэвдоржтой очиж хонь-100 ширхэг-1800кг*3500 төгрөг=6300000 төгрөг, ямаа-100 ширхэг-1200 кг*2500 төгрөг=3000000 нийт 9300000 төгрөг. Эдгээр хүмүүс нийт 38285000 төгрөгний мах борлуулж өгнө гэж залилан аваад өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул хохирлыг маань барагдуулж өгнө үү... гэж гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч хамтран хариуцагчаар С.Д-г татах хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хүлээн авч хамтран хариуцагчаар С.Д-г оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Б.Б- нь 2018 оны 01 дүгээр сарын 21-нд хонь-100 ширхэг- 1800кг-3500 төгрөг= 6300000 төгрөг, ямаа-100 ширхэг- 1200кг-2500 төгрөг=3000000 нийт 9300000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч энэ нь хариуцагч С.Д- нэхэмжлэгчийн оршин суугаа газар очиж өөр бусад хүмүүсээс нэхэмжлэгчийн тусламжтайгаар цуглуулж худалдаж авсан, дараа нь нэхэмжлэгч өмнөөс нь төлсөн гэж тайлбарлаж байгаа махны үнэ бөгөөд нэхэмжлэгч энэхүү шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг 28985000 төгрөг болгон бууруулсан.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бид Б.Б-гээс мах худалдаж аваагүй, борлуулж өгье гэсэн зүйл байхгүй, хонь-174-2826 кг, ямаа 148 ширхэг 1861 кг, үхэр-3 ширхэг 381 кг махыг хүлээж авсан, махыг махны ченж гэх 3 хүмүүст тарааж өгсөн, мах нь их муу, туранхай байсан учраас зарагдахгүй байсан, бид зуучилсан... гэж тайлбарлаж байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр жолооч н.Өлзийбат, нэхэмжлэгчийн хүү Б.Мөнх-Өлзий, дүү А.Төмөрбаатар нар Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд байх нэхэмжлэгч А.Б-гийнхээс NISSAN КОНДР 78-90 ӨВА машинаар үхэр, хонь ямааны мах ачиж ирэн хариуцагч Б.А-, С.Д- нарт хүлээлгэн өгсөн, хариуцагч нар нэхэмжлэгчийн ачиж явуулсан махыг нэг бүрчлэн тоолж, жинлэж хүлээн авч ах Пүрэвдоржийн машин болон найзынхаа агуулахад буулгаж авсан болох нь тогтоогдож байгаа ба энэ талаар зохигчид маргахгүй байна.

Харин хариуцагч нар нь махыг хүлээж авахдаа тооцоо нийлж, хүлээлцсэн талаар хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан баримт үйлдээгүй, нэхэмжлэгчийн хүү Б.Мөнх-Өлзий, хариуцагч С.Д- нар тус тусдаа мах хүлээлцэхдээ махны жин, тоог дэвтэрт бичиж тэмдэглэсэн бөгөөд уг дэвтрүүдээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын тайлбараар зохигчдын хооронд хүлээлцсэн үхрийн махны жин, тоо таарч байгаа ба харин хонь, ямааны махны жин зөрүүтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д Өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж, 248 дугаар зүйлийн 248.2-т худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус заасны дагуу хариуцагч нар махыг хүлээн авч хүмүүст зарж борлуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хариуцагч нар эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Хүлээлгэн өгсөн махны чанар байдал, зарж борлуулах үнийн талаар хоорондоо ярилцаж байсан гэх боловч энэ талаар нотлох баримтгүй байх ба хариуцагч нар нэхэмжлэгчээс хүлээн авсан махыг нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр удаан хадгалах боломжгүй байсан учир Орхон аймгийн махны ченж нарын үнэ ханшаар зарж борлуулсан болох нь гэрч Ц.Янжмаагийн мэдүүлэг, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

Нөгөөтэйгүүр мах хүлээлцэхдээ хариуцагч С.Д-, нэхэмжлэгч А.Б-гийн хүү Б.Мөнх-Өлзийгийн хөтөлсөн гэх дэвтрүүдэд бичигдсэн махны жин зөрүүтэй, мөн нэхэмжлэгч талаас гаргасан дэвтэрт бичигдсэн малын тоо нь хариуцагчид хүлээлгэн өгсөн малын тооноос илүү байх тул тухайн үед хөтөлсөн дэвтэр гэж үзэхэд эргэлзээтэй байх тул шүүх хариуцагч С.Д-гаас гаргаж өгсөн дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон.

 

Уг дэвтэрт бичиж тэмдэглэснээс үзэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 381 кг жинтэй 3 үхрийн мах, 1740,2 кг жинтэй 141 ширхэг ямааны мах, 2848,8 кг жинтэй 170 ширхэг хонины мах хүлээн авсан болох нь тогтоогдож байгаа ба хариуцагч нар ямааны махны нийт жингийн хувьд 1861 кг мах хүлээн авсан гэх тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн гэх махны нийт жинг малын тоонд хувааж харьцуулан үзэхэд хонины дундаж кг нь хонь 4739 кг/174 ширхэг=27.2 кг, ямааны дундаж кг нь 2708 кг/148 ширхэг=18.2 кг гарч байгаа нь гэрч Ц.Янжмаагийн ...2017 оны сүүлээр Д-гаас ямааны мах худалдаж авсан, 13-14 кг жинтэй, хөлийг нь гэдсэнд нь хийсэн жижгэвтэр мах байсан, тэр үед хужаа нар тэр махыг голоод авахгүй байсан, үнийн хувьд 1800, 2000-тай байсан... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн ...манай тэндэхийн эм ямаа 10-12 кг-тай, эм хонь 15-16 кг-тай, эр хонь 18-20 кг-тай дундаж жинтэй байдаг... гэх тайлбараар хэт үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа ба хариуцагч нарын хүлээж авсан хонины дундаж кг нь хонь 2826,4/174 ширхэг= 16.24 кг, ямааны дундаж кг нь 1861/148 ширхэг=12,5 кг гарч байна.

 

Хариуцагч нар хүлээж авсан хонь, ямаа, үхрийн махны тохиролцсон үнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хугацаанд хонь, ямаа, үхрийн махны үнийг тогтоолгохоор шүүхээс шинжээч томилж, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн № 06/09 тоот шинжээчийн дүгнэлтээр дээрх хугацаанд Орхон аймаг дахь махны зах зээлийн үнэлгээг хонины мах-4279 төгрөг, үхрийн мах 5174 төгрөг, ямааны мах 3298 төгрөг гэж, нийт үнэлгээг 31177899 төгрөгөөр тогтоосон байх ба энэ үнэлгээ нь махны жингийн хувьд үндэслэлгүй гарсан, мөн тухайн үеийн зах зээлд зарагдаж байсан махны үнэ ханшнаас хэт өндөр үнэлгээтэй гарсан байх тул шүүх уг үнэлгээг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Иймд зохигчдын тайлбар, гэрч Янжмаагийн мэдүүлэг зэрэгт үндэслээд хонь, ямааны тухайн үед зах зээлд зарж борлуулагдаж байсан үнийг 1 кг хонины махыг 3000 төгрөгөөр, 1 кг ямааны махыг 1800 төгрөг, 1 кг үхрийн махыг 5000 төгрөгөөр дундажлан тооцож, хариуцагч нарын хүлээн авсан 2848,8 кг*3000 төгрөг хонины махны үнэ 8546400 төгрөг, 1861кг*1800 төгрөг ямааны махны үнэ 3349800 төгрөг гэж тооцож үүн дээр үхрийн махны үнэ болох 381 кг*5000 төгрөгөөр тооцож 1905000 төгрөг /үхрийн махны үнэ, жингийн талаар зохигч маргаагүй/, нийт 13801200 төгрөг гэж тооцсон.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч махны мөнгөнийхөө оронд хивэг, өвс их хэмжээгээр авна гэж хэлсэн учраас хивэг өвс, гурил бэлтгэж өгсөн гэж байгаа боловч хэзээ хаана хэдий хэмжээний өвс, тэжээл, хивэг, гурилыг хэдэн төгрөгөөр тооцож хүлээлгэж өгсөн болохоо нотлох баримтаар нотлож чадахгүй байгаа тул шүүх зохигчдын тайлбар мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 450 уут хивэг, нэг бүрийн үнэ 13000 төгрөгөөр, өвс 80 ширхэг, нэг бүрийн үнэ 10000 төгрөгөөр тооцож, нийт 6650000 төгрөгөөр хивэг, өвс тэжээл авч нэхэмжлэгч А.Б-д хүргэж өгсөн гэж тооцож, хивэгний үнэнд хариуцагч нарт нэхэмжлэгчээс шилжүүлсэн 4500000 төгрөгийг хасч 2150000 төгрөгийг өвс тэжээлийн үнэнд нэхэмжлэгчээс хариуцагч нарт төлөх ёстой байна гэж үзлээ.

 

Хариуцагч нар ... дээрх өвс тэжээл, хивэгийг нэхэмжлэгчийн гэрт хүргэж өгөх замын зардалд ховоны жолоочид 800000 төгрөг, ах Пүрэвдоржид 2500000 төгрөг хүлээлгэж өгсөн гэж байгаа боловч мөн ховоны жолоочид замын зардалд хэдэн төгрөг өгсөн болох нь нотлох баримтаар нотлогдохгүй, харин Пүрэвдорж нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө замын зардалд 2500000 төгрөгийг хариуцагч нараас хүлээж авсан гэдгээ мэдүүлсэн учир замын зардалд 2500000 төгрөг зарцуулсан нь тогтоогдож байна.

 

Иймд хэдийгээр нэхэмжлэгч нь өвс тэжээл, хивэгний үнэнд шилжүүлсэн 4500000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч гэсэн зарж борлуулуулсан махны үнэнд тооцож өвс тэжээл хивэг бэлтгэж хүргэж өгөхөд гарсан зардлууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын өгч авалцсан гэх мөнгөний тооцоог тооцож нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч нарын нэхэмжлэгчид төлөх махны үнэ болох 13801200 төгрөгөөс хивэг өвс тэжээлийн үнийн зөрүү 2150000 төгрөг, замын зардал 2500000 төгрөгийг хасч 9151200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19833800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349375 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 161369 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.А-, С.Д- нараас 9151200 /есөн сая нэг зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19833800 /арван есөн сая найман зуун гучин гурван мянга найман зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч А.Б-гийн 9300000 /есөн сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаадлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349375 /гурван зуун дөчин есөн мянга гурван зуун далан тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.А-, С.Д- нараас 161369 /нэг зуун жаран нэгэн мянга гурван зуун жаран ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ