Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2020/00112/и |
Дугаар | 57 |
Огноо | 2020-04-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 57
Х банк ХХК-ийн Орхон салбарын
нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О,
М.С нарт холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00293 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.О, М.С нарт холбогдох,
“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн төлбөр 8.538.942.56 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, С.Мөнхзул нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, Х.Хишигсүрэн, хариуцагч Д.О, М.С, хариуцагчийн өмгөөлөгч С.Энхболд, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Орхон салбарын захирал Б.Норовсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Д.О, хамтран үүрэг гүйцэтгэгч М.С нар Х банкны Орхон салбарын тооцооны төвөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ/201944254846 тоот зээлийн болон БГХ201944254846 тоот барьцааны гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийн цалингийн зээлийг авсан юм. Зээлдэгч нь манай банктай байгуулсан гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрөөс үндсэн зээл 859.117.81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 133.322.58 төгрөг, нийт 992.440.39 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч Д.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зээл төлөх мэдэгдлийг хүргүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч банкнаас тавьж буй шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/201944254846 тоот гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар доорх зээлийн төлбөрийг гаргуулах үндсэн зээлийн үлдэгдэл 7.140.822.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.333.969.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 49.590.96, нотариатын зардал 14.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 151.342 төгрөг, нийт 8.690.284.56 төгрөгийг Д.О, М.С нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч М.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Энэхүү зээлийг хариуцагч Д.О өөрийн нэр дээр авсан бөгөөд миний хувьд Д.Оын гэргий Бундхоролын гуйлтаар зээлийг батлан даасан болно. Уг зээлийг хариуцагч Д.О нь өөрсдийн хэрэгцээнд зарцуулсан бөгөөд миний зүгээс ямар нэгэн мөнгө төгрөг шан харамжийг аваагүй болно. Гагцхүү итгэл олох шугамаар миний нөхөрлөлийг ашиглан найз нөхдийн хүсэлтийн дагуу амьдрал ахуйд нь туслах зорилгоор тус болсон. Гэвч Д.О нь энэхүү зээлээ төлөөгүйгээр барахгүй миний цалингаас эхний удаад 45.000 төгрөг, хоёр дахь удаад нь 300.000 төгрөг, нийт 345.000 төгрөгийг банкны зүгээс суутган авсан болно. Х банкны нэхэмжлэлтэй энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуулийн дагуу шийдвэрлэж, үндсэн зээлдэгч болох Д.Оаас Х банкны хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Х банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн төлбөрт 8.690.284.56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед зээлийн батлан даагч болох М.С нь зээлээр авсан мөнгөнд ямар нэгэн хамааралгүй ба зээлсэн мөнгийг Д.О би өөрийн хувийн зориулалтаар 100 хувь ашигласан болно. Иймд батлан даагч болох М.С уг нэхэмжлэлд хамааралгүй болгож өгнө үү. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00293 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ/201944254846 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Оаас зээлийн гэрээний үүргийн төлбөр 8.538.942.56 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч М.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.342 төгрөгийг төрийн санд.хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 151.342 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, С.Мөнхзул нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч М.С нь тус зээлийн болон барьцааны гэрээгээр банкны өмнө үүрэг хүлээсэн гэж үзнэ. Хариуцагч М.С нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тус хуулийн заалтаар хамтран үүрэг хүлээсэн байна. М.Сэлэнгийн хувьд уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч биш хамтран үүрэг гүйцэтгүүлэгчээс хасуулах талаар шүүхэд шаардлага гаргаагүй байхад шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн хүрээнд бус дүгнэлт хийсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 189 дүгээр зүйлийн 189.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д зааснаар хуулийн шаардлага хангасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү? гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Х банкны Орхон салбар нь хариуцагч Д.О, М.С нараас зээлийн гэрээний үүрэгт 8.538.942 төгрөг гаргуулж зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч М.С нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.
Шүүх хариуцагч Д.Оаас зээлийн гэрээний төлбөр 8.538.942 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-ийн Орхон салбарт олгож, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч М.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд зээлдэгч Д.О нь Х банкны Орхон салбараас 8 сая төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.7%-ийн хүүтэй 30 сарын хугацаатай цалингаа барьцаалан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ201944254846 дугаартай зээлийн гэрээ байгуулсан ба хамтран зээлдэгчээр М.С оролцсон байна.
Нэхэмжлэгч Х банкны Орхон салбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ201944254846 дугаарын зээлийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.
Хариуцагч Д.О нь зээлийн гэрээгээр авсан 8 сая төгрөгийн зээлийг төлөх графикт хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ зөрчиж биелүүлээгүйгээс үндсэн зээл 7.140.882.19 төгрөг, хүү 1.133.969.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49.590.96 төгрөг, нийт 8.524.442.56 төгрөг төлөгдөөгүй, энэ талаар нэхэмжлэгч Х банк удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан болох нь тогтоогдсон байна.
Хариуцагч Д.О хамтран зээлдэгч М.С нар банкнаас удаа дараа шаардаж байхад зээлийг графикт хугацаандаа төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгч Х банк зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн төлбөрийг гаргуулахаар Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд зааснаар шаарджээ.
Анхан шатны шүүх цалингийн зээл авах нь зөвхөн тухайн иргэний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх ба уг орлогоо барьцаалж мөнгө зээлсэн нь мөн хувь хүний хувийн байдалтай салшгүй холбоотой, дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан Д.От хамааралтай болохоос хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй М.Сд хамааралгүй гэсэн дүгнэлт хийж М.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль болон гэрээнд нийцээгүй, үндэслэлгүй байна.
Хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүргийг хүлээх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс нь шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11.-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж хуульчилжээ.
Хамтран зээлдэгч М.С хэдийгээр цалин орлогоо барьцаалаагүй, зээлийн мөнгө дансанд нь шилжиж ороогүй, мөнгийг хэрэглээгүй боловч хууль буюу гэрээнд зааснаар зээлийн гэрээний хариуцлагыг хамтран хүлээх үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал, С.Мөнхзул нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт хариуцагч Д.О, М.С нарт зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00293 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “... Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ/201944254846 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Оаас зээлийн гэрээний үүргийн төлбөр 8.538.942.56 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч М.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэснийг “... Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 242 дугаар зүйлийн 242.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ/201944254846 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.О, М.С нараас зээлийн гэрээний үүргийн төлбөр 8.538.942.56 төгрөгийг гаргуулж Х банк ХХК-ийн Орхон салбарт олгосугай …” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.342 төгрөгийг төрийн санд.хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 151.342 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэснийг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.342 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.О, М.С нараас 151.342 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхзулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.573 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ