Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 109/2017/0031/З |
Дугаар | 221/МА2018/0023 |
Огноо | 2018-01-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2018/0023
2018 оны 01 сарын 04 өдөр Дугаар 221/МА2018/0023 Улаанбаатар хот
Д.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэсувд нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0047 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.М-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0047 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 01/2270 дугаартай албан бичгийн холбогдох хэсэг болох Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-ын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.М-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Д.Мыг аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын ажилд түр томилсон бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар жинхлэн томилогдсон байдаг. Нэхэмжлэгчийг маргаан бүхий ажлын байран дээр захирлын үүрэгт ажилд жинхлэн томилохдоо 2015-2016 оны гэрээний үр дүнг харгалзан томилсон гэдэг. Гэтэл аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнийн зүгээс Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар Д.Мыг 2015 онд /түр/, 2016 онд жинхлэн томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүй, сул орон тоо гарсаар байтал сонгон шалгаруулалт зарлаагүй нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг тус тус ноцтой зөрчсөн.
Спортын төрөлжсөн сургалттай сургууль 2015 онд ашиглалтад орсон байдаг бөгөөд захирлын орон тоо шинээр гарсан гэж үзэх үндэслэлтэй юм. Энэ хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын дагуу тухайн үед сонгон шалгаруулалт явуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Боловсрол соёлын газрын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр обьект заагаагүй төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж бүртгэгдсэн дүнг үндэслэсэн байдаг.
Аймгийн Засаг дарга Б.Бат-Эрдэнэ нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 7.5-д Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна гэж заасныг зөрчин нэхэмжлэгчийг маргаан бүхий сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн аймгийн Засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талыг барьж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0047 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс “аймгийн Засаг даргын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга”-ыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын албан тушаалд сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарласан гэж, хариуцагчаас спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар Д.М-ыг 2015 онд түр, 2016 онд жинхлэн томилохдоо сонгон шалгаруулалт явуулаагүй, уг сургууль нь шинээр ашиглалтад орсон тул шинэ орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан гэж маргажээ.
Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч Д.М-ыг Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/56 дугаар захирамжаар тухайн албан тушаалд жинхлэн томилсон захиргааны акт хүчин төгөлдөр байна, тус ажлын байранд сул орон тоо гараагүй, сургууль шинээр байгуулагдсан гэж үзэж сонгон шалгаруулалт явуулах үндэслэлгүй” гэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.1-д зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь тухайн албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт зарлуулахаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт захиалга хүргүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч Д.М нь Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/56 дугаар захирамжаар Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлын албан тушаалд жинхлэн томилогдсон, хариуцагчаас уг захирамжтай холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй буюу дээрх захирамж нь хүчин төгөлдөр байхад тус ажлын байрыг сул орон тоонд тооцож сонгон шалгаруулалт зарлуулахаар шийдвэрлэсэн нь дээрх зохицуулалтад нийцээгүй байна.
Тодруулбал, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.1-д зааснаас үзэхэд энэхүү журам нь зөвхөн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд шинээр томилогдох ажилтныг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах бөгөөд нэгэнт тухайн албан тушаалд жинхлэн томилогдсон албан тушаалтнаас нөхөж шалгалт авах, сул орон тоо бий болоогүй ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах боломжгүй юм.
Гэтэл дээрх журмыг баримтлан сонгон шалгаруулалт зарлах үндэслэлтэй гэж маргаж буй хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Мөн хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас дээр дурдсан ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулах захиалга хүргүүлсэн үндэслэлээ “нэхэмжлэгч Д.М нь шинээр байгуулагдсан сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон учир сул орон тоо гарсан” гэж тайлбарласан байх боловч сонгон шалгаруулалт явуулахгүйгээр томилсон гэх өмнөх албан тушаалтны үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг буруутгаж, албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж буй түүний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчиж байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д төрийн албан хаагч зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлснээс бусад тохиолдолд төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллах баталгаагаар хангагдахаар зохицуулжээ. Энэхүү зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа болж, хуульд тусгагдсан боловч төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаагийн хувьд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд ч мөн адил хамаарахаар байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Д.М нь сонгон шалгалуулалтгүйгээр захирлын албан тушаалд жинхлэн томилогдсон хэдий ч энэ нь түүний буруу биш бөгөөд Спортын төрөлжсөн сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаагүй, албан үүргээ “хангалттай” гэсэн үнэлгээтэй хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад түүнийг сонгон шалгаруулалтад оролцуулах нь хуульд нийцэхгүй юм.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэсэн байх боловч хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн заалтыг зөв баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 109/ШШ2017/0047 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт...” гэснийг “ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт..." гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН