Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 61

 

Д.Тгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч О.Ат холбогдох

 иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/00267 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Тгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Ат холбогдох,

“Гэм хорын хохирол 5.530.408 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Д.Тгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч О.А, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Энхбаатар, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2019 оны 09-р сарын 10-ны өдөр Бүрэнбүст багийн 8-р байрны урд талын зам дээр Ниссан тайна маркийн ОРО-40-84 улсын дугаартай машины жолооч О.Ат мөргүүлж гэмтсэний улмаас үүссэн гэм хорын хохиролд 2530408 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөг буюу нийт 5530408 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2019 оны 09-р сарын 10 өдөр ажлаасаа цайны цагаар гэр рүүгээ орох гэж явж байхдаа Бүрэнбүст багийн 8 байрны урд талын зам дээр Ниссан тайна маркийн ОРО-40-84 улсын дугаартай машины жолооч О.А нь автомашинаараа мөргөж гэмтээсний улмаас 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 613 тоот шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтээр Д.Т миний биед баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр баруун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн голомтлог няцрал дангаараа, бусад гэмтлүүд нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарах хэдий ч дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэсэн байдаг. Миний бие дээрхи гэмтлийн улмаас бүтэн 3 сарын хугацаанд эмнэлгээр явж биеийн байдал сайжрахгүй баруун талын толгой хавантай, дотор нь лугшиж өвдөж, дүүрч байнга өвдөлттэй, хүзүү хөшилттэй, даралт ихдэж, пульс /78-110 хүртэл / ихсэж, дуу чимээтэй газар байхад чих шуугих, дотор муухайрч 2 хөл дайвалзаж, 2 гар болон хөл жирвэгнэж бадайрч, мөргөж унагасан талын хөл болон зүүн хөл өвдөж, 2 хөл зарим үед өвдгөөрөө нугарч уначих гэсэн байдалтай байгаа бөгөөд эмчилгээг өнөөдрийг хүртлэх хугацаанд тогтмол хийлгэж байгаа болно. Гэвч тархинд учирсан гэмтлийн үр урхаг даамжран эдгэрэлт өгөхгүй байсаар байгаа бөгөөд тухайн үед О.А нь таныг хурдан эрүүл саруул болгохын төлөө байнаа гэж хэлж байсан боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед гаднаас оруулах шаардлагатай гэсэн 2 тариаг, 10.000 нэгжийн хамт л авч өгсөн бөгөөд эмнэлгээс гарах үед эмчийн бичиж өгсөн эмчилгээний эм, тариаг мөнгөгүй байна гэж цааргалж байж байн байн гуйлгасны эцэст 60.000 төгрөгний эмийг авч өгсөн. Түүнчлэн миний бие Улаанбаатар хотод 13А маягтыг аваад ШУГТЭ хэвтэж эмчлүүлэхээр явахынхаа өмнө эм тариагаа авч өгөөч гэхэд аваад араас чинь явуулъя гэж хэлсэн боловч өгөөгүй, эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа эм тариа, эмнэлгийн ор хоногийн төлбөрөө нэхэж утасдахаар утсаа авахгүй, мессэж бичихээр банкны зээлээ төлж байна, төлчихөөд явуулна гэсэн боловч дахин огт холбогдоогүй бөгөөд эрүүл саруул ажлаа хийгээд явж байсан хүнийг өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болж бэртэж гэмтээсэн байж нэг ч удаа биеийн байдлыг асуухгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Энэ 3 сарын хугацаанд миний хувьд эрүүл мэнд, банкны зээл төлөлт, сэтгэл санаа, санхүүгийн байдлаар маш их хохирч эрүүл саруул болохын төлөө өөрийн болон ах дүү найз нараасаа мөнгө гуйж ломбарданд юм тавьж эмчилгээ хийлгэж байгаа боловч сайн сайжрахгүй байна. Өөрөө ганцаараа явах боломжгүй толгой эргэж дайвалзах, баруун талын толгойн хэсэг өвдөж хүзүүгээр хөшилттэй, даралт, пульс байнга ихсэж, одоо 2 хөл өвдөж явж чадахгүй хажуудаа заавал нэг хүнтэй явж байна. Аймгийн БОЭТ-ийн гэмтэл, мэдрэлийн эмчийн хяналтанд байнга үзүүлж, эмчилгээ хийлгэсээр байна. Хариуцагч О.Ат маш их гомдолтой байгаа бөгөөд цаашид эрүүл мэндэд маань ямар эрсдэл гарахыг мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагч О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

О.А миний бие 2019.09.10-ны өдөр санамсар болгоомжгүйн улмаас иргэн Түмэнбуянгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. 2019 оны 09 сарын 12-ны өдрөөс эхлэн Түмэнбуянгийн эмчилгээнд анхаарч БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн төлбөр тухайн үед гарч байсан эмчилгээний зардлууд болох 896550 төгрөгийг төлсөн. Түмэнбуянгийн нэхэмжилэн 5530408 төгрөгөөс эм тариа эмчилгээний зардал төлөхийг зөвшөөрч байна. Харин бусад зардлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт өөрийн төлж байсан эмчилгээний зардал баримтууд хэрэг болсон үеийн камерийн бичлэгийг нотлох баримтаар өгч байна. ... Тухайн өдөр би 5 дугаар микрийн 8 дугаар байрны урд замаар явж байхад өөдөөс машин ирэхээр нь би зүүн талын толио хараад ухарсан чинь баруун талд энэ эгч орж ирээд би мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад очиход эгч унасан байдалтай байхаар нь эмнэлэг дээр очиход эмч босч болохгүй сууж бай гэсэн. Маргааш өглөө нь уулзахаар болоод Медипас эмнэлэг рүү дагуулж яваад шинжилгээ өгөөд хариу гарсны дараа эмнэлэгт хэвтсэн. Би 1.325.000 төгрөгийг шинжилгээ, эм тарианы мөнгө гэж өгсөн. Осол болсон өдөр эмнэлэг рүү ороод шинжилгээний мөнгө төгрөгийг бүгдийг зохицуулж өгсөн. Одоо нэхэмжилж байгаа эм тариа, эмнэлгийн төлбөр, нэг хүний замын зардалд нийт 691.288 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Цалингийн зээл, ломбарднаас авсан мөнгө, сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/00267 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, заасныг баримтлан хариуцагч О.Ааас 928288 /есөн зуун хорин найман мянга хоёр зуун наян найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4602120 /дөрвөн сая зургаан хоёр мянга нэг зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103437 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ааас улсын тэмдэгтийн хураамж 26829 төгрөгийг гаруулан нэхэмжлэгч Д.Тд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу Хаан банкны цалингийн зээлийн төлбөр 904.800 төгрөг, ломбардны хүү болон үндсэн мөнгө 667.520 төгрөг, Мобиком ХХК-ийн үнэгүй ярианы эрх авсан 28.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан талаарх нотлох баримт байгааг шүүхэд гарагж өгөөгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Хариуцагч О.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас миний бие авто осолд орж улмаар эмнэлэгт удаан хугацаагаа хэвтэн эмчлүүлсэн бөгөөд хариуцагч нь дөнгөж осолд орсны дараах Орхон аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлэхэд гарсан зардлыг гаргаж улмаар эмнэлгээс гарсны дараа 1 удаа гуйлган байж 3 сар уух эмийн 1 сарын эмийг авч өгч, цаашид хэвтэн эмчлүүлсэн төлбөрийг гаргаж өгөөгүй. Миний бие ажлаа хийж чадахгүй байсан тул эмчилгээний зардлаа удаан хугацаанд эмнэлгийн магадлагаагаар гаран мөнгийг авч хэрэглэсэн. Зүгэр ажлаа хийгээд явж байсан бол цалингийн зээлээ тогтмол хугацаанд нь хүндрэлгүйгээр төлөх байсан ч осолд орсны улмаас зээлээр хаах, давхар зээл авах шаардлага гарсан болно. Тийм ч учраас урд хормойгоор хойд хормойгоо нөхөн амьдарч байсан, амьдралын хэмнэлд том өөрчлөлт орж энгийн төлж байсан төлбөр мөнгөө төлөх боломжгүй болсон тул аргагүйн эрхэнд зээл төлбөрөө хуримтлуулж өөртөө эрүүл мэндийн хохирлоос гадна санхүүгийн хохирол учруулаад байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг ноцтой зөрчин ямар шалтгааны улмаас цалингийн зээл, ломбардны төлбөрийг нэхэж байгааг тодорхой тайлбарлаж нотлох баримтаар оруулсаар байхад ойлгомжгүй, тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд туйлын гомдолтой байна. Иргэний хуулинд сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцно гэж заасан талаар шүүх дурдсан атлаа ийнхүү нэхэх заалт нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд хамаарахгүй, 3 сая төгрөгийг яаж тооцсон, энэ талаар нотлох баримтгүй хэмээн хэрэгсэхгүй болгосныг мөн л хүлэн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч О.Ааас гэм хорын хохиролд 5.530.408 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.А нь эм, тариа, эмчилгээний болон замын зардалд гарсан 691.288 төгрөгийг төлөхийг зөвшөөрч зарим шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч О.А нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 5-8 дугаар байрны гадна нэхэмжлэгч Д.Тг өөрийн эзэмшлийн 40-84 ОРА улсын дугаартай Ниссан-тиана маркийн тээврийн хэрэгслээр мөргөж түүний биед тархины баруун тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн тархины эдийн голомтот няцрал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт, зүүн хөлний булчингийн гэмтэл зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.Т нь ослын улмаас өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх шаардлагаар Улаанбаатар хот явсан унааны болон эмчилгээний зардал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр, цалингийн зээлийн үлдэгдэл, эмчилгээнд хэрэглэх зорилгоор ломбарднаас авсан мөнгө, сэтгэл санааны хохирол нийт 5.530.408 төгрөгийг хариуцагч О.Ааас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д тус тус зааснаар хохирогчид гарсан зайлшгүй бүх зардлыг хариуцагч О.А хариуцан төлөх үүргийг бий болгосон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Тгийн цалингийн зээлийн төлбөр 904.800 төгрөг, ломбардны хүү зээлийн төлбөр 667.520 төгрөг, мобикомын ярианы эрхийн төлбөр 28.000 төгрөг зэргийг ямар үндэслэлээр нэхэмжилсэн нь тодорхойгүй, ярианы эрх 28.000 төгрөг, зээлийн төлбөр 904.800 төгрөг, ломбардны хүү зээлийн төлбөр 667.520 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул дээрх зардлуудыг хохирогчид учирсан шууд зардал, зайлшгүй гарсан гэм хорын зардал гэж тооцох боломжгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Т нь сэтгэл санааны хохиролд 3 сая төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиодолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болохыг хуульчилсан. Эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхийн тулд хохирогчийн сэтгэл санаанд ямар үр дагавар бий болсон болох, 3 сая төгрөгийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа зэрэг нь тодорхой байх бөгөөд энэ нь шаардлагатай нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаардана. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлага нь нотлох баримтаар нотлогдоогүй холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгч Д.Тгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/00267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Тгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Д.Тгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.585 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                    С.УРАНЧИМЭГ