Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2024/04282

 

 

 

 

 

 

 

 

2024 09 16

101/ШШ2024/04282

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  М******* т ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:   Х******* Б******* /рд:*******/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлсөнд 49,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болон гэрээг цуцалж учирсан хохиролд нийт 76,836,155 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ү*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б*******,

Хариуцагч Х.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Будханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Х.Б*******тэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгын суурь цутгах, т каркас бэлдэж угсрах, сэндвичээр барилга угсрах ажлыг 320,000,000 (гурван зуун хорин сая) төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон юм. Манай компани нь ажил гүйцэтгэх гэрээний 3.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд тус гэрээний 2 дугаар зүйлд заасан ажлуудыг зохих ёсоор гүйцэтгэж тухай бүр нь захиалагч Х.Б*******өд хүлээлгэн өгч байсан. Ингээд манай компанийн зүгээс гэрээгээр 75%-ийг гүйцэтгээд байхад захиалагч Х.Б******* нь санхүүжилт орж ирэхгүй байна, мөэй болохоороо үлдэгдэл ажлынхаа хөлсийг өгч, ажлаа үргэлжлүүлэн хийлгэе гэсэн тул гүйцэтгэж буй ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүний дараагаар би Х.Б*******тэй утсаар холбогдож яасан, санхүүжилт нь орж ирсэн үү? Бид ажлаа хэзээнээс үргэлжлүүлэн хийх үү? гэж асуухад Б******* нь би өөр гүйцэтгэгчээр үлдсэн ажлыг хийлгээд дуусгасан гэж хэлсэн. Бидний зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын 75%-д төлбөл зохих ажлын хөлс нь 240,000,000 төгрөг болох бөгөөд Х.Б******* нь 190,000,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөөгүй тул гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг хариуцагч Х.Б*******өөс удаа дараа шаардсан боловч одоо болтол хөлсийг минь өгөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Мөн бидний хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заагдаагүй ажлыг харилцан тохиролцсоны дагуу 4,000,000 төгрөгөөр нэмэлтээр хийж гүйцэтгэсэн боловч уг ажлын хөлсийг мөн төлөөгүй болно.

Бидний хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай М******* т ХХК нь гэрээний дагуу хийх ёстой ажлаа хугацаанд нь, зохих ёсоор хийж гүйцэтгэн захиалагч тал болох Х.Б*******өд хүлээлгэн өгсөн. Гэтэл Х.Б******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ зөрчиж, ажлын үр дүнг хүлээн авсан атлаа төлбөл зохих ажлын хөлсөө одоог хүртэл төлөхгүй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд манай М******* т ХХК-д Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Х.Б*******өөс ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэлд 54,000,000 (тавин дөрвөн сая) төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,950 (дөрвөн зуун хорин долоон мянга есөн зуун тавин) төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.гэв.

 

2. Хариуцагч Х.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М******* т ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд бодит байдлыг үнэн зөвөөр тусгаагүй байна. Бидний зүгээс 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж 900 м.кв сэндвичин барилгыг нийт 320,000,000 төгрөгийн санхүүжилтээр бүрэн хийж гүйцэтгэхээр тохирсон. Ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлд хийж гүйцэтгэх ажлыг тодорхой заасан бөгөөд нийт 3 үе шаттайгаар ажлыг гүйцэтгэж гэрээг байгуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор эхний санхүүжилт буюу 100,000,000 төгрөгийг төлж дараагийн шатны ажлыг хийж гүйцэтгэсэн даруй бусад төлбөрийг төлөхөөр тохирсон болно. Гэвч миний зүгээс ажил гүйцэтгэгч тал болох М******* т ХХК-д 1-2 дугаар шатны ажлын санхүүжилтэд зориулж нийт 194,500,000 төгрөгийг төлсөн боловч гүйцэтгэгч талаас ажлаа цаг тухайд нь, бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй болно. Бидний зүгээс ажлыг хийж гүйцэтгэх хугацааг бараа татан авах, цар тахал, хөл хорио, баярын амралт зэргийг тооцоолон цаад хугацааг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэмээн тохирсон боловч ажил гүйцэтгэгч талаас 2021 оны 07 дугаар сарын наадмын амралтаас хойш ажлыг бүрэн зогсоож, ажил гүйцэтгэх талбайг орхин явсан болно. Үүнээс хойш миний зүгээс удаа дараа ажлаа түргэн дуусгахыг шаардсан боловч үлдсэн ажлаа хийж дуусгаагүй болно. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэгч компанийн захирал Б.Ө******* нь хэд хэдэн хүн дагуулан ирэн ажлыг гүйцэтгэж байсан тоног төхөөрөмжөө аваад явна гэх болсон тул миний зүгээс ажлаа яаралтай дуусга үгүй бол тоног төхөөрөмжийг өгөхгүй гэхэд миний болон уг газар байсан бусад хүмүүсийн биед халдан хүч хэрэглэсэн болно. Удалгүй байнга ирж хэрүүл маргаан дэгдээж, хүч хэрэглэх болсон тус миний зүгээс ажил гүйцэтгэгч талын тоног төхөөрөмжийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн болно. Ингээд мөн л ажил гүйцэтгэгч талаас ажлыг хийж гүйцэтгэлгүй орхин явсан бөгөөд миний зүгээс барилгын материалын үнэ улам өсөж, намар болох дөхөж байсан тул удаа дараа ажлаа бүрэн хийж гүйцэтгэхийг шаардсан боловч хариу өгөөгүй тул М******* т ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж үлдсэн зарим ажлыг гуравдагч этгээдээр хийлгэсэн болно.

Ажил гүйцэтгэгчийн зүгээс дээрх гэрээнд заасан ажлаас суурь цутган, т каркас угсарсан бөгөөд уг ажлыг ихээхэн учир дутагдалтай хийж, суурь цутгахаас өмнө хөрсийг бүрэн тэгшилж, дагтаршуулаагүйн улмаар стандартын дагуу буюу 25 см суурь цутгагдаагүй янз янз цутгаж үүнээс үүдэн шаланд цууралт үүссэн, суурь хундаамыг тойруулан ус зайлуулах шугамыг хийж гүйцэтгээгүй, мөн т каркасны бэхэлгээ боолтыг дутуу хийж зарим каркасыг огт бэхлээгүй мөн бэхэлгээний гагнуур, даацын суурь каркасыг угсраагүй хэзээ ч нурж унан хүний амь нас эрүүл мэндийг эрсдүүлж болохуйц дутуу ажлыг хийж явсан болно. Миний зүгээс ажил гүйцэтгэгчийг ирж ажлаа бүрэн дуусгахад нэмж 10 хоногийн хугацаа олгосон боловч ажлаа гүйцэтгээгүй тул өөр компанитай гэрээ байгуулж сэндвичийг угсруулсан болно. Ажил гүйцэтгэгч ажлаа дутуу хийж орхин явсантай холбогдуулан гэрээний 3 дахь шатны ажлыг гүйцэтгэхийн тулд Ө т ХХК-с сэндвичийн хавтангийн материалыг нийт 129,228,980 төгрөгөөр худалдан авч, Ц п ХХК-иар сэндвич угсралтын ажлыг нийт 33,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн болно. М******* т ХХК-ийн ажлаа дутуу, хугацаанд нь хийж гүйцэтгээгүй улмаас одоогоор нийт 161,228,980 төгрөгийн нэмэлт зардал гараад байна. Иймд миний зүгээс М******* т ХХК-д өгсөн 194,500,000 төгрөг нь тэдний хийж гүйцэтгэсэн ажлаас давуулан төлсөн төлбөр бөгөөд харин миний зүгээс уг байгууллагаас авлагатай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.гэв.

 

3. Хариуцагч Х.Б******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Бидний хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээны дагуу захиалагч талаас гүйцэтгэгч талд нийт 194,500,000 төгрөгийг 1, 2 дугаар шатны ажлын санхүүжилтэд зориулан олгосон байдаг. Энэ талаар нэхэмжлэлд тусгасан байдаг буюу талууд маргадаггүй болно. Гэвч нэхэмжлэгч нь нийт ажлын 75 хувийг бүрэн хийж гүйцэтгэсэн хэмээн тайлбарладаг боловч миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь М******* т ХХК-ийн гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүй бөгөөд ажлаа дутуу орхин барилгын ажлын талбайг орхин явсан байдаг. Миний зүгээс удаа дараа бусад ажлыг хийж гүйцэтгэхийг шаардсан боловч М******* т ХХК зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй тул арга ядан бусад ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн байдаг.

Үүнд: Ө Т ХХК-аас нийт 124,228,930 төгрөгийн үнэ бүхий бараа материал захиалан авч төлбөрийг бүрэн төлж, Ц п ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан Ө Т ХХК-иас худалдан авсан бараа, материалыг ашиглан сэндвичин барилгын хана, дээвэр цонх угсрах ажлыг нийт 33,000,000 төгрөгөөр тохирч төлбөрийг бүрэн төлж ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгч, Батцог Мандал ХХК-иар шал өнгөлгөөний ажлыг нийт 4,000,000 төгрөгөөр тохирч төлбөрийг бүрэн төлж ажлыг хүлээлгэн өгсөн болно.

Дээрхээс үзвэл Х.Б******* миний бие М******* т ХХК-тай уг ажлыг нийт 320,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч түүнд 194,500,000 төгрөгийг төлж, бүрэн дуусгалгүй орхин явсан ажилд нэмэлтээр нийт 161,228,930 төгрөгийн зардал гаргасан байна. Миний зүгээс М******* т ХХК нь түүнд олгосон 194,500,000 төгрөгөөс бага ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн үзэж байх бөгөөд 194,500,000+161,228,930=355,728,930 төгрөгийн зардал гаргаад байна.

Өөрөөр хэлбэл 320,000,000 төгрөгөөс илүү гарч байх 35,728,930 төгрөгийг илүү олгосон байх бөгөөд М******* т ХХК-ийн зүгээс 194,500,000 төгрөгөөс -35,728,930 төгрөг= 158,771,070 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна.

Иймд миний зүгээс М******* т ХХК-иас 35,728,930 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү хэмээн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Маргаан бүхий барилгын ажилд одоо ч хийж гүйцэтгээгүй дутуу ажлууд байгаа бөгөөд анх миний зүгээс төдийлөн бага зардлаар гүйцэтгэх боломжтой хэмээн үзсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй болно. Гэвч уг барилгын үлдсэн дутуу ажлыг хийж гүйцэтгүүлэхээр мэргэжлийн байгууллагад хандахад ихээхэн хэмжээний ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн болох нь тодорхой болсон болно. Уг дутуу байгаа усны хаяавч бетон цутгах, т хөндлөвч угсрах, т татуурга угсрах, т бэхэлгээ хийх, ган хоолой угсрах, т хийцүүдийг тосон будгаар будах зэрэг тодорхой ажлууд одоо ч дутуу байх бөгөөд миний зүгээс мэргэжлийн төсөвчнөөс дээрх дутуу ажлуудыг хийж гүйцэтгэхэд ямар хэмжээний зардал гарах талаар төсөв гаргуулахад нийт 41,107,225 төгрөгийн өртөг гарахаар байна. М******* т ХХК-тай уг ажлыг нийт 320,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч 194,500,000 төгрөгийг төлж, бүрэн дуусгалгүй орхин явсан ажилд нэмэлтээр нийт 161,228,930 төгрөгийн зардал гаргаж, хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ажлын нийт төсөвт өртөг 41,107,225 төгрөг байна. Миний зүгээс М******* т ХХК нь түүнд олгосон 194,500,000 төгрөгөөс бага ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн үзэж байх бөгөөд 194,500,000+161,228,930=355,728,930 төгрөгийг зардал гаргаад байна. Өөрөөр хэлбэл 320,000,000 төгрөгөөс илүү гарч байх 35,728,930 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү хэмээн сөрөг нэхэмжлэл гаргасныг 41,107,225 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд М******* т ХХК-иас 35,728,930 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нийт 41,107,225 төгрөгөөр нэмэгдүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлага нийт 76,836,155 төгрөг гаргуулж надад олгож өгнө үү. гэв.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: ... 320,000,000 төгрөгөөс илүү гарч байх 35,728,930 төгрөгийг илүү олгосон ... М******* т ХХК-аас 35,728,930 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацааны дотор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн ажлын хөлсөө нотлох баримтын дагуу шаардаж нэхэмжилсэн байхад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэ хөлсийг нотлох баримтгүйгээр өөрийн дураар багасган тооцож, зөрүү мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 3.4 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд тус гэрээний 2 дугаар зүйлд заасан ажлуудыг зохих ёсоор гүйцэтгэж тухай бүр нь захиалагч Х.Б*******өд хүлээлгэн өгч байсан. Гэтэл хариуцагч Х.Б******* нь манай компанийг гэрээгээр тохирсон ажлын дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн байх үед санхүүжилт орж ирэхгүй байна, мөэй болохоороо үлдэгдэл ажлынхаа хөлсийг өгч, ажлаа үргэлжлүүлэн хийлгэе" гэсэн тул гүйцэтгэж буй ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байсан. Үүний дараа 2021 оны 8 дугаар сард Х.Б*******тэй утсаар холбогдож ажлаа хэзээнээс үргэлжлүүлэн хийх талаар лавлахад үлдсэн ажлыг өөр гүйцэтгэгчээр хийлгээд дуусгасан гэсэн хариу өгсөн. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ захиалагчийн санаачилгаар цуцлагдсан. Иймд хариуцагч Х.Б*******ийн зүгээс манай М******* т ХХК-с 35,728,930 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ ...хийж гүйцэтгээгүй дутуу орхисон ажлын нийт төсөвт өртөг 41,107,225 төгрөг байна ...35,728,930 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нийт 41,107,225 төгрөгөөр нэмэгдүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлага 76,836,155 төгрөг гаргуулж надад олгож өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Б*******ийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа үндэслэж буй сэндвичин барилгын үлдэгдэл ажлын төсөв гэх баримт нь хаана байршилтай барилгад хэний захиалгаар хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хариуцагч Х.Б*******ийн зүгээс манай М******* т ХХК-с 76,836,155 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

5. Нэхэмжлэгчээс шүүхээс 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэсэн акт 7 ширхэг, ажлын явцыг харуулсан 17 ширхэг гэрэл зураг, гэрээнд тусгагдаагүй гэх гүйцэтгэсэн ажлын төсөв, түүний задаргаа, гүйцэтгэх ажлын ерөнхий мэдээлэл, барилга.мн сэтгүүл 2 ширхэгийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн,

Хариуцагчаас шүүхэд газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар тус бүр 1 ширхэг, 2 ширхэг гэрэл зураг, зарлагын баримт 7 ширхэг, худалдан авагч Бүргэд транс гэх баримт 1 ширхэг, сэндвичэн хавтан захиалгын хуудас 1 ширхэг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн сэндвичэн барилгын хүлээлцэх акт, 5 ширхэг гэрэл зураг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шалны ажил хүлээлцсэн акт, Н.Чын банк дахь дансны хуулга 8 хуудас, Ө т ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолт, сэндвичин барилгын үлдэгдэл ажлын төсөв 2 ширхэг /давхардсан/, Б.Сугарсүрэнгийн банк дахь дансны хуулга 12 хуудас, Б.Шан банк дахь дансны хуулга 4 хуудас, Х.Б*******, Н.Ч нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шинжээчээр ажиллах байгууллагын шаардсаны дагуу 2-р хх-244-250 хуудсан дахь баримтууд, 3-р хх-6-14 хуудсан дахь баримтууд, С дүүргийн 21 дүгээр хороо Иргэн Х.Б*******ийн хүнсний үйлдвэр, агуулахын барилга /загвар зураг/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч нь маргаж буй барилгын бүдүүвч зураг 5 ширхэг, материалын зарлагын баримт 3 ширхэг, и-баримт 5 ширхэг, бетон зуурмагийн баримт 6 ширхэг, зардлын тооцоо 4 хуудас, 2021 оны 6, 7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдох тайлан, хариуцагчийн хүсэлтийг хангаж, шинжээч томилсон захирамжийн дагуу Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлт, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээч оролцсон тэмдэглэл, уг хуралдаанаас барилгын бүтээц, чанарын доголдлын талаар шинжээч томилсон захирамж тус тус гарсан, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4540 дугаар албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5296 дугаар албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1553 дугаар албан бичиг, Монгол улсын Барилга, хот байгуулалтын яамны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10/406 дугаартай шинжээчээр ажиллах барилгын мэргэшсэн инженер болон тэргүүлэх төсөвчин байхгүй талаарх албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2/974 албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/1326 албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн шинжээчээр ажиллахаас татгалзах тухай албан бичиг хх-17 зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М******* т ХХК нь хариуцагч Х.Б*******өд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлсөнд 54,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж 2021.12.28-ны шүүх хуралдаанд шаардлагаа бууруулж 49,500,000 төгрөг шаарджээ.

3. Хариуцагч А.Б******* нь нэхэмжлэгч М******* т ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болон гэрээг цуцалж учирсан хохиролд 35,728,930 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 41,107,225 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 76,836,155 төгрөг нэхэмжилжээ.

4. Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй талууд харилцан маргаж байна.

5. Хэргийн үйл баримтаар дараах байдлууд тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хийж гүйцэтгэх ажлыг гэрээнд заажээ. Үүнд;

1-р ажил: 60м *15м буюу 900 м.кв барилгын нэл суурт 0.0 цэгээс доош 1м, 0.0 цэгээс дээш 0.5 м, нийт 1.5 м цутгах, 900 м.кв дотор талбайг 250 марктай 25 см зузаантай цутгана.

2-р ажил: 60м*15м*5h т карказыг багана 350-175 тай, 300-150 тай нуруу, 18-С төмрөөр бэлдэж угсарна.

3-р ажил:60м*15м*5h барилгыг 15 см сэндвичийг угсарна гэж тохирсон байна.

7. Мөн гэрээнд Ажлын хөлс, төлбөр, төлбөр төлөх хугацаа, ажил гүйцэтгэх хугацаа, нөхцөл зэргийг заасан байна. Үүнд;

1-р ажлын хөлс 100,000,000 төгрөг, 2-р ажлын хөлс 110,000,000 төгрөг, 3 дугаар ажлын хөлс 110,000,000 төгрөг буюу маркийн УНЧ дугаартай машин ба нийт ажлын хөлс 320,000,000 төгрөг байна. /НӨАТ ороогүй/

320,000,000 төгрөгийг төлөх хугацааг тогтоохдоо, урьдчилгаа буюу 100,000,000 төгрөгийг талууд гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан, дунд санхүүжилт болох 110,000,000 төгрөгийг барилгын нэл суурь ажил дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан төлнө, үлдэгдэл төлбөр 110,000,000 төгрөг буюу үнэ дүйцэх маркийн УНЧ дугаартай машиныг нийт ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгснөөс хойш ажлын 5 өдрийн дотор төлнө гэж гэрээнд тусган тохиролцжээ.

8. Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч М******* т ХХК нь захиалагч Х.Б*******өөс олгосон санхүүжилтаар гэрээний 2 дугаар зүйлд заасан ажлыг гүйцэтгэж, гэрээний үр дүнд 900м.кв талбайтай сэндвичэн барилгыг барьж, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний 3 дугаар зүйлд заасан нөхцөлийн дагуу хөлс төлөх үүрэг хүлээжээ.

9. Дээрх гэрээний нөхцөлүүд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан 1, 2-р ажлыг бүрэн хийсэн гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь 1, 2-р ажлын хувьд шал цууралттай, овон товон, усны хаяавч хийгээгүй, бэхэлгээ, чагтан холбоос дутуу, рамыг холбох холбоос дутуу гэж маргажээ.

3-р ажлын хувьд нэхэмжлэгч хийж гүйцэтгээгүй ба талууд энэ талаар маргаагүй.

10. Улмаар хариуцагч гэрээний хугацаа дууссан тул өөр этгээдээр үлдсэн ажлыг гүйцэтгүүлсэн, хийсэн ажлууд доголдолтой байсан, иймээс гэрээнээс татгалзаж, мөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үндэслэлээ тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдлаа нотлохоор хэрэгт авагдсан Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлт, барилгын ажлын явцын тайлбар бүхий гэрэл зураг, бараа материал авсан болон мөнгө зарцуулсан баримт зэргийг иш татан маргаж байна, хариуцагч уг дүгнэлтийг үгүйсгэж, дутуу гарсан дүгнэлт тул баримтлахгүй гэж маргасан.

11. Хариуцагч тал дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч талын гаргасан баримтын хүрээнд шинжээчийн дүгнэлт гарсан гэж маргасан тул хариуцагч талын хүсэлтээр шүүх барилгын хийц бүтээц, гэрээнд заасны дагуу ажлыг гүйцэтгэсэн эсэх, ажлын үр дүн доголдолтой байсан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж, тусгай мэдлэг бүхий хэд хэдэн этгээдээс дүгнэлт гаргах талаар тодруулахад магадлагдсан барилгын ажлын зураг, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан төсөв, ил далд ажлын актууд байхгүй нь захирамжид дурьдсан асуултад хариулж, шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ.

Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон ажлын үр дүн доголдолтой байсан эсэхэд дараах дүгнэлтийг хийлээ.

Талууд ажлын үр дүнг актаар баталгаажуулан хүлээлцээгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд талууд ажлын хүлээлгэн өгөх, хүлээн авах үүргээ хэрэгжүүлэх учиртай.

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хувьд доголдол гарсан байдлыг хариуцагч нотлох үүрэгтэй гэж үзнэ.

Иймээс хариуцагч доголдлыг нотлох үүргийнхээ хүрээнд Сэндвичэн барилгын үлдэгдэл ажлын төсвийг мэргэшсэн төсөвчин С.Ж гаргуулж, төсвийн тооцоо 41,107,225 төгрөгөөр гаргасан боловч уг төсөвт заасан ажлууд дутуу гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Харин хариуцагчийн бусдаар хийж гүйцэтгүүлсэн ажлын гэрээ, баримтыг шинжлэн судлахад Батцог мандал ХХК нь Хүй долоон худагт байрлах Самрын үйлдвэр-ийн шалны тэгшилгээ, өнгөлгөө хийхдээ 10 төрлийн ирээр хуулан тэгшилж, хагарсан хугарлуудыг зориулалтын нөхөөсөөр томчлон нөхөж, бетон бэхжүүлэгч бодисыг хийн гурван төрлийн эсгий ирээр өнгөлж, гялтгануулагч бодис түрхэн дахин нэг ирээр явсан. Өнгөлгөө дууссаны дараа шалыг цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэсэн талаар шалны ажил гүйцэтгэсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №04 актанд тусгажээ. /1-р хх-137/ Уг ажлын хөлсөнд 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /1-р хх-138/

Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т заасан 1-р ажил нь бүхэлдээ шал цутгах ажлыг тохиролцсон ба уг ажил нь доголдолтой байсан нь түүнийг дахин засварлаж хийсэн баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

Харин хариуцагч нь Ц п ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Ө т ХХК-иас 124,228,930 төгрөгийн үнэ бүхий бараа материал авч төлбөрийг бүрэн төлж сэндвичэн барилгын хана, дээвэр, цонх угсрах ажлыг нийт 33,000,000 төгрөгөөр Ц п ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн гэх боловч талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2-р ажлын хувьд доголдолтой болон дутуу ажлыг хэрхэн хийсэн гэдэг нь тодорхойгүй байна.

Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлт-ийг гаргасан шинжээч тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож гаргасан дүгнэлтийн хүрээнд хариулт гаргахдаа ...ажлын зардлыг гэрээнд зааснаар, материалын зардлыг стандартын дагуу тооцсон, т будаг, дутуу боолтын тоо үнэлгээнд нөлөөлөхгүй гэх...тайлбар /2-р хх-148-158/, усны хаялага хаяавчийг 1, 2-р ажлыг хүрээнд хийх ёстой байсан гэдэг нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр 2-р ажлыг долдолтой, дутуу хийсэн гэх хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагч татгалзал, шаардлагаа нотлож чадаагүй гэж үзлээ.

Доголдолтой боловч нэгэнт бий болсон ажлын үр дүнг чанарын зохих хэмжээнд болгохын тулд засвар, үйлчилгээ, засан сайжруулалт хийх үү, эсхүл дахин шинээр гүйцэтгэх үү гэдгийг талууд доголдлын шинж байдлаас шалтгаалан харилцан тохиролцох боловч уг хэргийн тухайд талууд доголдолтой холбоотой нэгдсэн байр сууринд хүрээгүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний харилцааны тухайд гэрээ цуцлах үндэслэл нь аль нэг тал гэрээний үүргээ ноцтой зөрчсөн бол гэрээ цуцлаж, хохирол шаардах эрх үүсэх зохицуулалттай.

Харин талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд захиалагч шаардлагыг ажил гүйцэтгэгч талд гаргах эрхтэй.

Иймд хариуцагч 1-р ажлын хүрээнд шалны өнгөлгөөтэй холбоотой гарсан зардлаа шаардах нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар үүснэ. Гэвч хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээ цуцалж, хохирол гаргуулахаар тодорхойлсон тул шүүх уг маргааны тухайд ажил гүйцэтгэх гэрээний доголдол нь гэрээ цуцлах хэмжээнд ноцтой байсан гэх дүгнэлт хийгээгүй тул ажил гүйцэтгэгчийн үүрэгт хамаарах зохицуулалтын хүрээнд буюу үндсэн нэхэмжлэлийн хүрээнд 1-р ажилтай холбоотой шалны ажлын доголдлыг 4,000,000 төгрөгөөр хариуцагч арилгасан гэж үзэн Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д зааснаар ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс гэх мэт/ ажил гүйцэтгэгч хариуцах зохицуулалтаар нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд авах мөнгөнөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрхээс гадна нэхэмжлэгч нь гэрээнд зааснаас гадна нэмж 4,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь хэргийн 149-152 дугаар талд байх баримтаар нотлогдоно гэж тайлбарлаж байна. Гэвч энэ баримтаар гаргасан төсөв нь нэг талын гаргасан баримт байх бөгөөд хариуцагч тал батлаагүй, түүнд хүлээлгэж өгсөн баримтгүй байна. Иймд нэхэмжлэгчийг гэрээнд зааснаас гадна 4,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1-р ажлын төсөв 100,000,000 төгрөг, 2-р ажлын төсөв 110,000,000 төгрөг, нийт 220,000,000 төгрөг болох ба үүнээс хариуцагч нь нэхэмжлэгчид нь 194,500,000 төгрөгийн санхүүжилтийг өгсөн нь тогтоогдсон тул үлдэх 25,500,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Үүнээс шалны ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 4,000,000 төгрөгийг хасч 21,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7-д нийцнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлөх 21,500,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргаж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Х.Б*******өөс 21,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М******* т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 28,000,000 төгрөгт холбогдох хэсэг,

М******* т ХХК-д холбогдох Х.Б гаргасан 76,836,155 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 427,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 700,081 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 265,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2021/17155 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамж мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ