Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 72

 

Х.Бийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Э-ад холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2020/00417 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э-ад холбогдох,

“Амины орон сууцны түлхүүр гаргуулах, 25.105.100 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн 20.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Х.Бийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Д.Э-, хариуцагчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Х.Б нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Э-тай амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр худалдагч тал Х.Б нь Булган аймаг, Орхон сумын 2-р баг Ар мэргэнд байрлах 230 м.кв талбай бүхий амины орон сууцыг 280 000 000/хоёр зуун наян сая/ төгрөгөөр худалдах, худалдан авагч тал болох Д.Э- нь амины орон сууцыг худалдан авч гэрээний үнийн дүн болох төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Д.Э- нь гэрээний үнийн дүнг 3 хувааж төлөх үүрэгтэй байсан ба амины орон сууцанд орохдоо эхний 30.000.000 /гучин сая/ төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэвч Д.Э- нь гүний худгаа өөрөө гаргаж авна гэсэн учир 10 000 000 /арван сая / төгрөгийг өөрт нь үлдээж АОС-ны түлхүүрийг өгснөөр эд хогшлоо аваачин нүүж ороод 1 жил 3 сар шахуу болоод байна. Д.Э- нь 2-3 тэрбум төгрөг орж ирнэ том худалдааны төв барина, бага насны хүүхдүүдээ өвөл зунгүй утаагүй агаарт амьдруулах хэрэгтэй байна гэж уг амины орон сууцыг худалдан авахаар өөрөө санал тавьсан. Гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ, АОС- ны өмчлөх эрхийг бүрэн шилжүүлж өгөхөөр ярилцан тохиролцсон. Ингээд 2018 оны 6 дугаар сараас уг сууцыг шилжүүлж, эзэмшил ашиглалтанд нь өгсөн бөгөөд харин Д.Э- сууцны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй. Уг сууцыг худалдан авахаасаа өмнө эхнэр Ариунаа, хүүхдүүдийн хамт 2018 оны 5 дугаар сарын сүүлээр очиж амины орон сууцны инженерийн шугам,цэвэр бохир ус,халаалт амины орон сууцны ашиглалтын байдал, барилгын хийцтэй танилцаж заалгаж авсан. Д.Э- уг амины орон сууцтай танилцсаны дараа 11-р хорооллын Саруул хотхоны 29 байрны 15 тоот 3 өрөө бүхий шинэ орон сууцыг төлбөрт оруулж өгье гэж санал тавихаар нь бид очиж үзсэн. Д.Э- нь өөрөө шинэ орон сууцаа зарж төлбөрөө хийхээр тохирсон. Гэтэл Д.Э- нь амины орон сууцны халаалтыг ажиллуулаагүйгээс болж хөлдөөн надад хохирол учруулсан тул би өөрөөсөө зардал гарган шинээр тавиулж, засуулж солисон. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол хүйтний улирал ирж байгаа тул дахин хөлдөх аюултай. Ингээд амины орон сууцны түлхүүрийг нэхэхэд өгөхгүй байгаа тул эвлэрүүлэн зуучлагчид хандаад эвлэрч асуудлаа шийдээгүй. Иймд Д.Э-аас Булган аймаг дахь Орхон сумын 2 дугаар баг Армэргэнд байрлах амины орон сууцны түлхүүрийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

            Миний бие Х.Б нь Д.Э-аас Булган аймгийн Орхон сум,2-р баг Армэргэнд байрлах 230 м.кв амины орон сууцны түлхүүр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Д.Э- нь 2018 оны 6-р сараас 2019 оны 10-р сар хүртэл дээрхи хувийн сууцыг ззэлээр худалдан авах гэрээ хэлцлийн дагуу эзэмшиж байхдаа өөрийн хайхрамжгүй эс үйлдэхүйн улмаас сууцны подваль хэсэгт байрлах /өөрөөр хэлбэл инженерийн байгууламжууд/ цэвэр усны даралтат сав, халуун усны бойлор, шугам хоолойнуудыг хөлдөөж,хохирол учруулсан тул уг хохирлыг арилгахтай холбоотойгоор дараах зардал гаргасан. Шинээр худалдан авч сольсон тоног төхөөрөмж бараануудын үнэ 9 844 100 төгрөг, ажлын хөлс-3 900 000 төгрөг,бараа тээврийн үнэ 350 000 төгрөг, зочид буудлын хөлс-/4 хүн-5 хоног/- 400 000 төгрөг, хоол хүнс -700 000 төгрөг, сууцны үнэ 280 сая төгрөг, Орлогын албан татварын хуулийн ҮХЭХ элэгдэл,хорогдол,шимтгэл тооцох тухай 13 дугаар зүйлд заасны дагуу элэгдэл,хорогдлыг 40 жилээр тооцвол жилийн 7 сая ,сард 583 000 төгрөг болно. Үүнийг Д.Э-ын эзэмшилд байсан 17 сарыг тооцвол 9 911 000 төгрөгөөр элэгдэл хорогдлыг тооцон нийт 25 105 100 /хорин таван сая нэг зуун таван мянга нэг зуун / төгрөгийг гэм хорын хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Х.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

            Хариуцагч Д.Э-ын 2019.09.19-ны өдрийн гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Тэрээр тайлбартаа 2018 оны 6-р сард Булган аймгийн Орхон сумын 2-р багийн Ар мэргэнд байрлах амины сууцыг худалдан авах тухай асуудал ярьсан. Гэрээ гэж өөрөө нэг зүйл бичиж авчраад гэрчилгээ, түлхүүр ч байхгүй байшингаа хүлээлцэлгүй мөнгөний хэрэг болоод байна,гадагшаа явах гээд байна гэхээр нь 10 сая төгрөг өгсөн. 1 ш түлхүүр, гаражийн удирдлага ах нь авчирч өгсөн. Худаг гаргаж өгнө тэгж байж байшиндаа орно, хэсэг хугацааны дараа мөнгө хэрэг болоод байна гэсэн тул хүссэнээр нь мөнгө өгсөн. Тэр байшинд орж чадаагүй тул би мөнгөө авъя гэхэд миний мөнгийг өгөхгүй гэсэн гэж бичсэн нь бодит байдалд нийцсэн үнэн зөв тайлбар гаргаагүй байна. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан байгаа. Анх 2018 он 5-р сард Д.Э- нь таныг байшингаа зарах гэж байгааг хүнээс сонслоо хэмээн өөрөө ирж уулзаад улмаар 2018 оны 05 -р сарын 31-ний өдөр эхнэр, бага насны 2 хүүхдүүдтэйгээ Армэргэнд очиж байшинг үзэж танилцахад нь би эхнэр н.Энхмаагийн хамт байшингаа үзүүлэн ямар зарчмаар ажилладаг талаар тайлбарлаж өгсөн. Ингээд бидэнд маш их таалагдлаа авъя гэсэн. Бэлэн мөнгө алга, бартер хийж болох уу гээд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг Залуус хотхоны 29-15 тоот 3 өрөө байраа үзүүлээд 110 сая төгрөгөөр бодож бартер хийе, би барилга барьж байгаа, намар гэхэд үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн. Би, байраа чи өөрөө зараад мөнгөө өгнө биз гэсэн. Ингээд Армэргэн дэх байшингаа 280 сая төгрөгөөр зарна гэдгээ хэлж, Д.Э- зөвшөөрч бид хүсэл зоригоо илэрхийлснээ гэрээгээр баталгаажуулж манай албан конторын БӨ сум Хүрэнбулаг баг "ХАРХ" ХХК-ийн 303 тоот өрөөнд ирж урьдчилгаа 10 сая төгрөгөө төлж, 2 тал гарын үсэг зурцгаасан. /2018.06.12/ Анх уулзах үеэсээ манай худаг доголдолтой байгаа тухайгаа хэлэхэд байрныхаа мөнгөнөөс худаг гаргасан зардлаа хасаж тооцъё. Би Дэнжид хашаа байшиндаа худаг өрөмдүүлсэн хэмээн саналаа хэлсэн. Харин би худгийн мотор, труба, троссоор туслахаар тохирсон. Д.Э-ыг эхнэр 2 хүүхдийн хамт анх байшинг очиж үзэхэд яаж халдаг, яаж ажилладаг бохирын шугам, цахилгаан, байшингийн хийц, польш инженер, барилгачид барьсан тодорхой ойлголтуудыг өгсөн. Д.Э- нь уг байшинд нүүж орсон буйдан болон бусад эд хогшлоо аваачсан байсан. Найз нөхдөдөө ч байшин авсан тухайгаа гайхуулан ярьж аваачиж үзүүлсэн байсан. Нүүж орсныг нь хажуу хөршүүд болох Ш.Оюунбаяр, Ш.Оюунбат нар мэдэх билээ. Мөн 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр ЭБЦТС ТӨХК-ны цахилгааны байцаагч Баярт гэдэг хүнээр стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан 3 фазын ЭТ53 маркын №150903002764 тоот тоолуурыг 59 лацаар битүүмжлүүлж Д.Э- өөрөө худалдан авч тавиулсан байдаг. Ингээд гэрээний дагуу төлбөрөө хий хэмээн шаардахад 2018,08,01-нд манай эхнэр Энхмаагийн ХААН банкны дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш төлбөр хийгээгүй. Удаа дараа залгахад Эрдэнэтэд байхгүй, Баянхонгор аймагт Алтны уурхайд ажиллаж байна, удахгүй очно гэсээр 2019 он гарсан. Подваль руу ороход цэвэр усны даралтат сав, халуун усны бойлор, шугам хоолойнууд хагарсан, хана шал нь нойтон, хөгцөрсөн байдал үүссэн байсан. Ийм болсон болохоор нь би Эрдэнэбатад "чи сууцыг өөрийн эзэмшилдээ оруулж авчихаад түлхүүр удирдлага нь байхад ийм байдлатай болгодог нь яаж байгаа юм бэ" гэхэд маш их уурлаж шүүхдээ хандана биз, надад гэрээ хамаагүй, миний 20 сая төгрөгийг хүүтэй нь өг тэгвэл би түлхүүрийг чинь буцааж өгөөд наймаа буцна хэмээн маргаж түлхүүрээ өгөхгүй явсан. Зун болж хөлдсөн бойлорын ус гэсч /ойролцоогоор 0,5 тн ус хөлдөөд хайлж байсан/ подвалаа их усанд автуулахгүйн тулд аргагүйн эрхэнд УБ хотоос сантехникийн мэргэжлийн хүмүүсээ дуудан, Д.Э-ад аргагүй учраа тайлбарлан утсаар 2 удаа ярьж мессеж бичихэд Д.Э- нь согтуу байсан, өөрийн эрэгтэй дүүгээрээ түлхүүр өгч явуулсан байсан. /2019.06.14/ Бид 2-ын хооронд Булган аймаг Орхон сумын 2-р баг Армэргэнд баригдсан 230 м.кв талбай бүхий амины орон сууцыг 280 сая төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг тохирч, бичгээр гэрээ хэлцлийг хийж, уг хэлцлийн дагуу Д.Э- үнийг төлөхөөс өмнө сууцыг өөрийн эзэмшилд авсан. /2018 он 6-р сараас 2019 он 10-р сар хүртэл/ Иймээс төлбөрийг хувааж төлөх үүргийн дагуу 2 удаа 10,10 саяар нийт 20 сая төгрөг төлсөн байсан юм. Төлбөр төлөгдсөний дараа гэрээг зохих газар бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон юм. Д.Э-ын бичээд байгаа шиг авах гэж байгаа сууцаа үзэж харахгүйгээр хүнд 20 сая төгрөг өгнө гэдэг нь ямар ч хүнд ойлгомжгүй худал ярьж буй нь тодорхой байна. Энэ маргаантай асуудлаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандахад эвлэрүүлэн зуучлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүртэл хуулийн зөвлөлгөө өгсөн. Худгаа Д.Э- өөрөө гаргана гэж ярьсанаа мартан бүр эсрэг юм бичсэнээ энэ хүн ойлгож байгаа юм болов уу. Мөн шүүхэд хандах хүртэл /2019 оны 09-р сарын 01 өдөр/ Д.Эрдэнбатын эд хогшил нь дээрх байшинд байсныг бид фото зургаар баталгаажуулж авсан. Иймд харин Д.Э- нь өөрөө худалдан авна гэчихээд үүргээ биелүүлэхгүй буюу төлбөрөө төлж чадахгүй, байшинг эзэмших, ашиглах хугацаандаа харж хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан тул би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ гэжээ.

            Хариуцагч Д.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          Х.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2018 оны 06 дугаар сард Х.Бтой Булган аймгийн Орхон сумын 2-р багийн Ар мэргэнд байрлах амины орон сууцыг худалдан авах тухай асуудал ярьсан. Ингэхдээ тухайн сууцыг 280.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд гэрээ байгуулж байшингаа хүлээлцэн гэрчилгээнүүдээ авчирч өгөхөөр тохиролцсон. Тэрээр тухайн үед гаргасан худаг нь ажилладаггүй тул дахин худаг гаргаж өгч байж орно гэдэг асуудал ярьсан. Гэвч гэрээ гэж өөрөө нэг зүйл бичиж авчираад гэрчилгээ ч байхгүй, түлхүүр ч байхгүй байшингаа ч хүлээлцэлгүй мөнгөний хэрэг болоод байна гадагшаа явах гээд байна гэхээр нь би байсан 10 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд гадаад явах болсон тул ирээд бусад юмаа авч өгөлцье гэсэн. Мөн худгаа гаргаж өгнө тэгж байж байшиндаа орж гэрээгээ албан ёоор хийхээр тохиролцон 10.000.000 төгрөг өгөөд авчирсан гэрээн дээр нь 10.000.000 төгрөг өгсөнөө тэмдэглээд л явуулсан. Маргааш нь гадаад явна ахад түлхүүрээ өгчихье гэсэн. 3 хоногийн дараа ах нь 1 ширхэг түлхүүр, гараашийн түлхүүрийн хамт авчирч өгсөн. Тэгээд хэсэг чимээгүй байснаа дахиад утсаар яриад мөнгөний хэрэг болоод хэд ч хамаагүй мөнгө хэрэгтэй байна гэсэн. Би харин хариуд нь хэзээ худгаа гаргаад хэзээ байшиндаа орох юм бэ гэхэд хүлээж бай тун удахгүй л гэсэн. Тэгээд за яахав нэгэнт орохоос хойш гэж бодоод хүссэн ёсоор нь 10 сая төгрөг шилжүүлж өгсөн. Харин та байшин саваа хүлээлгэж өгөөд худгаа гаргаад өг л дөө гэсэн. Тэгнэ хотоос удахгүй хүмүүс ирж худаг гаргаж өгнө гэсээр өвөл болсон . Худаг байхгүй тул тэр байшинд бид орж чадахгүй байсааар хавар болсон. Сүүлдээ утсаа ч авахаа байсан. Иймээс би ер нь больё гээд 2019 оны 4 сард ажил дээр нь очиж уулзаад танай байшинд орж чадалгүй жил боллоо, миний 20 сая төгрөгийг та жил хэрэглэлээ таны худаг ч алга иймээс ер нь танай байшинг авахаа болъё би мөнгөө буцааж авъя та түлхүүрээ ав гэж хэлсэн. Харин тэд байшингаа эзэмшсээр байгаа нь илт байна. Яагаад гэвэл надад 1 ш түлхүүр л өгсөн. Ямар ч хаалга 4-6 түлхүүртэй байдаг. Тэгэхээр тэд өөрсдөө тэдгээр түлхүүрээр орж байшингаа эзэмшдэг болох нь харагдаж байна. Нэгэнт түлхүүрээ авна байшингаа өгөхгүй гэж байгаа бол 20 сая төгрөгөө буцааж аваад түлхүүрийг нь өгөхөд татгалзах зүйлгүй. Түүний нэхэмжлэлдээ дурдсан тухайн орон сууцыг шилжүүлж эзэмшил ашиглалтад өгсөн гэдэг нь худлаа. Тэд харин хэлсэн ярьсандаа хүрэлгүй хүний мөнгө авчихаад байшингаа хүлээлгэж өгч худгаа ч гаргаж өгөхгүй хэл сураггүй алга болчихоод одоо болохоор мөнгийг маань жил гаран хэрэглэчихээд худал зүйл бичиж байгаад гайхаж байна. Мөнгийг маань өгөхгүй бол сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ. 

            Хариуцагч Д.Э- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

            Би Х.Бтой 2018 оны 06 дугаар сард Булган аймгийн Орхон сумын 2-р багийн Ар мэргэнд байрлах 230м2 бүхий амины орон сууцыг 280,000,000 /хоёр зуун наян сая/ төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд гэрээр “гаргасан худаг нь ажилладаггүй, дахин худаг гаргаж өгнө” гэсэн. Худаг байхгүй, ус байхгүй тул тэр байшинд орж чадахгүй байсаар хавартай эолгосон. Сүүлдээ утсаа ч авахаа байсан. Иймээс би “ер нь больё” гээд 2019 оны 4 сард ажил дээр нь очоод “Танай байшинд орж чадалгүй жил боллоо. Миний өгсөн 20.000.000 төгрөгийг та жил хэрэглэлээ. Таны худаг ч алга. Иймээс ер нь танай байшинг авахаа больё. Би мөнгөө буцааж авъя. “Та түлхүүрээ ав” гэж хэлсэн. Гэтэл надад “Бойлуурын зарим нэг зүйл хөлдсөн. Чиний мөнгийг өгөхгүй. Харин чи надад мөнгө нэмж өг. Мөн түлхүүр өг” гэж хэлсэн. Би “Та надад албан ёсоор түлхүүрээ хүлээлгэж өгөөгүй. Байшингаа ч хүлээлгэж өгөөгүй. Байшинд орж амьдраагүй учир бусад зүйлийг чинь мэдэхгүй” гэдгээ хэлсэн. Энэ байшингийн мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ч надад өгөөгүй, шилжүүлээгүйгээр миний 20,000.000 төгрөгийг авсан тул түүнээс гаргуулан авахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

            Иймд Х.Боос миний 20.000.000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Д.Э- нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгч бөгөөд сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Х.Бийн тус шүүхэд хандаж гаргасан нэмэлт хариу тайлбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад өөрийн өмнөх өгсөн тайлбар, гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж дараах хариу тайлбарыг нэмж гаргаж байна. Үүнд 2019 оны 10-р сарын 19-ны өдөр гаргасан тайлбартаа “2018 оны 05 сарын 31-ний өдөр Армэргэнд байрлах маргаан бүхий байшинг намайг очиж үзсэн, халаалт болон бусад зүйлийг ямар зарчмаар яаж ажилладаг талаар тайлбарлан өгсөн, худаг гаргасан зардлаа хасаж тооцъё. Харин би худгийн мотор, труба, троссоор туслахаар тохирсон. Яаж халдаг, яаж ажилладаг, бохирын шугам, цахилгаан, байшингийн хийц, Польш инженер, барилгачид барьсан гэсэн ойлголтуудыг өгсөн” гэх зэргээр үндэслэлгүй, гүтгэлэгийн чанартай тайлбарыг бичиж өгчээ. Энэ талаар болон анхны өгсөн нэхэмжлэлд тайлбар өгөхдөө, мөн сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа тодорхой тайлбарыг би өгсөн билээ. Тэрээр өөрөө надаас мөнгө авчихаад сураггүй алга болсноороо бруутай гэж би үзэж байгаа. Тэрээр мөн надад эзэмших эрхийн гэрчилгээг ч албан ёсоор шилжүүлэн өгөөгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухайд тоног төхөөрөмж, бараануудын үнэ болох 9.844.100 төгрөг, ажлын хөлс 3.900.000 төгрөг, бараа тээврийн үнэ 350.000 төгрөг, зочид буудлын хөлс 400.000 төгрөг, хоол хүнс 700.000 төгрөг, элэгдэл хорогдол 9.911.000 төгрөг нийт 25.105.100 төгрөг нэхэмжилж байгаа нь мөн л үндэслэлггүй бөгөөд миний буюу надаас авсан 20.000.000 сая төгрөгийг өгөхгүй гэсэндээ үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа гэж би үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2020/00417 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 497 дугаар зүйлийн 497.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Э-аас Булган аймаг Орхон сумын 2 дугаар баг Ар мэргэнд байрлах 230 м2 талбай бүхий амины орон сууцны түлхүүрийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бид, нэхэмжлэгч Х.Боос 15 876 770 төгрөг гаргуулан хариуцагч Д.Э-ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20 981 870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 354 001 төгрөг, хариуцагчийн 257 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас 80 922 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бид, нэхэмжлэгч Х.Боос 257 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Э-ад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Уг шийдвэрээр Х.Б миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Д.Э-ын надад эд хөрөнгиын хохирл учруулсныг хариуцагч амины сууцанд амьдраагүй, надад сануулж хэлж байгаагүй, халаалт ажиллуулах шаардлага байгагүй, халаалттай холбоотой ямар нэг зүйл яригдаагүй мөн Д.Э-ад түлхүүр ирсэн ч хариуцагчид халаалтын талаар тайлбарлаж өгөөгүй учир ажиллуулах горимыг мэдэхгүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд өөрийнх нь эс үйлдэлтэй холбоотой гэж үзлээ гээд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-д үааснаар хохирогчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл төлөөлсөн бол гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасныг баримтлан хохирлын 30% буюу 4.093.230 төгрөгийг хариуцагчаас гаргахаар шийдвэрлэжээ. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг буруу хэрэглэлээ. Д.Э- энэ талаар яриагүй, надад хэлээгүй гээд байгаа боловч үүнийгэ нотлоогүй. Харин би шүүх хуралд Д.Э- эхнэр хүүхдийн хамт очиж байшинг үзэж халаалтын систем хэрхэн ажилладгийг талаар хэлж, зааж өгсөн. Гэрч энэ талаар гэрчилж хэлсэн. Хэрэв Д.Э- уг сууцыг авахгүй байсан юм бол бүтэн зун, намар, өвөл, хавар болж байхад яагаад авахаа болилоо гээд сууцыг буцааж, хүлээлгэн өгөх талаар санал гаргаагүй юм. Шүүх хуралд худгийн ундарга багассан талаар ярилцаж, хариуцагч худгаа өөрөө зардал гаргаж гүнзгийрүүлж ухах үүрэг хүлээсэн талаар ярилцсан. Д.Э- амьдарсан ч бай, амьдраагүй ч бай сууцанд өөрийн эзэмшлийг бий болгож байсан.  Үүнтэй холбоотой түүнд ямар үүрэг хариуцлага ноогдох талаар шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. 2018 оны 06 дугаар сараас  2019 оны 10 сар хүртэл Д.Э- өөрийн эд хогшлоо байлгаж, өөрийн эзэмшлээ бий болгосоор байсан. Энэ хугацаанд сууцны салшгүй хэсэг болох цэвэр усны даралтат сав, халуун усны бойлер, сантехникийн хоолойнууд задарснаас хохирол учирахад Д.Э-ын харж хандах үүрэг байсныг 30% хэмээн хасаж тооцсон нь шударга ёсонд нийцэхгүй байна. Эдгээр тононг төхөөрөмжийг солиход өндөр өртөг бүхий төхөөрөмжийг дахин шинээр авч мэргэжлийн түвшинд хийж дахин угсарч гүйцэтгэсэн. Иймд шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтанд 4.093.230 төгрөг гэснийг 13.994.000 төгрөг гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Б нь амины орон сууцны түлхүүр, гэм хорын хохирол 25.105.100 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Д.Э- нь худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн 20.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Боос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 497 дугаар зүйлийн 497.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Э-аас Булган аймаг Орхон сумын 2 дугаар баг Ар мэргэнд байрлах 230 м2 талбай бүхий амины орон сууцны түлхүүрийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бид, нэхэмжлэгч Х.Боос 15.876.770 төгрөг гаргуулан хариуцагч Д.Э-ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20.981.870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Булган аймаг Орхон сумын 2 дугаар  баг Ар мэргэнд байрлах 230 м2 талбай бүхий амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч Д.Э- нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 10.000.000 төгрөгийг тус тус Х.Бид өгчээ. 

Булган аймаг Орхон сумын 2 дугаар баг Ар мэргэнд байрлах 230 м2 талбай бүхий амины орон сууц нь 2016 онд ашиглалтанд оржээ.

Талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлэн, хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангах байсан боловч энэхүү хэлбэрийн шаардлагыг хангаагүй байгаа нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байх тул мөн хуулийн 56.1.-д зааснаар  Булган аймаг Орхон сумын 2 дугаар баг Ар мэргэнд байрлах 230 м2 талбай бүхий амины орон сууцыг худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм .

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч Х.Б нь хариуцагч Д.Э-ад биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, мөн орон сууцны өмчлөх эрхийн болон газрын гэрчилгээ зэргийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Д.Э-ын амины орон сууцны үнэд төлсөн 20.000.000 төгрөгийг А.Бямбадорж нь буцаан өгөх, харин хариуцагч Д.Э- нь амины орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгч  А.Бямбадоржид буцаан өгөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгчийн гэм хорын хохирлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Э- нь тухайн сууцыг худалдан авахаар тохирч түлхүүрийг өөрийн эзэмшилд авсан байх үедээ байрны цэвэр усны даралтат сав, халуун усны бойлор, шугам хоолойнуудыг хөлдөөж хохирол учруулсан байх тул нэхэмжлэгч Х.Бийн түүнийг засахад гарсан зардал 9.844.100 төгрөгийг Д.Э-аар төлүүлэн нэхэмжлэлийн бусад шаардлага болох ажлын хөлс 3.900.000 төгрөг, тээврийн хөлс 350 .000 төгрөг, зочид буудлын хөлс 400 .000 төгрөг, хоол хүнс 700. 000 төгрөг, байшингийн элэгдэл хорогдол 9 911 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.          

Сөрөг нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт  үндэслэлтэй иргэний хуульд нийцжээ.  

Иймд сөрөг нэхэмжлэлийн  шаардлага болох 20.000.000 төгрөгнөөс  үндсэн нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 9.844.100 төгрөгийг  хасч,  нэхэмжлэгч Х.Боос 10.155.900 төгрөг гаргуулан Д.Э-ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 15.261.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

Нэхэмжлэгч Х.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 173.362 төгрөгийг буцаан олгох нь  зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2020/00417 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 497 дугаар зүйлийн 497.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Э-аас Булган аймаг Орхон сумын 2 дугаар баг Ар мэргэнд байрлах 230 м2 талбай бүхий амины орон сууцны түлхүүрийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бид, нэхэмжлэгч Х.Боос 15 876 770 төгрөг гаргуулан хариуцагч Д.Э-ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20 981 870 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 497 дугаар зүйлийн 497.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д зааснаар хариуцагч Д.Э-аас Булган аймаг Орхон сумын 2 дугаар баг Ар мэргэнд байрлах 230 м2 талбай бүхий амины орон сууцны түлхүүрийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бид олгож, нэхэмжлэгч Х.Боос 10.155.900 төгрөг гаргуулан хариуцагч Д.Э-ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 15.261.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 354 001 төгрөг, хариуцагчийн 257 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас 80 922 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бид, нэхэмжлэгч Х.Боос 257 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Э-ад олгосугай ...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 354.001 төгрөг, хариуцагчийн 257.950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бид, нэхэмжлэгч Х.Боос 237.344 төгрөг гаргуулан хариуцагч Д.Э-ад олгосугай ...” гэж, тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Х.Бийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 173.362 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                             Б.БАТТӨР