Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2020/00417

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Х.Б-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Д.Э-д холбогдох

Амины орон сууцны түлхүүр гаргуулах, 25 105 100 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагч Д.Э, иргэдийн төлөөлөгч Д.М, гэрч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Х.Б нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Этай амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр худалдагч тал Х.Б нь Булган аймаг Орхон сумын 2-р баг Ар мэргэнд байрлах 230 м.кв талбай бүхий амины орон сууцыг 280 000 000/хоёр зуун наян сая/ төгрөгөөр худалдах, худалдан авагч тал болох Д.Э нь амины орон сууцыг худалдан авч гэрээний үнийн дүн болох төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Д.Э нь гэрээний үнийн дүнг 3 хувааж төлөх үүрэгтэй байсан ба амины орон сууцанд орохдоо эхний 30 000 000 /гучин сая/ төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэвч Д.Э нь гүний худгаа өөрөө гаргаж авна гэсэн учир 10 000 000 /арван сая / төгрөгийг өөрт нь үлдээж АОС-ны түлхүүрийг өгснөөр эд хогшлоо аваачин нүүж ороод 1 жил 3 сар шахуу болоод байна. Д.Э нь 2-3 тэрбум төгрөг орж ирнэ том худалдааны төв барина, бага насны хүүхдүүдээ өвөл зунгүй утаагүй агаарт амьдруулах хэрэгтэй байна гэж уг амины орон сууцыг худалдан авахаар өөрөө санал тавьсан. Гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ, амины орон сууцны өмчлөх эрхийг бүрэн шилжүүлж өгөхөөр ярилцан тохиролцсон. Ингээд 2018 оны 6 дугаар сараас уг сууцыг шилжүүлж, эзэмшил ашиглалтанд нь өгсөн бөгөөд харин Д.Э сууцны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй. Уг сууцыг худалдан авахаасаа өмнө эхнэр Ариунаа, хүүхдүүдийн хамт 2018 оны 5 дугаар сарын сүүлээр очиж амины орон сууцны инженерийн шугам, цэвэр бохир ус, халаалт амины орон сууцны ашиглалтын байдал, барилгын хийцтэй танилцаж заалгаж авсан. Д.Э уг амины орон сууцтай танилцсаны дараа 11 дүгээр хорооллын Саруул хотхоны 29 байрны 15 тоот 3 өрөө бүхий шинэ орон сууцыг төлбөрт оруулж өгье гэж санал тавихаар нь бид очиж үзсэн. Д.Э нь өөрөө шинэ орон сууцаа зарж төлбөрөө хийхээр тохирсон. Гэтэл Д.Э нь амины орон сууцны халаалтыг ажиллуулаагүйгээс болж хөлдөөн надад хохирол учруулсан тул би өөрөөсөө зардал гарган шинээр тавиулж, засуулж сольсон. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол хүйтний улирал ирж байгаа тул дахин хөлдөх аюултай. Ингээд амины орон сууцны түлхүүрийг нэхэхэд өгөхгүй байгаа тул эвлэрүүлэн зуучлагчид хандаад эвлэрч асуудлаа шийдээгүй. Иймд Д.Эаас Булган аймаг дахь Орхон сумын 2 дугаар баг Армэргэнд байрлах амины орон сууцны түлхүүрийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие Х.Б нь Д.Эаас Булган аймгийн Орхон сум 2-р баг Армэргэнд байрлах 230 м.кв амины орон сууцны түлхүүр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж дараах шаардлагыг гаргаж байна. 

Үүнд: Д.Э нь 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл дээрхи хувийн сууцыг зээлээр худалдан авах гэрээ хэлцлийн дагуу эзэмшиж байхдаа өөрийн хайхрамжгүй эс үйлдэхүйн улмаас сууцны подваль хэсэгт байрлах /өөрөөр хэлбэл инженерийн байгууламжууд/ цэвэр усны даралтат сав, халуун усны бойлор, шугам хоолойнуудыг хөлдөөж, хохирол учруулсан тул уг хохирлыг арилгахтай холбоотойгоор дараах зардал гаргасан. Үүнд:  

Шинээр худалдан авч сольсон тоног төхөөрөмж бараануудын үнэ 9 844 100 төгрөг, ажлын хөлс 3 900 000 төгрөг, бараа тээврийн үнэ 350 000 төгрөг, зочид буудлын хөлс /4 хүн-5 хоног/- 400 000 төгрөг, хоол хүнс 700 000 төгрөг, сууцны үнэ 280 сая төгрөг, Орлогын албан татварын хуулийн ҮХЭХ элэгдэл, хорогдол, шимтгэл тооцох тухай 13 дугаар зүйлд заасны дагуу элэгдэл, хорогдлыг 40 жилээр тооцвол жилийн 7 сая, сард 583 000 төгрөг болно. Үүнийг Д.Эын эзэмшилд байсан 17 сарыг тооцвол 9 911 000 төгрөгөөр элэгдэл хорогдлыг тооцон нийт 25 105 100 /хорин таван сая нэг зуун таван мянга нэг зуун / төгрөгийг гэм хорын хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. 

Нэхэмжлэгч Х.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Эын 2019.09.19-ны өдрийн гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Тэрээр тайлбартаа 2018 оны 6 дугаар сард Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Ар мэргэнд байрлах амины сууцыг худалдан авах тухай асуудал ярьсан. Гэрээ гэж өөрөө нэг зүйл бичиж авчраад гэрчилгээ, түлхүүр ч байхгүй байшингаа хүлээлцэлгүй мөнгөний хэрэг болоод байна, гадагшаа явах гээд байна гэхээр нь 10 сая төгрөг өгсөн. 1 ш түлхүүр, гаражийн удирдлага ах нь авчирч өгсөн. Худаг гаргаж өгнө тэгж байж байшиндаа орно, хэсэг хугацааны дараа мөнгө хэрэг болоод байна гэсэн тул хүссэнээр нь мөнгө өгсөн. Тэр байшинд орж чадаагүй тул би мөнгөө авъя гэхэд миний мөнгийг өгөхгүй гэсэн гэж бичсэн нь бодит байдалд нийцсэн үнэн зөв тайлбар гаргаагүй байна. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан байгаа. Анх 2018 он 5 дугаар сард Д.Э нь таныг байшингаа зарах гэж байгааг хүнээс сонслоо хэмээн өөрөө ирж уулзаад улмаар 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эхнэр, бага насны 2 хүүхдүүдтэйгээ Армэргэнд очиж байшинг үзэж танилцахад нь би эхнэр н.Энхмаагийн хамт байшингаа үзүүлэн ямар зарчмаар ажилладаг талаар тайлбарлаж өгсөн. Ингээд бидэнд маш их таалагдлаа авъя гэсэн. Бэлэн мөнгө алга, бартер хийж болох уу гээд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг Залуус хотхоны 29-15 тоот 3 өрөө байраа үзүүлээд 110 сая төгрөгөөр бодож бартер хийе, би барилга барьж байгаа, намар гэхэд үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн. Би, байраа чи өөрөө зараад мөнгөө өгнө биз гэсэн. Ингээд Армэргэн дэх байшингаа 280 сая төгрөгөөр зарна гэдгээ хэлж, Д.Э зөвшөөрч бид хүсэл зоригоо илэрхийлснээ гэрээгээр баталгаажуулж манай албан конторын БӨ сум Хүрэнбулаг баг "ХАРХ" ХХК-ийн 303 тоот өрөөнд ирж урьдчилгаа 10 сая төгрөгөө төлж, 2 тал гарын үсэг зурцгаасан./2018-06-12/

Анх уулзах үеэсээ манай худаг доголдолтой байгаа тухайгаа хэлэхэд байрныхаа мөнгөнөөс худаг гаргасан зардлаа хасаж тооцъё. Би Дэнжид хашаа байшиндаа худаг өрөмдүүлсэн хэмээн саналаа хэлсэн. Харин би худгийн мотор, труба, троссоор туслахаар тохирсон. Д.Эыг эхнэр 2 хүүхдийн хамт анх байшинг очиж үзэхэд яаж халдаг, яаж ажилладаг бохирын шугам, цахилгаан, байшингийн хийц, польш инженер, барилгачид барьсан тодорхой ойлголтуудыг өгсөн. Д.Э нь уг байшинд нүүж орсон буйдан болон бусад эд хогшлоо аваачсан байсан. Найз нөхдөдөө ч байшин авсан тухайгаа гайхуулан ярьж аваачиж үзүүлсэн байсан. Нүүж орсныг нь хажуу хөршүүд болох Ш.Оюунбаяр, Ш.Оюунбат нар мэдэх билээ. Мөн 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр ЭБЦТС ТӨХК-ны цахилгааны байцаагч Баярт гэдэг хүнээр стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан 3 фазын ЭТ53 маркын №150903002764 тоот тоолуурыг 59 лацаар битүүмжлүүлж Д.Э өөрөө худалдан авч тавиулсан байдаг. Ингээд гэрээний дагуу төлбөрөө хий хэмээн шаардахад 2018.08.01-нд манай эхнэр Энхмаагийн ХААН банкны дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш төлбөр хийгээгүй. Удаа дараа залгахад Эрдэнэтэд байхгүй, Баянхонгор аймагт Алтны уурхайд ажиллаж байна, удахгүй очно гэсээр 2019 он гарсан. 2019 оны 2 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 2 удаа согтуу манай ажлын гадаа ирж уулзан ойлгомжгүй зүйл ярьж байгаад явсны дараа би ер нь сайн уулзаж ярилцъя гээд дахин дахин утсаар шаардаж байгаад Д.Эаас түлхүүр, удирдлага авчрахыг гуйж эхнэр Энхмаагийн хамт 5 дугаар  сарын эхээр очиж үзэхэд ор дэвсгэр, буйдан, сандал ширээ эд хогшлууд байсан. Подваль руу ороход цэвэр усны даралтат сав, халуун усны бойлор, шугам хоолойнууд хагарсан, хана шал нь нойтон, хөгцөрсөн байдал үүссэн байсан. Ийм болсон болохоор нь би Эад "чи сууцыг өөрийн эзэмшилдээ оруулж авчихаад түлхүүр удирдлага нь байхад ийм байдалтай болгодог нь яаж байгаа юм бэ" гэхэд маш их уурлаж шүүхдээ хандана биз, надад гэрээ хамаагүй, миний 20 сая төгрөгийг хүүтэй нь өг тэгвэл би түлхүүрийг чинь буцааж өгөөд наймаа буцна хэмээн маргаж түлхүүрээ өгөхгүй явсан. Зун болж хөлдсөн бойлорын ус гэс ч /ойролцоогоор 0,5 тн ус хөлдөөд хайлж байсан/ подвалаа их усанд автуулахгүйн тулд аргагүйн эрхэнд УБ хотоос сантехникийн мэргэжлийн хүмүүсээ дуудан, Д.Эад аргагүй учраа тайлбарлан утсаар 2 удаа ярьж мессеж бичихэд Д.Э нь согтуу байсан, өөрийн эрэгтэй дүүгээрээ түлхүүр өгч явуулсан байсан./2019-06-14/

Бид дүүгийн нь хамт байшингаа онгойлгож үзэхэд подваль усанд автсан, халуун усны бойлер, цэвэр усны даралтат 300-ийн сав задарсан, мөс нь хайлмагтаж сантехникийн хоолойнууд задарсан байсныг хараад яаж байгаа юм бэ ийм сайхан юмыг ийм болгох гэж гайхаж байсан. Дүүтэй нь хамт байшингийн 1, 2 давхрын сантехникийн хоолойнуудыг шалгахаар ороход Д.Эын ор дэвсгэр, эд хогшил дүмпэн сав нь байсан. Ингээд дүү нь гэрийн түлхүүрээ авч техникийн өрөөний түлхүүр /удирдлага/-ыг засвар хийнэ гэж гуйж авч үлдсэн. Бид 2-ын хооронд Булган аймаг Орхон сумын 2 дугаар баг Армэргэнд баригдсан 230 м.кв талбай бүхий амины орон сууцыг 280 сая төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг тохирч, бичгээр гэрээ хэлцлийг хийж, уг хэлцлийн дагуу Д.Э үнийг төлөхөөс өмнө сууцыг өөрийн эзэмшилд авсан. /2018 он 6-р сараас 2019 он 10-р сар хүртэл/

Иймээс төлбөрийг хувааж төлөх үүргийн дагуу 2 удаа 10, 10 саяар нийт 20 сая төгрөг төлсөн байсан юм. Төлбөр төлөгдсөний дараа гэрээг зохих газар бүртгүүлж өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон юм. Д.Эын бичээд байгаа шиг авах гэж байгаа сууцаа үзэж харахгүйгээр хүнд 20 сая төгрөг өгнө гэдэг нь ямар ч хүнд ойлгомжгүй худал ярьж буй нь тодорхой байна. Энэ маргаантай асуудлаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандахад эвлэрүүлэн зуучлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүртэл хуулийн зөвлөгөө өгсөн. Худгаа Д.Э өөрөө гаргана гэж ярьснаа мартан бүр эсрэг юм бичсэнээ энэ хүн ойлгож байгаа юм болов уу. Мөн шүүхэд хандах хүртэл /2019 оны 09-р сарын 01 өдөр/ Д.Эрдэнбатын эд хогшил нь дээрх байшинд байсныг бид фото зургаар баталгаажуулж авсан.

Иймд харин Д.Э нь өөрөө худалдан авна гэчихээд үүргээ биелүүлэхгүй буюу төлбөрөө төлж чадахгүй, байшинг эзэмших, ашиглах хугацаандаа харж хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан тул би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ гэжээ. 

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2018 оны 06 дугаар сард Х.Бтой Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Ар мэргэнд байрлах амины орон сууцыг худалдан авах тухай асуудал ярьсан. Ингэхдээ тухайн сууцыг 280 000 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд гэрээ байгуулж байшингаа хүлээлцэн гэрчилгээнүүдээ авчирч өгөхөөр тохиролцсон. Тэрээр тухайн үед гаргасан худаг нь ажилладаггүй тул дахин худаг гаргаж өгч байж орно гэдэг асуудал ярьсан. Гэвч гэрээ гэж өөрөө нэг зүйл бичиж авчираад гэрчилгээ ч байхгүй, түлхүүр ч байхгүй байшингаа ч хүлээлцэлгүй мөнгөний хэрэг болоод байна гадагшаа явах гээд байна гэхээр нь би байсан 10 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд гадаад явах болсон тул ирээд бусад юмаа авч өгөлцье гэсэн. Мөн худгаа гаргаж өгнө тэгж байж байшиндаа орж гэрээгээ албан ёсоор хийхээр тохиролцон 10 000 000 төгрөг өгөөд авчирсан гэрээн дээр нь 10 000 000 төгрөг өгсөнөө тэмдэглээд л явуулсан. Маргааш нь гадаад явна ахад түлхүүрээ өгчихье гэсэн. 3 хоногийн дараа ах нь 1 ширхэг түлхүүр, гараашийн түлхүүрийн хамт авчирч өгсөн. Тэгээд хэсэг чимээгүй байснаа дахиад утсаар яриад мөнгөний хэрэг болоод хэд ч хамаагүй мөнгө хэрэгтэй байна гэсэн. Би харин хариуд нь хэзээ худгаа гаргаад хэзээ байшиндаа орох юм бэ гэхэд хүлээж бай тун удахгүй л гэсэн. Тэгээд за яахав нэгэнт орохоос хойш гэж бодоод хүссэн ёсоор нь 10 сая төгрөг шилжүүлж өгсөн. Харин та байшин саваа хүлээлгэж өгөөд худгаа гаргаад өг л дөө гэсэн. Тэгнэ хотоос удахгүй хүмүүс ирж худаг гаргаж өгнө гэсээр өвөл болсон. Худаг байхгүй тул тэр байшинд бид орж чадахгүй байсаар хавар болсон. Сүүлдээ утсаа ч авахаа байсан. Иймээс би ер нь больё гээд 2019 оны 4 сард ажил дээр нь очиж уулзаад танай байшинд орж чадалгүй жил боллоо, миний 20 сая төгрөгийг та жил хэрэглэлээ таны худаг ч алга иймээс ер нь танай байшинг авахаа болъё би мөнгөө буцааж авъя та түлхүүрээ ав гэж хэлсэн. Гэтэл надад бойлуурын зарим нэг зүйл хөлдсөн байгаа. Чиний мөнгийг өгөхгүй харин чи мөнгө нэмж өг гэсэн зүйл ярьсан. Мөн түлхүүрээ өг гэсэн. Би албан ёсоор гэрээ хийж байшингаа өгч авалцаагүй, ямар нэгэн зүйл хүлээж аваагүй, байшинд орж амьдраагүй учраас мэдэхгүй гэдгээ хэлсэн. Миний тухайд байшингаа хүлээлцээд, худгаа гаргаад орж амьдрах бүрэн бололцоотой болсон үедээ гэрээгээ албан ёсоор нь хийгээд мөнгөө өгч авалцана гэж бодож л өдий хүрсэн. Харин тэд байшингаа эзэмшсээр байгаа нь илт байна. Яагаад гэвэл надад 1 ш түлхүүр л өгсөн. Ямар ч хаалга 4-6 түлхүүртэй байдаг. Тэгэхээр тэд өөрсдөө тэдгээр түлхүүрээр орж байшингаа эзэмшдэг болох нь харагдаж байна. Нэгэнт түлхүүрээ авна байшингаа өгөхгүй гэж байгаа бол 20 сая төгрөгөө буцааж аваад түлхүүрийг нь өгөхөд татгалзах зүйлгүй. Түүний нэхэмжлэлдээ дурдсан тухайн орон сууцыг шилжүүлж эзэмшил ашиглалтад өгсөн гэдэг нь худлаа. Тэд харин хэлсэн ярьсандаа хүрэлгүй хүний мөнгө авчихаад байшингаа хүлээлгэж өгч худгаа ч гаргаж өгөхгүй хэл сураггүй алга болчихоод одоо болохоор мөнгийг маань жил гаран хэрэглэчихээд худал зүйл бичиж байгаад гайхаж байна. Мөнгийг маань өгөхгүй бол сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Би Х.Бтой 2018 оны 06 дугаар сард Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Ар мэргэнд байрлах 230м2 бүхий амины орон сууцыг 280 000 000 /хоёр зуун наян сая/ төгрөгөөр худалдан авахаар тохирсон бөгөөд гэрээр гаргасан худаг нь ажилладаггүй, дахин худаг гаргаж өгнө гэсэн. Х.Б тухайн үед гэрээ гэх зүйл бичиж авчраад гэрчилгээ ч байхгүй, түлхүүр ч байхгүй, байшингаа хүлээлцээгүй мөртлөө мөнгөний хэрэг болоод байна гадагшаа явах гээд байна гэхээр нь 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гадаад явж ирээд бусад зүйлээ авч өгөлцье мөн худгаа гаргаж өгье гэсэн. 3 хоногийн дараа ах нь гэх хүн ганц ширхэг түлхүүр авчирч өгсөн. Үүнээс хойш хэсэг чимээгүй байснаа дахиад утсаар яриад Мөнгөний хэрэг болоод байна. Хэд ч хамаагүй мөнгө хэрэгтэй байна гэсэн бөгөөд би хариуд нь хэзээ худгаа гаргаж өгөх вэ. Би хэзээ байшиндаа орох вэ гэж асуухад, тун удахгүй, түр хүлээж бай гэхээр нь нэгэнт орох юм чинь гэж бодоод 10 000 000 төгрөгийг түүний эхнэрийн дансанд шилжүүлсэн. Харин та байшингаа албан ёсоор хүлээлгэж өгөөд, худгаа гаргаад өг л дөө гэсэн. Хариуд нь тэгнэ. Хотоос хүмүүс ирж худаг гаргаж өгнө гэсээр өвөл болсон. Худаг байхгүй, ус байхгүй тул тэр байшинд орж чадахгүй байсаар хавартай золгосон. Сүүлдээ утсаа ч авахаа байсан. Иймээс би ер нь больё гээд 2019 оны 4 сард ажил дээр нь очоод Танай байшинд орж чадалгүй жил боллоо. Миний өгсөн 20 000 000 төгрөгийг та жил хэрэглэлээ. Таны худаг ч алга. Иймээс ер нь танай байшинг авахаа больё. Би мөнгөө буцааж авъя. Та түлхүүрээ ав гэж хэлсэн. Гэтэл надад бойлуурын зарим нэг зүйл хөлдсөн. Чиний мөнгийг өгөхгүй. Харин чи надад мөнгө нэмж өг. Мөн түлхүүр өг гэж хэлсэн. Би, та надад албан ёсоор түлхүүрээ хүлээлгэж өгөөгүй. Байшингаа ч хүлээлгэж өгөөгүй. Байшинд орж амьдраагүй учир бусад зүйлийг чинь мэдэхгүй гэдгээ хэлсэн. Нэхэмжлэлд дурдсанаар тухайн орон сууцыг миний эзэмшил ашиглалтад шилжүүлсэн гэдэг нь худлаа. Тэр хөлдсөн хагарсан гээд байгаа бойлуур нь урьд нь хөлдсөн байсан юм уу, хэзээ хөлдөж хагарсныг би мэдэхгүй. Дээр нь халаалт нь бүрэн автомат гэж л сонссоноос яаж асааж унтраадаг, хаана нь ямар товч дардаг, яаж тохируулдаг талаар хэн ч надад зааж өгөөгүй. Хүлээлгэж өгөөгүй тул энэ талаар би мэдэхгүй. Иймээс энэ асуудал нь надад хамааралгүй гэж би үзэж байгаа. Уг орон сууцанд би очиж нэг ч удаа хонож үзээгүй. Усгүй газар яаж амьдрах билээ. Хулгай болон янз бүрийн юм болох вий гэж 3 удаа л очсон. Эд хогшлоо аваачиж нүүж орсон гэдэг нь худлаа.Тэнд манай нэг ч ширхэг халбага, сэрээ, аяга, таваг байхгүй. 2018 оны 5 сард намайг гэр бүлтэйгээ очиж орон сууцны инженерийн шугам, цэвэр болон бохир ус халаалт, орон сууцны ашиглалтын байдал, барилгын хийцтэй танилцан заалгаж авсан гэдэг мөн л худлаа. Заалгаж авсан, албан ёсоор хүлээн авсан бол өнөөдөр юунд ийм маргаан дэгдэх билээ. Энэ байшингийн мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ч надад өгөөгүй, шилжүүлээгүйгээр миний 20 000 000 төгрөгийг авсан тул түүнээс гаргуулан авахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Х.Боос миний 20 000 000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.   

Хариуцагч Д.Э нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч бөгөөд сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Х.Бийн тус шүүхэд хандаж гаргасан нэмэлт хариу тайлбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад өөрийн өмнөх өгсөн тайлбар, гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж дараах хариу тайлбарыг нэмж гаргаж байна. Үүнд:

1. Тэрээр 2019 оны 10-р сарын 19-ны өдөр гаргасан тайлбартаа 2018 оны 05 сарын 31-ний өдөр Армэргэнд байрлах маргаан бүхий байшинг намайг очиж үзсэн, халаалт болон бусад зүйлийг ямар зарчмаар яаж ажилладаг талаар тайлбарлан өгсөн, худаг гаргасан зардлаа хасаж тооцъё. Харин би худгийн мотор, труба, троссоор туслахаар тохирсон. Яаж халдаг, яаж ажилладаг, бохирын шугам, цахилгаан, байшингийн хийц, Польш инженер, барилгачид барьсан гэсэн ойлголтуудыг өгсөн гэх зэргээр үндэслэлгүй, гүтгэлэгийн чанартай тайлбарыг бичиж өгчээ. Энэ талаар болон анхны өгсөн нэхэмжлэлд тайлбар өгөхдөө, мөн сөрөг нэхэмжлэлийг гаргахдаа тодорхой тайлбарыг би өгсөн билээ. Мөн түүнчлэн 2018 он 08 сарын 01-ний өдөр намайг 3 фазын тоолуур тавиулсан гэж мөн л гүтгэлэгийн чанартай зүйлийг бичсэн байна. Энэ яриад байгаа тоолуурын талаар би юу ч мэдэхгүй. Миний хувьд түүнд итгэж тэнд амьдрах бололцоотой болов уу гэсэн үүднээс зарим нэг эд зүйлээ аваачсанаас биш очиж амьдарч чадаагүй. Энэ нь түүний хариуцлагаас шалтгаалсан. Тэнд манай нэг ч ширхэг аяга, таваг, халбага байхгүй болно. Подваль усанд автсан, халуун усны бойлер, цэвэр усны даралтат 300-ийн сав задарсан.сантехникийн хоолойнууд задарсан гэдэгт бол надад буруу байхгүй. Тэрээр өөрөө надаас мөнгө авчихаад сураггүй алга болсноороо буруутай гэж би үзэж байгаа. Тэрээр мөн надад эзэмших эрхийн гэрчилгээг ч албан ёсоор шилжүүлэн өгөөгүй болно.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухайд тоног төхөөрөмж, бараануудын үнэ болох 9 844 100 төгрөг, ажлын хөлс 3 900 000 төгрөг, бараа тээврийн үнэ 350 000 төгрөг, зочид буудлын хөлс 400 000 төгрөг, хоол хүнс 700 000 төгрөг, элэгдэл хорогдол 9 911 000 төгрөг нийт 25 105 100 төгрөг нэхэмжилж байгаа нь мөн л үндэслэлгүй бөгөөд миний буюу надаас авсан 20 000 000 сая төгрөгийг өгөхгүй гэсэндээ үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа гэж би үзэж байгаа. Эцэст нь хэлэхэд үнэ цэнэтэй, үнэлгээ өндөр бүхий үл хөдлөх хөрөнгийг зарах гэрээ хийчихээд албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, шинж чанар, онцлог байдал, чанар стандартын талаар ямар нэгэн ойлголтыг өгөөгүй мөртлөө шүүх хуулийн байгууллагаар хүний мөнгийг өгөхгүй гэсний үүднээс зарга хийж яваад нь харамсаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б нь амины орон сууцны түлхүүр гаргуулах, гэм хорын хохирол 25 105 100 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Д.Э нь 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Булган аймаг Орхон сумын 2 дугаар  баг Ар мэргэнд байрлах 230 м.кв талбай бүхий амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч Д.Э нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөгийг тус тус Х.Бид төлжээ.  

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.   

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон амины орон сууц нь 2016 онд ашиглалтанд орсон болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

   Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана, мөн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж тус тус заасан.

Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлэн, хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангах учиртай.

Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байх тул 56.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ...хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь худалдан авагчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, мөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, газрын гэрчилгээ зэргийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээгүй  байна.

            Нэхэмжлэгч худалдсан амины орон сууцныхаа худгийг /усыг/ шаардлага хангуулан худалдан авагч Д.Эад засаж өгнө гэсэн боловч худаг ашиглалтад ороогүй тул тэнд очиж амьдрах боломж бүрдээгүй байх ба, нэхэмжлэгч нь Д.Эыг амины орон сууцандаа амьдарсан гэдгийг нотлоогүй гэж үзнэ.

            Хэдийгээр талуудын хооронд тухайн үед амины орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл сонирхол байсан ч, одоогоор хэн аль нь уг орон сууцыг худалдах, худалдан авах хүсэлгүй, өөрөөр хэлбэл наймаагаа буцахаар тохирчээ.    

Тиймээс Д.Эын амины орон сууцны үнэд төлсөн 20 000 000 төгрөгийг А.Б буцаан өгөх, харин Д.Э нь амины орон сууцны түлхүүрийн буцаан өгөх үүрэг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 25 105 100 төгрөг гаргуулах тухайд: ...Нэхэмжлэгч нь Д.Эыг амины орон сууцны халаалтыг ажиллуулаагүйгээс болж цэвэр усны даралтат сав, халуун усны бойлор, шугам хоолойнуудыг хөлдөөн хохирол учруулсан тул би өөрөөсөө зардал гарган шинээр тавиулж, засуулж сольсон гэж байгаа боловч хариуцагч дээрх амины орон сууцанд гэр бүлийн хамт амьдраагүй, энэ талаар надад өмнө нь сануулж хэлж байгаагүй, би нэг ч удаа усыг нь татаж үзээгүй, надад халаалт ажиллуулах шаардлага байхгүй байсан, халаалтыг хэрхэн ажиллуулах болон халаалттай холбоотой ямар нэгэн зүйл яригдаагүй гэж тайлбарласан.

Х.Б нь гадаад явахдаа мөнгөний хэрэг болоод байна гэж 10,0 сая төгрөг хариуцагчаас авахдаа ахдаа амины орон сууцныхаа түлхүүрийг орхисон байх ба ах нь түлхүүрийг Д.Эад дамжуулан өгсөн болох нь нотлогдож байна.

Хэдийгээр амины орон сууцны түлхүүр Д.Эад ирсэн ч, хариуцагчид тухайн сууцны халаалт бусад ажиллах дүрэм журмыг албан ёсоор тайлбарлаж, зааж өгөөгүй учир түүнийг ажиллуулах горимыг мэдэхгүй гэдэг нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар мөн хариуцагчид сануулж хэлж байгаагүй нь өөрийнх нь буруутай эс үйлдэлтэй холбоотой гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь сууцны халаалт ажиллах горим, дүрэм журмыг албан ёсоор зааж тайлбарлаж өгөөгүй, албан ёсны заавар зөвлөмж, бичиг баримтыг нь шилжүүлж өгөөгүй,  мөн халаалтыг ажиллуулаагүй тохиолдолд хөлдөж болзошгүй гэдгийг хэлээгүй, сануулаагүй зэрэг нь хохирол гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хүргэжээ.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан Д.Эаас сольсон материалуудын үнэ 9 744 100 төгрөг, ажлын хөлс 3 900 000 төгрөгийн хохирлын 30 хувь буюу /9 744 100+3 900 000/ 4 093 230 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин тээврийн хөлс 350 000 төгрөг, зочид буудлын хөлс 400 000 төгрөг, хоол хүнс 700 000 төгрөг, байшингийн элэгдэл хорогдол 9 911 000 төгрөг зэрэг нь гэм хорын хохирлоос учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.         

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: ...Д.Э нь Х.Боос өөрийн өгсөн 20,0 сая төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан.   

Х.Б, Д.Э нар нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Ар мэргэнд байрлах Х.Бийн амины орон сууцыг худалдах, худалдан авах талаар ярилцаж, тухайн үед Х.Бямбадожийн гэр бүлийнхэн уг сууцыг Д.Эын гэр бүлийнхэнд үзүүлж харуулсан байх ба, гүний худаг нь ундарга муутай байгаа, худгийг янзлах талаар зохигчид ярилцсан боловч 180 метрийн гүнээс ус гарна гэсэн гэдгийг Д.Э Х.Бид хэлж, өөрөө засаж чадахгүй гэдгээ хэлэхэд, Улаанбаатараас хүмүүс авчирч янзлуулна, арваад сая төгрөг хэрэг болох байх чи мөнгөө бэлдэж байгаарай гэж Х.Б хэлсэн байна. Ингээд Д.Э нь Х.Бийн гуйсны дагуу 20,0 сая төгрөгийг түүнд өгсөн болох нь нотлогддог.  

Сууцны ус засагдаагүй учир Д.Э уг амины орон сууцанд амьдрах боломжгүй болсон байх ба, Х.Б ахаараа дамжуулж түүнд сууцны түлхүүрийг өгүүлсэн байна. Түлхүүр Д.Эад байх явцад Х.Бийн амины орон сууцны халаалт хөлдөж 25 105 100 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэж нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг дээр дүгнэж шийдвэрлэсэн.  

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан Амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаах үр дагавар үүсэх тул хариуцагчийн 20,0 сая төгрөг гаргуулах шаардлага үндэслэлтэй байна.

Ингээд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг харилцан тооцоход үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4 123 230 төгрөгийг хангаж байгаа тул, энэ мөнгийг сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 20,0 сая төгрөгөөс хасаж Х.Боос 15 876 770 төгрөг гаргуулан Д.Эад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20 981 870 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.      

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 001 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас 80 922 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бид, нэхэмжлэгч Х.Боос 257 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Эад олгохоор заав. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 497 дугаар зүйлийн 497.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Эаас Булган аймаг Орхон сумын 2 дугаар баг Ар мэргэнд байрлах 230 м2 талбай бүхий амины орон сууцны түлхүүрийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бид, нэхэмжлэгч Х.Боос 15 876 770 төгрөг гаргуулан хариуцагч Д.Эад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20 981 870 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 354 001 төгрөг, хариуцагчийн 257 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эаас 80 922 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бид, нэхэмжлэгч Х.Боос 257 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.Эад олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА

 

                 ШҮҮГЧИД                                       Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                         Р.ҮҮРИЙНТУЯА