| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2020/00195/и |
| Дугаар | 79 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 79
Б.Эгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Ц.С-д холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00506 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Эгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.С-д холбогдох,
“Гэм хорын хохирол 545.800 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,
Хариуцагч Ц.С-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Б.Э нь хүү Мөнхтэнгэрийн асран хамгаалагч эцэг нь юм. Хүү Мөнхтэнгэрийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-27 дугаар байрны урдах зам дээр Тоёота Х маркийн 63-62 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.С- нь дайрч маш хүндээр гэмтээсэн юм. Иймд эмчилгээний зардал болох 545.800 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ц.С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Ц.С- нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 303 тоот шийтгэх тогтоолоор хүү Э.Мөнхтэнгэрийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн. Тухайн хэргийг шийдвэрлэхэд хохирол гэх ямар ч баримтыг харгалзан үзэлгүй нэхэмжилсэн гэх 3.650.000 төгрөгийг төлж байсан. Мөн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00991 дүгээр шийдвэрээр 626.618 төгрөг төлөхөөр шийдвэрлэхэд мөн төлсөн. Энэ удаагийн нэхэмжлэлийн шаардлагыг би зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч хүүгийн нүдийг би гэмтээгээгүй бөгөөд нүдний ухархайг гэмтээсэн гэмтэл гаргаагүй. Тухайн үед шинжээчийн 546 дугаартай дүгнэлтээр тархины зүүн чамархай болон суурь ясны зөрүүгүй цууралт, нүүрэнд зулгаралт зэрэг гэмтэл үүссэн хүү Э.Мөнхтэнгэрийн биед хийсэн бүх үзлэг шинжилгээний баримтуудыг би төлж байсан нь үнэн. Энэ нь гэмтэлтэй холбоотой, холбоогүй бүх шинжилгээний баримтуудыг тухайн үед төлж байсан. Намайг болон гэр бүлийг маань удаа дараа дарамталж байсан ба гадуур намайг элдвээр хэлж байгаа талаар сонсдог ч тухайн хүүхэд эрүүл саруул, бусадтай тоглон инээж гүйж явааг хараад би их баярлаж яваа билээ. Анх хэрэг учрал болоход намайг дангаар буруутгахад би юм хэлээгүй. Учир нь би хүүхдийг гэмтээсэнд өөрийгөө буруутай гэж үзэж байсан учраас элдэв юм хэлж ярьж яваагүй. Тухайн үед 5 настай хүүхэд бөмбөг хөөгөөд тоглож явсан бөгөөд хөдөлгөөнд ороод явж байгаа машины урдуур буюу зам руу гүйж орж ирээд миний бие машины зогсоох бүх арга хэмжээг авсан боловч түүнийг мөргөж гэмтлийг учруулсан. Хөдөлгөөнд орж яваа машины зам руу ямар ч хараа хяналтгүй замын хөдөлгөөний талаар огт мэддэггүй 5 настай хүүхэд гэнэт бөмбөг хөөгөөд гүйж орж ирэхэд насанд хүрсэн томчууд бид бүгдээрээ буруутай гэж үзэж байгаа. 5 настай хүүхдийг харгалзах хүнгүй зам руу гүйж орж ирсэнд би буруугүй, харин гүйж орж ирсэн хүүхдийг харж, авто машиныг зогсоох арга хэмжээг хуулийн дагуу авах үүргээ жолооч хангалттай биелүүлээгүй нь миний буруу юм. Эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхүүд зөв шийдвэрлэсэн гэж үзсэн учир би гомдоогүй, төлбөрийг бүрэн барагдуулсан. Надаас анх 30 гаруй сая төгрөгийг амаар хэлж нэхэмжилж байсан. Би их хэмжээний төлбөр төлөх боломжгүй бөгөөд би ажил хийдэггүй, тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг. Мөн би хүнд өвчнөөр удаан хугацаанд өвдөж эмнэлгийн байнгын хяналтанд байгаа ганц хүүтэй учир хохирогч хүүд маш их сэтгэл зовж байсан. Харин одоо хохирогч хүүхэд эрүүл саруул болсон хичээлдээ яваад гадаа тоглож наадаад гүйж харайгаад явж байгаатай би зөндөө таарсан. Тэр болгонд би баярлаж явдаг. Гэтэл эцэг эх нь таарах болгондоо байнга мөнгө нэхэж байдаг. Энэ бүхэн хуулийн дагуу байгаасай гэж би хүсч байна. Хохирогч хүүгийн нүдийг би гэмтээгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00506 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4., 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Ц.С-гоос 505 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 15.824 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.С- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхээс эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогч хүүгийн нүдийг би гэмтээгээгүй бөгөөд нүдний ухархайг гэмтээсэн гэмтэл тогтоогдоогүй. Тухайн үед шинжээчийн 546 дугаартай дүгнэлтээр тархины зүүн чамархай болон суурь ясны зөрүүгүй цууралт, нүүрэнд зулгаралт зэрэг гэмтэл үүссэн бөгөөд хүүгийн нүдийг хялар болгоогүй. Нүдний хялар засах хагалгааны зардал түүнтэй холбогдон гарсан гэх зардлыг би төлөх үндэслэлгүй. Гэмтлийн улмаас нүд хялар болсон гэх байдал тогтоогдоогүй. Учир нь хэрэг урал болохоос өмнө буюу 2014 онд хүүгийн нүд үе үе хялар харж байсан эмнэлэгт үзүүлж байсан гэх баримтыг нотлох баримтаар судлуулсан. Мөн ослын үед тухайн гэмтлээс болж нүд хялар болсон гэх байдал тогтоогдоогүй байхад эмчилгээний зардлыг гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Өмнө нь Эрүүгийн болон Иргэний шүүхүүд зөв шийдвэрлэсэн гэж үзэж би хохирлыг төлж байсан. Тиймээс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 506 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэсайхан гэм хорын хохирол 545.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.С- “... нийт 4.126.618 төгрөг төлсөн, шинжээчийн дүгнэлтээр тархины зүүн чамархай болон суурь ясны зөрүүгүй цууралт, нүүрэнд зулгаралт зэрэг гэмтэл үүссэн бөгөөд хүүгийн нүдийг хялар болгоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг би зөвшөөрөхгүй байна ...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
Хариуцагч Ц.С- “... хохирогч хүү Э.Мөнхтэнгэрийн хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтыг Улаанбаатар хотын Эх нялхасын үндэсний төвөөс гаргуулах ...” тухай хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Э.Мөнхтэнгэр хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Улаанбаатар хотын Эх нялхасын үндэсний төв эмнэлэгт даалгасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхээр зохигчоос гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн үед шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагаа бүрэн гүйцэт хэрэгжсэн эсэх тухайлбал захирамжийн дагуу ирсэн нотлох баримт хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж зөрчил дутагдалтай бол дахин шаардан гаргуулах ёстой.
Гэтэл энэхүү хэрэгт ирүүлсэн өвчний түүх бүхий /хүүхдийн, 17 хуудас/ нотлох баримтанд тухайн байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хаанаас, хэзээ ирсэн эсэх нь тодорхой бус хуулбар баримтуудыг шүүх хүлээн авч хэргийг шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Ц.С-гийн гаргасан “... нүдний хялар нь ослоос болоогүй, нүдний хялар засах хагалгааны зардал түүнтэй холбогдон гарсан гэх зардлыг би төлөх үндэслэлгүй ...” гэх давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2020/00506 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ц.С-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.824 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
Б.ОЮУНЦЭЦЭГ