Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2020/00506

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч: *******,*******,*******,*******

Хариуцагч: Орхон аймагБаян-Өндөр сум,*******,*******,******* холбогдох

Гэм хорын хохирол 545 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь хүү асран хамгаалагч эцэг нь юм. Хүү 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн*******ын*******ийн 4-27 дугаар байрны урдах зам дээр Тоёота Х маркийн 63-62 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь дайрч маш хүндээр гэмтээсэн юм. Иймд эмчилгээний зардал болох 545 800 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие  нь ******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 303 тоот шийтгэх тогтоолоор хүү биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн. Тухайн хэргийг шийдвэрлэхэд хохирол гэх ямар ч баримтыг харгалзан үзэлгүй нэхэмжилсэн гэх 3 650 000 төгрөгийг төлж байсан. Мөн ******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00991 дүгээр шийдвэрээр 626 618 төгрөг төлөхөөр шийдвэрлэхэд мөн төлсөн. Энэ удаагийн нэхэмжлэлийн шаардлагыг би зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч хүүгийн нүдийг би гэмтээгээгүй бөгөөд нүдний ухархайг гэмтээсэн гэмтэл гаргаагүй. Тухайн үед шинжээчийн 546 дугаартай дүгнэлтээр тархины зүүн чамархай болон суурь ясны зөрүүгүй цууралт, нүүрэнд зулгаралт зэрэг гэмтэл үүссэн хүү биед хийсэн бүх үзлэг шинжилгээний баримтуудыг би төлж байсан нь үнэн. Энэ нь гэмтэлтэй холбоотой, холбоогүй бүх шинжилгээний баримтуудыг тухайн үед төлж байсан. Намайг болон гэр бүлийг маань удаа дараа дарамталж байсан ба гадуур намайг элдвээр хэлж байгаа талаар сонсдог ч тухайн хүүхэд эрүүл саруул, бусадтай тоглон инээж гүйж явааг хараад би их баярлаж яваа билээ. Анх хэрэг учрал болоход намайг дангаар буруутгахад би юм хэлээгүй. Учир нь би хүүхдийг гэмтээсэнд өөрийгөө буруутай гэж үзэж байсан учраас элдэв юм хэлж ярьж яваагүй. Тухайн үед 5 настай хүүхэд бөмбөг хөөгөөд тоглож явсан бөгөөд хөдөлгөөнд ороод явж байгаа машины урдуур буюу зам руу гүйж орж ирээд миний бие машины зогсоох бүх арга хэмжээг авсан боловч түүнийг мөргөж гэмтлийг учруулсан. Хөдөлгөөнд орж яваа машины зам руу ямар ч хараа хяналтгүй замын хөдөлгөөний талаар огт мэддэггүй 5 настай хүүхэд гэнэт бөмбөг хөөгөөд гүйж орж ирэхэд насанд хүрсэн томчууд бид бүгдээрээ буруутай гэж үзэж байгаа. 5 настай хүүхдийг харгалзах хүнгүй зам руу гүйж орж ирсэнд би буруугүй, харин гүйж орж ирсэн хүүхдийг харж, авто машиныг зогсоох арга хэмжээг хуулийн дагуу авах үүргээ жолооч хангалттай биелүүлээгүй нь миний буруу юм. Эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүхүүд зөв шийдвэрлэсэн гэж үзсэн учир би гомдоогүй, төлбөрийг бүрэн барагдуулсан. Намайг хохирогч хүүг санаатай гэмтээсэн мэт ар гэрийнхэн нь үздэг бөгөөд би хохирогч хүүг зам дээр санаатай гаргаагүй. Гэтэл надруу байнга чи дайраа биздээ гэж ханддаг. Надаас анх 30 гаруй сая төгрөгийг амаар хэлж нэхэмжилж байсан. Би их хэмжээний төлбөр төлөх боломжгүй бөгөөд би ажил хийдэггүй, тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг. Мөн би хүнд өвчнөөр удаан хугацаанд өвдөж эмнэлгийн байнгын хяналтанд байгаа ганц хүүтэй учир хохирогч хүүд маш их сэтгэл зовж байсан. Харин одоо хохирогч хүүхэд эрүүл саруул болсон хичээлдээ яваад гадаа тоглож наадаад гүйж харайгаад явж байгаатай би зөндөө таарсан. Тэр болгонд би баярлаж явдаг. Гэтэл эцэг эх нь таарах болгондоо байнга мөнгө нэхэж байдаг. Энэ бүхэн хуулийн дагуу байгаасай гэж би хүсч байна. Хохирогч хүүгийн нүдийг би гэмтээгээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Мөнхтэнгэрийн хууль ёсны төлөөлөгч  нь хариуцагч д холбогдуулан гэм хорын хохирол 545 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбарын үндэслэлээ ...хохирогч хүүгийн нүдийг би гэмтээгээгүй, төлбөр төлөх боломжгүй бөгөөд би ажил хийдэггүй, тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг гэж тайлбарлан маргажээ.

******* дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч г 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр **************,*******,4-27 дугаар байрны урдах зам дээр Тоёота маркийн 63-62 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2, 16 дугаар бүлэг 16.1.5.30 дахь заалтуудыг зөрчиж явган зорчигч 5 настай хүү Э. мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх ба хариуцагч гэм буруугийн тухайд маргахгүй байгаа.

Мөн тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2018/00991 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч гоос 626 618 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 278 382 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч 545 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагагын үндэслэлээ ... хүүг гэмтээсний улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ...шинжээчийн дүгнэлтээр хүүгийн биед учирсан гэмтлүүдийг тодорхой дурьдсан.Үүнд нүдэнд гэмтэл учирсан гэж дүгнээгүй гэж маргаж байгаа.

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 546 дугаартай дүгнэлтэнд ... биед гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай болон суурь ясны зөрүүгүй хугарал, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, зөөлөн бүрхүүл дор цус харвалт, нүүр, их биеийн зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ....гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна...гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэжээ.

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн хүү Э.Мөнхтэнгэр нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 27 хүртэл 12 хоногийн хугацаанд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн зүүн нүдний хялар засах хагалгаанд орж эмчлүүлсэн, шинжилгээ хийлгэсэн, давтан үзлэгт орсон болох нь Амбулатороор эмчлүүлэгчийн карт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 21266 дугаартай өвчний түүх, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа.

биед үүссэн гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай болон суурь ясны зөрүүгүй хугарал, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, зөөлөн бүрхүүл дор цус харвалт зэрэг нь түүний зүүн нүдэнд үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл хариуцагч гийн гэм буруутай үйлдлийн улмаас биед гэм хор учирсан байна гэж үзэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй, 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан

Иймд дээрхи хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байх тул хариуцагчаас нотлох баримтаар тогтоогдож байгаа нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан замын зардал, шинжилгээ хийлгэсэн зардал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өрөөний төлбөр, өвчин намдаах лаа, эм авсан төлбөр нийт 505 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй замын зардал гэх 40 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 505 800 төгрөгт тохирох 15 824 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4., 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч гоос 505 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 15 824 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА

ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ