Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 81

 

Бийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Дид холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00548 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дид холбогдох,

“Нэр төр сэргээлгэх тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Бийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр FOREVER ALOE VERA сүлжээний газар ажилладаг Д эгчээс 600.000 төгрөг зээлж барьцаанд нь 2 айлын 2 ширхэг газрын гэрчилгээ тавьсан ба нэмж 1 ширхэг шингэн вок /31000 төгрөг/ зээлээр авсан. Зээллэх үед нэмэлт ямар ч мөнгө ярьж тохироогүй. Ломбардны хүүгээр бодно гэж тохирсон. Гэтэл Д нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш сүлжээний 2 дугаар сарын цалингаа аваагүй чамаас авна гэж нэмж 500.000 төгрөгийг шаардсан. Би зээлсэн мөнгө болох 600.000 төгрөг ба хүү болон вокны мөнгө гэж нийлээд 750.000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 03 минутанд 5090435155 тоот Хаан банкны Дийн данс руу шилжүүлсэн байтал 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 47 минутаас хойш фэйсбүүкийн Urtbulag Terguulegch, Urtbulag bag гэсэн 2 чат группд мөнгөө өгөхгүй залилаад байна, нөхөртэй чинь уулзана, шүүхдэнэ, нөхөртэйгээ хамт залилан хийдэг, луйварчин гэх мэтээр 70-80 хүнтэй олон нийтийн группд 2-3 өдөр бичиж доромжилж нэмэлт 500.000 төгрөг нэхээд дарамталсан. Тооцоо дууссан байхад 2 айлын гэрчилгээг маань барьцаалсанаа өгөхгүй нэмж мөнгөө нэхээд Цахим орчинд тарааж өдөр бүр тавьна гэж дарамтлан нэр хүндэд маань халдаж байна. Иймд сэтгэл санаа болон нэр хүнд маань маш ихээр унагааж, нөлөөлж байгаа тул иргэн Дид зохих арга хэмжээг нь авч гэр бүлийн минь нэр төрийг минь сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Д нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Бт 600.000 төгрөгийг зээлж өгсөн. Тухайн үед Б нь надаас мөнгө зээлэхдээ яаралтай мөнгө хэрэгтэй байна. Та миний амьдралыг мэддэг болохоор туслах л хэрэгтэй байна гэж гуйсаар байгаад аваад явсан шүү дээ. Би уул нь хүнээс орж ирсэн мөнгийг нь өөр юманд зарцуулах ёстой байтал яг хажууд нь хүн мөнгө авчирж өгсөн болохоор итгээд өөрийн охин шиг бодоод өрөвдөөд тусалсан юм. Тэгээд би сараар тооцож мөнгөө зээлүүлсэн байтал цагтаа өгөхгүй удаад байхаар нь утсаар ярихад утсаа авдаггүй, мессеж бичихээр хариу байхгүй, гэрт нь очихоор хаалгаа тайлдаггүй байсан бөгөөд аргаа бараад бухимдаад хэдэн үг бичсэн нь үнэн. Гэхдээ тэр хүн миний итгэлийг алдсан тул миний захиапга хийх ёстой хугацаа өнгөрөөд цалингаа ч авч чадахгүй байдалд орсон болно. Тийм байдалд орсныг Б сайн мэдэж байсан бөгөөд нөхөр Пүрэвдорж болон өөрөө хүртэл надруу хүлээн зөвшөөрч эгчээ энэ 7 хоногт “ок” гэсэн мессеж хүртэл бичиж байсан. Тэгээд хэрүүл маргаантай болж байгаад 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлээр авсан барааны хамт миний дансанд 750.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл мөнгийг минь эргүүлж төлөх сарын хугацаа өнгөрч 22 хоног илүүтэй байсны улмаас миний захиалга тасарч хоёр ч удаа цалингаа авч чадалгүй хохирсон юм. Би сар бүр багадаа 500.000 төгрөг дээд тал нь 1.280.000 орчим төгрөгний цалинтай хүн юм. Би ийм хэмжээний цалин авдаг хүн шүү гээд банкны хуулгаа үзүүлж байхад үл тоож намайг хохироосон. Намайг ямар ч байсан хохиролгүй болгож өгнө гээд байхаар нь итгэсэн байхад харин нь эсрэгээрээ намайг хэл амаар доромжилсон нэр төрд нь халдсан гэж шүүхэд өгсөн нь үндэслэлгүй байна. Би энэ хүүхний нэр төрд халдах зорилгогүй байсан хамгийн гол нь зээлсэн мөнгө цаг хугацаанд авчирж өгөөгүйн улмаас би уурлаж хэдэн үг бичсэн төдий. Тэр үгнээс улбаалж Б болон түүний нөхрийн нэр хүнд олон нийтэд унасан гэж үзэх боломжгүй. Үүнээс болж миний сэтгэл санаа маш их хямарч даралт харвах шахсан шүү дээ. Мөнгөө өгөхгүй мөртлөө намайг дарамталж доромжилж элдвээр хэлээд байсан хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө харин намайг шүүхэд хандаж байгаад нь маш их гомдолтой байна. Өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалдана гэдэг шиг л болж байна. Би тэр үед нь яах гэж туслав даа гэж бодож харамсаж байна. Би энэ хүний өмнө буруугүй гэж бодож байна. Нэр төрийг нь сэргээнэ гэдэг ойлголтыг энэ хүн өөрөө сайн мэдэхгүй байна. Хаалттай группт бичсэн төдий. Нэр төрийг унагаасан зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлага ч тодорхойгүй, гэр бүлээ төлөөлөх эрхгүй байна. Иймд Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00548 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-д заасныг баримтлан хариуцагч Дид холбогдох гэр бүлийн нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... хаалттай групп нь 5, 5 гишүүнтэй, мөнгөө өгөхгүй бол тийм зүйл болсон ...” гэж тайлбар гаргасаар байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 107 дугаар зүйлүүдэд заасны дагуу мэтгэлцэх эрхийнхээ хүрээнд гаргаж байгаа тайлбарыг мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2., 42 дугаар зүйлийн 42.1., 42.3.-т заасны дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байхад, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл иргэдийн төлөөлөгч Д.Оюунцэцэгийн тус шүүхийн тамгын газарт хандаж гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь шүүх Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Ингэснээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хэрэг хянан шиадвэрлэх ажиллагаа явагдсан байна. Тус шүүхийн шүүх бүрэлдэхүүний 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 56 дугаартай тогтоол нь тус шүүхийн шүүх бүрэлдэхүүний шийдвэрлэх хүсэлт мөн эсэх, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь мөн тодорхойгүй, тус шүүхийн тамгын газарт хандаж гаргасан иргэдийн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б “... Дид арга хэмжээ авч, гэр бүлийн нэр төр сэргээлгэх ...” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д “... надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байсан тул удаа дараа нэхэж байсан, нэр төрийг нь унагаасан зүйл байхгүй, энэ хүн гэр бүлээ төлөөлөх эрхгүй байна ...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс үүдэн хариуцагч Д Urtbulag Terguulegch, Urtbulag bag гэх нэртэй групп чатад “... мөнгөө өгөхгүй залилаад байна, нөхөртэй чинь уулзана, шүүхдэнэ, нөхөртэйгээ хамт залилан хийдэг, луйварчин ...” гэх мэдээлэл тавьсан тухай үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Бийн гаргасан нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус өөрөөр хэлбэл шүүхээс хариуцагч Дид ямар арга хэмжээ авах, хэний нэр хүндэд маш ихээр унасан, гэр бүлийн гишүүдэд хэн хэн орж байгаа, тэдний нэр төр хэрхэн гутаагдсан болох нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хариуцуулсан нь зөв байна.

Шүүх “... дээрхи мэдээлэл тавигдсан гэх Уртбулаг багийн тэргүүлэгчид болон багийн иргэдийн фэйсбүүк хуудсанд байгаа мэдээллийг хэд хичнээн хүн хэдийд хэрхэн яаж үзсэн, энэ мэдээллээс болж нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан талаарх нотлох баримт байхгүй, түүний гэр бүл нь хэн болох, гэр бүл гэдэгт хэн хамрагдах, хэний нэр төрийг сэргээлгэх нь тодорхой бус ...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасантай нийцсэн байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч Бийн “... хаалттай групп нь 5, 5 гишүүнтэй талаар тайлбар гаргасаар байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй ...” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Бийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ