Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/04781

 

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,   тоотод оршин суух Т овогт П Д /РД: /-гийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 хороо,   тоот хаяг байршилтай, “Д н” ХХК /РД: /-д холбогдох,

 

12,952,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч П.Д нь “Д н” ХХК-д холбогдуулан  12,952,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Би “Д н” нар ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Шадивлан зусланд 8х6 хэмжээтэй өвлийн байшинг 15-20 хоногийн дотор барьж дуусгаж хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу нийт 26,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч “Д н” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж барилгын ажлыг дуусгалгүй дутуу хаяж явсан. Иймд дуусгалгүй үлдсэн дотор засал чимэглэл болон ажлын хөлс, тээврийн хөлс бусад ажилд зориулагдах 12,952,500 төгрөгийг “Д н” ХХК-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага багасгасан. Үүнд: “...Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрээр 10,952,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.” гэжээ.

 

2. Хариуцагч “Д н” ХХК хариу тайлбартаа: “Д н” ХХК нь 2023 оны 02 сарын 18-нд П.Дтэй 8х6-ын харьцаатай палкан байшин барих гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар 26,000,000 төгрөг төлсөн. Барилгын явц 90 хувьтай буюу зөвхөн доторлогоо, заслын ажил дутуу байгаа. П.Дгийн нэхэмжилж байгаа 12,952,500 төгрөгийг манай компани төлөхгүй болно. ...Гэрээнд заасан байшинг барихад дутуу үлдсэн материалын болон ажлын хөлсийг шинжээчийн дүгнэлтээр 8,570,200 төгрөгөөр тогтоосон ба үүнээс тодорхойгүй бусад зардал, элс цементийн зардалд нийт 515,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, мөн гэрээнд заасан үнээс 2,000,000 төгрөг төлөгдөөгүй байгааг хасаад үлдэх төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна.” гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/, Д н ХХК-ийн Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ /хэргийн 3 дугаар тал/, Нэхэмжлэлд хавсаргасан баримтын жагсаалт /хэргийн 4 дүгээр тал/, Д н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5 дугаар тал/, 0089 дугаар итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/, Д Ч иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 7 дугаар тал/, Ч.М, Б.Ө нарын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 8 дугаар тал/, Хаан банк шилжүүлгийн мэдээллийн баримт /хэргийн 9,11 дүгээр тал/, Голомт банк орлогын мэдүүлгийн баримт /хэргийн 10 дугаар тал/, Зураг /хэргийн 12-14 дүгээр тал/, Голден ийгл стар ХХК-ийн үнийн санал /хэргийн 27 дугаар тал/, Барилга хот байгуулалтын яам тусгай зөвшөөрөл /хэргийн 28 дугаар тал/, “”Г и с ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 29-30 дугаар тал/, Ажил үйлчилгээний төрөл /хэргийн 31 дүгээр тал/, Иргэн П.Дгийн амины орон сууцны дотор заслын ажлын төсөв /хэргийн 32-40 дүгээр тал/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Д н ХХК итгэмжлэл /хэргийн 19 дүгээр тал/, Д н ХХК хариу тайлбар /хэргийн 24 дүгээр тал/, Д н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 25 дугаар тал/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Шинжээчийн дүгнэлт /хэргийн 87-115/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч П.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...“Д н” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж барилгын ажлыг дуусгалгүй дутуу хаяж явсан. Иймд дуусгалгүй үлдсэн дотор засал болон ажлын хөлс, тээврийн хөлс бусад ажилд зориулагдах 12,952,500 төгрөгийг “Д н” ХХК-аас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 2,000,000 төгрөгөөр багасгаж, 10,952,500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.” гэжээ.

 

3. Хариуцагч “Д н” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Байшинг барихад дутуу үлдсэн материалын болон ажлын хөлсийг шинжээчийн дүгнэлтээр 8,570,200 төгрөгөөр тогтоосон ба үүнд бусад зардал, элс цементийн зардалд нийт 515,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь  элс, цементийг нэхэмжлэгч хариуцахаар гэрээгээр тохиролцсон мөн гэрээнд заасан үнээс 2,000,000 төгрөг төлөгдөөгүй байгааг хасаад үлдэх төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна.” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч П.Д нь 2023 оны 02 сарын 18-ны өдөр 182 тоот “Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ”-г хариуцагч “Д н” ХХК-тай байгуулж, хариуцагч “Д н” ХХК нь 8х6 хэмжээтэй мансардгүй палкан байшингийн хана, шал, тааз, шувуун болон дан нуруу дээврийн төмөр 3-ын банзан дээвэр, лампиран тааз, паркетан шал, обой, 5 вакум цонх, 3 ш модон хаалга, бүргэд хаалга, дээврийг дулаалгын шилэн хөвөн тугалгатай шилэн цаасаар дулаална, дотор талыг шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж шохойтой цаас хадаж, обой нааж, 2-н банзан 4х2 хэмжээтэй тамбарыг барьж, барилгын материал буусан өдрөөс хойш 15-20 хоногийн хугацаанд ажлын үр дүн буюу байшинг барьж дуусган түлхүүрийг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч П.Д нь хундам цутгах цемент 20 уут, элс, хайрга болон ажилчдын байр, хоолыг хариуцах, мөн гэрээнд заасан ажлын хөлсөнд 28,000,000 төгрөгийг хуваарийн дагуу гэрээ байгуулсан өдөр 6,000,000 төгрөг, 2023.06.20-ны өдөр 18,000,000 төгрөг, түлхүүр гадуулах үед үлдэгдэл 2,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /хх-3/

 

4.2 Нэхэмжлэгч дээрх төлбөрийг гэрээ байгуулагдсан 2023 оны 02 сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 6 сарын 14-ний өдөр 18,000,000 төгрөг, 2023 оны 6 сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөг нийт 26,000,000 төгрөгийг хариуцагч “Д н” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-9-11/

 

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. 

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

6. Талуудын маргааны зүйл нь 8х6 хэмжээтэй байшинг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгчээс захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн эсэх байна.

 

7. Хариуцагч “Д н” ХХК нь ажлын хөлсийг хүлээн авсан боловч гэрээнд заасан ажлын үр дүн буюу барилгын барьж түлхүүрийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй болох нь барилгын ажлыг дутуу гүйцэтгэж доторлогоо, заслын ажил дутуу... гэх хариу тайлбараар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан.

 

Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч “Д н” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

8. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрсөн бол энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

9. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд  “...8х6 м хэмжээтэй барилгын дээврийн дулаалга, паркет шал, дотор хана шилэн хөвөнгөөр дулаалж гипсэн хавтангаар бүрж обой наах, ханан пийшин, 4х2 м хэмжээтэй дотор өрөө гаргах, лампиран тааз, 2 ширхэг хаалга, 3 ширхэг цоож, 5 ширхэг цонхны тавцан амалгаа, гадна модон довжоо, дотор засал гэх мэт ажлыг хийж гүйцэтгээгүй, гэрээнд заасан дутуу ажлыг хийж гүйцэтгэхэд материалын зардалд 5,638,200 төгрөг, ажлын хөлсний зардалд 2,932,000 төгрөг нийт материалын болон ажлын хөлсний зардалд 8,570,200 төгрөгийг болохыг тодорхойлов.” гэжээ. /хх88-115/

 

Шинжээчийн дүгнэлтэд заасан засварын ажлын материалын болон ажлын хөлсний зардлын хүснэгтээс үзэхэд бусад зардал багц 270,000 төгрөг, багц 150,000 төгрөгийг тус тус тооцон гаргасан нь ойлгомжгүй буюу тодорхойгүй ба энэ талаар тайлбарласан зүйлгүй байх тул дүгнэлтээр тогтоосон 8,570,200 төгрөгөөс бусад зардалд тооцсон нийт 420,000 төгрөгийг хасч 8,150,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

10. Талууд гэрээнд заасан ажлын хөлсийг 28,000,000 төгрөгөөр тохиролцсон ба үүнээс нэхэмжлэгч нь 26,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгчээс түлхүүр гадуулах үед үлдэгдэл 2,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс дээрх 2,000,0000 төгрөгийг хариуцагчид төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул 8х6 хэмжээтэй байшинг бүрэн барьж дуусгахад материалын болон ажлын хөлсний зардалд 8,150,200 төгрөг гаргахаас үлдэгдэл 2,000,000 төгрөгийг хасч нийт 6,150,200 төгрөгийг нэхэмжлэгч П.Д өөрт учирсан хохирлоо хариуцагч “Д н” ХХК-аас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчээс “...хундам цутгах цемент 20 уут, элс, хайрга материалыг буулгасан, ямар ч барилгын материал үлдээгүй байсан...” гэж тайлбарласан ба шинжээчийн дүгнэлтээр талбайд барилгын материал үлдээгүй болох нь тогтоогдсон тул хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шинжээчийн дүгнэлтэд заасан  цемент 20,000 төгрөг, элс 75,000 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

11. Түүнчлэн шинжээчийн ажлын хөлс 330,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

12. Иймд хариуцагч  “Д н” ХХК-аас  6,150,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,802,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 113,353 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасныг баримтлан хариуцагч “Д н” ХХК-аас 6,150,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,802,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн ажлын зардал 330,000 төгрөгийг хариуцагч “Д н” ХХК-аас гаргуулж “Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 113,353 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ