Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 26

 

Н- нэхэмжлэлтэй,

хариуцагч Эт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01336 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н- нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эт холбогдох,

“Зээлийн төлбөр 179.112.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Эын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н би өөрийн танил Этой 2014, 2015 онуудад түүнд итгэн наймаа хийсэн. Үүнд: 2014 оны 3 дугаар сард 5532 УНО улсын дугаартай Лексус 470 маркын автомашиныг 34,000,000 төгрөгөөр, 2014 оны 8 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Төгөл хотхоны 16А байрны 11 тоот 44.83 м.кв талбайтай байрыг 82,935,500 төгрөгөөр, 16А байрны 10 тоот 50 м.кв талбайтай байрыг 92,500,000 төгрөгөөр, бусад бараа материалын тооцоотой нийлээд нийт 254,843,500 төгрөг болсон ба энэ талаар тооцоо нийлж байсан. Дээрх хугацаанд Э нь 135,435,500 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаатай хэсэгчилж төлөх санал тавьсаны дагуу ямар нэгэн хүү төлбөргүйгээр зээлийн гэрээг байгуулж төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэвч гэрээгээр хэлэлцэн тохирсон хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд тус төлбөрөөс нэг ч төлбөр нэмж төлөгдөөгүй тул ийнхүү шүүхэд хандахад хүрлээ. Бид хэлэлцсэн тохиролцсоны дагуу гэрээнд хүү төлөх талаар заалт оруулаагүй бөгөөд харин хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож төлүүлэхээр гэрээний 2.6-д заасан ба нийт 827 хоногт алданги тооцох болсон байна. Иймд 827 хоногийн алданги, үндсэн төлбөр 119,408,000 төгрөгийн хамт нийт 179,112,000 төгрөгийг хариуцагч Эоос гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э миний бие танил Нэс 55-32 УНО улсын дугаартай LX-470 маркын автомашиныг 34 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд төлбөрийг бүрэн төлсөн. Мөн миний 00-49 ОРО улсын дугаартай LX-570 марзын автомашиныг Н худалдаж авсан бөгөөд энэ машины үлдэгдэл төлбөр 45 сая төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа. Энэхүү нэхэмжилсэн мөнгөний хувьд миний авга дүү Б.Чинбаяртай Н нь Улаанбаатар хотноо газар худалдаж авсан хэлцэл, наймаа хийсэн ба газрынхаа төлбөрт төлсөн Төгөл хотхонд байрлалтай 2 ширхэг байр бөгөөд түүнийг Б.Чинбаяр бусдад зарсан мөнгө болно. Н нь 2016 оны 03 дугаар сард над руу утсаар ярьж дүүгийн чинь надад зарсан газар хот төлөвлөлтөнд орсон байна. Би наймаагаа буцааж мөнгөө авмаар байна гэсэн. Б.Чинбаяр бид хоёр тухайн үед хамтрач хоёр талаасаа мөнгө гаргаж Эрдэнэт хотод таун хаус барьж байсан бөгөөд газар зарсан мөнгөө энэ барилгын хөрөнгө оруулалтанд хийсэн байсан учрыг би Нд тэр үед тайлбарлаж хэлсэн. Тэгээд хэрвээ чи газрыг нь Б.Чинбаярт буцааж өгөх юм бол цаадахад чинь өгөх мөнгө байхгүй. Энэ барилгад тэр мөнгөө оруулсан. Тэгэхээр чи энэ барилгын мөнгөнөөс л авна гэж би тайлбарласан. Ингээд бид хоёр ерөнхийдөө тохиролцсон бөгөөд энэ тухайгаа гараар дэлгэрэнгүй бичихээр товлосон ч дараа нь намайг Улаанбаатар хотноо дуудаж тайлбар бичүүлэхийн оронд мөнгө зээлсэн мэтээр гэрээ байгуулж, нотариатаар орно гэхээр нь тухайн үед би ямар нэгэн баримт үлдээх гэж байгаа юм болов уу гэж бодоод тухайн нотариатчийн гэрийн шатан дээр оройн 23 цагийн орчим гарын үсэг зурсан. Түүнээс бус би Нэс мөнгө ерөөсөө зээлээгүй болно гэжээ.

Хариуцагч Э шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Н бид хоёрын байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар “өөр хэлцлийг халхавчлах зорлгоор хийсэн” хэлцэл тул хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Учир нь Н нь миний үеэл болох Б.Чинбаяртай 2014 оны 08 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Төгөл хотхоны нэхэмжлэлд дурьдсан 2 өрөө бүхий 2 байрыг Б.Чинбаярын эзэмшлийн Улаанбаатар хотод байрлалтай 225 метр квадрат газраар бартераар худалдаж авахаар хэлцэл хийсэн бөгөөд талууд хэлцлийн дагуу байр болон газраа өгч авалцсан байдаг. Гэтэл замын трасст орсны улмаас Н эзэмших эрхээ баталгаажуулж чадаагүй байдаг. Энэ тухайгаа надад утсаар хэлээд Нийслэлийн өмчийн харилцааны газрын хариу мэдэгдлийг над руу мэйлээр явуулсныг тайлбартаа хавсаргав. Ингээд Н Б.Чинбаяраас наймаагаа буцаах талаар хэлсэн бөгөөд Б.Чинбаяр нь надтай хамтарч барьсан барилгадаа Нэс авсан 2 байрыг зарсан мөнгөө оруулсан гэдгээ хэлсэн ба наймаа буцсан тохиолдолд буцааж өгөх мөнгө, эсвэл байр байхгүй, боломжгүй болсон гэдгээ хэлсэн байдаг. Иймээс Н  надтай холбогдсон бөгөөд би Б.Чинбаярын оруулсан хөрөнгө болох 120 сая төгрөгийг Б.Чинбаярт бус харин Нд өгөхөөр тохиролцож тэр хоёр наймаагаа буцаасан байдаг. Ингэхдээ надаас мөнгө авах буюу мөнгө зээлсэн мэтээр хэлцэл хийсэн болно. Би тухайн үед энэ бүх процессыг дэлгэрэнгүй тайлбарласан хэлцэл хоёулаа хийе гэдэг хүсэлтийг Нд тавьсан боловч надад хүүгүй зээл олгосон мэтээр хэлцэл хийж нотариатаар батлуулсан юм. Иймээс энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01336 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Эоос 179.112.000 төгрөг гаргуулан Нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1,053,510 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,053,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.18-ны өдрийн дугаар 142/шш2019/0113336 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Нд хариуцагч болох Э намайг 179.112.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтанд хууль зүйн үүднээс үндэслэл бүхий үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Үүнд Би Нэс 119.408.000 төгрөгийг зээлж аваад энэ гэрээг байгуулсан явдал болоогүй юм. Би энэ талаар анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа дэлгэрэнгүй дурьдсан байгаа. Нэхэмжлэгч Н нь миний авга дүү Б.Чинбаяртай 2014 оны 8-р сард Улаанбаатар хотын СонгиноХайрхан дүүргийн 4-р хороонд байрлах 2285м.кв газрыг 160 сая төгрөгөөр худалдан авах наймаа хэлцэл хийсэн бөгөөд төлбөрт нь Эрдэнэт хотын “Төгөл” хотхонд байрлах өөрийн эзэмшлийн 2 байрыг 175.4 сая төгрөгөөр үнэлж хүлээлгэн өгч авалцсан байдаг. Т.Наран- Эрдэнэ нь тэрхүү худалдан авсан газар дээрээ барилга бариулахаар төлөвлөсөн юм билээ. Энэ тухайгаа ч мөн нийслэлийн холбогдох байгууллагад хандсан байдаг. Гэтэл Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Өмчийн Харилцааны Газраас 2015 оны 4-р сарын 28-ний 5/2418 тоот албан бичгээр иргэн Н газар эзэмших эрхээ баталгаажуулах боломжгүй. Учир нь уг газар нь хот төлөвлөлтийн авто замын зурваст /трасст/ орсон гэсэн тайлбарыг өгсөн юм билээ. Тэгээд Н нь энэ тухайгаа надад утсаар хэлж Б.Чинбаяраас худалдаж авсан газрынхаа кадастрын зураг болон Өмчийн Харилцааны Газраас ирсэн албан тоотыг миний мэйл хаяг руу 2015 оны 5-р сарын 19-нд ирүүлсэн юм.

Ингээд Н нь Б.Чинбаяртай наймаа буцах болсон юм билээ. Мөн Т.Наран- Эрдэнэ нь Б.Чинбаярт өгсөн дээр дурдсан 2 ширхэг байраа надаас нэхэмжлээд мөнгийг нь намайг төл гээд шахаад байгаа юм. Тухайн үед буюу Н нь Б.Чинбаяртай газрын наймаа хийж бид ч тэр үед Б.Чинбаяр бид хоёр хамтраад Эрдэнэт хотод таун хаус бариулж байсан бөгөөд Б.Чинбаяр нь Нэс авсан 2 байраа зараад бариулж байсан таун хаусанд хөрөнгө оруулсан юм. Ингээд Б.Чинбаяр бид хоёр ашгаа 50 хувь хувааж авахаар тохирсон байсан. Энэ тухайгаа мөн Б.Чинбаяр нь Нд тайлбарлан хэлж газрын наймаагаа буцаалаа гэхэд Нэс авсан 2 байрыг зарсан мөнгө байхгүй, тэр мөнгийг яг одоо буцааж өгөх боломжгүй, учир нь надтай хамтарч барьж байгаа барилгад тэр мөнгөөрөө өөрийн хувь болгож хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ ч хэлсэн юм билээ. Энэ талаар ч би Нд тайлбарлаж хэлсэн бөгөөд найзалж байсаны хувьд нөхөрлөлийг бодож “Чи хэрэв Б.Чинбаярт газраа буцаалаа гэхэд цаадахад чинь мөнгө байхгүй, энэ барилгад тэр мөнгөө оруулсан учраас чи энэ барилгын ашгийн мөнгөнөөс л авна” гэж тайлбарлаж хэлсэн. Ийнхүү Н нь Б.Чинбаяраас цаашдаа ашиглах ямар ч боломжгүй газрыг 160 сая төгрөгөөр худалдаж авч хохирох болоод байсан тул би нөхөрлөлөө бодож барилгаас Б.Чинбаярт авах ёстой ашгийн хувийг Б.Чинбаярт биш харин Нд өгөхөөр ярьж тохиролцсон юм. Тодруулбал Б.Чинбаярын оронд Н нь барилгын хамтарсан хөрөнгө оруулагч болж байгаа юм. Ингээд Н бид хоёр энэ тухайгаа дэлгэрэнгүй бичиж гарын үсгээ зурахаар тохиролцсон боловч Н нь надтай Улаанбаатар хотод уулзаад надад мөнгө зээлдүүлсэн мэтээр гэхдээ хүүгүй гэрээ байгуулж нотариатаар батлуулана гэхлээр нь би ямар нэгэн баримт л үлдээх гэж байгаа юм болов уу гээд бодоод зөвшөөрсөн юм. Гэтэл одоо болохоор мөнгө зээлдүүлсэн зээлийн гэрээ гээд 0.5 хувийн алданги тооцож нэхэмжлээд байна. Миний хувьд анхнаасаа зээлийн гэрээг дүр үзүүлж намайг шахалтанд оруулж хийсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болон 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн миний зүгээс түүнийг хэлцэл хийж эд хөрөнгө өгч авалцсан хүнээсээ л нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Эсвэл анх тохиролцсон ёсоороо Б.Чинбаяр бид хоёрын хамтарч барьсан таун хаусны ашгаас л мөнгөө авах ёстой гэж би Т.Эрдэнэд тухайн үед хэлж байсан ба тэрбээр тэгье хэмээн зөвшөөрч байсан юм. Миний бие ийм учир тэрхүү 2016.03.13, №2040-тоот Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болохоос бус Нэс ерөөсөө ч бэлэн мөнгө зээлгүй ба аваагүй болно. Харин Нэс УНО 55-32 дугаартай Лексус 470 автомашиныг 34 сая төгрөгөөр худалдаж авсан нь үнэн бөгөөд зөрүүнд нь өөрийн эзэмшлийн ОРО 00-49 дугаартай Лексус 570 автомашинаа 120 саяд бодож нэр дээр нь шилжүүлж өгсөн ба зөрүү мөнгө 86 сая төгрөгнөөс Н- эхнэр Дэлгэржаргалын нэр дээрх Мурано автомашиныг 18 сая төгрөгөнд бодож авсан ба мөн бэлнээр 20 сая төгрөг болон барилгад шаардагдах сангийн материал болгож 7,2 сая төгрөгийг тус тус авч үдэх 40.8 сая төгрөгийг одоо хүртэл Нэс аваагүй болно. Энэхүү үлдэгдэл 40.8 сая төгрөгийг барилгын ашгаас авах Н- мөнгөнөөс хасч 119.4 сая төгрөг болсон ба энэ дүнгээр Б.Чинбаярын газрын мөнгөнд барилгын ашгаас өгөхөөр тохиолцсон болно. Анхан шатны шүүх магадлан хянахгүйгээр шийдвэр гаргасан юм. Н- шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь ч намайг бэлэн мөнгө аваагүй харин Б.Чинбаярын авсан 2 байрны тооцоог бэлэн мөнгө зээлсэн мэтээр оруулсан байгааг мөн адил давхар баталж буйг ч Анхан шатны шүүх огтхон ч анзаарсангүйгээр барахгүй тэрхүү 2016.03.13, №2040-тоот бэлэн мөнгө зээлсэн гэсэн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр хэмээн үзэж шийдвэр гаргасан юм. Тиймээс энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчингүй болгож өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна.

            Мөн энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийг Анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж үзэж шийдвэр гаргасан ба 2016.03.13, №2040-тоот Зээлийн энэхүү гэрээ нь 2016.03.13-ны өдөр байгуулсан ба гэрээний хугацаа 2016.06.30-ны өдөр дууссан бөгөөд ИХШХШТХ-н 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн заалтыг зөрчиж 2019.07.24-ний өдөр иргэн Н нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсныг Анхан шатны шүүх мөн харгалзаж үзээгүй юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.18-ны өдрийн дугаар 142/шш2019/0113336 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Н хариуцагч Эт холбогдуулан зээлийн төлбөр 179.112.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “... би Нэс мөнгө зээлээгүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Э 2014 оны 03 дугаар сард 55-32 УНО улсын дугаартай лексус-470 автомашин, 2014 оны 08 дугаар сард Төгөл хотхон 16а-11 тоот 44.83 м2 талбайтай орон сууц, 16а-10 тоот 50 м2 талбайтай орон сууц зэрэг хөрөнгүүдийг худалдан авч улмаар төлбөрийг тохиролцсон хугацаа буюу 2 жилийн дотор төлөөгүй тул тус компанийн захирал Нтэй харилцан тохиролцож 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу хариуцагч Э  автомашин, орон сууц зэргийг шилжүүлж авсан болох нь тогтоогдсон, хариуцагч зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнд заасан алданги шаардах эрхтэй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний гаргасан “... зээлсэн гэх мөнгийг бэлнээр аваагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/01336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Эыг давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.053.510 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Б.БАТТӨР

                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ