Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 79

 

М.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00737/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  07 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох 

"К- З- ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч М.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч М.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

...М.Э- миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1011 дугаар захирамжаар К- Б-инд 39.436.740 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэгдсэн. Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж М.Э- миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007313 дугаартай Дархан-Уул аймаг дахь 11-р баг 6-р хороолол, 5-р байр 36 тоот, 36,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр буюу К- З- ХХК-аар үнэлүүлсэн байна. К- З- ХХК нь 2020.06.02-ны өдрийн үнэлгээний тайландаа Барьцааны хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ нь 68.000.000 төгрөг байна гэж дүгнэсэн байна. Миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн М- овогтой Э-, Г- овогтой Л- нараас 39.436.740 төгрөг гаргуулж К- Б- ХХКомпанид олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч М.Э-, Г.Л- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч М.Э-ын өмчлөлийн шийдвэрээр Дархан-Уул аймаг дахь 11-р баг 6-р хороолол, 5-р байр 36 тоотод байрлах, Ү-2003007313 дугаартай, 36,4 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20070189/04 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч М.Э-, Г.Л- нар нь үнийн саналаа 78.000.000 төгрөгөөр, төлбөр авагч К- Б- нь хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх саналыг ирүүлэн, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20/16 тоот тогтоолоор К- З- ХХКомпанийг шинжээчээр томилсон.

К- З- ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 68.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр талуудад албан бичгээр мэдэгдэн баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Хөрөнгийн үнэлгээний К- З- ХХК нь хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.

Мөн төлбөр төлөгч М.Э-ын гаргасан нэхэмжлэлд тус байрыг 78.000.000 төгрөгийн ханштай байна гэж үзсэн ба энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан томилогдсон шинжээч К- З- ХХК-ийн төлбөрт хураагдсан Дархан-Уул аймаг дахь 11-р баг 6-р хороолол, 5-р байр 36 тоотод байрлах, Ү-2003007313 дугаартай, 36,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 68.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Э- давж заалдсан гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

            Өмчлөгч миний бие зах зээлийн өнөөгийн үнийг 68.000.000 төгрөг гэж үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Шүүх одоогийн бодит үнэ ханш 78.000.000 төгрөг байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэж үзээд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

            Гэтэл миний орон сууцны бодит зах зээлийн үнэлгээ нь цахим орчинд ижил төстэй орон сууцууд зарагдаж байгаагаар 72.000.000-84.000.000 төгрөг болохыг үнэлгээний К- З- ХХК-ны үнэлгээний тайлангийн 2.4-д дурдсан байдаг. Гэсэн хэдий ч манай орон сууцыг дахин үнэлгээгээр үнэлсэнд нь гомдолтой байна.

            Манай орон сууц нь хотын төвд байрлалтай бөгөөд сургууль, цэцэрлэг, их дэлгүүр, Дархан 50 цогцолбор гээд бүх үйлчилгээндээ ойрхон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Э- хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон эд хөрөнгийн үнэлгээчний гаргасан шийдвэрийг өөрөөр хэлбэл эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч улмаар үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003007313 дугаартай Дархан-Уул аймаг дахь 11-р баг 6-р хороолол, 5-р байр 36 тоот, 36,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг үндэслэл муутай хийж хөрөнгийг үнэгүйдүүлж миний эрх ашгийг хохироосон гэсэн агуулга бүхий гомдол гаргасан хэдий ч энэ шаардлагаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байна.

Нэхэмжлэгч шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж түүнийг үндэслэн мэтгэлцэх нь иргэний шүүн таслах ажиллагааны  үндсэн зарчим бөгөөд ийнхүү баримтаар мэтгэлцээгүй үйл баримт хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед  тогтоогдлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураах битүүмжлэх, үнийн санал авах, үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилох улмаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргах зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааг явуулахдаа уг ажиллагаануудыг хийхийг журамласан хуулийн заалтыг баримтлан хийсэн ажиллагаа нь хуульд нийцсэн төлбөр төлөгчийн эрх ашгийг хохироосон нөхцөл байдал тогтоогдохгүй талаарх анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад тулгуурласан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.АМАРСАНАА

                                                         ШҮҮГЧИД                                     М.МӨНХДАВАА

                                                                                                               О.НАРАНГЭРЭЛ