Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 800

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/00737/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овогт М-гийн Э /РД:...,утас:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг Дархан-Уул аймаг дахь ШШГГ- 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Капитал зууч ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүнжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“ ... М.Э миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжаар ...инд 39,436,740 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэгдсэн. Дархан-Уул аймгийн ШШГАлбанаас дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж М.Э миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ... аймаг дахь ... баг ... хороолол, ... байр ... тоот, ... м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ШШГТухай хуулийн 55-р зүйлийн 55.3-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр буюу “Капитал зууч” ХХК-аар үнэлүүлсэн байна. “Капитал зууч” ХХК нь 2020.06.02-ны өдрийн үнэлгээний тайландаа “Барьцааны хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ нь 68,000,000 төгрөг байна гэж дүгнэсэн байна. Миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн М овогтой Э, Г овогтой Л нараас 39,436,740 төгрөг гаргуулж “...” ХХКомпанид олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч М.Э, Г.Л нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан төлбөр төлөгч М.Э-ын өмчлөлийн шийдвэрээр ... аймаг дахь ... баг ... хороолол, ... байр ... тоотод байрлах, ... дугаартай, ... м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч М.Э, Г.Л нар нь үнийн саналаа 78,000,000 төгрөгөөр, төлбөр авагч “Капитрон” банк нь хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх саналыг ирүүлэн, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... тоот тогтоолоор “Капитал зууч” ХХКомпанийг шинжээчээр томилсон.

“Капитал зууч” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 68,000,000 төгрөгөөр тогтоосон талаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасны дагуу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр талуудад албан бичгээр мэдэгдэн баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК нь хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон зах зээлийн үнэ ханшийн судалгаа хийсний үндсэн дээр жишиг үнийн хандлагын аргаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна.

Мөн төлбөр төлөгч М.Эын гаргасан нэхэмжлэлд тус байрыг 78,000,000 төгрөгийн ханштай байна.” гэж үзсэн ба энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.” гэж заасан, шинжээс нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан ... аймаг дахь ... баг ... хороолол, ... байр ... тоотод байрлах, ... дугаартай, ... м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч 68,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг, элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа, төлбөр төлөгч М.Э-ын гаргасан нэхэмжлэлд тус байрыг 78,000,000 төгрөгийн ханштай байна гэж үзсэн ба энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна” гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжаар М.Э-аас 39,436,740 төгрөг гаргуулан ...инд олгохоор шийдвэрлэжээ. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар, шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ гүйцэтгээгүй тул тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний  өдрийн ... дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, 327 тоот гүйцэтгэх хуудас бичигджээ. /хэргийн 36-37 дугаар хуудас/

 

Тус гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20070189 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлжээ. /хэргийн 40-42 дугаар хуудас/

 

Улмаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  20070189/02 дугаартай тогтоолоор Дархан-Уул аймаг дахь ... баг ... хороолол, ... байр ...тоотод байрлах, ... дугаартай, ... м.кв талбайтай, орон сууцыг битүүмжилж, 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн ... дугаартай тогтоолоор тус үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгджээ. Тус эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хэргийн 5-9, 45-51 дүгээр хуудас/

 

Дээрх хугацаанд төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул 2020 оны 05 дугаар сарын   06-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах доод үнийг үүрэг гүйцэтгүүлэгчтэй харилцан тохирч хариуг ирүүлнэ үү гэх мэдэгдэлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч М.Э 78,000,000 төгрөг, Г.Л 78,000,000 төгрөгөөр үнэлж байгаагаа бичгээр илэрхийлсэн /хэргийн 52-56 дугаар хуудас/ төлбөр авагч шинжээч томилуулах  саналтай байснаас талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20/16 тоот тогтоолоор эд хөрөнгийг үнэлүүлэхээр Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилон, томилогдсон шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулан тэмдэглэл үйлдсэн байна. /58-60 дугаар хуудас/ 

 

Томилогдсон шинжээч Капитал зууч ХХК нь төлбөрт хураагдсан .. аймаг, ... аймаг дахь ... баг ... хороолол, ... байр ...6 тоотод байрлах, ... дугаартай, ... м.кв талбайтай, орон сууцыг 68,000,000 төгрөг байна гэж 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр  үнэлгээний тайлан гаргасаныг Дархан-Уул аймаг дахь ШШГГ төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэн тэмдэглэл үйлджээ. /хэргийн       14-23, 11 дүгээр хуудас/

 

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсвэл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т “Төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх”, 49.4.3-д “Төлбөр төлөгчийн болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ” гэсэн хуулийн шаардлагын дагуу эд хөрөнгийг битүүмжилж, үнийн саналын дагуу шинжээч томилсон нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэснээр томилогдсон үнэлгээчин үнэлгээний зүйл ... аймаг дахь ... баг ... хороолол, ... байр ... тоотод байрлах, ... дугаартай, ... м.кв талбайтай, орон сууцыг “1970-аад оны дундуур баригдаж, ашиглалтанд орсон, тоосгон 5 давхар орон сууц бөгөөд дээрх 3 өрөө орон сууц нь вакум цонхтой, гадна хаалга бүргэд хаалгатай, өрөөнүүдийн шал банзан шалтай, ердийн засвар хийгдсэн орон сууц байна. Дээрх орон сууц нь шинэ Дарханы шинэ хороололд төв зам дагуу байрлалтай бөгөөд “Модерн номадс” ресторан, “Эзэнт гүрэн” ресторан, “Чингис хаан” банк, “Төрийн банк, худалдааны төв зэрэг худалдаа, үйлчилгээний төвүүдтэй ойр байрлалтай байна. Энэхүү 3 өрөө орон сууцыг иргэн М овогтой Э нь өмчлөгч болохыг гэрчилсэн Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ҮХЭХӨЭУБ-ийн №000496139 тоот гэрчилгээтэй байна.” 2020 оны 06 дугаар сарын 02-ны байдлаарх зах зээлийн өнөөгийн үнэлгээг 68,000,000 төгрөгөөр тодорхойлов.” гэдгээ тайландаа дурдсан. /хэргийн 14-19 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч шинжээчийн үнэлсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ гэж тооцсон  68,000,000  төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, манай байрны өнөөгийн ханш 78,000,000 төгрөг орчим ханштай байна гэж гэж нэхэмжлэлдээ дурдсан байна.

Үнэлэгдсэн  үл хөдлөх эд хөрөнгө болох тогтоолоор ... аймаг дахь ... баг ... хороолол, ... байр ... тоотод байрлах, ... дугаартай, ... м.кв талбайтай орон сууцны зориулалттай 3 өрөө орон сууцны үнэ цэнэ ямар учраас томилогдсон шинжээчийн үнэлгээнээс давуу байх нөхцөл байдал, нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт дурдсанаар 78,000,000 төгрөг буюу 10,000,000  төгрөгөөр илүү байх  талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. 

Иймд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдэх нөхцөл, давуу байдал зэргийг тодорхойлоогүй, шинжээч үл хөдлөх хөрөнгийн чанар байдал, эдэлгээг бодит байдлаас зөрүүтэй тогтоосноос үнэлгээний үнэ цэнэ буурсан эсэхийг нотлохгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт буй нотлох баримтыг үзлэгийн журмаар  бэхжүүлэн авсан болно. / хэргийн 67 дугаар хуудас /

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааын явцад нэхэмжлэгч М.Э шүүх хуралдааныг байлцуулахгүйгээр хийж өгнө үү гэх хүсэлтдээ 2020.06.20-ны өдөр шинэ ажилд орсон, ... надад чөлөө өгөхгүй гэснээр, шүүх хуралдааныг түүний оролцоогүйгээр шийдвэрлэн, нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартай адилтгаж үзсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк, төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан томилогдсон шинжээч Капитал зууч ХХК-ийн төлбөрт хураагдсан ... аймаг дахь ... баг ... хороолол, ... байр ... тоотод байрлах, ... дугаартай, ... м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 68,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                     

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ