Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/00935

 

У.Өнөрцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан,  Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02562 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1078 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч У.Өнөрцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Камдер” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд илүү төлсөн төлбөр, хохирол нийт 37 190 735 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Камдер” ХХК-ийн 22 987 347 төгрөгийн алданги гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Бадралын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Камдер” ХХК-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун хотхоны 305 дугаар байрны 2 дугаар орц, 8 давхрын 61 тоот хаягт 3 өрөө 105.32 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1 750 ам.доллараар тооцон нийт 184 310 ам.доллараар захиалсан юм.Гэрээний дагуу “Камдер” ХХК нь 2013 оны 2 дугаар улиралд орон сууцыг ашиглалтанд оруулах байсан хэдий ч 4 дүгээр улирал буюу 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр уг орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, 12 сард манайх захиалсан байрандаа орсон.Орон сууцанд орсны дараа талбайн хэмжээг мэргэжлийн байгууллага болох “Тоонто гранд” ХХК-иар хэмжүүлж үзэхэд 5.974 м.кв талбай дутаж байна гэсэн дүгнэлт гарсан. Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр 4.95 м.кв дутуу гэж гарсан. Иймд дутуу барьсан 4.95 м.кв талбайн үнэ болох 11 871 000 төгрөг, “Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгэсэн төлбөр 198 000 төгрөг, илүү төлсөн 11 871 000 төгрөгт 27 сарын турш илүү төлсөн хүүгийн төлбөр 4 807 755 төгрөг, мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасныг зөрчиж “Камдер” ХХК нь ам.доллараар гэрээ байгуулсан тул ам.долларын ханшийн зөрүү хохиролд 20 313 900 төгрөг, нийт 37 190 735 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: У.Өнөрцэцэгийн “Камдер” ХХК-иас орон сууцны 5.974 м.кв-ын зөрүү 10 455 ам.доллар буюу 14 327 000 төгрөг, хэмжилт хийлгэсэн төлбөр 198 000 төгрөг, нийт 14 525 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаарлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Камдер” ХХК нь У.Өнөрцэцэгтэй 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 801/2/65 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто таун хотхоны 305 дугаар байрны, 2 дугаар орц, 61 тоотод байрлах 105.32 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулж өгөхөөр харилцан тохиролцсон. “Камдер” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, байрыг У.Өнөрцэцэгийн өмчлөлд шилжүүлсэн.Гэтэл У.Өнөрцэцэг захиалсан талбайн хэмжээ дутсан мэтээр нэхэмжлэл гаргасан нь огт үндэслэлгүй юм. Учир нь захиалагч У.Өнөрцэцэг нь 801/2/65 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөл, зураг төсөл болон орон сууцны танилцуулгатай бүрэн танилцсаны үндсэн дээр гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан.Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.-т орон   сууцны  худалдах  талбайн  хэмжээг барилгын зураг төсөлд үндэслэн орон сууцны гадна ханын дотор  талаас тооцоолсон ба уг талбайд сууцны ба сууцны бус зориулалттай  талбай, түүний бүрдэл хэсэг орно гэсэн нөхцөлийг У.Өнөрцэцэг зөвшөөрсөн.“Камдер” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, үүргийн зөрчил гаргасан явдал байхгүй гэж үзэж байна. Учир нь Орон сууц захиалгын гэрээний 5.3 дахь заалт нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх чөлөөний зарчмын дагуу гэрээг байгуулах эсэх болон хэнтэй байгуулах, гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ өөрөө чөлөөтэй шийдвэрлэх, түүнчлэн гэрээний нөхцлийг хуулийн хүрээнд тодорхойлох боломжийн хүрээнд хийгдсэн байна.Иймд нэхэмжлэгч У.Өнөрцэцэгийн захиалсан орон сууцны талбайг гэрээний 5.3 дахь заалтын дагуу хананы дотор талаас хэмжихэд зураг төсөл болон гэрээнд заасан хэмжээндээ байгаа бөгөөд өрөөнүүдийг тусгаарласан хананы доор байгаа талбай ч гэсэн У.Өнөрцэцэгийн худалдан авч байгаа орон сууцны талбайд хамаарна. Учир нь манай компани гэрээгээр У.Өнөрцэцэг дан ганц 105,32 мкв талбайг бус харин дуу чимээ тусгаарлах, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, зориулалтын зузаантай, барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн өрөө хоорондын хана, цонх, хаалга бүхий иж бүрэн орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн. Түүнчлэн манай компани барилгын зураг төслийг зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниар гүйцэтгүүлэн эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан бөгөөд орон сууцны хорооллын барилгууд бүхэлдээ энэ л зураг төслийн дагуу баригдсан ба иргэн У.Өнөрцэцэгийн захиалсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээгээрээ байгаа бөгөөд зураг төсөлд ч ямар нэг өөрчлөлт ороогүй юм гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Камдер” ХХК нь У.Өнөрцэцэгтэй 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 801/2/65 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто таун хотхоны 801 дугаар байрны 2 дугаар орц, 8 дугаар давхарт 61 тоот 3 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулж өгөхөөр харилцан тохиролцсон. “Камдер” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, орон сууцны барилгыг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр улсын комисс ашиглалтад хүлээн авсны дараа орон сууцыг У.Өнөрцэцэгт хүлээлгэн өгсөн. У.Өнөрцэцэг нь орон сууц захиалгын гэрээний хавсралтад заасан төлбөр төлөх графикийн дагуу орон сууцны төлбөр 184 310 ам.долларыг 4 хувааж төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тэрээр байрны төлбөрийн 1 дэх шатны 50 хувийн төлбөрт 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 92 200 ам.долларыг хугацаандаа төлсөн, 2 дахь шатны 5 хувийн төлбөрт 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 9 170.50 ам.доллар төлөх ёстой байсан ч 4 600 ам.доллар төлж, 4 570,50 ам.долларыг төлөөгүй. Түүнээс хойш 63 хоногийн дараа 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 ам.доллар төлсөн, 3 дахь шатны 20 хувийн төлбөрт 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 36 432,5 ам.доллар төлөх ёстой байсан ч 32 хоногийн дараа 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 10 000 ам.доллар төлсөн, 72 хоногийн дараа 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 5 000 ам.доллар тус тус төлсөн ба үлдэгдэл 21 432,5 ам.долларыг 173 хоногийн дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн. Орон сууц захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 2-т “Захиалагч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны нийт үнийн дүнгийн 10 хувийг гүйцэтгэгчид төлөх ба нийт үнийн дүнгийн үлдсэн хувийг төлөх хуваарийг талууд хавсралтаар тохиролцон баталгаажуулна”, гэрээний 8.1-т “Захиалагч нь гэрээний 2.2-т заасан хуваарьт хугацаандаа төлбөрөө бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд дутуу төлбөрийн үнийн дүнгээс 0,5 хувьтай тэнцэх алданги төлнө” гэж тус тус заасан гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Камдер” ХХК болон бидний хооронд хийгдсэн Орон сууцны захиалгын гэрээний 1.1-д “Гүйцэтгэгч нь энэ гэрээний 1.2-т заасан орон сууцны барилгыг бариулж, ашиглалтанд оруулан захиалагчид энэ гэрээгээр захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч нь энэ гэрээнийн 2.1-д заасан төлбөрийг гүйцэтгэгчид төлөх, энэ гэрээний 1.2-т ...захиалсан орон сууцыг хүлээн авах үүрэг хүлээнэ... гэсний дагуу төлбөрийг бүрэн төлж дууссан. Мөн гэрээний хавсралтад дурьдагдсан төлбөр төлөх үүрэгт гэрээний 8.1-д тодорхойлсноор алданги нэхэх эрх нь тухайн Орон сууцыг Улсын комиссоор хянуулж захиалагчид хүлээлгэн өгснөөр дуусгавар болсон гэж үзэж байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02562 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Камдер” ХХК-иас 16 678 271 төгрөгийг гаргуулан У.Өнөрцэцэгт олгож, нэхэмжлэлээс 20 512 469 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т тус тус зааснаар У.Өнөрцэцэгээс 22 987 347 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 774 853 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Камдер” ХХК-иас 241 341 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Өнөрцэцэгт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1078 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02562 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хаируцагч “Камдер” ХХК-иас 17 284 113 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Өнөрцэцэгт олгож, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 906 622 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “236 дугаар зүйлийн 236.5” гэснийг хасч, 3 дахь заалтын “241 341 гэснийг 244 370” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадралын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Камдер” ХХК-иас төлсөн 514 230 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнгүй. Нэхэмжлэгч нь анх талбайн зөрүү гэж 10 455 ам.доллар буюу 14 327 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрийн 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцон нэхэмжилсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр дутуу талбайн хэмжээ багассаны дараа энэ нэхэмжлэлийн шаардлагаа 11 871 000 төгрөг болгон багасгасан.Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 11 871 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж зааддах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүгчийн асуултад хариулахдаа талбайн зөрүү гаргуулах шаардлагын хэмжээг тооцохдоо нэхэмжлэл гаргасан өдрийн Монголбанкны ханшаар тооцсон гэсэн буруу хариулт өгсөн бөгөөд давж заалдах шатны шүүх түүнийг нь үндэслэн өөрийн санаачилгаар, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 11 871 000 төгрөгийг нь 17 284 113 төгрөг болгон нэмснээрээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг зөрчлөө.Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Барилга ашиглалтад орсон хугацаа гэрээнд зааснаас хойшилсон боловч энэ нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхээ алдах үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтыг хэрэглэхийн тулд тус хуулийн “Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх” гэсэн 223 дугаар зүйлд заасан хоёр үндэслэлийн аль нэг нь тогтоогдох ёстой. Гэтэл уг хоёр үндэслэлийн аль нь ч хариуцагчид бий болоогүй, тогтоогдоогүй байхад шүүх Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02562 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 1078 тоот магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                                         ХЯНАВАЛ:  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч У.Өнөрцэцэг хариуцагч “Камдер” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, улмаар биет байдлын доголдолтой буюу гэрээгээр тохирсон хэмжээнээс бага талбайтай орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн тул илүү төлсөн мөнгөө буцаан авах, ийнхүү илүү төлбөр төлсөнөөс учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Хариуцагч “Камдер” ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмаар гүйцэтгэсэн гэж шаардлагыг татгалзсанаас гадна нэхэмжлэгч У.Өнөрцэцэг ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн хувьд төлбөр төлөх үүргээ хугацаа хожимдуулж гүйцэтгэсэн тул гэрээнд заасан алданги гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хоёр шатны шүүх ажил гүйцэтгэгчийг гэрээнд заасан ажлыг чанарын доголдолтой  гүйцэтгэсэн буюу гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас бага байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж шийдвэр, магадлалдаа заажээ. Зохигчдын хоорондох эрх зүйн маргааны гол зүйл болох асуудлаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн байгааг хоёр шатны шүүх анхаараагүйгээр шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Өнөрцэцэгийн хүсэлтээр шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 29778 дугаар захирамжаар “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун хотхоны 308 дугаар байрны 2-61 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны талбайн хэмжээг тогтоож, дүгнэлт гаргахыг даалгажээ. Мөн захирамжид “Шинжээч хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулж, энэ талаар тэмдэглэл үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад заажээ \хх-ийн 39-41 дүгээр тал\.

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т заажээ. 

Шүүхийн зүгээс шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан эрх, 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасан үүргийг танилцуулсан, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулсан баримт хэрэгт байхгүй байна.

Шинжээч томилсон шүүхийн ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т заасан шаардлагад нийцээгүй тул уг шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан маргааны зүйл болох ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын чанар, хэмжээг тогтоогдсон гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар хийсэн зарим дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Тухайлбал, нэхэмжлэгч У.Өнөрцэцэгийн орон сууцны талбайн хэмжээг тогтоолгохоор “Тоонто гранд” ХХК-д төлсөн төлбөрийг шүүх “ажлын үр дүнг өөрөө шалгаж, эсхүл тусгай мэдлэг чадвар бүхий этгээдээр шалгуулж хүлээж авах байсан” гэж үзэж, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэжээ. Хэрвээ шүүх нэхэмжлэгч У.Өнөрцэцэгийг ажлын үр дүнг шалгалгүй хүлээж авсан гэж буруутгаж байгаа бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4.-т заасан зохицуулалтын агуулгаар тэрээр гэрээний зүйлийн чанарын талаар шаардлага гаргах эрхээ алдах учиртай болно. Харин ажил гүйцэтгэгч биет байдлын доголдолтой эд хөрөнгө захиалагчид шилжүүлсэн болох нь тогтоогдсон гэж шүүх үзсэн бол энэхүү доголдлын улмаас учирсан хохирлыг захиалагч шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т зааснаар түүнээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал хохиролд тооцогдох учиртай.

Нөгөө талаар, шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5.-д заасан зохицуулалтыг алданги гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгожээ. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5.-д “өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ” гэж заажээ. Хариуцагч “Камдер” ХХК нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч У.Өнөрцэцэгийг үе шаттайгаар төлөх орон сууцны төлбөрийн аль нэг хэсгийг төлөөгүй гэж үзээгүй, харин 2, 3 дахь шатны төлбөрийг 63, 72 хоногоор хугацаа алдаж төлсөн тул гэрээнд заасан алданги тооцохоор шаардлагаа тодорхойлсон байхад Иргэний хуулийн тухайн асуудалд хамааралгүй 236 дугаар зүйлийн 236.5.-д заасан зохицуулалтыг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь хууль хэрэглээний алдаатай болжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч “Камдер” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ажил гүйцэтгэгч өөрөө хугацаа хожимдуулсан тул төлбөрийг хугацаандаа төлөөгүйн алдангийг захиалагчаас шаардах эрхгүй гэж үзэж, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т заасан зохицуулалтыг иш үндэс болгожээ. Үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнээс үүсэх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн эрх зүйн үр дагавар нь үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэхийг зохицуулсан мөн хуулийн 223 дугаар зүйлээс улбаатай болох нь хуулийн 224.1.-д тусчээ.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1., 223.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийг хоёр тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үздэг байна. Нэгд, хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээж аваагүй бол, хоёрт, үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч У.Өнөрцэцэгийн хугацаандаа төлсөн төлбөрийг хариуцагч “Камдер” ХХК хүлээж авахгүй байсан бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боловч ийм үйл баримт зохигчдын хоорондох маргаанд байхгүй байна. Харин хариуцагч “Камдер” ХХК орон сууцны барилгыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарсан \хх-ийн 105 дугаар тал\ байх тул ажил гүйцэтгэгчийг үүргээ хугацаа хожимдуулж гүйцэтгэсэн гэж үзнэ.

Гагцхүү барилга ашиглалтад оруулах үүргээ хариуцагч хугацаа хожимдуулж гүйцэтгэсэн явдал нь орон сууцны төлбөрийг төлөх нэхэмжлэгчийн үүрэгтэй холбоотой эсэхийг шүүх анхаарах учиртай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч У.Өнөрцэцэгт төлбөр төлөх нөхцлийг бүрдүүлэхийн тулд хариуцагч “Камдер” ХХК орон сууц ашиглалтад өгөх үүргээ биелүүлсэн байх шаардлагатай эсэхийг зохигчдын гэрээнд тусгагдсан байдлаар тодорхойлсоноор төлбөр төлөх захиалагчийн үүрэгт нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хэн нь хугацаа хожимдуулсан, улмаар хугацаа хожимдуулсаны эрх зүйн үр дагаврыг хэн хариуцахыг тогтоох боломжтой болно.

Зохигчдын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”-ний 3.2.-т ажил гүйцэтгэгч “орон сууцны барилгыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан барьж гүйцэтгэн улсын комиссыг оруулах” үүрэг хүлээсэн байх ба хугацаа хожимдуулсан тохиолдолд анз төлөх талаар талууд тохиролцоогүй байна. Гэрээний 2.2.-т зааснаар захиалагч гэрээ байгуулсан өдөр орон сууцны нийт үнийн дүнгийн 50%-ийг гүйцэтгэгчид төлж, үлдэх төлбөрийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй ба гэрээний 8.1.-д төлбөрөө хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд дутуу төлбөрийн үнийн дүнгээс 0,5%-р алданги төлөх үүрэг хүлээжээ. Гэрээний төлбөр төлөх хуваариар захиалагч 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 5%, 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 20%, 2013 оны 6 дугаар сард 25%-ийг тус тус төлж барагдуулах үүрэгтэй байна \хх-ийн 85-90 дүгээр тал\. Өөрөөр хэлбэл, орон сууцны төлбөрийг төлөх захиалагчийн үүргийн үе шат нь ажил гүйцэтгэгчийн ямар нэг үйлдэлтэй холбогдоогүй, зөвхөн тодорхой цаг хугацаагаар тодорхойлогдсон байгаа тохиолдолд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т заасан “үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэх, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т заасан “хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран ...мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” зохицуулалтууд  нэхэмжлэгчийн төлбөр төлөх үүрэгт  алданги тооцох эсэх хариуцагчийн сөрөг шаардлагад хэрхэн хамаарч буй нь ойлгомжгүй болжээ.

Зохигчдын хооронд 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ” нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн эсэх, улмаар энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх эсэх талаар хоёр шатны шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно” гэж заажээ. Зохигчид 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд орон сууцны үнийг ам.доллараар тодорхойлсон байна.

Анхан шатны шүүх “хуулийн хориглолт талуудын хооронд байгуулагдсан гэрээний зорилго, хууль зүйн үр дагаврыг хориглоогүй, харин гэрээг хэрэгжүүлэх арга хэрэгслийг хориглосон байх тул талуудын байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний холбогдох заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх “талууд ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өгсөн авсан зүйлийг буцаан гаргуулах шаардлага гаргаагүй байхад шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэхдээ мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсгийг хэрэглэсэн нь буруу” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 Анхан шатны шүүх хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг зохицуулдаг хуулийн нэрийг буруу бичсэнээс гадна Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1.-д заасан зохицуулалтын агуулгыг буруу тодорхойлжээ.  Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1.1.-д заасан хуулийн зорилт, 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан хориглолт бүхий эрх зүйн хэм хэмжээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх гэсэн хоёр нөхцлийг заасан байхад “зөвхөн хэрэгжүүлэх арга хэрэгсэл”-д хамааруулсан шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Зохигчдын хоорондох эрх зүйн маргаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөл тогтоогдвол шүүх тухайн хэлцлийн талаар хэргийн оролцогчдын хүсэл зоригоос үл хамааран дүгнэлт хийх үүрэгтэй тул давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан байна. Нөгөө талаар анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн байхад хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн гэж шийдвэрийн агуулгыг магадлалдаа буруу заажээ.

Зохигчид 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний үнийг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр бус ам.доллараар илэрхийлсэн боловч төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэсэн баримт хэрэгт авагдсан \хх-ийн 109-114 дүгээр тал\ байгаа талаар, улмаар тухайн хэлцлийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх эсэх асуудлаар хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүй учир төгрөг, ам.долларын ханшны зөрүүтэй холбоотой талуудын шаардлага, тайлбарын талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч төгрөг, ам.долларын ханшийг гэрээ байгуулах үеэр тооцож, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг магадлалд өөрөөр тусгасан, анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэмжээний талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байхад шаардлагыг хангах хэмжээг нэмэгдүүлж шийдвэрт өөрчлөлт оруулсан зэрэг нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөнөөс гадна шүүх төгрөг, гадаад валютын хоорондын харьцааг тодорхойлох ханшийн асуудалд төгрөгийн өөрийн үнэлгээ болох ханшид хамааралтай Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д заасан зохицуулалтыг баримталсан нь алдаатай болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг хяналтын шатны шүүх залруулах боломжгүй байх тул  шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02562 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1078 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 517 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

         ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН