Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 81

 

“Э- М-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00418/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Амарсанаа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 20-ны өдрийн 587 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Э- М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш- Г- ХК-д холбогдох

“0626, 0627, 0628 дугаартай ДА40 маркийн нугасан холбоост машинуудын сэлбэгийн үнэ, засварын ажлын хөлс 426.542.800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Э- М-” ХХК-ийн төлөөлөгч Жан Вон Жү, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2013 онд Ш- Г- ХК нь Э- М- ГХОХХК-аас 0626, 0627, 0628 арлын дугаартай ДА40 маркийн нугасан холбоост буулгагчийг нэг ширхгийг 830.214.000 төгрөгөөр буюу гурван ширхгийг нийт 2.490.640.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож 056/2013 дугаар “Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч нь цоо шинэ гурван ширхэг ДА40 маркийн нугасан холбоост машинуудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний хугацаанд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй буюу тоног төхөөрөмжийн үнийг тохиролцсон хугацаандаа төлж чадаагүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, тоног төхөөрөмжийг эгүүлэн өгөхийг хариуцагчаас шаардсан. Харин хариуцагч нь тоног төхөөрөмжүүдийг нэхэмжлэгчид буцаан өгөхөөс татгалзсан.

Иймд нэхэмжлэгч нь шүүхэд хандаж улмаар Улсын Дээд Шүүх 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг хэргийг хянан шийдвэрлэж 001/ХТ2018/01450 дугаар тогтоолоор 0626, 0627, 0628 арлын дугаартай ДА40 маркийн нугасан холбоост буулгагч машинуудыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нь Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нарын хамт хариуцагчийн уурхайд очиход тоног төхөөрөмжүүд дараах нөхцөл байдалтай байна. Үүнд: 0626 арлын дугаартай ДА40 маркийн өөрөө буулгагч машины ухрахын гэрэл байхгүй, ухрахын камер байхгүй, хойд тоормос дохионы гэрлүүд байхгүй, ухрахын дуут дохио байхгүй, хойд гэрлийн цахилгаан утаснууд тасарсан, түлшний шланк гоожилттой, шил арчигчийн шилбэ байхгүй, түлшний банкыг цоолсон байсан, тэвшний баруун цилиндр гоожилттой, копудны түгжээ, тросс эвдэрсэн, аюулгүй ажиллагааны унтраалга эвдэрсэн, тог салгагч байхгүй, хойд дөрвөн дугуйны хий гарсан, хийн хошуу байхгүй, түлшний хоёрдугаар шүүрлийн таг эвдэрсэн. 0628 арлын дугаартай ДА40 маркийн өөрөө буулгагч машины шил арчигчийн шилбэ байхгүй, гидрийн шланк гоожилттой, гидрийн банкны тагны бариул болон түгжээ эвдэрсэн, ухрахын гэрэл байхгүй, ухрахын камер байхгүй, хойд тоормос дохионы гэрлүүд байхгүй, ухрахын дуут дохио байхгүй, тэвшний баруун цилиндр гоожилттой, түлшний банкыг цоолсон байсан, тэвшний мэдрэгч эвдэрсэн, зүүн хойд дугуй хийгүй, хийн хошуу байхгүй. 0627 арлын дугаартай ДА40 маркийн өөрөө буулгагч машины хөдөлгүүр эвдэрсэн, зүүн талын толь хагархай, ухрахын камер байхгүй, ухрахын гэрэл байхгүй, хойд тэвшний хаалт бүхлээрээ байхгүй, тэвшний зүүн талын цилиндр гоожилттой, ухрахын дохио байхгүй, түлшний банкыг цоолсон байсан. Бид 0626 арлын дугаартай машиныг Улаанбаатар хотын өөрийн агуулахад авч ирэн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин шалгаж үзэх үед илэрсэн гэмтлийг засварлах болон дутсан сэлбэгийг нөхөж тавихад 68.804.700 төгрөг шаардлагатай байна. Хойд тоормос дохионы гэрэл /зүүн/ 1 ширхэг 2.200.000 төгрөг, ухрахын гэрэл 1 ширхэг 770.000 төгрөг, ухрахын камер 1 ширхэг 3.960.000 төгрөг, хойд тоормос дохионы гэрэл /баруун/ 1 ширхэг 2.200.000 төгрөг, кабин өргөгч цилиндр 1 ширхэг 2.794.000 төгрөг, тог салгагч 1 ширхэг 385.000 төгрөг, тог салгагчийн хаймран жийрэг 1 ширхэг 73.700 төгрөг, аюулгүй ажиллагааны унтраалгын даруулга 1 ширхэг 71.500 төгрөг, аюулгүй ажиллагааны унтраалга 1 ширхэг 258.500 төгрөг, тэвш өргөгчийн цилиндрийн сальник 2 ширхэг 1.870.000 төгрөг, цилиндрийн пальц 4 ширхэг 5.544.000 төгрөг, түлшний шланк 2 88.000 төгрөг, копудны түгжээ 1 ширхэг 445.500 төгрөг, копудны түгжээний суурь 1 ширхэг 203.500 төгрөг, түлшний шүүрний таг 1 ширхэг 159.500 төгрөг, шил арчигчийн шилбэ 1 ширхэг 104.500 төгрөг, дугуй 4 ширхэг 46.200.000 төгрөг, түлшний банкны засварын зардал 1 ширхэг 300.000 төгрөг, ухрахын дуут дохио 1 ширхэг 693.000 төгрөг, гидрийн банкны тагны бариул түгжээ 1 ширхэг 484.000 төгрөг, нийт 68.804.700 төгрөг шаардлагатай. Бид 0628 арлын дугаартай машиныг Улаанбаатар хотын өөрийн агуулахад авч ирэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дахин шалгаж үзэхэд дараах нөхцөл байдал илэрсэн. Үүнд: Зөв талын жижиг толь хагарсан, аюулгүй ажиллагааны унтраалга эвдэрсэн, тог салгагч эвдэрсэн байсан.

Ш- Г-ын уурхайгаас 0628 арлын дугаартай машиныг авах үед болон дахин шалгаж үзэх үед илэрсэн гэмтлийг засварлах болон нөхөж тавихад 36.843.100 төгрөг шаардлагатай байна. Шил арчигчийн шилбэ 1 ширхэг 104.500 төгрөг, аюулгүй ажиллагааны унтраалга 1 ширхэг 258.500 төгрөг, толь /жижиг/ 1 ширхэг 467.500 төгрөг, тоормосны шингэний шланк 1 ширхэг 342.100 төгрөг, гидрийн банкны бариул, түгжээ 1 ширхэг 484.000 төгрөг, хойд тоормос дохионы гэрэл /зүүн/ 1 ширхэг 2.200.000 төгрөг, хойд тоормос дохионы гэрэл /баруун/ 1 ширхэг 2.200.000 төгрөг, ухрахын гэрэл 1 ширхэг 770.000 төгрөг, ухрахын камер 1 ширхэг 3.960.000 төгрөг, тэвш өргөгчийн цилиндрийн сальник 1 ширхэг 935.000 төгрөг, түлшний банкны засварын зардал 1 ширхэг 300.000 төгрөг, тэвшний мэдрэгч 1 ширхэг 643.500 төгрөг, дугуй 2 ширхэг 23.100.000 төгрөг, ухрахын дуут дохио 1 ширхэг 693.000 төгрөг, тог салгагч 1 ширхэг 385 000 төгрөг, нийт 36.843.100 төгрөг.

Ш- Г-ын уурхайгаас 0627 арлын дугаартай машиныг авах үед илэрсэн гэмтлийг засварлах болон дутсан сэлбэгийг нөхөж тавихад 320.895.000 төгрөг шаардлагатай байна. Хөдөлгүүр 1 ширхэг 242.000.000 төгрөг, тэвшний хаалт 1 ширхэг 70.730.000 төгрөг, ухрахын камер 1 ширхэг 3.960.000 төгрөг, ухрахын гэрэл 1 ширхэг 770.000 төгрөг, тэвш өргөгчийн цилиндрийн сальник 2 ширхэг 1.870.000 төгрөг, толь /жижиг/ 1 ширхэг 467.500 төгрөг, түлшний банкны засварын зардал 1 ширхэг 300.000 төгрөг, ухрахын дуут дохио 1 ширхэг 693 000 төгрөг, шил арчигчийн шилбэ 1 ширхэг 104.500 төгрөг, нийт 320.895.000 төгрөг шаардлагатай.

Улсын Дээд Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг үндэслэж тоног төхөөрөмжүүдийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч нь тоног төхөөрөмжүүдийг ердийн элэгдэл хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан байх тул бид Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.3-т заасан заалтуудыг мөн 2013 оны 06 дугаар гэрээний 4.2.4 ба 4.4 дэх заалтуудыг үндэслэн дутаасан сэлбэгийн үнэ болон засварын ажлын хөлс 426.542.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Хариуцагчаас нийтдээ 0626. 0627. 0628 арлын дугаартай ДА40 маркийн нугасан холбоост автомашинуудын сэлбэгийн үнэ, засварын ажлын хөлс гэж 426.542.800 төгрөгийг гаргуулахыг шаардаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.3, 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан заалтуудыг үндэслэсэн. Анх цоо шинэ тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн гэдэгтэй талууд маргадаггүй. Харин маргаж байгаа гол асуудал нь машиныг буцааж авахад тоног төхөөрөмжүүдийн тодорхой сэлбэгүүд нь байхгүй, нэг тоног төхөөрөмжийн хөдөлгүүр нь ашиглах боломжгүй эвдэрсэн, 6 ширхэг дугуй нь мөн адил ашиглах боломжгүй, бензин банкны дээд хэсгийг цоолоод тоног төхөөрөмж суурилуулсан байсан. Хариуцагч ердийн элэгдэл хорогдлоос гадуур муутгасан байна. Байх ёстой сэлбэг нь байхгүй, байгаа сэлбэгүүд нь ашиглагдах ямар ч боломжгүй болсон. Ийм учраас энэ сэлбэгүүдийн үнийг ажлын хөлстэй шаардсан. Учир нь тэр цоолсон бензин банкыг битүүлэх шаардлагатай учраас үүний ажлын хөлсийг шаардаж байна. Тоног төхөөрөмж тус бүр дээр нь бодох юм бол 0626 арлын дугаартай машины сэлбэг 68.804.700 төгрөг, 0628 арлын дугаартай машины дутсан сэлбэг 36.843.100 төгрөг, 0627 арлын дугаартай машины дутсан сэлбэг засварын зардал 320.895.000 төгрөг нийт 426.542.800 төгрөг болох тооцоо гарсан. Тоног төхөөрөмжийн доголдлыг бол бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамт очин хариуцагч талаас хурааж авсан. Энэ үед эдгээр сэлбэгүүд машинуудад байхгүй гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд, шийдвэр гүйцэтгэгч байгууллагын үйлдсэн баримт бичигт төлөөлсөн этгээд нь гарын үсэг зурж, баталгаажуулсан. Мөн “Э- М-” ХХК, Ш- Г- ХК тухайн тоног төхөөрөмжүүдэд үзлэг хийгээд тэр үзлэгийн үндсэн дээр эвдрэл гэмтэл гарсан, сэлбэгүүд байхгүй байгаа гэдгийг хариуцагч талаас зөвшөөрч гарын үсэг зурсан. Шинжээчийн дүгнэлтээр ердийн элэгдэл, хорогдлоос гадуур муутгасан гэж гарсан. Хууль зүйн хувьд бол Иргэний хуулийн 247 дугаар зүйлд заасны дагуу тухайн эд хөрөнгийн эрсдэл болон үр шим бол тухайн эд хөрөнгийг хүлээн авснаас хойш буцааж өгөх хугацаанд худалдан авагч талд шилжинэ. Ийм учраас бид ердийн элэгдэл хорогдлоос гадуурх муутгасан асуудлыг хариуцагч хариуцах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Ш- Г- ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 056/2013 тоот Зээлээр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг “Э- М-” ХХК-тай байгуулж 0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг ДА40 маркийн нугасан холбоост буулгагчийг худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээтэй холбоотой маргааныг өмнө нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2018/001459 дугаар тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү шийдвэрлэхдээ 0626, 0627, 0628 арлын дугаартай гурван ширхэг ДА40 маркийн нугасан холбоост буулгагчийг ашигласан байдал, элэгдэл хорогдлыг тооцох боломжгүй гэж дүгнэн “Э- М-” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн 1.245.372.940 төгрөгийн 50 хувь болох 622.686.470 төгрөгийг ашиглалт, элэгдэл хорогдолд тооцон нэхэмжлэгч “Э- М-” ХХК-д үлдээхээр шийдвэрлэсэн юм. Иймд өмнө энэ асуудлыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлтэй холбогдох дэлгэрэнгүй тайлбарыг өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авсны дагуу нэмж өгнө гэжээ.

Хариуцагч Ш- Г- ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, өмгөөлөгч Г.Д- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмнө нь энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 10-нд 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага болох 3 автомашиныг буцаах, түрээсийн төлбөрт 2 тэрбум 500 сая төгрөг гаргуулах, сэлбэгийн үнэд 1.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан байдаг. Шүүхээс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шийдсэн. Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор шийдвэрлэж дууссан. Шийдвэрлэхдээ 0626, 0627, 0628 гээд маргааны зүйл болж байгаа тоног төхөөрөмжүүдийг ашигласан байдал, элэгдэл хорогдлыг тооцох боломжгүй гэж дүгнээд “Э- М-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 тоног төхөөрөмжийг буцаах шаардлагыг нь хангаад үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Ш- Г- ХК нь уг тоног төхөөрөмжийг худалдан авахдаа зориулж төлсөн үнэ болох мөнгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байсан. Анхан шатны шүүхээс уг төлбөрийг гаргуулахаар шийдсэн байсан. Тоног төхөөрөмжийг анхны байдалд нь оруулахын тулд ямар нэг баримт тооцоолол юу ч байхгүй байсан учраас шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилгоор энэ хэргийг шийдсэн. Гэтэл өнөөдөр тэр 600.000.000 төгрөгийг авчхаад, дахиад элэгдэл хорогдлыг гаргуулна гээд нэхэмжлэл гаргасан байна. Тэгвэл ердийн элэгдэл хорогдлыг юу гэж үзэх, түүний үнэлгээ нь хаана байгаа талаарх асуудал ердийн элэгдэл хорогдол юм. Энэ нь 600.000.000 төгрөгөөс давсан.

Анх 2013 онд тоног төхөөрөмжүүдийг авч 2 жил ашигласан. Дараа нь 2015 оны 11 сарын 23 өдөр гэрээ цуцлагдсан. Түүнээс хойш уг тоног төхөөрөмжийг ашиглаагүй. Өөрсдөө тоног төхөөрөмжөө сансраас унтраадаг юм билээ. Ингэж унтрааснаас хойш хаана унтарсан түүндээ л байгаа. Үүнээс хойш 5 жил өнгөрчихсөн байхад ирж аваагүй, тоног төхөөрөмж алга болсон, дугуй хагарсан гэдэгт нэхэмжлэгч өөрөө буруутай. 5 жил болж байхад ирж аваагүй. Хадгалалтын явцад хатаж муудна гэдэг дүгнэлт гарсан.

Мөн тэр Дээд шүүх тогтоолдоо Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т заасныг дурдсан талаар тайлбарлая. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1- дэх заалт бол өөрөө тухайн автомашиныг биет байдлаар өгөх боломжгүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ мөнгөөр төлнө гэсэн утгатай. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2, 205.2.3 заалтууд элэгдэл хорогдлоо мөнгөөр төлнө л гэсэн утгатай. Бид түүнийг 600.000.000 төгрөгийг үлдээсэн. Түрээсийн төлбөрийг үндэслэлгүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 20-ны өдрийн 587 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3, 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш- Г- ХК-аас 285.765.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э- М-” ХХК-д олгож, 140.777.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.290.664 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.586.779 төгрөг, шинжээчийн зардалд 5 118.000 төгрөг, нийт 6.704.779 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э- М-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх хэргийг дүгнэхдээ маргааны үйл баримтад үл нийцсэн хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Аливаа этгээдийн хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл тодорхой цаг хугацааны хувьд үйлчилж, тухайн харилцааг зохицуулж дуусгавар болгодог. Түүнчлэн гэрээний хугацаанаас өмнө талууд гэрээг цуцлах, татгалзах, үүргийг солих зэргээр гэрээгээр хүлээсэн үүрэг нь дуусгавар болдог хуульд заасан үндэслэлүүд бий. Энэ маргааны тухайд талууд гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаанаас өмнө худалдагчийн хүсэлтээр гэрээг цуцалж, гэрээний харилцааг дуусгавар болгосон. Нэгэнт гэрээний харилцаа дуусгавар болсон учраас гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилго бүхий зохицуулалтыг хэрэглэх, нэг тал нь нөгөөгөөсөө шаардах хууль зүйн үндэслэл болохгүй. Гэтэл анхан шатны шүүх гэрээний үүрэг биелэгдэхгүй, гэрээний талууд гэрээг цуцалсан үйл баримт, маргааны зүйлд гэрээний зохицуулалт хийгээд гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулах зохицуулалт бүхий Иргэний хуулийн 247 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу юм. Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн. Машинаа татан авах боломжтой байсан өгөөд өнөөдрийг хүртэлх бүх зүйл нь зөвхөн нэхэмжлэгчийн хүсэл зоригоор хийгдсэн. Хариуцагчийн хувьд худалдах, худалдан авах гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цуцлагдсан тул бид ашигласан хугацааны эрсдэлийг хүлээнэ. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 3 тоног төхөөрөмжийг засахад гаргах зардлыг гаргуулах. Уг зардал нь бодитоор нэхэмжлэгчээс гараагүй байсан. Тиймээс ч нэхэмжлэгч бодитой нэхэмжлэлийн үнийн дүн буюу үнэхээр хохирсон гэдгээ нотлохгүйгээр шүүхэд хандсанаа хүлээн зөвшөөрч өөрсдөө шинжээч томилуулсан. Шүүхээс томилсон Ашид билгүүн ХХК нь шинжээчийн дүгнэлтийг өөрөө гаргаагүй бөгөөд өөр бусад этгээдээр гүйцэтгүүлэн шүүхэд ирүүлсэн байсан. Харин хариуцагчаас шүүхэд хүсэлт гаргаснаар засуулсан гэх боловч компанийн бланкид тамга дарагдсанаар шинжээчийн дүгнэлтийг тухайн компани бодитоор хийсэн гэдгийг нотлохгүй юм. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд үнэ тогтоосон гол үндэслэлээ Доосан ХХК гэх компанийн саналыг үндэслэл болгосон гэх боловч шинжээчийн дүгнэлтэд үнэхээр ийм компани байдаг эсэх, ямар үнийн саналыг хэрхэн үнэлсэн зэрэг огт мэдэгдэх боломжгүй бөгөөд шинжээчийн дүгнэлт тусгай мэдлэгийн хүрээнд гарсан эсэх нь тодорхойгүй байсан. Тиймээс хариуцагчаас хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шинжээчээс энэхүү тодорхойгүй байгаа асуудлуудыг тодруулах замаар шинжээчдийг биечлэн шүүх хуралдаанд оруулах хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон хэрнээ шийдвэртээ зохигчид хүсэлт гаргаагүй гэж худал бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э- давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн энэхүү гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдолд дараах тайлбарыг өгч байна.

Нэг. Нэхэмжлэгчийн 2016 онд хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад тоног төхөөрөмжийн сэлбэгийн үнэ, засварын ажлын хөлс гэсэн шаардлага байхгүй. Улсын дээд шүүхийн 2018 оны 1459 дүгээр тогтоолын эхний нүүрэнд “гурван ширхэг нугасан холбоост буулгагч болон тэдгээрийн түрээсийн төлбөр 2.540.998.358 төгрөгийг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй гэж маш тодорхой, ойлгомжтойгоор нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Харин энэ удаагийн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь “...нугасан холбоост машинуудын сэлбэгийн үнэ, засварын ажлын хөлс нийт 426.157.800 төгрөгийг гаргуулах гэж өмнөх нэхэмжлэлээс өөрөөр тодорхойлогдсон нь харагдана. Шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ, нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэх боломж шүүхэд байхгүй тул энэ удаагийн нэхэмжлэлийн шаардлагыг өмнөх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хамт шийдвэрлэх боломжгүй юм.

Хоёр. Улсын дээд шүүхийн 2018 оны 1459 дүгээр тогтоолын тавдугаар хуудсанд Эд хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны төлбөрийг тодорхой тогтоох боломжгүй тул дээрх төлсөн төлбөрийн 50 хувийн нэхэмжлэгчид үлдээх боломжтой гэж шүүх үзлээ гэж 622.686.470 төгрөгийг нэхэмжлэгчид үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл Улсын дээд шүүхийн энэхүү ойлгомжтой, тодорхой тайлбарыг хариуцагч гурван тоног төхөөрөмжийг биет байдлаар гэрээ байгуулагдахаас өмнөх байдалд буцаах боломжгүй тул 3 тоног төхөөрөмж дээр нэмээд ямар нэгэн нотлох баримт үндэслэлгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилгоор 600.000.000 төгрөгийг харилцан тооцон суулгасан” гэж Улсын дээд шүүхийн тогтоолд байхгүй, илтэд худал зүйлийг санаанаасаа зохион бичжээ.

Гурав. Улсын дээд шүүх өмнөх иргэний хэргийг шийдвэрлэхдээ тогтоолоо Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1 дэх заалтыг үндэслэсэн бол энэ удаагийн иргэний хэргийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3 дахь хэсгийг үндэслэж байгаа юм. Үүгээр мөн хоёр иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагууд өөр болох нь нотлогдоно.

Хариуцагч гомдолдоо Гэрээний харилцаа дуусгавар болсон тул аль нэг тал гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилго бүхий зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг “Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаас үсэх үр дагавар” гэж нэрлэсэн байх ба энэ зохицуулалт нь гэрээ дуусгавар болсон төдий ч талуудын хооронд гэрээ дуусгавар болсноос үүсэх үүрэг хүчин төгөлдөр хэвээр байхыг илэрхийлж байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.3 дахь зохицуулалт хариуцагч тоног төхөөрөмжийн хадгалалт, хамгаалалтыг гэрээ дуусгавар болсон ч хариуцах үүрэгтэй болохыг тодорхой зохицуулжээ.

Хариуцагч гомдолдоо нэхэмжлэгч тоног төхөөрөмжүүдийг гэрээнээс татгалзсанаас хойш буцааж авах ямар нэг үйлдэл хийгээгүй гэжээ.

Хариуцагч 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 1/82 дугаар албан бичгээр  бидэнд тоног төхөөрөмжийг буцаан өгөхгүй гэдгээ мэдэгдсэн тул бид тоног төхөөрөмжүүдийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч гомдолдоо “нэхэмжлэгчээс бодитой зардал гараагүй, шүүхээс томилогдсон Ашид билгүүн ХХК шинжээчийн дүгнэлтийг өөрөө гаргаагүй, шинжээчийн дүгнэлтэд Doosan ХХК гэх компанийн саналыг үндэслэсэн гэх боловч ийм компани байдаг эсэх, ямар үнийн саналд үндэслэсэн болох нь мэдэгдэхгүй, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.

Нэг. Хариуцагч шинжээчийн дүгнэлт гарсны дараа шинжээчтэй холбогдож, дүгнэлт гаргахдаа үндэслэсэн баримттай танилцах, шинжээчээс шаардлагатай мэдээллийг авах боломжтой байсан, өөрийн энэ боломжийг ашиглаагүй хэр нээ шүүх шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж гомдоллож байгаа нь үндэслэлгүй байна.

Хоёр. Шүүхийн шинжилгээний тухай хууль, ИХШХШТХуулиар шинжээч нь дүгнэлтдээ үндэслэл болгосон баримтыг хавсаргаж шүүхэд явуулах үүрэггүй, шинжээчид дүгнэлт гаргасан баримт нь эргэлзээтэй байна гэх хариуцагчийн тайлбарыг бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул шүүхээс хариуцагчийн хүсэлтийг хангаагүй нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Гурав. Шүүхээс томилогдсон шинжээч нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй ба тусгай зөвшөөрлийн хуулбаруудыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгсөн.

Дөрөв. ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч өрийн шаардлагын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч ИХШХШТХуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаа шүүхийн тусламжтай цуглуулж шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага нь хуулиар зөвшөөрсөн нотлох баримтаар нотлогдож байгаа ул хариуцагчийн бодитой зардал гараагүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм.

Хариуцагчийн давж заалдах гомдол нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.       

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гарсан тул үндэслэл бүхий байна гэж үзлээ.

Шүүх талуудын дунд үүссэн харилцааг зөв тодорхойлж зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой үүсэх  үр дагаврыг шийдвэрлэхдээ дээрх үүргийн харилцааны талаар зохицуулсан хуулийн заалтыг оновчтой бусаар хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагчийн  анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээчийн үндэслэл муутай дүгнэлтийг баримтаар үнэлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулах тухай гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Э- М-” ХХК нь хариуцагч Ш- Г- ХК-д  холбогдуулж зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулж эгүүлэн авсан эд хөрөнгөнд учирсан хохирол 426.542.800  төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч шаардлагаа үндэслэхдээ эд хөрөнгийг буцаан авахад дутуу, эвдэрсэн байсан эд ангийн үнэ болон түүнийг засварлах засварын хөлс гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын гол үндэслэлээ дээрх зардал болон хохирлыг  2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын Дээд шүүхийн 001/XT2018/001459 дугаар  тогтоолоор шийдвэрлэгдсэн тул шүүх энэ тогтоолыг анхаарахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгыг дурджээ. “Э- М-” ХХК  шүүхэд 0626, 0627, 0628 арлын дугаартай DA 40 маркийн нугасан холбоост буулгагч болон түүний түрээсийн төлбөр гаргуулах тухай хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал, болон гомдолд дурдагдсан дээд шүүхийн дугаар бүхий тогтоол хэрэгт авагдсан бөгөөд уг тогтоолоор  талуудын хооронд үүссэн зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт өгсөн авсан зүйлээ тухайлбал нугасан холбоост буулгагчийг буцаан авах, түүнийг ашигласан түрээсийн төлбөрийг гаргуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж маргаж байна.

Ийнхүү шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолд “...хариуцагч Ш- Г- ХК нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг 2013 оны 10 сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл ашиглаж үр шимийг хүртсэн байна. Шүүх талуудын гэрээгээр авсан бүх зүйлийг харилцан буцаах ёстой гэж дүгнэж тоног төхөөрөмжийг хариуцагчийн эзэмшлээс нэхэмжлэгчид, төлбөр төлсөн мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид олгохоор шийдвэрлэхдээ эд хөрөнгийг ашигласан байдлыг харгалзан үзээгүй нь учир дутагдалтай болжээ.

...Эд хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны төлбөрийг тодорхой тогтоох боломжгүй тул дээрх төлсөн төлбөрийн 50 хувийг нэхэмжлэгчид үлдээх боломжтой гэж дүгнээд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-ийг баримтлан 622.686.470 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

Үүнээс үзэхэд ашиглалтын төлбөрийг гаргуулан шийдсэн байна.

Харин маргааны талууд болон маргааны зүйлийн эх сурвалж зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзахтай холбоотой хэдий ч  2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь дээр дурдсан эд хөрөнгийг /уг машинуудыг/ буцаан авах үед түүнд учирсан  байсан эвдрэл гэмтэл, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон  түүнийг засварлахтай холбоотой гарсан зардал байна.

Иймд өмнө нь шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болсон маргаантай харилцааг дахин шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй юм.

Гэрээний хугацаан дахь эд хөрөнгийн ердийн элэгдэл хорогдол түүнийг энэ хүрээнд ашигласны хөлс болон, ердийн элэгдэл хорогдлоос илүүгээр гэмтээх, устгах, хорогдуулах зэрэг нь эрх зүйн өөр өөр ойлголт бөгөөд тус тусдаа шаардах эрхийг бий болгодог нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд тусгалаа олсон байна.

Шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлт болон түүнд дурдсан сэлбэгийн болон засварын үнэ бодит бус, шинжээчийг шүүх хуралд оролцуулаагүй гэх гомдол гаргажээ.

Шүүх 2020 оны 3 болон 4 дүгээр саруудад маргааны зүйл болох сэлбэг засварын үнийг тогтоолгохоор шинжээч томилж уг шинжээчийн дүгнэлтийг зохих журмын дагуу хэргийн оролцогч нарт танилцуулсан бөгөөд дүгнэлтийн талаар гомдол гаргах, шинжээчээс мэдүүлэг авхуулах зэрэг хүсэлтийг гаргах боломжтой байсан боловч энэ талаар хариуцагч шүүхэд хандаж байгаагүй байх тул хэргийн оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 247 дугаар зүйлийг баримталсан нь  оновчгүй болжээ.

Хуулийн тус заалтын агуулга нь  худалдах,  худалдан авах гэрээний талууд худалдсан эд зүйлийн үр шим болон тохиолдлоор устаж гэмтсэний эрсдэлийг хуваарилахтай холбоотой байна.

Талуудын дунд үүссэн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа маргааны зүйл нь хүний санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдлээс үүссэн эд хөрөнгийн эвдрэл гэмтэл түүний засварын зардалтай холбоотой байна.

Иймд шүүхийн шийдвэрт зээлээр худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг баримтлахаар өөрчлөлт оруулах нь зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 20-ны өдрийн 587 дугаар шийдвэрийг Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3, 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш- Г- ХК-аас 285.765.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э- М-” ХХК-д олгож, 140.777.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.2.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш- Г- ХК-аас 285.765.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э- М-” ХХК-д олгож, 140.777.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.586.779 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.МӨНХДАВАА

                                                             ШҮҮГЧИД                                Л.АМАРСАНАА

                                                                                                             О.НАРАНГЭРЭЛ